Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0431

 

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0431

      Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “У” ХХК /РД: /

Хаяг:

Хариуцагч: АМГТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу “У” ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ”У” ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанид Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших XV-015190 тоот “Буянтын ар” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 онд олгосон.

Манай компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойш хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж хайгуулын зардлыг гаргаж ажиллаж байсан.

            “У” ХХК-ийн эзэмшиж байсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших XV-015190 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон “Буянтын ам” нэртэй хайгуулын талбайг Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 57 “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан “Их Газрын Чулууны байгалийн цогцолбор газартай хэсэгчлэн давхацсанаар хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж улсын тусгай хамгаалалтад авагдсан.”

            Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын 4 дэх заалтад “Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгасугай” гэж заасан.

            Дээрхи тогтоол гарснаас хойш манай компани хайгуулын ажил хийх боломжгүй болсон. Манай компанийн зүгээс удаа дараа төрийн эрх бүхий байгууллагад өргөдөл гомдол гаргаж байсны үр дүнд доорх албан бичиг ирсэн.

            Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/216 дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон танай талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрыг асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. Нөхөх олговрыг олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлын зохион байгуулж байна. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан тусгай зөвшөөрлийн талбайг нөхөх олговроор хэлэлцэн тохиролцож олгох аргачлал, жишиг болгох шалгуур үзүүлэлтийн дагуу хүсэлтээ бэлтгэн ирүүлэх” -ийг “У” ХХК-д мэдэгдсэн.

            “У” ХХК мэдэгдэлд дурдсаны дагуу шаардлагатай бичиг  баримтыг бүрдүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байна.

            Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолын 4 дэх заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олно гэж тодорхой заасан. Гэтэл үүнийг өдийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг хэрэгжүүлэхгүй, Засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэж байгаа боловч 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр манайх энэ үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, материалаа бүрдүүлэн өгөөч ээ гээд материалаа хүлээн авсан. Үүнээс хойш 1 жил 2 сарын хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байж манайд эс үйлдэхүй байхгүй гээд байдаг. Эс үйлдэхүй гэдэг нь хийх ёстой ажил, үүргээ хийхгүй байхыг хэлнэ. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой. Шаардлагатай бол сунгаж болно.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “У” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл “Их Газрын Чулуу” байгалийн цогцолбор газартай хэсэгчлэн давхцаснаар хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцааг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг тогтоох. XV-15190 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхацсан 1000 га талбайг дүйцүүлэн олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “У” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл “Их Газрын чулуу” байгалийн цогцолбор газартай хэсэгчлэн давхацсанаар хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцааг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “У” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг Монгол улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

            Нэг. Тусгай зөвшөөрлийн тухайд:

            Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршиг Буянтын ар нэртэй 1639.25 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-015190 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр “У” ХХК-д олгосон.

            Тус компанийн эзэмшиж байсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Буянтын ар нэртэй 1639.25 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-015190 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авагдсан газартай хэсэгчлэн давхцалтай байсан.

            Тус компани уг тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-015190 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргасныг хүлээн авч уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн.

            Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болохоос өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд төлөхгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг Кадастрын хэлтэс ногдуулдаг.

            Нэхэмжлэгч нь энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын XV-015190 дугаартай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, мөн тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 517 дугаартай шийдвэрээр цуцалсан бөгөөд дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

            Хоёр. Хууль зүйн зохицуулалт, ажлын хэсгийг тухайд:

            УИХ-ын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж хуульчилсан.

            УИХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад “энэ хуулийн 19.12,” гэснийг “ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан.

            Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан чиг үүрэг нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болно.

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 тоот албан бичгээр тус газарт ирүүлсэн чиглэлийн дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гаргасан геологийн болон санхүүгийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газар болон тус газрын албан хаагчдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хүсэлт гаргасан 16 аж ахуйн нэгжийн холбогдох материалуудыг хүлээн авч, урьдчилсан байдлаар судалгаа хийж хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулсан.

            Дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбогдуулан ажлын хэсгээс тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн талбайг дүйцүүлэн авах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдсэн байдлаар уулзалт зохион байгуулж ажлын хэсгийн чиг үүрэг, зорилго хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс хүсэлт болон түүнд хавсарган ирүүлэх шаардлагатай холбогдох баримт материал, мэдээллийг агуулсан албан бичгийг компани тус бүрд гаргуулан өгсөн. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, холбогдох баримтуудыг тус газарт ирүүлсэн дэс дарааллын дагуу хүлээн авсан.

            Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/276 тоот албан бичгийн дагуу “У” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20/09 тоотоор холбогдох материалаа ажлын хэсэгт ирүүлсэн байна.

            Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан.

            Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аргачлал, шалгуур үзүүлэлтийг боловсруулж төслийг газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/6250 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлэхэд “Хариу хүргүүлэх тухай” 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2816 тоот албан бичгээр “Албан бичигт дурдсан аргачлалыг төрийн захиргааны байгууллага батлах нь зүйтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

            Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудыг судлан үзэхэд нөхөн олговор олгох журам болон аргачлалыг хуулиар тусгайлан батлах эрхийг хуулиар төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт олгогдоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах журмыг хэрхэн баталж мөрдүүлэх талаар хуулийн зохицуулалтыг хэрхэн бий болгож шийдвэрлэх талаар холбогдох эрх бүхий дээд шатны байгууллагуудад хандсан.

            Монгол Улсын Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд нь үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмуудыг тус тус баримтлан ажилладаг.

            Ковид-19 цар тахал өвчний дотоодын халдвар илэрсэнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлж хөл хорио, халдвар хамгааллын дэглэм тогтоосны улмаас ажлын хэсгийн ажил удаашралтай байгаа хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн журмыг баталж мөрдүүлэх асуудлыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

            Гурав. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

a) Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан чиг үүрэг нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болно.

b) Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар шинэчлэн байгуулагдсан ажлын хэсэг хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн хүрээнд нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэхээр шат дараалсан ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

c) Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Ажлын хэсгийн ажил хэвийн үргэлжилж байна.

d) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зохицуулсан. “У” ХХК-ийн ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан нэг ч эс үйлдэхүй тогтоодохгүй байна. Гэтэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газар Засгийн газарт уламжлахгүй байна гэсэн зүйлийг ярьж байна. Манай байгууллагын зүгээс уг асуудлыг уламжилж байгаа. Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан үйл ажиллагаа хийгдээд явж байгаа. Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК-иас тус шүүхэд хандан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу “У” ХХК нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ”У” ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 13/216 дугаар албан бичиг, 2021 оны 1/55, 1/56, 1/898, 1/1815 албан бичгүүд, “У” ХХК-ийн 2020 оны №20/09 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 1/297, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 4/252 дугаар албан бичгүүд болон шүүхээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр,

Нэхэмжлэгч “У” ХХК-нд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Буянтын ар нэртэй газарт орших 1640.53 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-015190 дугаар тусгай зөвшөөрлийг олгон, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тооцож, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулууны байгалийн нөөц газрын талбайн хэмжээг өргөтгөж, ангилал дээшлүүлэн, Их газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилж, улсын тусгай хамгаалалтад авч, уг тогтоолын 4-т “энэ тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгаж” шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 517 дугаар шийдвэрээр “У” ХХК-ийн эзэмшлийн, XV-015190 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 1640.53 гектар талбайн 1046.15 гектар талбай нь  Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-015190 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Улмаар, Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын 4-т дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/216 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч “У” ХХК-нд хандан “...Төрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3... 9.1.13... заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан ашигт малтмалын хайгуулын... тусгай зөвшөөрлийн талбай... олгох нөхөх олговрын асуудлыг ... шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Иймд энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор...хүсэлтээ бэлтгэж ирүүлэхийг” мэдэгдсэн.

   Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч “У” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №20/09 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Ажлын хэсэгт хүсэлт, холбогдох баримтыг хүргүүлсэн хэдий ч хариуцагчийн зүгээс  нэхэмжлэгч “У” ХХК-ийн хүсэлтийг өнөөдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу Засгийн газарт уламжлаагүй болох нь тус тус тогтоогдож байна.

 Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа, бид хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, энэ хугацаанд цар тахал гээд албан ажил удааширсан ч бид Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Улсын Дээд шүүхэд удаа дараа хандаж хуулийн хэрэгжилтийн талаар тайлбар тодруулга авч ажиллаж байсан хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг өнөөдрийг хүртэл жил зургаан сарын хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх хангалттай тодорхой үндэслэл болж чадахгүй гэж шүүх үзлээ.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг тус тус үндэслэн “У” ХХК-иас гаргасан нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ”У” ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах асуудлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.М