Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 947

 

 

 

 

 

 

 

  2019          9             19                                              2019/ДШМ/947                                 

 

Т.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Хосбаяр,

шүүгдэгч Т.Т,

хохирогч Г.Батбаатар, О.Баттөмөр,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1809029740848 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

......... Т, 1997 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн .......... тоотод түр оршин суудаг гэх, /РД:....../,

Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан;

 

Т.Т нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн орчим хохирогч Б.Бат-Эрдэнийг "Оросын Холбооны Улсад болох хөл бөмбөгийн тоглолтыг үзэх аялал зохион байгуулж байгаа, тоглолт үзэх багт оруулж өгнө" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр, 3.500.000 төгрөгийг Ж.Сайнбуян гэх хүний Хаан банкны 5517152826 дугаарын дансанд шилжүүлүүлэн, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр амь насны даатгалын мөнгө гэж 400.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дансанд байршуулах мөнгө гэж 1.500.000 төгрөгийг бэлнээр, 580.000 төгрөгийн үнэлгээ бүхий "Nikon D5100" загварын зургийн аппарат зэргийг тус тус залилан авч, нийт 6.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 47-21 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Хас буурал групп" ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын эзэн хохирогч О.Баттөмөрөөс "АSER" брендийн I5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг "сагсан бөмбөгийн холбоонд хэрэглэнэ" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, залилан авч,1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” пабын орчим иргэн Г.Батбаатарын "Huawei P9 lite" загварын гар утсыг "утсаа өгч бай, фейсбүүк ороод өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч, 479.400 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жаст 53А байрны гадна хохирогч Б.Билгүүнээс 2 ширхэг "Рlaystation4" видео тоглоомыг “1 хоног түрээсэлж тоглоод өгье “гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  ...... Тийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийн урьд цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Төөс нийт 8.859.400 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Бат-Эрдэнэд 6.480.000 төгрөгийг, хохирогч О.Баттөмөрт 800.000 төгрөгийг, хохирогч Г.Батбаатарт 479.400 төгрөгийг, хохирогч Б.Билгүүнд 1.100.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн эргэлзээтэй нөхцөл байдал байдал байсныг шүүх анхааралгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогч Б.Бат-Эрдэнийн үйлдлийн тухайд, Б.Бат-Эрдэнийн “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чинзориг гэх хүнтэй уулзсан. Чинзориг нь “10 хүний батлан даалт гэж 1.500.000 төгрөгийн хэрэг байна, орой хүлээн авалтад дансны хуулга үзүүлэх ёстой” гэсэн. 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Чинзоригтой 2 дахь удаагаа уулзахад тодорхой юм яриагүй. “Та хоёрыг араас нь онгоцоор явуулаад өгье” гэж хэлдэг. ...”, гэрч Б.Оюунтуяагийн “...орой ахтайгаа уулзахад өнөөдөр Оросын Холбооны Улс руу явах аялалыг зохион байгуулж байгаа Чинзо гэх залуутай уулзсан. Маргааш өргөдөл бичээд өгөөрэй, мөнгийг чинь гаргаад өгнө” гэж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэлсэн. Тэр өдөр би ахтайгаа Т гэх залуугийн байрны гадаа уулзахад “Тийг хүлээж байна, намайг энд хүлээж бай” гэсэн гэж хэлсэн...Чинзо гэдэг хүн манай ах руу залгахаар нь би утсыг нь аваад “манай ах Оросын Холбооны Улс руу явахгүй, та нар өгсөн мөнгийг нь буцаагаад гаргаад өг. Ттэй холбогдож чадахгүй байна” гэсэн чинь “би чамтай уулзахгүй, наад мөнгө төгрөгийнхөө асуудлыг Ттэй ярь. Би зөвхөн аяллыг гаргаж өгсөн хүн, гэхдээ санхүүг нь хариуцдаг өөр хүн байгаа” гэсэн. ...” гэх мэдүүлэг, О.Чинзоригийн гэрчээр өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдийн аль нэгэнд нь Т над руу яриад “уулзах хэрэг байна” гээд манай гэрийн гадаа ирж уулзсан. Ирэхдээ Батдорж /Бат-Эрдэнэ/ гэх залууг дагуулан ирээд “энэ залуу хамт явах 10 хүнд нэмэгдэж байгаа юм. Хэрэв 10 хүн бүрдчих юм бол та бид хоёр бараг үнэгүй шахуу явж болохоор байна. Энэ залуутай та уулзаад яаж мөнгө төгрөг дансанд хийгээд авсан талаараа хэлээд өг. Тань шиг надад итгэхгүй байна” гэж хэлээд тэр залуутай уулзуулсан. ...” гэх мэдүүлгээр энэ хэрэгт гэрч гэх О.Чинзориг нь гэмт хэргийн хатгагч, хамжигчийн шинжтэй оролцсон. Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь “...цагдаагийн байгууллагаас О.Чинзориг нь хохирогч гэсэн. Гэтэл шүүх хуралдаанд Т, Чинзориг нар нь хамтран оролцсон гэж хэлж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна. Чинзориг нь тухайн үед Тийн амыг дагуулаад ярьсан зүйлийг нь дэмжээд байж байдаг байсан. Намайг залилахад Чинзоригийн оролцоо байгаагүй...” гэж өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлдэг ба О.Чинзориг нь шүүгдэгч Т.Т надаас 3 насаар ах, бие эрүүл, ухаан саруул хүн тул миний үгэнд ороод худлаа яриад явах хүн биш юм. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр намайг цагдан хоригдоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Азжаргал надаас 1 ширхэг гар утас, 1 ширхэг цүнхтэй эд зүйлс, 1 ширхэг дан хоосон цүнх хурааж авсан ба эдгээр зүйлийг ар гэрийнхэнд өгөөгүй байна. Би мөрдөн байцаалын явцад О.Чинзоригийн талаар мэдүүлээгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Төмөр хөндлөнгөөс оролцож төмөр, эвхэгддэг бороохой гэх мэт зүйл ашиглаж намайг зодож дарамтлаж мэдүүлэг өгөхөд саад учруулдаг байсан. Иймээс хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоолгох зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.Батбаатар тус шүүх хуралдаанд  “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Хохирогч О.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тийн авч явсан зөөврийн компьютерийн дэлгүүрт худалдаалж байсан үнэ 1.100.00 төгрөг байсан. Харин манай барьцаалан зээлдэх газар 800.000 төгрөгийн барьцаанд авсан байсан. Шинэ зөөврийн компьютер байсан учраас дэлгүүрт худалдаалж байгаа үнээр анх нэхэмжлэл гаргасан, үнэлэхдээ “ASUS I5” гэж 510.000 төгрөгөөр үнэлсэн. Уг компьютер “ASUS I5” биш “ASUS I7” байсан. ...” гэв.

 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Т нь ганцаараа 4 удаагийн үйлдлээр, нэр бүхий 4 хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг бий болгож эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг прокурорт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр “...Оросын Холбооны Улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолт үзэх багт оруулж өгнө” гэж, “зөөврийн компьютерийг сагсан бөмбөгийн холбоонд хэрэглэнэ” гэж, “утсаар чинь фейсбүүкт ороод өгье” гэж, “2 ширхэг "Рlaystation4" видео тоглоомыг 1 хоног түрээслээд өгье” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, нийт 8.859.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Батбаатарын “...Т.Т  “утсаа өгч бай, ганц фэйсбүүк ороодохье” гэхээр нь утсаа өгсөн. ...PC тоглоомын газар очоод цүнхээ надад өгөөд “үүнийг түр бариад байж байгаач, хамт явж байгаа хүнээ таксинд суулгаад өгье, харагдаж болохгүй шүү” гэж хэлээд явсан, хүлээж байгаад 10 минутын дараа утас руугаа залгасан чинь холбогдохоо больсон байсан. ...” /1хх 11/,

хохирогч О.Баттөмөрийн “...Т манай ломбардаар орж ирээд “танд зарах юм байна уу” гэхээр нь зөөврийн компьютер байгаа гэхэд “үзье, манай сагсан бөмбөгийн холбоонд зөөврийн компьютер хэрэгтэй байгаа юм. Би захиралдаа үзүүлчихээд авах үгүйгээ хэлье, та өгөөд явуулчих” гэж намайг шалсаар байгаад аваад явсан. ...” /1хх 65-66/,

хохирогч Б.Бат-Эрдэнийн “...Т.Т нь аялал зохион байгуулж байгаа Ж.Сайнбуян гэх хүний “5517152826 дугаартай данс руу 4.000.000 төгрөг хийчих” гэхээр нь шилжүүлсэн. 5 дугаар сарын 21-ний өдөр “даатгал хийлгүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь 400.000 төгрөг бэлнээр Тт өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 24 цагийн турш Тийн дансанд байршуулах 3.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь бэлнээр 1.500.000 төгрөгийг Тт өгсөн. ...Одоог хүртэл намайг хуураад миний мөнгийг өгөөгүй. ...”/1хх 88/,

хохирогч Б.Билгүүний “...хоногоор түрээслэе гээд түрээсийн төлбөр 25.000 төгрөг төлөөд, О.Чинзориг гэх хүний жолооны үнэмлэхийг барьцаанд тавьсан. ...2018 оны 9 дүгээр сарын 6-ны орой Т гэх залуу дахиад нэг ширхэг тоглоом нэмээд түрээслэе гээд 50.000 төгрөг өгөөд аваад явсан. ...Тэрнээс хойш би олон удаа залгасан боловч утсаа огт авахгүй байсан. ...” /1хх 133-134/ ,

 гэрч Ж.Сайнбуянгийн “...Т нь манай найз залуу бөгөөд миний картыг хэрэглэж байсан...орж ирсэн мөнгөнөөс нь би огт хэрэглээгүй. ...” /1хх 89/,

гэрч О.Чинзоригийн “...Т өөрийгөө Монголын сагсны дээд лигийн тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа гэж ярьж байсан. ...Хэрэв манай 10 хүн бүрдчих юм бол та бид 2 бараг үнэгүй шахуу явж болохоор байна, та энэ залуутай уулзаад яаж мөнгө төгрөг дансанд хийгээд авсан талаараа хэлээд өг, тань шиг надад итгэхгүй байна гэж хэлээд тэр залуутай уулзуулсан...би болсон асуудлыг яг үнэнээр нь хэлсэн. ...Сүүлд бодоод байхад Т нь нөгөө залуугаас мөнгө авчихаад тэрнийхээ хажууд худлаа над руу ярьсан юм шиг байна лээ, түүнээс хойш таг болчихсон би дахин холбогдож уулзаагүй. ...” /1хх 90-91/,

гэрч Б.Оюунтуяагийн “...Тийн утас холбогдохгүй алга болж, Чинзо нь утсаа авахаа больсон. ...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ах бид хоёр Тийн гэрт очиж уулзахад ахын гадаад паспортыг өгчихөөд бид хоёрыг түлхэж, заамдаад боож байгаад гараад гүйчихсэн. ...” /1хх 94, 182/,

гэрч О.Чинзоригийн “...Ттэй уулзахад “би плейстейшн хүнээс түрээслэж авах гэж байгаа юм, ойрхон юм чинь надтай хамт явчих уу” гэхээр нь би хамт явсан. ...Би жолооны үнэмлэхээ өгөөд, Т 25.000 төгрөгөөр 2 ширхэг тоглоом авч надад хэлэхдээ “манайх бөхийн өргөөний тэнд байдаг, би маргааш чиний үнэмлэхийг аваад буцаагаад өгье” гэж хэлээд бид хоёр салсан. ...Т лүү чат бичихэд “би хөдөө байна, маргааш нөгөөдрөөс очно. Плейстейшн нь гэрт байгаа, чи маргааш манайх руу очоод авчих” гээд гэрийн хаягаа хэлсэн. Тэр хаягаар нь Билгүүний хамт очиход 9 давхарт тийм тоот хаяг байхгүй байсан. ...” /1хх 135-136/,

гэрч Б.Дугарсүрэнгийн “...намайг лангуун дээр сууж байхад нэг үл таних залуу “би Сагсан бөмбөгийн холбоонд менежер хийдэг. Би ломбарданд плейстейшн тоглуулагч тавьсан байгаа. Алдахаас нь өмнө та надаас худалдаад авчих” гээд гуйгаад байсан тул тэр залууг дагаж очоод ломбарданд 350.000 төгрөг тушаагаад плейстейшн авсан. ...” /1хх 240/,

гэрч Б.Нямсүлдийн “...2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Э.Билгүүнбаатар гэх нэрээр плейстейшн тоглоом 250.000 төгрөгөөр барьцаанд тавиад 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 272.500 төгрөгөөр буцааж авсан. ...” /1хх 241/,

Т.Тийн яллагдагчаар өгсөн “...Би найзтайгаа фейсбүүкээр чатлаад Арслантай гүүрний орчим уулзаад хамт явж байхдаа гар утсыг нь аваад “10 минутын дараа ирнэ” гэж хэлээд Сансарын тэнд ломбарданд 150.000 төгрөгөөр тавиад өрөндөө өгсөн. ...2018 оны 6 дугаар сард “Ардын эрх”-ийн тэнд байдаг таньдаг ломбарднаас “Нөүтбүүк худалдаж авъя” гээд иргэний үнэмлэхээ үлдээгээд “АЙ-5” загварын нөүтбүүк аваад бөхийн өргөөний хажууд байрлах ломбарданд 250.000 төгрөгөөр тавиад тэр мөнгөө хувийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан. ...2018 оны 8 дугаар сард Чинзориг гэдэг найзтайгаа уулзаад түүний жолооны үнэмлэхийг нь барьцаанд тавиад 2 плейстейшн түрээсэлсэн. …О.Баттөмөрийн нөүтбүүкийг залилан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Би Бат- Эрдэнэтэй хамт ОХУ руу явна гээд 450.000 төгрөг бэлнээр авч, 3.500.000 төгрөгийг найз охиныхоо данс руу хийлгэсэн. ...Би Бат-Эрдэнээс 3.950.000 төгрөг авсан. ...” /1хх 25-27/, /1хх 78-79/, /1хх 191-192/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /1хх 17-18/, /1хх 68-69/, /1хх 138/, /1хх 184-185/,

хохирогч Б.Бат-Эрдэнийн ХААН банкны дансны хуулга /1хх 98-101/, “Хас буурал групп” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1хх 74-75/, Монголын сагсан бөмбөгийн холбооны 18/07 дугаартай албан бичиг /1хх 228/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Т.Тийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.Т нь бодит байдлыг нууж, зохиомол байдал үүсгэн, хохирогч нарын итгэлийг олж, тэдгээрт өөрийгөө “Монголын сагсан бөмбөгийн холбоонд ажилладаг, Оросын Холбооны Улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгуулах тэмцээнийг үзэх багт оруулж өгнө”, зөөврийн компьютерийг сагсан бөмбөгийн холбоонд хэрэглэнэ”, мөн “утсаар чинь фейсбүүкт ороод өгье, “Рlaystation4" видео тоглоомыг 1 хоног түрээслээд өгье” хэмээн хуурч бусдын 8.859.400 төгрөгийн эд хөрөнгө болон бэлэн мөнгийг залилан авсан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээ болон барьцаанд тавьсан үнэлгээг /зөөврийн компьютер/ үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Т.Т нь “...О.Чинзоригийг энэ хэрэгт холбогдуулан шалгах, ...цагдан хоригдох үед надаас хурааж авсан цүнхтэй эд зүйлсийг буцааж өгөөгүй, мөн мөрдөгч н.Төмөр зодож, дарамтлан мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөд саад учруулж байсан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Т.Тийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэрэгт Т.Төөс өөр хүн оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн шүүгдэгч Т.Тийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан /1хх-22/ байх бөгөөд түүнээс гар утас болон цүнхтэй эд зүйл хурааж авсан талаар, мөн мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нар зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН