Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/377

 

 2022         11              18                                     2022/ШЦТ/377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д,

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М- холбогдох эрүүгийн 2225004380420 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.М

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 40-13 тоотод оршин суух, иргэн Р.Г-тай түүний эзэмшлийн “Mitsubishi Dingo” маркийн 22-00ОРХ улсын дугаартай автомашиныг “1.000.000 төгрөгөөр худалдан авъя, 30 минутын дараа таны мөнгө орно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.М“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Р.Г-н “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр над руу 95343179 дугаараас залгаж “хашаанд чинь байгаа машиныг худалдаж авъя” гэж ярьсан залуу нь манай хашааны завсараар миний машиныг харчихаад тэгээд манай охиноос миний утасны дугаарыг авсан байсан. Ингээд тус өдөр цагаан “Toyota probox” загварын машинтай эхнэр, нөхөр хоёр ирээд миний машиныг 1.000.000 төгрөгт авахаар болж наймаа тохиролцсон, машин авсан залуу нь миний дансны дугаарыг аваад “30 минутын дараа мөнгийг нь шилжүүлчихье” гээд миний машиныг унаад явсан. ...Миний машин 22-00ОРХ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Mitsubishi Dingo” загварын машин байсан бөгөөд юм мөргөөд тодорхой хэмжээний эвдрэлтэй байсан юм. Үүнээс хойш тэр залуу миний машиныг худалдаж авсан төлбөрөө төлөөгүй бөгөөд “удахгүй мөнгийг тань өгнө” гэснээ сүүлдээ утас нь ч холбогдохоо больсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,        

гэрч Б.У “...Манай нөхөр Мөнх-Эрдэнэ надад “энд нэг машин байна, засаад уначихаж болохоор юм байна, хоёулаа очоод үзье” гээд бид хоёр Дэнжид айлын хашаанд очсон, айлын хашаанд 22-00ОРХ улсын дугаартай мөргөлдчихсөн, хоёр гэрэлгүй, гупер нь эвдэрхий суудлын тэрэг байсан. Тэгээд тус машины эзэн ахтай бид хоёр наймаа тохиролцож, машиныг нэг сая төгрөгөөр авахаар болсон. Ингээд нөхөр бид хоёр машинаа унаад явсан бөгөөд төлбөрийн хувьд тус машин зарж буй ахын утасны дугаар болон дансны дугаарыг нь аваад удахгүй мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн.” хавтаст хэргийн 43 дахь тал/,

Б.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Эрдэнэ багийн гудамжаар явж байтал нэг айлын хашаан дотор мөргөлдчихсөн саарал өнгийн “Mitsubishi Dingo” загварын машин байсан, тэр айлын хүнтэй уулзаж тус машиныг худалдаж авахаар болсон. Би 22-00ОРХ улсын дугаартай, саарал өнгийн “Mitsubishi Dingo” загварын машиныг Ганбаатар гэх ахаас 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар наймаа тохиролцож, машиныг унаж явсан, төлбөрөө “мобайл банкаар шилжүүлнэ” гэж хэлээд Ганбаатар ахад өөрийнхөө утасны дугаарыг өгч, над руу дансны дугаараа явуулсан юм. Тухайн үед над руу хүнээс мөнгө орж ирэх ёстой байсан боловч тэр мөнгө орж ирээгүй учир би Ганбаатар ахад төлбөрөө төлж чадаагүй, ...үүнээс хойш мөнгөний боломж гарахгүй байсаар өдийг хүрсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48, 66 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-622/4088 дугаартай “...Mitsubishi Dingo 1.500.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

иргэн Р.Г “...Mitsubishi Dingo маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авъя гэж хэлээд автомашиныг маань авч явж, залилсан.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хохирогч Р.Г бусдад зарсан мөнгөлөг саарал өнгийн “Mitsubishi Dingo” загварын тээврийн хэрэгсэл нь задаргаанд орсон байдалтай байсныг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70, 78 дахь тал/,

Б.М нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 84 дэх тал/,

яллагдагч Б.М “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн Б.М сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч Б.М гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 40-13 тоотод оршин суух, иргэн Р.Г-тай түүний эзэмшлийн “Mitsubishi Dingo” маркийн 22-00ОРХ улсын дугаартай автомашиныг “1.000.000 төгрөгөөр худалдан авъя, 30 минутын дараа таны мөнгө орно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Р.Г “...“Toyota probox” загварын машинтай эхнэр, нөхөр хоёр ирээд миний машиныг 1.000.000 төгрөгт авахаар болж наймаа тохиролцсон, машин авсан залуу нь миний дансны дугаарыг аваад “30 минутын дараа мөнгийг нь шилжүүлчихье” гээд миний машиныг унаад явсан.” гэх,

гэрч Б.У “...22-00ОРХ улсын дугаартай мөргөлдчихсөн, хоёр гэрэлгүй, гупер нь эвдэрхий суудлын тэрэг байсан. Тэгээд тус машины эзэн ахтай нөхөр бид хоёр наймаа тохиролцож, машиныг нэг сая төгрөгөөр авахаар болсон. ...машинаа унаад явсан бөгөөд төлбөрийн хувьд тус машин зарж буй ахын утасны дугаар болон дансны дугаарыг нь аваад удахгүй мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн.” гэх,

Б.М “...22-00ОРХ улсын дугаартай, саарал өнгийн “Mitsubishi Dingo” загварын машиныг Ганбаатар гэх ахаас 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар наймаа тохиролцож, тухайн машиныг унаж явсан, ...Ганбаатар ахад төлбөрөө төлж чадаагүй.” гэх мэдүүлгүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-622/4088 дугаартай “...Mitsubishi Dingo 1.500.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ,

Б.М нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

          шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

          Хохирогч Р.Г-т хохирол 1.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн тухай баримт хавтаст хэргийн 84 дэх талд авагдсаныг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

          шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,  залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ