Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/774

 

 

 

 

 

 

 

 

 

         2022            11           18                                         2022/ШЦТ/774                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч М.Сумъяа, хохирогч С.Батсайхан, шүүгдэгч Б.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Бямбадоржийн Отгонбатад холбогдох эрүүгийн 22100 2560 1311 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ... овогт ... /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан петролиум” шатахуун түгээх станцын гадна талбайд иргэн С.Батсайхантай түлшний төлбөр тооцооны улмаас маргалдаж, улмаар цохиж зодон биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.О-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо нэмж хэлэх зүйл байхгүй.

Хохирогч намайг “түгээгч” гэдэг утгаар дорд өнгө аястай харьцсан. Ер нь хүн болгон тэгдэг. Хэрэг цагдаа дээр байх үед “эмнэлгийн үйлчилгээний төлбөр 400.000 төгрөг болно” гэхээр нь хохирогчид шилжүүлж нөхөн төлсөн.

Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж байна. Дахин хүний биед гар хүрэхгүй. Би хохирогчийн нүүр толгойд нь хүрээгүй, түүнийг барьж аваад 2 удаа өвдөглөж, 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би өшиглөснөөс хавирга нь хугарсан байх. Миний буруу. Асуудлыг эвээр шийдэх боломжтой байсан.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч С.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хувийн бизнес эрхэлдэг үйлчилгээний ажилтан учир ёс зүйтэй байхыг хичээдэг. Шүүгдэгчийн “намайг дорд үзсэн” гэж байгаа нь гүтгэлгийн шинжтэй байна. Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цаг 50 минутын орчим хөдөөнөөс аав, ээжийгээ тосоод, хамаатны хүнд дайвар ачаа хүргэж өгчихөөд гэртээ харьж явах замдаа бензин авах гэж шатахуун түгээх станц дээр очсон.

Би худалдагч хийдэг учраас тухайн үед бэлэн мөнгөтэй байсан. Тэгээд 3 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт, 3 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, нийт 45.000 төгрөгийн шатахууны тооцоонд хийхээр тоолсон байсан. Шатахуун түгээх станц дээр очоод “60.000 төгрөгт бензин хийнэ, үлдэгдлийг шилжүүлье миний дүү” гэж хэлсэн.

Тухайн үед миний өгсөн мөнгийг өөрт нь байсан бэлэн мөнгөтэй хольсон эсэхийг мэдэхгүй байна. Бензин хийж дууссаны дараа надад “мөнгөө өгөөрэй” гэж хэлсэн. Би “хэдийг шилжүүлэх вэ” гэхэд “энд 35.000 төгрөг байна” гэж хэлсэн. Би “45.000 төгрөг байсан” гэж хэлээд “маргалдаад яах вэ, камер шүүгээд үзье” гэж хэлсэн юм. Тухайн үед шүүгдэгч надтай зүй бусаар харьцсан. Би үйлчилгээний ажилтан хүн тэгж харьцаж байгаад гайхсан. Шүүгдэгч миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Гомдолтой байна.

Албан ёсоор надаас уучлалт гуйгаагүй. Над дээр ирэх болов уу гэж харж байсан. “Тархины хавантай” гэсэн онош гарсан учир цаашид эрүүл мэндээ бодоод, мэдрэлийн эмнэлэгт хэвтэх бодолтой байгаа. Үүнтэй холбоотой гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү. Одоо нэхэмжлэх гэхэд баримт байхгүй байна. Томографын шинжилгээний 300.000 төгрөг болон эм тариа авсан 400.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг хүлээн авсан. Би өөр бичиг хэргийн дэлгүүр ажиллуулж, өөрөө худалдагчаар нь ажилдаг юм. Мөн бизнесийн зээлтэй. Тогтмол өдрийн 200.000 төгрөгийн орлоготой ажилдаг. Авсан гэмтлийн улмаас би  2 хоног дэлгүүрээ хаагаад ажиллуулаагүй. Иймд олох байсан орлогод дунджаар тооцон хоёр хоногт 400.000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Холбогдох баримт, дансны хуулга зэргийг хэрэгт бичгээр гаргаж өгч байна. “ гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 2560 1311 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бы хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонсголон орчхоод буцаад Хан-Уул дүүрэгт байх гэртээ өөрийн тээврийн хэрэгслээр харьж явсан. Ингээд замаараа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Лавай” худалдааны төвийн “Сан петролиум” шатахуун түгээх станцаас шатахуун авахаар зогсоод, эрэгтэй түгээгч гарч ирэхээр нь “60.000 төгрөгт хийчих” гэж хэлээд бэлнээр 45.000 төгрөгийг өгсөн. Шатахуун хийж дуусахаар нь “үлдэгдэл хэдийг төлөх билээ, би бэлнээр 45.000 төгрөгийг өгсөн” гэхэд “өө, энд чинь 35.000 төгрөг байна шүү дээ, одоо 25.000 төгрөгийг төлнө” гэж хэлсэн. Тэгээд “хоёулаа маргаад яах вэ, камераа шүүчих” гэхэд нөгөө залуу “35.000 төгрөг өгчихөөд юу яриад байгаа юм бэ, би 10.000 төгрөгийг чинь төлөх юм уу, пизда чинь” гэж хэлсэн.

Ингээд би машинаа чөлөөлж тавиад шатахуун түгээх станц руу ороход “мөнгөө төлж чадахгүй муу пизда” гээд цохих гэж байгаа юм шиг хүрээд ирэхээр нь “камераа шүү л дээ” гэхэд “камер байхгүй пизда минь” гэж хэлсэн. Намайг цохих гээд байгаа юм шиг байхаар нь би гар утсаа гаргахад шууд хүрч ирээд заамдаад авсан. Би өөрийгөө хамгаалж, зөрүүлээд заамдаад хэсэг маргалдаж зогссон. Би тухайн байрнаас гараад баруун хэсэгт очоод зогсож байхад шууд боож унагаагаад, намайг газарт унасны дараа цээж хэсэг рүү 2 удаа өшиглөөд, дээрээс толгой тархи руу цохиод байсан. Энэ үед нэг эмэгтэй хүн гарч ирээд “болиоч” гэхэд больсон юм.

Би боолгуулаад ухаан санаа орж гараад, хэсэг хугацааны дараа цагдаад хандсан. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг, ажилдаа яваагүй хоёр өдрийн орлого 400.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

- Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Надад эмчилгээний 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тул тухайн зардлыг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Сан петролиум” шатахуун түгээх станцад түгээгчээр Б.Отгонбатын хамт гарсан. Ингээд өдөр ажиллаж байгаад шөнө ээлжилж гаръя гээд би 00 цагийн үед амрахаар болсон. Намайг унтаж байхад хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь босоод камер лүү харахад колонкийн урд 2 хүн зууралдаад байсан. Тэгээд би гараад “боль” гэж хэлсэн.

Энэ үед тэр хоёр зодолдоогүй, барьцалдаад зогсож байсан. Би харуулын байр луу явчихаад ирэхэд үл таних залуу газар суусан байдалтай, “бензин авах гэж ирээд зодуулчихлаа” гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19 дэх тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14194 дугаартай:

1. С.Бы биед баруун 5-р хавирганы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, хамар, баруун тохой, нуруунд сээрний 9-р нугалам орчим, цээжний баруун хажуу доод хэсэг, бүсэлхийн баруун доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би ...тухайн үед уур хүрсэн байсан учраас 2 удаа хохирогчийн цээжин тус газарт өвдөглөж, татаж газар унагаад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 56 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 60 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 62 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Отгонбатын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23:50 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан петролиум” шатахуун түгээх станцын гадна талбайд иргэн С.Батсайхантай түлшний төлбөр тооцооны асуудлын улмаас маргалдаж, заамдалцан улмаар өвдөглөж газар унагаах, хөлөөрөө өшиглөх, гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь “...баруун 5-р хавирганы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, хамар, баруун тохой, нуруунд сээрний 9-р нугалам орчим, цээжний баруун хажуу доод хэсэг, бүсэлхийн баруун доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч С.Бы: “...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонсголон орчихоод буцаад Хан-Уул дүүрэгт байх гэртээ өөрийн тээврийн хэрэгслээр харьж явсан. Ингээд замаараа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Лавай” худалдааны төвийн “Сан петролиум” шатахуун түгээх станцаас шатахуун авахаар зогсоод, эрэгтэй түгээгч гарч ирэхээр нь “60.000 төгрөгт хийчих” гэж хэлээд бэлнээр 45.000 төгрөгийг өгсөн. Шатахуун хийж дуусахаар нь “үлдэгдэл хэдийг төлөх билээ, би бэлнээр 45.000 төгрөгийг өгсөн” гэхэд “өө, энд чинь 35.000 төгрөг байна шүү дээ, одоо 25.000 төгрөгийг төлнө” гэж хэлсэн. Тэгээд “хоёулаа маргаад яах вэ, камераа шүүчих” гэхэд нөгөө залуу “35.000 төгрөг өгчихөөд юу яриад байгаа юм бэ, би 10.000 төгрөгийг чинь төлөх юм уу, пизда чинь” гэж хэлсэн.

Ингээд би машинаа чөлөөлж тавиад шатахуун түгээх станц руу ороход “мөнгөө төлж чадахгүй муу пизда” гээд цохих гэж байгаа юм шиг хүрээд ирэхээр нь “камераа шүү л дээ” гэхэд “камер байхгүй пизда минь” гэж хэлсэн. Намайг цохих гээд байгаа юм шиг байхаар нь би гар утсаа гаргахад шууд хүрж ирээд заамдаад авсан. Би өөрийгөө хамгаалж, зөрүүлээд заамдаад хэсэг маргалдаж зогссон. Би тухайн байрнаас гараад баруун хэсэгт очоод зогсож байхад шууд боож унагаагаад, намайг газарт унасны дараа цээж хэсэг рүү 2 удаа өшиглөөд, дээрээс толгой тархи руу цохиод байсан. Энэ үед нэг эмэгтэй хүн гарч ирээд “болиоч” гэхэд больсон юм. Би боолгуулаад ухаан санаа орж гараад, хэсэг хугацааны дараа цагдаад хандсан. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг, ажилдаа яваагүй хоёр өдрийн орлого 400.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

- Мөн хохирогчийн дахин өгсөн: “...Надад эмчилгээний 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тул тухайн зардлыг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

- гэрч Ц.Бийн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Сан петролиум” шатахуун түгээх станцад түгээгчээр Б.Отгонбатын хамт гарсан. Ингээд өдөр ажиллаж байгаад шөнө ээлжилж гаръя гээд би 00 цагийн үед амрахаар болсон. Намайг унтаж байхад хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь босоод камер лүү харахад колонкийн урд 2 хүн зууралдаад байсан. Тэгээд би гараад “боль” гэж хэлсэн. Энэ үед тэр хоёр зодолдоогүй, барьцалдаж зогсож байсан. Би харуулын байр луу явчихаад ирэхэд үл таних залуу газар суусан байдалтай, “бензин авах гэж ирээд зодуулчихлаа” гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14194 дугаартай:

1. С.Бы биед баруун 5-р хавирганы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, хамар, баруун тохой, нуруунд сээрний 9-р нугалам орчим, цээжний баруун хажуу доод хэсэг, бүсэлхийн баруун доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал) болон шүүгдэгч Б.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч С.Бы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун 5-р хавирганы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, хамар, баруун тохой, нуруунд сээрний 9-р нугалам орчим, цээжний баруун хажуу доод хэсэг, бүсэлхийн баруун доод хэсэг, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.О түүнийг заамдах, өвдөглөж газар унагаах, хөлөөрөө өшиглөх, нүүр лүү гараараа цохих зэргээр зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Оын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч С.Бы биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч С.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээний зардалд 400.000 төгрөг, ажилдаа яваагүй хоёр өдрийн орлого 400.000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс эмчилгээний зардлын 400.000 төгрөгийг хүлээж авсан, үлдэх 400.000 төгрөгийг нэхэмжилнэ.” хэмээн мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Оаас эмчилгээний төлбөрийн 400.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байх ба өвчтэй байсан 2 өдрийн олох байсан орлогын нөхөн төлбөрт шүүгдэгч Б.О нь хохирогчид 400.000 төгрөгийг нөхөн төлөхөөр тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэн тохирсныг шүүх буруутгах боломжгүй юм.  

 

Иймд хохирогч С.Бы өвчтэй байсан 2 хоногийн хугацаанд дэлгүүрийн олох байсан орлогод 400.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.О нөхөн төлөхөө илэрхийлж, эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй тул уг мөнгөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцнэ гэж үзэв.

 

Түүнчлэн хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй. . 

 

Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 62 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонбатад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон        

                                                         ТОГТООХ нь:

 

1. ... овогт ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О хохирогчийн эмчилгээний зардалд 400.000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, өвчний улмаас ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогод 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлүүлнэ гэх хохирогч С.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлснийг баталж, шүүгдэгчээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 57-61 тоотод оршин суух хаягтай, РД:******, Боржигон овогт Санжмятавын Батсайханд олгосугай.   

 

5. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД