| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0769/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/759 |
| Огноо | 2022-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч О.Бадрал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Бургууд овогт Одгэрэлийн Бадралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000799 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номадик лайф стайл” ХХК-Д борлуулалтын ажилтан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон, Глоб 32 байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра вилла хотхон 207/2-49 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Бургууд овогт Одгэрэлийн Бадрал /РД: УЦ01242937/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Бадрал нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны 88 тоотод 2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар Б.Батнасанг гараараа цохиж биед нь халдан зодож зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхи, хамрын нуруу, хоёр чих, дух, хөмсөг, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч О.Бадрал: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.Батнасан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны 88 тоотод оршин суух гэртээ байсан. Гэрээсээ гараагүй амарч байхад орой 20 цагийн орчим Бадралтай фейсбүүк чатаар холбогдсон “юу хийж байна, маргааш ажилтай юу” гэхэд “маргааш амарч байгаа” гэж хэлсэн тэгэхээр нь би “ганц хоёр пиво ууж манайд суух уу” гэж би санал тавьсан тэгэхэд би “дүүтэйгээ явж байна, дүүгээ хүргэж өгчхөөд очлоо” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт 21 цагийн үед ирсэн. Тэр үед би байрныхаа гадаа тосож аваад дэлгүүрээс 6 ширхэг лаазтай пиво аваад гэр рүүгээ орсон, эхний хоёр хоёр пиво уугаад нохой гаслаад байхаар нь гаргаж бие засуулахаар гараад байрны гадаа байж байхад Бадрал “архи уух уу, пиво жоохон тийм байна, би нэг архи авчихъя” гээд дэлгүүр ороод 0,7 литртэй архи нэгийг авсан, хамт буцаж гэр лүү ороод архиа ууж эхэлсэн. Тэгээд үлдсэн нэг нэг пиво уугаад тэгээд юм яриад дуу сонсоод сууж байгаад архи ч дууссан байсан. Тэгэхээр нь би “найз нь өглөө ажилтай, чи яах юм хоноод явах уу, эсвэл найз нь гаргаад өгөх үү” гэж асуухад юм дуугараагүй, тэгээд гэрийн нойлд ороод тамхилсан. Тэр үед би нилээн муудсан байсан учраас орон дээр гараад хэвтээд унтаж байхад эхлээд баруун тал руу дараа нь зүүн тал руу алгадсан. Тэгэхээр нь хөөе гээд нүүрээ хаахад нэмээд цохиод байсан. Тэгэхээр нь би түлхээд холдуулах гэхэд миний баруун гарыг хазсан, нэмээд намайг цохиод байсан, тэгээд би ухаан алдсан байх. Тэгээд нэг сэрэхэд гэмтэл дээр сэрсэн...” /хавтаст хэргийн 14-16 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Нармандах мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 02 цагт Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бага хүү Батбаатарын гэрт ач хүүтэйгээ тоглож байсан. Тэгээд утсаа хартал хажуу өрөө түрээсэлдэг Сувдаа гэх охин нэлээн их залгасан байсан. Тэгээд харж байтал дахиад залгахаар нь автал “анай та хурдан хүрээд ирээч” гэсэн “яасан” гэсэн чинь “Батнасан ахыг хүн аймаар зодчихлоо” гэсэн. Тэгээд би тэрийг сонсоод гэр лүүгээ бага хүүгээрээ хүргүүлсэн. Намайг очиход хажуу өрөөний ээж Сайхнаа, охин Сувдаа, хүү Содхүү нар гадаа зогсож байсан. Би машинаас буугаад бага хүү болон ээж, хүү, охин бид хэд цуг ортол манай ор хөдөлчихсөн ширээ сандал уначихсан, орны арын хана дүүрэн цус болчихсон, миний хүү орныхоо хажууд доошоо харчихсан хэвтэж байсан. Тэр үед Бадрал орны нөгөө талд унтаж байгаа байдалтай дээш хараад хэвтэж байсан. Би ороод хүүгээ харахад танигдахын аргагүй болсон байсан. Би “арай ч дээ миний хүүг” гээд орилтол Бадрал босоод ирсэн. Босож ирчхээд гараа хоёр тийшээ болгож өргөөд инээгээд байсан. Тэр үед нүүр лүү нь харахад нүүр нь зүв зүгээр, нүд нь тогтохгүй, бие нь тогтохгүй, үсчээд байсан. Тэгэхээр нь би шууд нуруу руу нь түлхээд хаалга хаачихсан. Тэр үед манай хаалга руу өшиглөөд байсан. Тэгээд удаагүй хоёр цагдаа ирсэн. Нэг нь Бадрахын хажууд үлдээд нөгөө нь манай гэр лүү ороод ирсэн. Манай хүүхдийг хараад нэрээр нь дуудаад сэрээх гэж оролдоод “та 103 дуудсан уу” гэж асуугаад тэр хооронд гадаа байсан цагдааг хэд хэд цохиж байсан. Тэгэнгүүт дотор байсан цагдаа гараад гүйсэн, тэгээд би цагдаа гарангуут нь хаалгаа хаачихсан. ...Одоо хүүгийн бие хөхрөлт нүүр нь тэр чигтээ хавдсан, нүд нь хавдартай, ухархайн яс цөмөрч орсон, хамар мурийсан, толгой тэр чигтээ хавдартай, чихний араар хавдсан хөхөрсөн, хоолой боосон мөр үлдсэн, хоёр тохой нь язарч хөхөрсөн, дунд болон ядам хурууг хазсан гэлтэй ором үлдсэн...” /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ гэсэн,
Гэрч А.Тэмүүлэн мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Хоёр хүн зодолдох гээд байна гэсний дагуу дэслэгч Ц.Цогсүрэнгийн хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51/1 дүгээр байрны гадаа ирээд дуудлага өгсөн иргэн рүү залгаад орцны код болон давхрыг асуусан. Тэгээд 8-н давхарт гэсэн тул дээш Цогсүрэнгийн хамт цахилгаан шатаар гарч буухад урт үстэй залуу толгойгоороо хана налсан цааш харан зогсож байсан. Тэгээд дэслэгч Цогсүрэн тухайн эрэгтэйг шалгаж байхад би дуудлага өгсөн айлын хаалгыг тогштол хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хаалга тайлсан. Тэгээд тэр эмэгтэй нь “манай хүүхдийг аймаар зодчихсон, манай хүүхэд ухаангүй хэвтэж байна” гээд уйлж байсан. Дотор орж шалгахад хаалгаар ороод зүүн эргээд зочны өрөө байсан, ороход ширээн дээр пивоны лааз байсан, хохирогч эрэгтэй нь ширээний хажууд хэвтсэн байдалтай байсан, очиж шалгахад нүд нь нээлттэй хэвийн амьсгалж байсан, юм асуухад дуугарахгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. Тэгээд дотор байсан хүмүүсээс 103 дугаар луу дуудлага өгсөн эсэхийг асууж байхад орцонд хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал цахилгаан шатны хажууд зодсон гэх залуу тэр айлд байсан 20 орчим насны нэг залуутай муудалцаад манай ажилтан Цогсүрэн салгаж байсан. Нөгөө муудалцсан залуу цахилгаан шатанд суухад зодсон гэх залуу Цогсүрэнг цохиод нулимаад газар тийчээд байсан, газар тийчихдээ толгойгоо савчуулж байсан. Тэгээд би дундуур нь орж тухайн цагдаагийн биед халдсан иргэний гарыг нь ард бариад босгох гэхэд эсэргүүцэл их үзүүлж байсан ба гэрт байсан нэг залуу хөлийг барьж тусалж өгсөн. Тэгээд зодсон гэх залууг авч яван эрүүлжүүлэх саатуулах байранд ирсэн. Саатуулах байранд ирээд унасан байж магадгүй. ...Цогсүрэн хоёр залууг салгаад байж байхад Цогсүрэн рүү хий цохиод нулимаад газар унаад тийчлээд байсан өөр халдсан зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 24-25, 126-127 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би өөрийн охин Б.Сувдмаагийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 88 тоотод 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байж байхад хажуу өрөөг түрээслэн амьдардаг Батнасан гэдэг залуу нэг эрэгтэй найзынхаа хамт лаазтай пивонууд уун сууж байгаад гэнэт чанга чанга дуугаар хоорондоо инээлдэн ярьж байгаад гэнэт юм цохиж байгаа юм шиг пид пад хийх дуу чимээ гарахаар нь хаалга онгойлгон харахад Батнасан шалан дээр дээш харан хэвтсэн байдалтай байхад нөгөө найз нь гээд байгаа залуу Батнасангийн гэдсэн дээр нь гараад суучихсан учир зүггүй Батнасангийн нүүр, толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиод байхаар нь болиоч гэж хэлэхэд болихгүй байсан, тэгээд би болиулах гээд уг залуу дээр очиж биеэс нь татахад над руу уурлахаар нь охин бид хоёр айгаад өрөөндөө орж цагдаа дуудах болсон. Манай өрөөнөөс 00-ийн өрөө руу ороход заавал дамждаг болохоор пиво ууж байгааг харсан юм. Лаазтай пиво уугаад сууж байхад Батнасан болон найзынх нь биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан ...Охин Б.Сувдмаа бид хоёрыг харахад Б.Батнасангийн нүүр болон толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиод байсан. ...Цагдаа нар ирээд Б.Батнасангийн хамт байсан залууг аваад явах гэтэл нэг цагдаагийн биеийг цохин халдаж зугтаах гэж байгаад өөрөө хөл нүцгэн байсан болохоор халтирах нүүрээрээ орцны хана мөргөхөд нүүр нь хавдаад эхэлсэн, өөрөө зугтаан гүйж байгаад л халтирч унасан. ...Б.Батнасанд учирсан гэмтлийг хамт байсан эрэгтэй найз нь цохиж зодон учруулсан. Б.Батнасан уг залууд зодуулж байхдаа хоёулаа маргааш ажилтай ш дээ унтъя л даа тэгэх үү гээд гуйгаад байсан...” /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч Б.Сувдмаа мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 88 тоотод ээж Б.Баярсайханы хамт байхад хажуу өрөөг түрээслэн амьдардаг Батнасан ах нэг ахын хамт пиво ууж байгаад гэнэт хоорондоо чанга дуугаар ярилцаж байгаад юм цохих шиг пид пад хийх дуу чимээ гарахаар нь ээж бид 2 хаалгаа нээн харахад Батнасан ах шалан дээр дээш харан хэвтсэн байдалтай байхад гэдэс хэсэг дээр нь нөгөө хамт байж байсан ах суугаад Батнасан ахын нүүр болон толгой руу олон удаа гараа атгаж байгаад цохиод байсан. Тэгээд ээж болиулах гээд уг ах дээр очиход ээж рүү уурлахаар нь ээж бид хоёр айгаад ээж цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирэн аваад явсан...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.Бадрал мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байранд орой 21 цагийн үед такси барин очсон. Тэгээд байрных нь хойд талд байх CU-ийн гадаа найз Батнасантай уулзсан, тэгээд CU-ийн хажуу талын дэлгүүр ороод 8 ширхэг пиво аваад орох замдаа Батнасан “би хажуу өрөөгөө түрээсэлдэг, эрэгтэй эмэгтэй хоёр байдаг, өнөөдөр ээж нь ирчихсэн байгаа шүү” гэж хэлсэн, намайг гэрт нь ороход нэг нүдний шилтэй охин байсан. Тэгээд нөгөө ярьсан хоёр хүнийг нь хараагүй. Тэгээд бид хоёр юм ярингаа ууж эхэлсэн. Тэгээд би 3 дахь пиво ууж дуусгаад харина гэж бодож байсан. Гэтэл манай найз Батнасан “пиво онцгүй байна, архи уух уу” гэсэн. ...Тэгээд дэлгүүрээс ундаа, нэг шил 0.7 литр архи авсан. Тэгээд шууд гэр лүү нь ороод үргэлжлүүлэн юм яриад архиа ууж эхэлсэн, би 4 хундагыг уусан байх. Тэгээд тасарсан юм шиг байна лээ, ...Батнасанг хаана нь юугаар хэдэн удаа юугаар цохисон талаар өөрөө сайн санахгүй байгаа, гараараа цохиод байсан гэдгийг хүмүүсээс сонссон. ...Батнасанд учирсан гэмтлийг О.Бадрал миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7985 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.Батнасангийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхи, хамрын нуруу, хоёр чих, дух, хөмсөг, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн зовхинд зулгаралт, баруун сарвуу, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 53-55 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 66-73 дахь тал/,
- Хохирогч Б.Батнасангийн хүсэлт /хавтас хэргийн 74 дэх тал/,
- Хохирол төлсөн баримтууд /хавтас хэргийн 78-80 дахь тал/,
- Шүүгдэгч О.Бадралын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 89 дэх тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 93 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч О.Бадрал нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны 88 тоотод 2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар Б.Батнасанг гараараа цохиж биед нь халдан зодож зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхи, хамрын нуруу, хоёр чих, дух, хөмсөг, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Батнасангийн “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ амарч байсан, орой 20 цагийн орчим Бадралтай фейсбүүкээр чатлаж, “юу хийж байна маргааш ажилтай юу” гэхэд “маргааш амарч байгаа” гэж хэлсэн тэгэхээр нь би “ганц хоёр пиво ууж манайд суух уу” гэж би санал тавьсан тэгэхэд би “дүүтэйгээ явж байна, дүүгээ хүргэж өгчхөөд очлоо” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт 21 цагийн үед ирсэн. Тэр үед би байрныхаа гадаа тосож аваад дэлгүүрээс 6 ш лаазтай пиво аваад гэр рүүгээ орсон, ...Бадрал “архи уух уу, пиво жоохон тийм байна би нэг архи авчихъя” гээд дэлгүүр ороод 0,7 литртэй архи нэгийг авсан, хамт буцаж гэр лүү ороод архиа ууж эхэлсэн. Тэгээд үлдсэн нэг нэг пиво уугаад тэгээд юм яриад дуу сонсоод сууж байгаад архи ч дууссан байсан. Тэгэхээр нь би “найз нь өглөө ажилтай, чи яах юм хоноод явах уу эсхүл найз нь гаргаад өгөх үү” гэж асуухад юм дуугараагүй, тэгээд гэрийн нойлд орж тамхилсан. Тэр үед би нилээн муудсан байсан учраас орон дээр гараад хэвтээд унтаж байхад эхлээд баруун тал руу, дараа нь зүүн тал руу алгадсан. Тэгэхээр нь хөөе гээд нүүрээ хаахад нэмээд цохиод байсан. Тэгэхээр нь би түлхээд холдуулах гэхэд миний баруун гарыг хазсан, нэмээд намайг цохиод байсан тэгээд би ухаан алдсан байх. Тэгээд нэг сэрэхэд гэмтэл дээр сэрсэн...” /хавтаст хэргийн 14-16 дахь тал/ гэсэн, гэрч Б.Нармандахын “...2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө хажуу өрөө түрээсэлдэг Сувдаа гэх охин нэлээн их залгасан байсан. Тэгээд харж байтал дахиад залгахаар нь автал “анай та хурдан хүрээд ирээч” гэсэн “яасан” гэсэн чинь “Батнасан ахыг хүн аймар зодчихлоо” гэсэн. Намайг очиход хажуу өрөөний ээж Сайхнаа, охин Сувдаа, хүү Содхүү нар гадаа зогсож байсан. Би машинаас буугаад ортол манай ор хөдөлчихсөн, ширээ сандал уначихсан, орны арын хана дүүрэн цус болчихсон, миний хүү орныхоо хажууд доошоо харчихсан хэвтэж байсан. Тэр үед Бадрал орны нөгөө талд унтаж байгаа байдалтай дээш хараад хэвтэж байсан. Би ороод хүүгээ харахад танигдахын аргагүй болсон байсан. Би “арай ч дээ миний хүүг” гээд орилтол Бадрал босоод ирсэн. Тэр үед нүүр лүү нь харахад нүүр нь зүв зүгээр, нүд, бие нь тогтохгүй, үсчээд байсан. Тэгэхээр би шууд нуруу руу нь түлхээд хаалга хаачихсан. Тэр үед манай хаалга руу өшиглөөд байсан. Тэгээд удаагүй хоёр цагдаа ирсэн...” /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ гэсэн, гэрч А.Тэмүүлэнгийн “...Хоёр хүн зодолдох гээд байна гэсний дагуу дэслэгч Ц.Цогсүрэнгийн хамтаар 8-н давхарт цахилгаан шатнаас буухад нэг урт үстэй залуу толгойгоороо хана налсан цааш харан зогсож байсан. ...Тэгээд тэр эмэгтэй нь “манай хүүхдийг аймар зодчихсон, манай хүүхэд ухаангүй хэвтэж байна” гээд уйлж байсан. Дотор орж шалгахад хаалгаар ороод зүүн эргээд зочны өрөө байсан, ороход ширээн дээр пивоны лааз байсан, хохирогч эрэгтэй нь ширээний хажууд хэвтсэн байдалтай байсан, очиж шалгахад нүд нь нээлттэй хэвийн амьсгалж байсан, юм асуухад дуугарахгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан...” /хавтаст хэргийн 24-25, 126-127 дахь тал/ гэсэн, гэрч Б.Баярсайханы “...Батнасан гэдэг залуу нэг эрэгтэй найзынхаа хамт лаазтай пивонууд уун сууж байгаад гэнэт чанга чанга дуугаар хоорондоо инээлдэн ярьж байгаад гэнэт юм цохиж байгаа юм шиг пид пад хийх дуу чимээ гарахаар нь хаалга онгойлгон харахад Батнасан шалан дээр дээш харан хэвтсэн байдалтай байхад нөгөө найз нь гээд байгаа залуу Батнасангийн гэдэс дээр нь гараад суучихсан учир зүггүй Батнасангийн нүүр, толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиод байхаар нь болиоч гэж хэлэхэд болихгүй байсан, тэгээд би болиулах гээд уг залуу дээр очиж биеэс нь татахад над руу уурлахаар нь охин бид хоёр айгаад өрөөндөө орж цагдаа дуудах болсон. ...Охин Б.Сувдмаа бид хоёрыг харахад Б.Батнасангийн нүүр болон толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиод байсан...” /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.Сувдмаагийн “...Хажуу өрөөг түрээслэн амьдардаг Батнасан ах нэг ахын хамт пиво ууж байгаад гэнэт хоорондоо чанга дуугаар ярилцаж байгаад юм цохих шиг пид пад хийх дуу чимээ гарахаар нь ээж бид 2 хаалгаа нээн харахад Батнасан ах шалан дээр дээш харан хэвтсэн байдалтай байхад гэдэс хэсэг дээр нь нөгөө хамт байж байсан ах суугаад Батнасан ахын нүүр болон толгой руу олон удаа гараа атгаж байгаад цохиод байсан...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн, шүүгдэгч О.Бадралын “...Батнасанг хаана нь юугаар хэдэн удаа юугаар цохисон талаар өөрөө сайн санахгүй байгаа хүмүүсээс сонсоход гараараа цохиод байсан гэдгийг хүмүүсээс сонссон ...Батнасанд учирсан гэмтлийг О.Бадрал миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №7985 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Батнасангийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхи, хамрын нуруу, хоёр чих, дух, хөмсөг, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн зовхинд зулгаралт, баруун сарвуу, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 53-55 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.Батнасангийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхи, хамрын нуруу, хоёр чих, дух, хөмсөг, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн зовхинд зулгаралт, баруун сарвуу, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Бадралын түүнийг цохисон идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Бадралын хохирогч Б.Батнасангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бадралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч О.Бадрал нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч О.Бадралын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
.
Шүүгдэгч О.Бадрал нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батнасангийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхи, хамрын нуруу, хоёр чих, дух, хөмсөг, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн зовхинд зулгаралт, баруун сарвуу, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Батнасангийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан 3,998,599 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.Бадрал 7,500,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Батнасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000000799 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Бадрал бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бургууд овогт Одгэрэлийн Бадралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Одгэрэлийн Бадралыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Бадралд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бадрал торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210000000799 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Бадрал бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Батнасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бадралд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бадралд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР