| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0773/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/763 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Алтангэрэл, шүүгдэгч Г.Жавхлан, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигин овогт Гансүхийн Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210022751210 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монхангай групп”-д менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-387 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигин овогт Гансүхийн Жавхлан /РД:УЗ92081136/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Жавхлан нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн хуучин эцсийн Өлзийт нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү гараараа цохиж, түүний биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Жавхлан: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч О.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цаг 30 минутын орчим ...би хүнсний дэлгүүр орчоод буцаад гараад ирэхэд манай Анхбаяр, Энхтөр гэдэг 2 найзыг 2 танихгүй залуу хувцасны захнаас нь заамдаад зогсож байсан. Ямар шалтгааны улмаас дээрх маргаан болсныг нь би мэдэхгүй. ...Миний биед хэн хэн хэрхэн гэмтэл учруулсан талаар би нэрийг нь сайн мэдэхгүй байна, тухайн үед найз нар нь Жавхаа гэж дуудаж байсан бөгөөд Жавхаа гэх танихгүй залуу нь тухайн үед улаан өнгийн цамцтай залуу гараа атгаж миний баруун нүд рүү нэг удаа цохиж миний баруун нүдэнд гэмтэл учруулсан. Миний биед учирсан өөр гэмтэл байхгүй ...Тухайн үед би найз охин Энхжинтэй хамт явж байгаад Өлзийт нэртэй хүнсний дэлгүүр орчхоод буцаад гарахад тус дэлгүүрийн гадаа миний 2 найз болох Анхбаяр, Энхтөр нар байсан бөгөөд хоёр танихгүй залуу манай хоёр найзыг заамдаад зогсож байсан. Тэд нарыг ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдаж байсныг би мэдэхгүй...” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.Дамдинсүрэн мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз Жавхлан над дээр ирж намайг зодож байсан хүүхдүүдийг салгах үед цагдаа нар ирсэн юм. Миний санаж байгаагаар манай найз Жавхлан бид хоёр дээрх хүүхдүүдтэй харилцан зодолдсон бөгөөд харин Булган нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор дээрх зодоонд оролцоогүй ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан болохоор яг ямар шалтгаанаас болж танихгүй залуучуудтай маргалдсан талаар санахгүй байна. Нэг мэдэхэд манай найз Жавхлан намайг зодож байсан хүүхдүүдийг холдуулж байсан надад өөр мэдэх зүйл байхгүй байна...” /хавтаст хэргийн 13 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Анхбаяр мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “.... Манай найз болох О.Лхагвадоржийг тухайн гурван эрэгтэйн улаан өнгийн цамцтай 30-35 орчим настай 1,80 орчим өндөртэй туранхай залуу зодсон. Учир нь намайг тэвэрчихсэн хөдөлгөхгүй байж байхад Лхагвадорж салгах гэж ирэхэд эргэж хараад нүүр хэсэг рүү нь цохиж гэмтээсэн...” /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.Жавхлан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой 23 цагийн орчимд найз Дамдинсүрэн, Булган нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн хуучин эцэс дээр цагаан өнгийн Тоёота Приус-41 маркийн автомашинд сууж байхад найз Дамдинсүрэн машинаасаа буугаад хүнсний дэлгүүр явсан. Гэтэл удалгүй Яармагийн эцсийн авто зогсоол дээр танихгүй гурван залуутай маргалдаад байхаар нь би найз Дамдинсүрэн дээр очоод тэд нарын маргааныг болиулах гэтэл болихгүй хоорондоо хэрэлдэж байсан. Гэтэл тус танихгүй залуугийн нэг нь “байж байгаарай” гэж хэлээд удаагүй аавыгаа гар утсаар дуудахад хэсэг хугацааны дараа 40 гаран насны эрэгтэй хүн ирээд “яагаад хүүхдүүд дээрэлхээд байгаа юм, Та нар хэн юм” гэж хэлээд манай найз Дамдинсүрэнгийн хувцасны захаас нь гараараа барьж боож газар унагаагаад дээрээс нь 1-2 хүн хөлөөрөө өшиглөөд байхаар нь би очиж зодооныг салгах зорилгоор нэг залуугийн нүүрэнд нь гараа атгаад цохисон бөгөөд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг салгасан. ...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байдалтай найзынхаа машинд сууж байхад хүнсний дэлгүүрийн гадаа манай найз Дамдинсүрэн 2-3 залуу газар унагаасан байдалтай байхыг нь хараад Дамдинсүрэн дээр очиж салгах гэж байгаад танихгүй нэг залуугийн нүүрэн тус газарт нь гараа атган цохисон юм ...дээгүүрээ улаан өнгийн цамцтай доогуураа саарал өнгийн шорт өмссөн явж байсан...” /хавтаст хэргийн 52 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №12159 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.Лхагвадоржийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хавтаст 19-20 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
- Г.Жавхлангийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
- О.Лхагвадоржийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6 дахь тал/,
- Шүүгдэгч Г.Жавхлангийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 33-26 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.Жавхлан нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн хуучин эцсийн Өлзийт нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү гараараа цохиж, биед нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Лхагвадоржийн “...Би хүнсний дэлгүүр орчоод буцаад гараад ирэхэд манай Анхбаяр, Энхтөр хоёр найзыг танихгүй хоёр залуу хувцасны захнаас нь заамдаад зогсож байсан. Ямар шалтгааны улмаас дээрх маргаан болсныг мэдэхгүй, миний биед хэн хэн, хэрхэн гэмтэл учруулсан талаар би нэрийг нь сайн мэдэхгүй, тухайн үед найз нар нь Жавхаа гэж дуудаж байсан, Жавхаа гэх танихгүй залуу тухайн үед улаан өнгийн цамцтай байсан, гараа атгаж миний баруун нүд рүү нэг удаа цохиж, миний баруун нүдэнд гэмтэл учруулсан...” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэсэн, гэрч Б.Анхбаярын “...Манай найз О.Лхагвадоржийг тухайн гурван залуугийн улаан өнгийн цамцтай 30-35 орчим настай 180 орчим өндөртэй туранхай залуу зодсон. Учир нь намайг тэвэрчихсэн хөдөлгөхгүй байхад Лхагвадорж салгах гэж ирэхэд эргэж хараад нүүр хэсэг рүү нь цохиж гэмтээсэн...” /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Г.Жавхлангийн “...Манай найз Дамдинсүрэнгийн хувцасны захаас нь гараараа барьж боож газар унагаагаад дээрээс нь 1-2 хүн хөлөөрөө өшиглөөд байхаар нь би зодооныг салгах зорилгоор очиж нэг залуугийн нүүрэнд нь гараа атгаад цохисон бөгөөд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг салгасан. ...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байдалтай найзынхаа машинд сууж байхад хүнсний дэлгүүрийн гадаа манай найз Дамдинсүрэн 2-3 залуу газар унагаасан байдалтай байхыг нь хараад Дамдинсүрэн дээр очиж салгах гэж байгаад танихгүй нэг залуугийн нүүрэн тус газарт нь гараа атган цохисон юм ...дээгүүрээ улаан өнгийн цамцтай доогуураа саарал өнгийн шорт өмссөн явж байсан...” /хавтаст хэргийн 52 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №12159 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: О.Лхагвадоржийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 19-20 дахь тал/ гэсэн дүгнэлт, О.Лхагвадоржийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч О.Лхагвадоржийн эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.Лхагвадоржийн түүний нүүр рүү цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Жавхлангийн хохирогч О.Лхагвадоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Г.Жавхлан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Г.Жавхлан нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Лхагвадоржийн эрүүл мэндэд баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 120,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 100,000 төгрөгийг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 61 дэх тал/, хохирогч үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ, гомдолгүй гэсэн тул төлөгдөөгүй үлдсэн 20,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулав.
Эрүүгийн 2210022751210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Жавхланд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Гансүхийн Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гансүхийн Жавхланг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гансүхийн Жавхланд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхлан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхлангаас 20,000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Лхагвадоржид олгосугай.
6. Эрүүгийн 2210022751210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Жавхланд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Лхагвадорж гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Жавхланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жавхланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР