| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0236/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/242 |
| Огноо | 2022-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарт холбогдох эрүүгийн 2215000000277 дугаартай, 163/2022/0236/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өмгөр овогт Дашдондогийн Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, РД: ЙГ90071411.
Монгол Улсын иргэн, Гэлэн овогт Бат-Эрдэнийн Батзаяа, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн 5-13 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 35 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГВ87081506.
Холбогдсон хэргийн талаар:
Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 10 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн орчимд шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нар нь хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж Д.Бат-Эрдэнэ нь Б.Батзаяаг түлхэж унагах, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зүүн хацар, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Батзаяа нь Д.Бат-Эрдэний нүүрэн тус газарт нь гараагаа цохиж зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000277 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нар нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн орчимд Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух н.Тайванбаатарын гэрт хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Д.Бат-Эрдэнэ нь Б.Батзаяаг түлхэж унагах, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэрэг үйлдлээрээ биед нь зүүн хацар, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Батзаяа нь Д.Бат-Эрдэний нүүрэн тус газарт нь гараараа цохих үйлдлээрээ биед нь зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Батзаяагийн хохирогчоор өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт байдаг хүргэн ах Тайванбаяр, авга эгч Цэцэгмаа нарынд очсон. Тэднийд очиход Цэцэгмаа эгчийн охиных нь ангийн хүүхдүүдийн эцэг эх болох Пүүжээ, Туяацэцэг, Пүүжээгийн бэр Чанцал, Тайванбаяр ах нар сууж байсан. Цэцэгмаа эгч намайг хоол идчихээд яв гэж хэлсэн. Хоол идчихээд явах гэтэл Чанцалын нөхөр Эрдэнээ нь Пүүжээгийн нөхрийн хамтаар Тайванбаяр ахын гэрт эхнэрүүдээ авах гэж орж ирсэн. Чанцалын нөхөр Эрдэнээ намайг Тайванбаяр ахын гэрийн хаалгаар гарах гэтэл чи хаанахынх юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би Бүрэгхангай сумынх гэж хэлсэн. Эрдэнээ нь дахиад чи яг хаанахынх юм бэ? гэж асуухаар нь чиний одоо амьдарч байгаа газарт төрж өссөн гэж хэлэхэд Эрдэнээ нь сууж байсан газраасаа босож ирээд намайг хаалгаар түлхээд газар унагаасан. Намайг газраас босоход Эрдэнээ нь дахин дайрч гараа зангидаж байгаад миний зүүн талын нүд, шанаа хавьцаа нэг удаа хүчтэй цохисон. Тайванбаяр ах гэрээсээ гарч ирээд Эрдэнээг хориглосон. ...Эрдэнээ нь над руу дайраад байхаар нь би гараараа нэг удаа Эрдэнээгийн нүүр рүү алгадсан өөр үйлдэл хийгээгүй. Эрдэнээ миний биед халдаж зодсоноор миний зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн, шанаа хөндүүрлэж өвдөнө, тархи толгой доргисон, цээж хөндүүрлэнэ, нуруу ууцаар хатгуулж өвдөөд байгаа учир Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
3. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн хохирогчоор өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын төвд манай эхнэр Чанцалдулам нь Тайванбаяр, Цэцэгмаа нарын гэрт Батзаяа, Пүрэвсүрэн, Туяацэцэг нарын хамт сууж архи уусан байсан. Орой 21 цагийн үед дэлгүүр хаачихсан байхад манай эхнэр Чанцалдулам нь над руу утсаар залгаж Тайванбаярын гэрт ирээд намайг ав гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Мягмарцэрэнгийн хамтаар очсон. Батзаяа гэдэг хүүхэн намайг хойд дэлгүүрээс архи аваад ир гэж хэлээд явуулсан. Би архинд явсан боловч дэлгүүр хаасан байсан. Тайванбаяр ахын гэрт очоод би Батзаяаг чи хаанахынх юм бэ? гэж асуусан. Тэгэхэд Батзаяа би чиний байгаа газарт чинь төрж өссөн дөө гэж хэлсэн. Батзаяаг Тайванбаяр ахын гэрээс гарахад нь хаалганы үүд рүү түлхсэн чинь газарт цасан дээр уначихсан. Ингээд Батзаяа газраас босож ирээд чи муу хүний нутагт явж байж яасан даварсан шээс вэ? гээд намайг гараараа зүүн талын нүд рүү цохиод толгой түрүүгүй алгадсан. Ноцолдож байхдаа миний дээлний дотуур өмссөн ногоон футболкыг урсан. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэрт Батзаяа нь өөрийн нөхөр Ганзориг, Цэцэгмаа нарын хамтаар ирээд чи яахаараа намайг түлхэж зоддог юм гэж хэлээд гараараа нүүр рүү алгадсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
4. Гэрч Ц.Цэцэгмаагийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20-21 цагийн орчимд Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт байх гэртээ Туяацэцэг, Батзаяа, Тайванбаяр, Пүрэвсүрэн, Чанцалдулам нарын хамт хоол идээд, ганц нэг шил архи хувааж уусан. Гаднаас Пүрэвсүрэн, Чанцалдулам нарын нөхөр болох Бат-Эрдэнэ, Мягмарцэрэн нар орж ирсэн. Манай гэрт орж ирээд удаагүй байж байгаад Бат-Эрдэнэ гэдэг залуу Батзаяагаас чи хаанахынх юм бэ? гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Батзаяа Бат-Эрдэнэд хандаж би чиний амьдарч байгаа газарт төрж өссөн гэж хэлээд хаалгаар гарах гэтэл Бат-Эрдэнэ нь Батзаяагийн араас босож очоод гараараа ар нуруу руу нь цохиод газар унагаасан. Батзаяа нь өндөр өсгийтэй гуталтай явж байсан учраас газарт унахдаа эвгүй саваад унасан. Хашаан дотор Батзаяа, Бат-Эрдэнэ хоёр хоорондоо ноцолдоод зууралдаад байсан. Бат-Эрдэнэ Батзаяагийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед зүүн талын нүдний доод хэсэгт нь жаахан улайчихсан байж байгаад маргааш нь хөхөрчихсөн байсан. Бат-Эрдэнэ, Батзаяаг заамдаж авчихаад зууралдаад байхаар нь би дундуур нь орж салгасан. Энэ хоёрыг маргалдаж байхад хүмүүс гэрт байсан. Би Бат-Эрдэнэ, Батзаяа хоёрыг салгах гээд гарсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
5. Гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчимд Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт байх Тайванбаяр ахын гэрт Туяацэцэг, Чанцалдулам, Цэцэгмаа, Тайванбаяр бид тав байж байсан. Гаднаас Батзаяа орж ирсэн ба цэцэрлэгийн багш нартай байж байгаад ирлээ гээд архи уучихсан байсан. Бид нар нийлж нэг шил архи хувааж уусан. Удалгүй гаднаас Мягмарцэрэн, Бат-Эрдэнэ хоёр эхнэрүүдээ авахаар орж ирсэн. ...Тэр хоёр Тайванбаяр ахын гэрт цай уугаад сууж байхдаа Бат-Эрдэнэ ах Батзаяаг чи хаанахынх юм бэ? гэж асуухад Батзаяа чиний өвөлжиж байгаа газар миний төрсөн нутаг гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ ах Батзаяаг гэрийн үүдэнд байхад нь чи хойшоо бай гээд нэг удаа түлхсэн чинь Батзаяа хойшоо газарт унасан. Тэгээд Батзаяа, Бат-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёрыг ноцолдож байхад Тайванбаяр ах, Цэцэгмаа эгч хоёр салгасан. Бат-Эрдэнэ, Батзаяа хоёр бие биенийгээ цохисон байх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаартай: Б.Батзаяагийн биед зүүн хацар, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаартай Д.Бат-Эрдэний биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 4-7 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Д.Бат-Эрдэний биед учирсан 1 шүдний сулрал гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Цэцэгмаа, Д.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа харилцан бие биенийхээ бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нар нь гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарын гэм буруутай үйлдэл, тэдний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч нарын харилцан зодоон хийж, хэн альныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Энэ гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд Д.Бат-Эрдэнэ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Батзаяаг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Батзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “Компьютер томографикт харуулаад шинэ гэмтэл байвал миний эмчилгээний зардлыг бүрэн хариуцна гэж хоорондоо тохиролцсон, миний толгойг нэг удаа компьютер томографикт харуулахаар төлбөрийг даахаар тохиролцсон. Хэрвээ толгойд ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн хэдий ч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогч Б.Батзаяагийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй тогтоогдоогүй болохыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 47-66 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Б.Батзаяа ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн 5-13 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/130, 4/130а дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар саналаа танилцуулж зөвшөөрснөөр шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өмгөр овогт Дашдондогийн Бат-Эрдэнэ, Гэлэн овогт Бат-Эрдэнийн Батзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Батзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД