Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч М.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Отгонбаярт холбогдох эрүүгийн 2215000000283 дугаартай, 163/2022/0240/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Манхан овогт Мишкагийн Отгонбаяр, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1986 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, 36 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ГН86092833.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт Д.Түмэнжаргалтай хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000283 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант дэлгүүрийн гадна Д.Түмэнжаргалтай таарсан, Д.Түмэнжаргал нь түүнийг согтуу явж байгаад бухимдан  “айлынхаа малыг харахгүй, архи ууж явлаа” гэж загнаснаар тэдний хооронд тааламжгүй харилцаа үүсч маргалдах явцдаа М.Отгонбаяр нь Д.Түмэнжаргалыг хавсарч унагах, өшиглөх, дэвсэх зэргээр түүний бие, эрх чөлөөнд халдаж зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Отгонбаярын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Түмэнжаргалын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Булган суманд саахалт айлын хүн болох Даваажав гуайн хамт ирсэн ба Даваажав салонд орсон. Би Даваажавыг хүлээж байгаад таньдаг хүмүүстэй таарч нэг шил архи уусан. Үдээш хойш 16 цагийн үед зах дээр Жаргалант дэлгүүрийн ойролцоо явж байгаад хамаатны дүү Отгонбаяртай тааралдсан. Отгонбаяр нь айлын малыг хардаг, тогтсон гэр оронгүй хүн байгаа юм. Тухайн үед би согтуу байсан ба Отгонбаяр мөн согтуу байсан. Отгонбаярыг архи уучихсан явж байхаар нь уур хүрээд айлдаа очиж малыг нь харахгүй, архи уугаад яваад байгаа талаар нь хэлж загнасан. Тэгээд би Отгонбаярыг хавсарч унагаах гэж байгаад хий хавсраад өөрөө газарт унасан. Тэгсэн Отгонбаяр намайг татаж босгох гэж байгаад миний хөл дээр согтуугаасаа болоод гишгэсэн. Миний хөл эвгүй болоод босож чадахгүй байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

3. Гэрч Л.Даваажавын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Д.Түмэнжаргалтай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй Хутаг-Өндөр сумаас Булган суманд орж ирсэн. Бид хоёр Булган суманд орж ирээд би Уран гоо салон дээр очоод гоо сайханчийг хүлээсэн. Тэгээд гоо сайханчийг ирэхгүй байхаар нь Түмэнжаргал бид хоёр уг газраас хөдөлж өөр салон руу явсан. ...Би 16 цагийн үед хумсаа будуулж дуусаад салоноос гарахад Түмэнжаргал Жаргалант дэлгүүрийн урд зогсоол дээр саарал өнгийн хар хээтэй монгол дээлтэй эрэгтэй хүнтэй зууралдчихсан зогсож байсан. Тэгээд би салгах гээд явж очиход Түмэнжаргал нөгөө дээлтэй залуу хоёр салж өгөхгүй зууралдаж байгаад нөгөө залуу Түмэнжаргалыг түлхэж газарт унагаасан. Түмэнжаргал бөгс хэсгээрээ газарт унасан. Босч ирээд Түмэнжаргал нөгөө залууг барих гэж оролдоход нөгөө дээлтэй залуу Түмэнжаргалын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөхөд Түмэнжаргал бөгс хэсгээрээ газарт унасан. Ингээд байж байхад нөгөө дээлтэй залуу Түмэнжаргал дээр очоод өшиглөсөн хөлний шилбэ хэсэгт нь гуталтай хөлөөрөө дэвссэн. Түмэнжаргал хөл дээрээ дэвсүүлсний дараа ёо ёо, хөл хугарчих шиг боллоо босож чадахгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхэд нөгөө дээлтэй залуу наадах чинь зүгээр зүгээр, бид хоёр төрсөн эгч дүү хоёрын хүүхдүүд байгаа юм гэж хэлээд тоохгүй зогсоод байсан. Ингээд байж байтал цагдаа ирээд нөгөө дээлтэй залууг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

4. Гэрч Ч.Ганзүрхийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 05-ны оройн 18 цагийн үед Түмэнжаргал над руу залгаад Мишкагийн Отгонбаяр миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ гэмтсэн талаар мэдсэн. Өөр болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээгүй, надад Түмэнжаргал тодорхой яриагүй. Өнөөдөр эмчтэй уулзахад хөлийнх нь яс хугарсан хагалгаа хийж ясыг нь хадна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаартай: Д.Түмэнжаргалын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн  ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Отгонбаярын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 05-ны Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Булган сум руу эмнэлэгт үзүүлэх гэж ирсэн юм. Тэгээд эмнэлэгт үзүүлчихээд Булган сумын захын ойролцоо явж байтал хамаатны ах Түмэнжаргалтай таарсан. Бид хоёр хоорондоо юм ярьж байтал Түмэнжаргал ах надаас архины мөнгө асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь намайг хавирч унагах гээд байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Түмэнжаргал ахын зүүн хөл рүү хавираад унагаасан. Тэгээд санаандгүй хөл дээр гишгэсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Түмэнжаргал, гэрч Л.Даваажав, Ч.Ганзүрх нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Д.Түмэнжаргалын биедээ зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нь шүүгдэгч М.Отгонбаярын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын тавдугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Түмэнжаргалыг хавсарч унагах, дэвсэх зэргээр түүний бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд М.Отгонбаяр гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Түмэнжаргалын М.Отгонбаярын биед учирса зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Отгонбаярын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой нь  тогтоогдсон байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч М.Отгонбаярын хохирогч Д.Түмэнжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Отгонбаярыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Отгонбаярын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч М.Отгонбаяр нь гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулснаар /хавтаст хэргийн 26 дахь тал/ хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Отгонбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 19-25 дахь талд авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын гуравдугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Отгонбаяр нь 36 настай, ганц биеэр Булган аймаг, Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт айлд туслах малчнаар ажиллаж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Отгонбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4/133 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч М.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Манхан овогт Мишкагийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаярыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч М.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД