Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00057/и

                                       

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг,  дүгээр хороо, дугаар байр,  тоотод оршин суух, Н овогт О. Ж /утас /-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  дугаар баг, Сэргэлэнгийн тоотод оршин суух, С овогт Д.Т /утас /-т  холбогдох

 

"140,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“....Миний утас ажиллаж байгаа мөртлөө 60-70 хувьтай болохоороо цэнэггүй болоод байхаар нь зайгаа солихоор 10 сарын 26-ны өдөр Теди орсон. Тэгээд утсаа солихоор дээшээ гарсан. Утасны засварчин үүнийг 40,000 төгрөгөөр солидог гэхдээ сэлбэг нь байхгүй байна гэсэн. Би лизингээр утас авдаг юм уу гээд дээд давхраас бууж байтал Тамир тааралдаад сэлбэг нь надад байгаа гэхээр нь дагаж явсан. Тэр өөрийнхөө карманаас утас гаргаж ирээд “хоёулаа утсаа сольё” гээд их удаан гуйгаад байсан. Тэр зөрүүг нь өгвөл сольё гэсэн. Тэр өөрийгөө утасны засвар сайн мэддэг гээд байсан. Би Хаан банк ороод тэтгэврийн мөнгөнөөс 140,000 төгрөг өгөөд утсаа солиод авсан.

Гэртээ очоод утсаа цэнэглээд маргааш нь үзтэл дэлгэц нь ажиллахгүй байсан. Тамир руу залгаад утсаа авахгүй байсан. Нөгөөдөр нь дахиад залгасан чинь эхнэр нь авсан. 10 сарын 28-ны өдөр ихэр могой дээр очоод “утас ажиллахгүй байна, мөнгөө авъя” гэтэл “одоо мөнгө байхгүй. Тэгж байгаад маргааш нөгөөдөр нь таньд өөр аятайхан утас олоод өгье “ гэсэн. Тэгээд олж өгөхгүй удахаар нь шүүхэд хандсан. Уг нь надад Samsung s5 өгнө гэсэн боловч алга болчихсон. Хөдөө явлаа гэж байсан. Нэг залгасан юм байна лээ. Би мэдээгүй. Манай нөхөрт утас авсан гэж ярьсан байсан.” гэв.

 

Хариуцагч Д.Тшүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Миний бие тус өдөр s4 маркийн утсаар s6edge маркийн утсаар зөрүү хийж 140,000 төгрөг авч тус утсыг авсан. Утас авсан 2 хүн маань утасны ажиллагааг бүрэн шалгаж авсан болно. Наймаа хийснээс 5 хоногийн дараа ирж дэлгэц нь ажиллахгүй байна хэмээн ирсэн дэлгэц дээд буландаа бага зэрэг хагарсан болно. Үүнээс болж маргаан үүссэн тул хоёр хүний нөхөр болох ах намайг луйварчин, хүн шулаач хэмээн давхар доромжилсон болно. Миний бие утас эвдэж авчирсан ч адилхан манай өвөө, эмээтэй адилхан хүн байна та хоёр санаандгүй эвдэлсэн байж магадгүй би мэдэхгүй байна. Гэхдээ яахав та хоёрт утас олоод өгий гэсэн боловч хүлээн аваагүй. Энэ хоёр хүний буруугаас болж миний утас эвдэрсэн тул миний бие хохирлыг барагдуулж чадахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Д.Т холбогдуулан 140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.Ж нь өөрийн S4 маркийн гар утсыг Д.Т S6 edge маркийн гар утсаар сольж, утасны үнийн зөрүү мөнгө 140,000 төгрөгийг мөн нэмж өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтыг дүгнэвэл О.Ж нь Д.Т S6 edge маркийн гар утсыг S4 маркийн гар утас болон 140,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

Хариуцагч Д.Тнь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй боловч хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй, уг үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Д.Т S6 edge маркийн гар утсыг буцаан авсан үйлдлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Ж нь өөрийн утасны зөрүү төлбөрт өгсөн 140,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Т 140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Жд олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Т 140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Жд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4850 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т улсын тэмдэгтийн хураамж 4850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА