Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 327

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/00327

 

 

“ШГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02789 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ШГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК, “Г” ХХК-д тус тус холбогдох,

 

Гэрээний үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШГ” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Г” ХХК-ийн хувьцааг “А” ХХК-д худалдсан.

Уг худалдах, худалдан авах гэрээний 2.2.2 дахь хэсэгт худалдагч нь Хадгаламж банктай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн 121060\100 тоот гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцахаар тохиролцсон.

Бид уг өрийн оронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай 2184 м.кв газар эзэмших эрх, хэрэгжүүлэх төслийг өгсөн.

Гэтэл худалдан авагч тал болох “А” ХХК болон түүний үүсгэн байгуулсан “Г” ХХК нь компанийн эрх, өмч хөрөнгийг шилжүүлж авсны дараа Хадгаламж банкнаас авсан зээлийг төлөх үүргээ биелүүлэхгүй тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 2 удаа бичгээр мэдэгдсэн. Хадгаламж банкнаас зээлийн гэрээний үүргийг биднээс шаардаж байна. А” ХХК нь “Г” ХХК-ийн нэр дээрх бүх өр авлага мөнгийг шилжүүлж авсан.

Тийм учраас Хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлснийг шаардаж “А” ХХК болон “Г” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. “А” ХХК нь зээлийн төлбөрийг нэн даруй төлж барагдуул гэж шаарддаг. Манай зүгээс бүхэлд нь төлөх боломжгүй. 2018 онд багтаад хэсэгчлэн төлөх боломжтой гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “А” ХХК, “Голден чейнс” ХХК нарт холбогдуулан Хадгаламж банктай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12-1060/100 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “ШГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрэлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ байгуулсны дараа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой байтал шүүгч шүүх хурал товлож, шүүх хуралдаан хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагчийн зөвшөөрлийг шүүхээс баталсан ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй үүргийн гүйцэтгэл хангахад тодорхойгүй нөхцөл байдал үүсэхгүй. Харин ч гэрээний үүргээ сайн дураараа биелүүлж, мөнгөө Хадгаламж банкны эрх хүлээн авагчид төлөхгүй бол бол албадан гүйцэтгэх ёстой.

Бусдын өмнө төлөх үүргээ бусдад шилжүүлж байгаа нь Хадгаламж банкны эрх ашгийг зөрчиж байна гэж шүүх буруу ойлгож байна. Хадгаламж банкны өмнө мөнгө төлөх үүрэг “Г” ХХК-д хэвээрээ байгаа бөгөөд огт өөрчлөгдөөгүй болно.

“ШГ” ХХК хуулийн дагуу байгуулагдсан "хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх" гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг “А” ХХК, “Г” ХХК-аас шаардах эрх үүсээгүй гэж тайлбарласан нь буруу юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Г” ХХК-тай байгуулсан "Хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ"-ний үүргээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх зөрчигдсөн тухай баримт байхгүй гэсэн. Гэтэл 2 удаа гэрээний үүргийг биелүүлэхгүй гэж бичгээр өгсөн баримт хавтаст хэрэгг авагдсан. Үүнийг шүүх анхаараагүй.

Хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрх үүсээгүй гэж шүүхээс хэрэгсэхгүй болгох үндэслэл гаргасан нь бас л буруу юм. Учир нь Хадгаламж банк, “Г” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн төлбөр төлөх үүрэг бол тусдаа бөгөөд үүнийг “ШГ” ХХК шаардах эрхгүй. Харин “Г” ХХК-ийн "Хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ"-ний үүргээ биелүүлэхгүй шаардах эрхтэй. Шүүх энэ 2 гэрээг хооронд нь андуурч, үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэх эрхийг зөрчсөн. Шүүх хурал дээр ч эрх үүргийг танилцуулахдаа эвлэрэх үү гэж асуугаагүй. Бид шүүх хурлаас өмнө өөрсдөө эвлэрсэн бөгөөд шүүхэд хуульд заасны дагуу гэрээгээ өгч, хялбаршуулсан журмаар түргэн шийдвэрлэж өгөхийг хүсч байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “ШГ” ХХК нь хариуцагч “Г” ХХК, “А” ХХК-д тус тус холбогдуулан Хадгаламж банкнаас 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн 12-1060/100 тоот гэрээний дагуу авсан “Голден чейнс” ХХК-ийн өрийг төлөх үүргээ гүйцэтгэхийг “Голден чейнс” ХХК болон уг компанийн хувьцааг худалдан авч, үүсгэн байгуулагдсан “А” ХХК-д тус тус даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 28/

 

            Нэхэмжлэгч “ШГ” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “ШГ” ХХК нь “Г” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авагч “А” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.

 

            Уг гэрээний 2.2.2 дахь хэсэгт худалдан авагч буюу “А” ХХК нь “Г” ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12-1060/100 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцахаар тусгасан ба нэхэмжлэгч нь энэ заалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож тайлбарласан байна.  Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагч “Г” ХХК, “А” ХХК нь зөвшөөрч, талууд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эвлэрлийн гэрээг байгуулсан боловч эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх нөхцөлд шүүх талуудын эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

 

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.2-т заасан тохиролцооноос үзвэл “Г” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг “А” ХХК-д шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу талууд өр шилжүүлэх талаар тохиролцсон гэж дүгнэхээр байна. Өр шилжүүлэх тохиролцоо нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заанаар үүрэг гүйцэтгүүлэгч Хадгаламж банкны зөвшөөрлийг авах ёстой.

 

Ийнхүү Хадгаламж банкны зөвшөөрлийг аваагүй нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ашигт харшилж болох тул зохигчдын эвлэрлийг анхан шатны шүүх батлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт нийцжээ.

 

            Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.             Түүнчлэн “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөс компани эрх зүйн чадамжгүй болсон гэж дүгнэхгүй, түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02789 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын “9 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд зааснаар” гэснийг “124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА