Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00953

 

“.......................”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02379 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020  оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2082 дугаар магадлалтай,

“.......................”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

.............................-т холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.4.06-ны өдрийн 1092 дугаар захирамжаар “.......................”  ХХК-аас 340,751,160 төгрөг гаргуулж “.......................” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох ............. дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байрших 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4/5858 тоот мэдэгдлээр дээрх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхэд 648,604,000 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдсэн. Тус үл хөдлөх хөрөнгө нь зам дагуу байрлалтай буюу хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай ресторан лонж, бар гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тогтвортой үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа, нэг зэрэг 60-70 үйлчлүүлэгч хүлээн авах чадалтай 4 vip өрөөтэй, галын болон хөдөлгөөн мэдрэгч дохиололтой, гадна, дотно хяналтын камеруудтай, бүх төрлийн тэмдэглэлт баяр ёслолын хүлээн авалтад ашиглах гэрэл хөгжим, тайз зэрэг өөрийн онцлог давуу талтай. Тус үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах эрх бүхий зуучлалын компаниар зуучлуулж байгаа бөгөөд зах зээлийн үнэ ханш нь 1 м.кв талбайг 2,500 ам.доллар нийт 575,000 ам.доллараар үнэлж буй юм. Манайхаас барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэт бага үнэлсэн гэж үзэж байна. Үнэлгээний тайландаа өртгийн үнэлгээний арга, хөрөнгийн үнэлгээний тодорхой аргуудыг ашигласан гэж байгаа боловч тэр аргуудыг хэрхэн яаж ашиглаж хөрөнгийг үнэлсэн нь тодорхойгүй, мөн адилхан хоёр барилга байлаа гэхэд хөрөнгийн үнэлгээний тайландаа ойролцоо ижил төрлийн объектыг хэрхэн жишсэн нь тодорхой харагддаггүй. Фото зураг хавсаргасан гэж байгаа боловч тухайн авагдсан фото зураг нь хөрөнгийн үнэлгээний тайланд байдаггүй. Иймд бодитоор үнэлгээ хийгдсэн нь баримтаар тогтоогдоогүй. Иймд үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.4.06-ны өдрийн захирамжаар “.......................”  ХХК-аас 340,751,160 төгрөг гаргуулж “.......................” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг ............... дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байрших 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2018.10.25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн, гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар “.......................” ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгийг 648,604,000 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн. Шинжээчийн тайланд харьцуулалтын арга, зах зээлийн орлогын хандлага, хийгдвэл зохих ажиллагаанууд хийсэн нь тусгагдсан. Орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн үнэ цэнэ тодорхойлох гээд үнэлгээг тогтооход хэрэглэдэг бүх стандартыг олон улсын жишигт нийцүүлж үнэлгээг тогтоосон байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “.......................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Үнэлгээтэй холбоотой зардал, орлогын хандлагын аргын тайлбарыг шийдвэр гүйцэтгэлийн алба өгөхгүй. Тийм учраас мэргэжлийн шинжээчээс тодруулах ёстой. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, хураах битүүмжлэх, үнэ тогтоох ажиллагаанд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ямар ажиллагаа нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар тодорхойгүй. Энэ талаар шинжээчээс тодруулах шаардлагатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ямар тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа нь мөн тодорхой бус байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02379 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “.......................”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2082 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 2082 дугаар магадлалыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, хэргийн материалд цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна” гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрийнхээ үндэслэлийг дээр дурдсан байдлаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь хууль бус байна гэж үзэн тус үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж буй анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нөхцөлд үндэслэлээ тодорхой үндэслэл бүхий дүгнэлтээр тайлбарлах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлгээг хуульд нийцсэн байгаа нь гэсэн тайлбарыг өгсөн болохоос тус үндэслэл болгож буй хуулийн заалтын нөхцөл хэргийн материалд байгаа холбогдох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа гэх үндэслэлээ тодорхой тайлбарласан байж тус шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч “.......................”  ХХК-ийн хууль бус гэж үзэж буй үнэлгээг гардан хийсэн “.......................” ХХК-ийн шинжээчийн шүүх хуралдааны явцад өгсөн тайлбар мэдүүлгийг үндэслэл болгон хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан хуулийн холбогдох заалтыг үндэслэлгүйгээр зөрчсөн буюу маргаж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшийг үнэлнэ гэсэн байхад маргаж буй харилцааг зохицуулсан холбогдох хуулийн заалтыг үндэслэл болгоогүй төдийгүй, орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлгээг хийгээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг нь хангалттай тодорхой байхад энэхүү маргаан бүхий үйл баримтад хууль зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болсон эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хөрөнгийн үнэлгээ буюу үнэлгээний тайлан нь хуульд нийцсэн байна” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч “.......................”  ХХК нь шүүхэд хандан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 648,604,000 төгрөгийн ханшаар үнэлсэн нь хууль бус байна. Тус үл хөдлөх хөрөнгийг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн, хуулийн дагуу хийгдсэн гэх боловч бодит байдал дээр энэ нь нотлогдохгүй байгаа бөгөөд үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан нь ойлгомжгүй, тодорхойгүй төдийгүй хөрөнгийн үнэлгээний холбогдох аргуудыг ашигласан гэж байгаа боловч энэ нь үнэлгээний тайлангаас тодорхой харагдахгүй байгаа бөгөөд тус зээлийн барьцаанд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг хэрхэн ямар үндэслэлээр 648,604,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй байгаа учир үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээгээр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцож дуудлага худалдааны үнийг тогтоох журмын дагуу 648,604,000 төгрөгийн үнэлгээний 70 хувь буюу 454,000,000 орчим төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах нөхцөлийг үүсгээд байна. Хэрвээ тус үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оролцогч худалдан авсан нөхцөлд миний бие өндөр үнэлгээ бүхий өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өр төлбөрөө ч бүрэн төлж дуусахад хүрэлцэхгүй үнээр худалдахад хүрч байгаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагч талын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж, хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэж байгааг анхаарч үзсэнгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч болон эрх ашиг нь зөрчигдөж буй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, холбогдох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалуудыг л үндэслэл болгон өөрийн татгалзлаа зөвтгөх боловч энэ нь хэргийн материалд авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байгаа. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь хөрөнгийн үнэлгээ дээр санал нийлэхгүй байсан учраас хөрөнгийн үнэлгээний “.......................” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох шинжээчээр томилсон. Тус компанийн тайлангаар маргаж буй Улаанбаатар хот, ...................дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37-р байрны 1 давхрын Б хэсэгт байршилтай 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэрхэн 648,604,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхой тогтоогддоггүй. Шүүхийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээр ч энэ талаараа тодорхой үндэслэл бүхий тайлбар хийгээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн 4 дэх нүүрэнд бичигдсэн гэрчийн мэдүүлгийн хэсгээр нотлогдоно. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо дан ганц тухайн объектыг үнэлсэн үү, үнэлгээнд үл хөдлөх хөрөнгийн засвар, сайжруулалт, нэмэлт тоноглол зэргийг оруулж үнэлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад энэ асуудлаар гэрчээс мэдүүлэг авахад хуульд нийцсэн гэсэн тайлбарыг өгдөг болохоос тодорхой бодитой зүйлсийг тайлбарладаггүй. Түүнчлэн ижил төрлийн орон сууцнуудтай харьцуулсан эсэх, тэдгээрийг ямар шинжээр нь манай хөрөнгөтэй ижил төстэй үнэлгээтэй гэж үзэж байгаа, зөвхөн байршлаар нь үнэлж байгаа юм уу, мэргэжлийн байгууллагуудаар хийгдсэн интерьер, дотоод заслыг хэрхэн үнэлсэн зэрэг нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдохгүй байна. Үүгээр зогсохгүй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан баримт бичиг байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээнд дурдагдсан үг үсэг нотлох баримтаар тогтоогдох ёстой гэсэн үг. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд тус үл хөдлөх хөрөнгийн газар дээр очиж хийсэн үйл баримтыг баталгаажуулан фото зураг хавсаргасан гэх боловч хэргийн материалд авагдсан үнэлгээний тайланд нэг ч фото зураг авагдаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн үнэлгээний тайланг нь үнэлсэн болохоос үнэлгээний тайлангийн бүрдэл хангалттай байгаа эсэх, үнэн бодитой юу, холбогдох нотлох баримтуудад тулгуурласан зэрэг асуудлууд дээр үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шинжээчийн дүгнэлтийг хууль бус болсон гэж үгүйсгэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2013 онд Хөрөнгийн үнэлгээний төвөөр хийлгэж байсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан үнэлгээний тайланг хэргийн материалд өгсөн. Тус тайлангаар үнэлгээ хийгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2013 онд м.кв-ыг нь 3,500,000 төгрөгөөр буюу нийт 805,000,000 төгрөгөөр үнэлсэн гэдэг нь харагдах бөгөөд 2013 онд 805,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2020 онд 200 гаруй саяар буурах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ жил ирэх тусам нэмэгдэж байгааг заавал мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр энгийн хүн мэдэж байгаа. 2013 онд 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан орон сууц одоо 50, 60 саяын үнэлгээтэй болсон билээ. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр бодитой байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний өсөлтийн өөрчлөлтийг ч мөн анхаарч үзэх шаардлагатай гэж нэхэмжлэгч тал маргаж байхад нэхэмжлэгч талын үндэслэл тайлбар дээр дүн шинжилгээ хийлгүйгээр нэг талын тайлбар мэдүүлгийг л үндэслэл болгож, хэргийг шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн зүгээс шинжээч нар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй бөгөөд тэдгээрийн гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журамд нийцсэн байна гэж дүгнэсэн боловч чухам ямар бичгийн болоод бусад холбогдох баримтуудаар тус дүгнэлт үндэслэл бүхий болох нь нотлогдож байгаа нь тодорхойгүй байхад хариуцагч талын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт хөтлөгдөн хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2082 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал, хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “.......................” ХХК нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тооцон хамгийн өндөр үнийн дүн буюу 648,604,000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай нийцсэн, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

  “...Шүүх “.......................” ХХК-ийн шинжээчийн шүүх хуралдааны явцад өгсөн тайлбар мэдүүлгийг үндэслэл болгон хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчсөн гэж маргаж байхад шүүх холбогдох хуулийн заалтыг үндэслэл болгоогүй төдийгүй орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлгээг хийгээгүй нь хангалттай тодорхой байхад энэхүү маргаан бүхий үйл баримтад хууль зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд, маргаан бүхий үнэлгээнд ойролцоо байршил дахь үйлчилгээний зориулалттай 3 үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн жишиг үнийг харьцуулах байдлаар гаргасан, шүүхүүд энэ талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан хөрөнгө үнэлгээний тайлан, шинжээчийн мэдүүлэг зэргийг үндэслэсэн байгаагаар үгүйсгэгдэж байна.     

Мөн дээрх үндэслэлээр “...үл хөдлөх хөрөнгийг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн, хуулийн дагуу хийгдсэн гэх боловч бодит байдал дээр энэ нь нотлогдохгүй байгаа бөгөөд үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан нь ойлгомжгүй, тодорхойгүй төдийгүй хөрөнгийн үнэлгээний холбогдох аргуудыг ашигласан гэж байгаа боловч энэ нь үнэлгээний тайлангаас тодорхой харагдахгүй байгаа, тус зээлийн барьцаанд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг хэрхэн ямар үндэслэлээр 648,604,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй...” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

“... Хөрөнгийн үнэлгээний тайланд тус үл хөдлөх хөрөнгийн газар дээр очиж хийсэн үйл баримтыг баталгаажуулан фото зураг хавсаргасан гэх боловч хэргийн материалд авагдсан үнэлгээний тайланд нэг ч фото зураг авагдаагүй байдаг, энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсгийг зөрчсөн...” гэсэн агуулгатай гомдлын тухайд, хуулийн уг зүйлийн 9.1.-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан баримт бичиг байна” гэж “үнэлгээний тайлан” гэж юу болохыг тодорхойлсон, харин 9.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг зохицуулсан ба хэдийгээр шүүхүүд шийдвэртээ хуулийн уг зүйл, хэсгийг тодорхой дурдаагүй ч маргаан бүхий үнэлгээ нь хуулийн дээрх шаардлага болон холбогдох стандартыг зөрчсөн эсэхийг шалгасны үндсэн дээр “...хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримт байхгүй байна...” гэж дүгнэсэн, иймд гомдлын энэ үндэслэл нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Мөн шүүхүүд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “.......................” ХХК-ийн тайланг “хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болж чадахгүй” гэсэн үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй юм.

            Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02379 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2082 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА        

                                    ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                      Х.СОНИНБАЯР

                                                                                                      Б.УНДРАХ