Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0380/З |
Дугаар | 221/МА2024/0651 |
Огноо | 2024-10-08 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2024/0651
“СМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Нэхэмжлэгч: “СМ” ХХК
Хариуцагч: СЯ
Гуравдагч этгээд: “С” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “СЯны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0644 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Ш.Х, Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0380/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “СМ” ХХК нь СЯанд холбогдуулан “СЯны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0644 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “СМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т “… учир нь Захиргааны ерөнхий 33 дугаар зүйлийн 33.3 “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдөр, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас тоолно”гэж зааснаар үйл явдал болж өнгөрсөн буюу захиалагчийн шийдвэрийг мэдсэний дараах өдрөөс гомдол гаргах 5 хоногийг тоолох ба ажлын 5 дахь өдөр нь мөн сарын 25-ны өдөр байна” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор … тус тус хүлээн авна” гэж заасан буюу шийдвэр гарсан үеэс буюу тухайн өдрөөс эхэлж ажлын таван өдрийн дотор гомдлыг хүлээж авах хугацааг тусгайлан заасан. Мөн сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 2.3-д “Гомдлыг гомдол хянан шийдвэрлэх байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгэснээр хүлээн авсанд тооцно” гэж заасан. Энэ нь гомдлыг хэзээ гаргах гэдэг асуудал биш гомдол хэзээ хүлээн авснаар тухайн гомдол хуулийн хугацаанд гаргасан гомдол гэж үзэх талаарх зохицуулалт байна.
3.2. Тодруулбал, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан буюу СЯанд гаргах гомдлын тухайд тогтоосон өдрийг хуулиар зааж өгсөн буюу шийдвэр гарсан өдөр нь тогтоосон өдөр гэж үзэхээр байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг тоолж эхлэх мөч нь захиалагчийн шийдвэр гарсан үеэс эхэлж ажлын таван хоногийн дотор гомдлыг хүлээж авахаар хуульчилсан гэж үзэхээр байна. Иргэний хууль, захиргааны ерөнхий хуульд гомдол гаргах тогтоосон он,Сар,өдөр, хугацааг зохицуулсан.Шийдвэр гарсан өдрөөс эхлэн ажлын таван өдрийг тоолно.Ажлын таван өдрийг тоолохдоо 03 дугар сарын 18-ны өдөр нь өөрөөр даваа гараг буюу захиалагчийн шийдвэр гаргасан өдөр байсан. Энэ өдрөөс тоолоход 03дугаар сарын 22-ны өдөр баасан гаригт дуусаж байгаа юм. Гэтэл “С” ХХК-ийн гаргасан гомдлыг СЯнаас 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан гэх баримтыг гаргаж өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр СЯ нь хуульд заасан хугацаа хэтэрсэн байхад анхан шатны шүүхээс СЯанд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн тендерийн баримт бичиг хурлын тэмдэглэлээс үзвэл захиалагч нь эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар үнэлээгүй болох нь тогтоогдож байх тул … гэсэн нь үндэслэлгүй юм.
3.3. Тодруулбал, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс зарласан тендертэй холбоотой баримт буюу үнэлгээний хорооны тэмдэглэлийг үзэхэд гурван компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзээд хооронд нь харьцуулсан байдаг. Үнэлгээний хорооны гишүүд “СМ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь инженерийн гэрчилгээтэй мөн бусад шаардлагыг хангасан дээрээс нь хамгийн бага үнийн саналтай тендер ирүүлсэн тул “СМ” ХХК-ийг шалгаруулахаар санал нэгдсэн байдаг.Дээрх үнэлгээний хорооны тэмдэглэлээс харахад манай компанийг зөвхөн хамгийн үнийн саналтай тендер ирүүлсэн тул “СМ” ХХК-ийг шалгаруулахаар санал нэгдсэн байдаг. Дээрх үнэлгээний хорооны тэмдэглэлээс харахад манай компанийг зөвхөн хамгийн бага үнийн саналтай тендер ирүүлсэн гэх үндэслэлээр шалгаруулаагүй нь харагдаж байгаа юм. Иймд СЯны 2024 оны 04 дүгээр сарын 08-н өдрийн 03/2353 дугаар албан бичигт 2005 онд батлагдсан хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй болж байгаа юм. Мөн шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, бодит нөхцөлд биелэгдэх боломжтой байх ёстой байдаг. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Компьютер томографын аппарат худалдан авах тендерийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлаж 2024 оны 01дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн.
3.4. Тус тендер зарлагдах үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/ үйлчилж байсан. СЯны 03/2353 дугаар албан бичгээр “СМ” ХХК-ийн тендерийг “Чанар ба харьцуулалтын аргаар үнэлээгүй” тул тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Шүүхээс мөн захиалагч нь тендерийг чанар ба харьцуулалтын аргаар үнэлээгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тендерийг “чанар ба харьцуулалтын аргаар” үнэлэх боломжгүй буюу шүүхийн шийдвэр бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй байна. Учир нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж хуульчилснаас харахад чанар ба харьцуулалтын аргаар үнэлэх шалгуурыг хассан байна. Иймд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс зарласан тендерийг чанар ба харьцуулалтын аргаар үнэлэх хууль зүйн үндэслэл байхгүй ба энэ нөхцөлд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “СМ” ХХК-иас “СЯны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг СЯанд холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс ДГАНЭ/****** дугаартай “Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографийн аппарат худалдан авах” тендерийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлажээ.
3.2. Тус тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг бага үнийн саналаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 173 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон байна.
3.3. Гэтэл гуравдагч этгээд “С” ХХК-иас захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2024 оны 03 дугаар сарын 22- өдрийн 208/24 тоот албан бичгээр СЯанд гомдол гаргасны дагуу тус яамны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1989 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэхийг захиалагчид мэдэгдэж, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2353 тоот албан бичгээр захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Маргаан бүхий СЯны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрт “... 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д ... заасны дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар үнэлээгүй. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна” гэжээ.
4.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ” гээд 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлийн 59.10-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” гээд 59.10.1-д “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгож, өөрчлөлт оруулах” гэж тус тус заасан.
4.3. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ДГАНЭ/****** дугаартай тендерийн Үнэлгээний хороо нь шалгаруулалт хийхдээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, үнэлгээний харьцуулалтаар бус зөвхөн бага үнийн саналаар “СМ” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан болох нь хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг, хурлын тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.4. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан.
4.5. СЯнаас нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн эсэхийг нягтлах талаарх шийдвэрийг захиалагчид 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 тоот албан бичгээр хүргүүлсэн байхад тендерт хавсаргаагүй нотлох баримтыг нэхэмжлэгч компаниас гаргуулж, үнэлгээ хийсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
4.6. Өөрөөр хэлбэл, хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянаад, хууль зөрчсөн үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон СЯны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичиг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 03 дугаар сарын 18-ны өдөр нь өөрөө даваа гараг буюу захиалагчийн шийдвэр гарсан өдөр байсан. Энэ өдрөөс тоолоход 03 дугаар сарын 22-ны өдөр баасан гарагт дуусаж байгаа юм. Гэтэл “С” ХХК-ийн гаргасан гомдлыг СЯнаас 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан гэх баримтыг гаргаж өгсөн ... хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх үйлчлэлгүй болсон хуучин хуулийн гомдол гаргах заалтыг хэрэглэсэн” гэжээ.
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж тус тус заасан.
5.2. Гуравдагч этгээд “С” ХХК нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 173 дугаар шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх СЯнаас уг гомдлыг хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэж үзэн хүлээж авсан нь үндэслэлтэй, хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй байна.
5.3. Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн хэдий ч энэ нь “С” ХХК нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
5.4. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... Үнэлгээний хорооны тэмдэглэлээс харахад манай компанийг зөвхөн хамгийн бага үнийн саналтай тендер ирүүлсэн гэх үндэслэлээр шалгаруулаагүй нь харагдаж байна ... шүүхийн шийдвэр бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй байна. Учир нь хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж хуульчилснаас харахад чанар ба харьцуулалтын аргаар үнэлэх шалгуурыг хассан байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
5.5 Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Чанар ба үнийн хосолмол үнэлгээний шалгуурыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн худалдан авахад хэрэглэнэ” гэж заасны дагуу Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ДГАНЭ/****** дугаартай тендерийг дахин явуулах боломжтой.
5.6. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ