Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                Хэргийн индекс:166/2022/0335/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Г.Ч-,

Улсын яллагч  Б.Доржханд Т.Дэлгэрсайхан,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Б-,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Б-ын өмгөөлөгч Т.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э-,

Шүүгдэгч Л.Л.А-а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8, 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-ад холбогдох эрүүгийн 2218000000295 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 13-ны өдөх ************* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ************************, урьд ял шийтгэлгүй, Л.А-а,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Л.А-а нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Б.У-ыг 2021 оны 09 дүгээр сард *************** дугаар багийн 1 дүгээр гудамжны 18 тоотод, Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй буудалд, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *************** тус тус зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 2022 оны 06 дугаар сарын 02, 22-ны өдрүүдэд *************** тоотод мөн хамтран амьдрагч Б.Б.У-ыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ***************тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Б.Б.У-ыг боомилж амь насыг нь хохироон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан”, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ************* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг *******нэртэй эмийн сан дотор эмийн санч Л.Л.Э-гийн цээжин тус газарт нь хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Л.А-а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ зөвшөөрч байгаа. Ярих зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Амь хохирогч болох миний төрсөн эгч Б.У- нь 1984 онд ******* суманд төрсөн. Айлын том охин, доороо 3 дүүтэй. *******10 жилээ төгссөн. Төгсөөд Дарханы Шинжлэх ухаан технологийн их сургуульд технологичоор сурч төгссөн. Л.А-а гэх энэ хүнтэй хэзээ учирсныг нарийн сайн мэдэхгүй байна. Удаа дараа зоддог байсныг сүүлд мэдсэн. Хамгийн сүлд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр наадмын үеэр сүүлд амьдарч байсан газар нь очиж эгчтэйгээ уулзсан. Очиход нүүр нь нэлээн хөхөрсөн байсан. Миний доод талын дүү Улаанбаатарт амьдардаг. Наадмаар гэр бүлээрээ тийшээ явах гэж байсан. Эгчийгээ цуг 6 явъя гэхэд яаж би ийм нүүртэй явах вэ? та хэд яваад ир гэж хэлсэн. Дагуулаад явах минь яав даа гэж бодож байна. Миний эгч өөрийн гэсэн утас шөрмөс байхгүй. Энэ хүн бариулдаггүй, утсыг нь эвдээд хаячихдаг байсан. 3 хоноод л утсаар ярьдаг байсан. Хамгийн сүүлд уулзсанаас хойш урт амралт болчихсон байсан. 23-ны үед ажил эхэлсэн. Холбоо барихгүй удаад байхаар нь зодож нүддэг, арай тэр хүн нь алаад хаячаагүй байгаа гээд нөхөртэй хэлээд гэрт нь очсон. Очиход байшин цоожтой, гэртээ байхгүй байсан. Тэгээд оройхон дахиж ирж үзье гээд явсан. Орой очих гээд байж байтал цагдаагаас залгаад хүрээд ирэх боломж байна уу? гэсэн. Маргааш нь бүтэн сайнд эгчийгээ олсон. Хүн харахын аргагүй болчихсон байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

 

Хохирогч Б.Б.У-ын өгсөн: "...Хамгийн анх 2021 оны 09 дүгээр сарын дундуур хүүхдүүдийн хичээл сургууль орж байсан санагдаж байна энэ үед *************** сум руу Л.А-ын аав ээжийн гэрт очоод тэндээ цайны газар ажиллуулж байх хугацаанд намайг хардаад эцэг эхийнхээ хажууд зодоод гэрээсээ хөөж явуулсан. ...2 дахь удаа Булганаас Дарханд ирээд 14 хонож байхад араас Л.А-а ирээд над руу залгаад эмнэлэгт эмчлүүлье гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад Дархан сумын 8-р багт байх Скай буудалд ороод тэндээ архи ууж байхад хардаад намайг зодсон. Энэ үед миний өмнө зодуулсан шарх эдгэрээгүй байхад нэмж зодоод хамаг бие хөх няц болж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 156/,

 

“...3 дахь удаа 2022 оны 01 дүгээр сарын дундуур *************** тоотод нөхөр Л.А-а намайг алгадахад хажууд байсан Болдух, Тугаа гэх хоёр найз гэрээс гарч явахдаа  цагдаа дуудаад тэрний дагуу цагдаа ирж Л.А-ыг эрүүлжүүлээд 7 хоног баривчлагдаж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 6-р баг, 72-р *************** тоот гэртээ хамт архи ууж байгаад нөхөр гадагш гарсан хойно утас нь дугараад нэг эмэгтэй Л.А-атай унтаж хэвтдэг гээд уурлаад байхаар нь Л.А-аас тэр эмэгтэйн талаар асуухад мэдэхгүй гэж хэлээд уурлаад миний зүүн шанаа хэсэг рүү алгадахаар би Л.А-ад уурлаад энэ хүүхнээ өмөөрөөд байгаа юм уу гэж орилоход ахиад цохиж унагаад чи ийм өөдгүй өөр хүн өмөөрч намайг зодлоо гээд дөхөөд очсон чинь хөлөөрөө салтай руу жийчихсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх 158/,

 

Гэрч Б.***************гийн өгсөн: “...Л.А-а гэх хүн манай *************** тоот өрөөнд 5 сард байх өдрийг нь санахгүй байна эхнэртэйгээ хоёулаа түрээсэлж орсон... Намайг өглөө ажилдаа яваад орой ажлаас ирэхэд 1 дугаарын өрөөнд байсан Л.А-а гэх хүн эхнэрийн хамт байнга согтуу хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байдаг. Манай байрнаас гарахаас 10 гаруй хоногийн өмнө эхнэрийгээ зодчихсон байсан... Миний мэдэхээр хоёр удаа эхнэрээ зодчихсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 44/,

 

Гэрч Ж.Ж.О-ийн өгсөн: “...надад 2021 оны 09 дүгээр сарын дундуур Булганаас Дархан руу ирж байна, нөхөр Л.А-ад зодуулсан гэж хэлж байсан. Б.У-аас Булган аймгаас ирсэн өдрөө манай гэрт хоносон. Хоноход Б.У-ын биеийн нэг гуя болон 2 гар хөхөрчихсөн сайн явж чадахгүй доголоод байсан. Харин маргааш нь манай гэрт байхад нөхөр нь утсаар яриад дуудаад аваад явсан. Надад сүүлд буюу 2022 оны 06 дугаар сарын дундуур яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна, нөхөртөө зодуулчихлаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 161/,

 

Гэрч Т.Т.У-ийн өгсөн: “...Б.У- нь манай эмнэлгийн гэмтлийн тасагт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн юм. Манай эмнэлэгт ирэхдээ нөхөртөө зодуулсан гээд нүд нь хөхөрсөн байсан. Манай эмнэлэгт хэвтэж байгаад 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдөр эмчилгээ дуусаагүй байхад эмч, сувилагчид мэдэгдэлгүй гарч яваад одоо хүртэл ирээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 215-216/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 617 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 -Б.Б.У-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, хүзүү, хоолойнд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Б.Б.У-ын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Б.Б.У-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1-р хх 172-173/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 -Б.Б.У-ын биед тархи доргилт, тархины хаван, баруун талын хацар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Б.Б.У-ын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Б.Б.У-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /1-р хх 223-224/,

Саран элит эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн рентген оношилгоо /1-р хх 176/,

Хохирогч Б.Б.У-ын өвчний түүх /2-р хх 76-84/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л.А-а нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Б.У-ыг 2021 оны 09 дүгээр сард *************** дугаар багийн 1 дүгээр гудамжны 18 тоотод, Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй буудалд, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *************** тус тус зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, 2022 оны 06 дугаар сарын 02, 22-ны өдрүүдэд *************** тоотод мөн хамтран амьдрагч Б.Б.У-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, тархины хаван, баруун талын хацар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт

 

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан хэргийн талаар:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...шкаф дотор байрлах дэр, ягаан өнгийн цэцэг бүхий орны даавуу зэргийг татаж гаргахад өмхийрч муудсан цогцосны толгойн оройн хэсэг, хөлийн сарвуу хэсэг, мөн таазны дэлбэн яс цухуйж байв. ...цогцос нь зүүн талаараа хажуу тийшээ зүүн хөлөө нугалсан, баруун хөл цүнхтэй эд зүйлс дээгүүр давж байрласан, толгойн үс муудсан байдалтай зулгарч унасан, булчингийн эд эрхтэн гавлын яс гарсан, хүзүүг олс мэт уяагаар ороож боосон, хүзүүний яс ширхэг ширхгээр салсан, цогцосны дээгүүр өмссөн цамц цайвар өнгөтэй боловч хүрэн бор тослог шингэн зүйлээр маш их бохирлогдсон, түүнийг хайчаар хайчилж нээхэд хар өнгийн мэт футболк байх ба түүнийг хайчилж нээхэд биеийн ар нуруу хэсгээрээ ялзарч муудсан, арьс булчин, нурууны доод хэсгийн бүсэлхий хэсгийн арьс булчингийн эд ялзарч муудсан эдийн дутагдалд орсон байв.” /1-р хх 10-11/,

 

            Гэрч Г.Г.Г-ын өгсөн: “...Би Б.У-ынд 2022 оны 07 дугаар сарын 11- ний өдөр 15 цагийн орчим наадмын хуушуур аваачиж өгөх гээд ************ дэлгүүрээс цааш 2 дахь гудамжны үзүүрт зогсож байгаад хуушуур өгөхөд талийгаач өөрөө гарч ирж аваад буцаад явсан. Энэ үед үсээ хусчихсан мөн өмнө нь нөхөртөө зодуулсан нүүрний гэмтэл нь гүйцэт эдгээгүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ж.О- гэдэг талийгаачийн найзтай хамт очоод байшингийн гадна хаалгыг Ж.О- нээгээд бид нар дотогш ороход шалан дээр баахан үхсэн өтний ялаа мөн гэрээс маш өмхий үнэр үнэртэж байсан... баруун талын хувцасны шүүгээ рүү очоод нээж үзэхэд наагуур нь хөнжил овоолоод тавьсан тэр хөнжлийн цус хатаж өмхийрч өтсөн байсан тэгээд цагдаад мэдэгдэх болсон.” гэх мэдүүлэг /1-р хх 46/,

 

            Гэрч Э.Банзрагчийн өгсөн: “...Манай найз Ж.О- болон нэг залуу бид гурав байшин руу ороход шалан дээр дүүрэн ялаа үхчихсэн өмхий үнэртэй байсан. Тэнд аймар өмхий үнэртэй байсан учир би түрүүлээд гарахад араас нөгөө хоёр гарч ирсэн. Байшингаас гарахад нөгөө залуу цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 48/,

 

            Гэрч Ж.Ж.О-ийн өгсөн: “...Над руу 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний танил Б.У-ын дүү Б.Б- утсаар яриад эгчийг хайгаад олохгүй байна харин ****** байдаг гэрийг нь олсон цоожтой байна, тантай Б.У- холбоо барьсан уу гэж асуусан юм. Харин өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд Б.Б- над руу яриад Б.У-ын гэр цоожтой байна та лоом байвал аваад ирээч хөшөөд хаалгыг нь нээгээд үзье шинж хэлсэн тэгээд би ****** очоод хадаасны лоомоор хаалгыг нь нээгээд дотогш ороход маш их өмхий ханхалж шалаар үхсэн өтний ялаа байсан... хувцасны шүүгээг нээж үзэхэд өмхийрсөн мах үнэртэж шүүгээнээс өт унаж байсан тийм болохоор цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх 50/,

 

            Гэрч Л.Л.А-ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 14 цагт над руу 50 000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр мөнгийг Л.А-а 15 цагт *********** тоот данс руу 30 000 төгрөг дахиад 2-3 минутын дараа дээрх данс руу 20 000 төгрөг шилжүүлж буцааж авсан. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цаг 30 минутад М- гэх хүнээс над руу 50 000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би 21 цагийн орчимд Л.А-ын хэлснээр Хаан банкны *********** тоот данс руу шилжүүлсэн. Надаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд мөнгө гуйгаад би 5 000 төгрөг ********** тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 22 минутад ********** тоот данснаас 50 000 төгрөг шилжин орж ирээд үүнээс 40 000 төгрөг 10 цаг35 минутын орчим ********** тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа холбоогүй байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 40 минутын орчим манай гэрт орж ирээд миний цамц байна уу гэж асуухад би байхгүй гээд ганц сорочкон цамц өгөөд хаа хүрэх гэж байгаа талаар асуухад би маргааш цагдаа орно, утсаа хүнд үлдээсэн гэж хэлээд гараад явсан. Энэ үед нүүрний эрүү, хамрын доод хэсэгт эдгэж байгаа бололтой хуучин жижиг шархтай байсан болохоор нүүрээ яасан талаар асуухад архи ууж байгаад уначихсан гэж хэлэхэд надаас маск авчхаад гараад яваад өгсөн юм. Үүнээс хойш дахиж холбогдож чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 52-53/,

 

            Гэрч Ж.Ж.Б-гийн өгсөн: “...Л.А-а тухайн үед надтай ярихдаа эхнэрийнхээ талаар ямар нэгэн зүйл яриагүй. Ингээд хажуу талын 3 тоот хаягт хоёр хоноод сүүлдээ надаас архи ууя гээд байхаар нь би уухгүй ээ гэж хэлээд мөн миний найз болох Б- гэх айл руу явуулсан. Б-гийн очиж нэг хоносон байсан. Ингээд л уг өдрөөс хойш надтай огт холбоогүй байгаа юм. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр буюу 27, 28-ны өдрийн ойролцоо Л.Л.А-а нь хамтран амьдардаг У- гэх эмэгтэйн хамт ирсэн. У- хар нүдний шил зүүчихсэн нүд нь хөхөрсөн байсан, нүд нь хөхөрсөн учир нь Л.А-ад зодуулаад л тийм болсон. Энэ талаараа би урд нь Л.А-аас өөрөөс нь сонсож байсан.” /1-р хх 55/,

 

            Гэрч Д.Д.О-ы өгсөн: “...Л.А-а надаас эмийн санд байна 20000 төгрөг байвал өгөөч гэж гуйхаар нь надад мөнгө алга байна гэж хэлээд тасалсан. ...Л.А-а надаас “би эмийн санд байна гээд” эмний мөнгө гуйж залгахаар нь баяр наадам болж байхад би өөрөө ч гэртээ харьж чадахгүй байна. Надад мөнгө байхгүй” гэж хэлээд тасалсан.” гэх мэдүүлэг /1-р хх 52/,

 

            Гэрч Г.Г.Л-ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дарханд ирээд Л.А-атай уулзаад би Б.У-аас салж болдоггүй юм уу гэж асуухад Л.А-а надад Б.У- хүний давсаг хага өшиглөөд хэрэг нь шүүх рүү шилжсэн, хэрэг нь шийдвэрлэж дуустал хажууд нь байхгүй бол амиа хорлох үйлдэл хийгээд байгаа юм гэж надад хэлсэн бөгөөд Л.А-а надад өөрийнхөө биеийн хүзүүний баруун хэсгийг харуулахад хүзүүнийх нь зүүн хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Би юу болсон талаар асуухад Б.У- намайг заазуураар зүссэн гэж хэлсэн, мөн биеийнхээ баруун хавиргыг заагаад миний баруун хавиргыг нэлээн хэдэн сарын өмнө хугалсан гэж хэлж байсан юм. Би 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т-мөрдөгч рүү залгаад би наадмын өдрүүдээр Л.А-ыг аваад *************** сум руу явж болох уу гэж асуухад Т-мөрдөг намайг 3 хоног хүлээгээд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр аваад Булган аймаг руу ЯВЖ болно гэж хэлсэн юм. Би 3 хоног хүлээгээд Т-мөрдөгчөөс Л.А-ыг аваад явж болох уу гэж асуухад Т-мөрдөгч надад болно та Л.А-ыг аваад яв, харин намайг дуудсан цагт ирүүлэх үүрэг хүлээнэ шүү гэж хэлсэн юм. Ингээд би Л.А-ыг 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ав явах гээд уулзахад Л.А-а надад ааваа би наадмын хэдэн өдөр хуушуур хийж зараад хэдэн төгрөг олох хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Л.А-ыг *************** сум руу ав яваагүй юм. Намайг *************** суманд байхад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Т-мөрдөгч миний утас руу залгаад Л.А-ыг хаана байгаа талаар нь асуухад би Дарханд үлдээгээд ирсэн талаараа хэлсэн юм. Ингээд миний төрсөн охин Л.А- над руу 2022 оны 07 дугаар сарын 24-ний орой залгаад Б.У-ыг нас барсан байна Дарханд хүрээд ир гэж дуудуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 60-61/,

 

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...цогцсын ерөнхий байдал бие бүх биеэр эдийн дутагдалд орж булчин ялзарч муудсан, бүх хэсгийн яс ил гарсан байна. Цогцсын толгой хэсэг салсан, хүзүүнд 9 удаа ороосон олстой, хүзүүний яс нэг нэг ширхгээр салсан, цээжний урд хэсэг, ар нурууны дээд хэсэг, хоёр гарын арьс хатсан, гавлын с хоосон, тархины эд ялзарч үгүй болсон, хэлний 50 хувь хазагдаж ил гарч хатсан, дээд 15, доод 11 шүдтэй, доод үүдэн хоёр шүд цогцсын ялзралын улмаас муудаж унасан, доод баруун 5 дугаар шүд үгүй байв.” /1-р хх 64-67/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт:

            -Талийгаачийн арьс зөөлөн эд ялзарч үгүй болсон тул зөөлөн эдэд гэмтэл тогтоох боломжгүй. Талийгаачийн ясанд гэмтэл тогтоогдсонгүй.

-Талийгаачид архаг хууч өвчин тогтоох боломжгүй байна.

-Талийгаачийн цогцсоос цус, ходоодны шингэн авах боломжгүй ялзарч муудсан тул этилийн спирт мөн цусны бүлгийг тогтоох боломжгүй байна.

-Талийгаачийн хүзүүнд 9 ороосон олс мэт зүйлийн биетэй буюу хүзүү хэсэгтэй харьцсан хэсэгт тосорхог, наалдамхай бараан арьс төст зүйл байгаагаас харахад боомлилтын улмаас нас барсан байх боломжтой байна.

-Цогцсын аарцаг ясны шинж байдал, хэмжээснүүдээс үзэхэд энэ нь хүний цогцос байх боломжтой байна.” /1-р 69-71/,

 

Шинжээч эмч П.О- өгсөн: “...цогцост үзлэг хийхэд доод үүдэн хоёр шүд үгүй байсан. Тухайн шүдний байхгүй байгаа нь цогцсын ялзралын улмаас мултарч унасан болох нь тодорхой байсан. Яагаад гэхээр тухайн цогцсын амьд ахуйд тэр хоёр шүд унасан байсан бол буйл эдгэрч мөлгөр болох байсан. Тэгтэл тэр цогцсын буйл эдгэрсэн шинж байхгүй, шүдний байрлаж байсан хэсэг гэмтэлгүй, 2 шүд цогцсын ялзралын улмаас унасан болох нь харагдаж байсан. Одоо ч цогцсын гадна үзлэгийг гэрэл зургийн үзүүлэлтийн 6 дугаартай гэрэл зургаас тодорхой харагдаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 73/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгөтэй цамц, саарал өнгийн подволк, хөх өнгийн жинсэн өмд зэрэгт ямар нэгэн гэмтэл үүсээгүй байна.

-Шинжилгээнд ирүүлсэн төмөр савны доод хэсэгт 6x2 см хэмжээтэй гэмтэл байх ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн хонхойлт байна. Хонхойлт үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.” /1-р хх 79-80/

-Нас барсны гэрчилгээ /2-р хх-186/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-рхх27/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л.А-а нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ***************тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Б.Б.У-ыг боомилж амь насыг нь хохироож, даавуунд ороон шүүгээнд хийж нуусан гэх үйл баримт,

 

3. Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

 

Хохирогч Л.Л.Э-гийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 11 дүгээр баг, 11 дүгээр байрны 1 давхарт *******эмийн сан дээрээ ганцаараа байж байсан чинь гаднаас бараандуу хувцастай улаандуу өнгийн подволктой хар өнгийн амны хаалт зүүсэн 40 гарч яваа 1 м 60см өндөртэй хар арьстай нүүр нь их шалбарсан эрэгтэй хүн ороод ирсэн. Тэгээд эгчээ та ***** дугаар луу алгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд залгаад утсаа аваагүй эргээд нөгөө дугаар нь залгахаар нь би чанга яригч дээр нь тавьж өгөөд яриулсан чинь “найздаа 5000 төгрөг өгөөч бие өвдөөд эм авах гэсэн юм” гэж хэлсэн чинь нөгөө залуу “мөнгө байхгүй мөнгөний боломж алга байна” гэж хэлсэн. 10 минутын дараа гаднаас буцаж орж ирээд гаднах төмөр хаалгыг хаагаад орж ирээд “та энэ өрөө рүү ор” гэж хэлээд намайг амралтын өрөө рүү оруулсан тэгэхээр нь би “чи эгчээсээ хэрэгтэй мөнгө төгрөг байвал ав” гэж хэлсэн чинь “та дуугаа наад өрөө рүү ор” гэж хэлээд гараас татаж чирээд унагаачхаад өрөөний дээд цонх нээлттэй байсныг хаахаар нь би доод талын цонхыг онгойлгоод орцны үүдэнд хүн сууж байхаар нь хашхираад “хүн намайг алах гээд байна” цагдаа дуудаарай гэж хэлээд эргээд хартал тэр залуу хурц нарийн хоёр талдаа бариултай төмрөөр миний зүүн хөхний дээд тал болон гарын булчин хэсэгт тус бүр нэг нэг удаа хутгалсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх 105-107/,

 

Гэрч П.П.Г-ын өгсөн: “...Өнөөдөр 16 цагийн орчимд гэрийн орцны урд салхинд сууж байтал манай орцны эмийн сангийн ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан цонхоор эмийн санч Л.Э- цонхоо онгойлгоод “Намайг хүн алах гээд байна, хүн зодох гээд байна” гэж орилсон. Тэгээд байрны урдуур тойроод эмийн сан дээр нь ирэхэд үүдэндээ цусаа гоожуулсан байдалтай зогсож байсан ба хажууд нь зурагчин залуу хамт зогсож байсан. Юу болсон талаар тодруулахад “танихгүй залуу орж ирээд гар утсаараа нэг удаа яриулаач гээд ярьчхаад цээж хэсэг рүү үзүүртэй зүйлээр хатгачхаад гараад зугтаачихлаа гэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 114/,

 

Гэрч Д.Д.О-ы өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр... 16 цаг 04 минутад ****** дугаарын утаснаас Л.Л.А-а гэх манай багийн найз залгаж эргүүлээд залгаач гээд салгасан... залгахад Л.А-а надаас эмийн санд байна 20 000 төгрөг байвал өгөөч гэж гуйхаар нь би надад мөнгө алга байна гэж хэлээд тэгээд салгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 116-117/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 710 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

-Л.Л.Э-гийн биед зүүн хөхний дээд хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шарх, бугалгад хатгагдсан шарх, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх зүүн хөх, бугалгын хатгагдсан шарх ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, цээжний зулгаралт, шууны цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтлүүдээс зүүн хөхний дээд хэсгийн нэвтэрсэн шарх нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд зэргийн гэмтэл, зүүн бугалгын хатгагдсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, цээжний зулгаралт, зүүн шууны цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид зүүн хөхний дээд хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /2-р хх 124-125/,

Хохирогч Л.Л.Э-гийн өвчний түүх /2-р хх 142-154/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л.А-а нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ************* дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ******* эмийн сан дотор эмийн санч Л.Л.Э-гийн цээжин тус газар хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн хөхний дээд хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шарх, бугалгад хатгагдсан шарх, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн үйлдэлд хандсан сэтгэл зүйн хандлагаар илрэх бөгөөд санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэртэй байна.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэр буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүд хамаарах ба Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд санаатайгаар хохирол учруулсан, хүч хэрэглэсэн үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нь амь хохирогч Б.Б.У-тай хамтран амьдардаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Л.Л.А-ын хамтран амьдрагч Б.Б.У-ыг 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар саруудад 3 удаа зодсон үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг удаа дараа зодсон, энэ байдал нь урт хугацаанд үргэлжилж, тасралтгүй байнгын шинжтэй болсон зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Л.Л.А-ын 2022 оны 06 дугаар сарын 02, 22-ны өдрүүдэд хамтран амьдрагч Б.Б.У-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, тархины хаван, баруун талын хацар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг.

Шүүгдэгч Л.Л.А-ын 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хамтран амьдрагч Б.Б.У-ыг боомилж амь насыг нь хохироосон үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүч хэрэглэн амь насыг нь хохироосон, шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Л.Л.А-ын 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Л.Л.Э-гийн цээжинд хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн хөхний дээд хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шарх, бугалгад хатгагдсан шарх, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь зэвсгийн чанартай зүйл болох хадаасаар хохирогчийн цээжинд хатгаж, учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсгийн чанартай гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Ч- нь шүүгдэгч гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан болно.

Иймд шүүгдэгч Л.Л.А-ыг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүгдэгч Л.Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт үйлдлийн улмаас хүний амь хохирсон нь хүнд хохирол, амь хохирогчийг оршуулахад гарсан оршуулгын зардлыг түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрхтэй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Б-аас оршуулгын зардал 10153794 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс 10153794 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Б-д олгож, хохирогч Л.Л.Э- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Л.Л.А-а нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан “Л.Л.А-а нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл ба хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болно” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны 47/22 дугаартай магадлагаа /1-р хх 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 244-245/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 50/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Л.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч улсын яллагчийн саналыг дэмжиж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2-оос дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Л.Л.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 20  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох ба Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 4 дэх хэсэгт хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус заасан байна. 

 

Шүүгдэгч Л.Л.А-а нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэгт заасан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 20 жил байхаар тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Л.Л.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Л.А-ын энэ хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс  сэжигтнээр, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш яллагдагчаар цагдан хоригдсон 103 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн будаа агшаагчны сав 1 ширхэг, хар хөх өнгийн женсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн подволк 1 ширхэг, цагаан эрээн малгайтай нимгэн цамц 1 ширхэг, олс 1 ширхэг, Самсунг А-10 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Л-ийн Л.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Л.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.А-ад оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Л.Л.А-ын цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Л.А-аас 10153794 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* тоотод оршин суух Б.Б-д олгож, хохирогч Л.Л.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн будаа агшаагчны сав 1 ширхэг, хар хөх өнгийн женсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн подволк 1 ширхэг, цагаан эрээн малгайтай нимгэн цамц 1 ширхэг, олс 1 ширхэг, Самсунг А-10 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8.Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л.А-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Л.А-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ

      

 

 

                       ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР

 

 

 

                       ШҮҮГЧ                                   Н.ИДЭР