Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2019/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01051/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** дүүрэг, ****** хороо, ****** гудамж, ****** тоотод оршин суух ****** овгийн *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** хороолол, ****** байрны ****** тоотод оршин суух ******  овгийн *******-т холбогдох

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гагуулах” тухай үндсэн, “гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 4,500,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-, хариуцагч *******-, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-нь 2007 онд ******* танилцан гэр бүл болж 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин ******- төрсөн. 2012 онд охин ******- Улаанбаатар хотод цэцэрлэгт явж байсан. 2013 онд эхнэр ******- нь Солонгос улсад гэрээгээр ажиллахаар явж, би охины хамт үлдсэн. 2014 онд охин ******-г Дархан-Уул аймгийн 9 дүгээр дунд сургуульд оруулж өөрийн эцэг, эх нарт үлдээн багш ******* байнга холбоотой ажиллаж байсан. Ээж ******-ын хүсэлтээр эмээ ****** асрамжид 3-4 дүгээр ангидаа суралцсан. Энэ хугацаанд би байнга холбоотой байж уулзаж байсан. 2016 оноос хойш бид хоёр өөр өөрийн амьдралын ханийг сонгон тусдаа амьдарч байгаа тул 2018 оны 7 дугаар сард харилцан тохиролцож гэр бүлээ цуцлах шийдвэр гаргасан тул бидний гэрлэлтийг цуцалж, охин ******-т тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид 2 тусдаа гэр бүлтэй болсон тул эвлэрүүлэн зуучлахаар оруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ****** 2007 онд гэр бүл болсон. Бидний дундаас охин ******- 2008 оны 10 сарын 31-нд төрсөн. Охин ******- надтай амьдарч байна. ******- бид хоёр 2016 он хүртэл гэр бүлийн хамтын амьдралтай байсан. Гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд би Солонгос улсад түр хугацаагаар ажил хийж ирж, очиж байдаг байсан. Намайг амьдралын төлөө хүний газар ажиллаж, ирж очин явахад Приус 20 маркийн ****** автомашин надаар авахуулж унан Монголдоо хүүхдүүдээ харж байдаг байсан. Тэгээд 2016 оноос өөр хүнтэй болоод тусдаа амьдарч байгаа. Би олон жилийн амьдралаа энэ хүнд зориулж явсан, нэг л өдөр хаягдсан. Үр хүүхдээ тусдаа амьдарснаас хойш харж үзээгүй. Тэжээн тэтгэдэггүй, утсаар ч ярьдаггүй, хөндийрсөн. Нэгэнт энэ хүн өөр амьдрал зохиосон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Би охиноо цаашдаа өөрөө өсгөж, эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд гэр бүл болсноос хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй гэжээ.

 

Хариуцагч *******- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөдлөх эд хөрөнгө болох хөх өнгийн Приус-20 маркийн ****** УБЗ улсын дугаартай автомашиныг анх авахдаа 12,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо зах зээлийн үнэлгээгээр 9,000,000 төгрөгөөр тогтоож, үүнээс өөрт ногдох хувь 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хүүхдийн асрамж, тэтгэлэг дээр бол маргах зүйл байхгүй, бага насны эмэгтэй хүүхэд ээжтэйгээ хамт байсан нь дээр байх. Машины хувьд би өөрөө 2015 онд хүү *******аянзулын нэр дээр авсан. Сүүлд жилийн өмнө банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гээд нэр шилжүүлсэн гэв. Уг нь өгмөөргүй л байна. Гэхдээ салж байгаа ч гэсэн хүүхдээрээ холбогдсон учраас машины 50 хувь болох мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй байна гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *******-нь хариуцагч *******-аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч *******- нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хувь 4,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

            Гэрлэгчид болох *******аянзул, *******- нар нь 2007 оны 09 сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 01 сарын 23-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2008 оны 10 сарын 31-ний өдөр охин *******-ийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.  

 

*******аянзул, *******- нар нь 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарласан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

 Гэрлэгчид нь охин *******-ийг эхийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин *******-ийг эх *******-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр эцэг *******-аас тэтгэлэг гаргуулан охин *******-т олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

           

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин *******-ийг эхийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдэд тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд,

Хариуцагч *******- нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 4,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд УБВ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины эзэмшигчээр “Нэткапитал авто” ХХК бүртгэлтэй байх боловч нэхэмжлэгч *******-нь энэхүү автомашиныг 2015 онд худалдан авсан буюу гэрлэгчдийн хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгө болох талаар маргахгүй байх бөгөөд тэрээр уг автомашиныг “Нэткапитал авто” ХХК-аас авсан зээлийн барьцаад тавьсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “...гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...” гэж, 126.2.4-т “...гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж заасны дагуу дээрх автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэрлэгчид болох *******-, *******-, охин *******- нь нэг гэр бүлийн гишүүд байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй.

Шинжээч “Капитал зууч” ХХК нь маргаж буй автомашиныг 8,500,000 төгрөгөөр үнэлсэн байх ба зохигчид үнэлгээний талаар маргаагүй тул хөрөнгийн үнээс ногдох хэсэгт 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас гаргуулж хариуцагч *******-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                                

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ..... овгийн *******, .... овгийн *******- нарын гэрлэлтийг цуцласугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин *******-ийг эх *******-ын асрамжид үлдээсүгэй.

           

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин *******-т тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг *******-аас сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.  

 

            4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч *******-аас 4,500,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******-т олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 157,150 төгрөг гаргуулж хариуцагч *******-т тус тус олгосугай.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ