Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

2022          11            09                                   2022/ШЦТ/243

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэмөнх,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бүрэнбатад холбогдох эрүүгийн 2215002660255 дугаартай, 163/2022/0237/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Луугар овогт Ганболдын Бүрэнбат, Орхон аймаг, Баян-Өндөр суманд 2005 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин, 3 дугаар хорооллын 9-69 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 11, аав, ээж, ах, дүү, нагац ах нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 17 настай, эрэгтэй, РД: ФД05273192.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Оросын булаг гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг явсан С.Эрдэнэбаяртай тамхи хугаллаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215002660255 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Оросын булаг гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг явсан С.Эрдэнэбаяртай тамхи хугаллаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэмөнхийн өгсөн: Хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Эрдэнэбаярын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед ангийн хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Оросын булаг гэх нэртэй амралтын газрын эсрэг талд байх ой мод руу салхинд гарсан. Тухайн үед хүүхэд бүрээс 20.000 төгрөг гаргаж байгаад Орхон аймагт байх Энэл нэртэй дэлгүүрээс 20 ширхэг жижиг савтай пиво, 1 шил архи тус тус авсан. Тэгээд бид хэд ойд очоод авсан архи, пиво ууцгаасан. Тэгээд байж байтал Бүрэнбат намайг тамхи хугалсан гэж уурлаад нүүр, ам руу олон удаа гараараа цохисон. Олон удаа цохиулснаас болоод хамраас цус гарсан. Тухайн үед толгой манарсан. Дараа нь найзууд намайг Бүрэнбатаас салгасан. Тэгээд би нүүр гараа угаасан. Бүрэнбатыг сүүлд нь харахад над руу архины шил барьчихсан дайрч байсан. Найзууд над руу ойртуулаагүй. Миний биед хөнгөн гэмтэл учирсан тул надад гомдол, санал байхгүй. Нэг ангийн хүүхэд учраас ахиж ийм үйлдэл битгий хийгээрэй гэж хэлье. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Ч.Анхцэцэгийн өгсөн: Бүрэнбат нь миний хүүгээс ялгаагүй хүүхэд учраас надад нэхэмжлэх зүйл алга байна. Гэхдээ Бүрэнбатыг цаашид ийм үйлдэл битгий хийгээсэй гэж хүсэж байна. Энэ тал дээр аав, ээж нь анхаарах байх гэж бодож байна. Бидэнд ямар нэг гомдол, санал байхгүй учраас энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд суухгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

5. Иргэний хариуцагч Б.Эрдэнэмөнхийн өгсөн: Миний хүү Бүрэнбат нь 2005 онд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Хоёр настайгаасаа Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад 2011 онд 8 дугаар сургуульд элсэн орж одоо 1 дүгээр сургуулийн 12Г ангид суралцаж байгаа. Зан харилцааны хувьд түргэн ууртай, нийтэч хүүхэд байгаа юм. Хөл бөмбөгийн спортод дуртай. Орос хэлний хичээлдээ илүү сонирхолтой. Муу зан чанар гэхээр амархан юманд уруу татагдах гээд байдаг. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

6. Насанд хүрээгүй гэрч М.Оргилын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай ангийнхан нийлж зугаалгад явах болоод хүний 20.000 төгрөг нийлүүлж цуглуулахаар болсон. Зугаалгад явахдаа Оросын булаг гэх газарт очихоор болсон. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Анударь, Бүрэнбат, С.Эрдэнэбаяр, Хулангоо, Мичид-Од, Чинзориг, Мөнхзориг бид нар цуглаад нийлүүлсэн мөнгөөрөө хүнсний зүйл бас 1 шил архи, 20 ширхэг пиво авсан. Анударийн ааваар Оросын булаг гэх газарт хүргүүлсэн. Өдөр 12 цагийн үед тухайн газарт очсон. Очоод майхан бариад хоолоо хийж идчихээд авсан 1 шил архи, пивоо уусан. Тэгээд Хулангоо, Эрдэнэбаяр хоёр дэлгүүрээс авсан тамхийг хугалаад Бүрэнбат хайгаад байсан. Тэгээд Бүрэнбат хэн тамхи хугалсан гээд Эрдэнэбаяр руу уурласан. Эрдэнэбаяр тамхи хугалаагүй гэж худлаа хэлэхэд Бүрэнбат Эрдэнэбаярын нүүр хэсэгт цохисон. Тэгээд хамраас нь цус гараад дараа нь Эрдэнэбаяр, Бүрэнбат хоёр эвлэрсэн. Тэгээд удалгүй Эрдэнэбаяр замын машинд суугаад яваад өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

7. Насанд хүрээгүй гэрч Б.Анударийн өгсөн: Би найзуудын хамт 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Оросын булаг гэх газарт салхинд гарсан. Тухайн үед Бүрэнбат, Мичид-Од, Эрдэнэбаяр, Хулангоо, Чинзориг, Мөнхзориг, Оргил нар зугаалгад явсан. Явахдаа дэлгүүрээс архи, пиво авч явсан. Тухайн газарт очоод бид хэд хоол ундаа хийж идээд авсан архи, пивоо ууцгаасан. Тэгээд Эрдэнэбаяр, Хулангоо нар дэлгүүрээс авсан тамхийг хугалаад хаячихсан. Нөгөө тамхийг нь Бүрэнбат татах гээд хайгаад байсан. Ингээд Эрдэнэбаяр, Хулангоо хоёрыг тамхи хугалсныг мэдээд Бүрэнбат Эрдэнэбаяраас тамхи хугалсан эсэх талаар асуухад хугалаагүй гэж гүрийгээд Эрдэнэбаяр Бүрэнбатад зодуулсан. Зодох үед гадаа мөндөр ороод би майхан руу орчихсон. Майхны гадна зодоон болоод байх шиг байсан. Тэгээд удалгүй майхнаас гарахад Эрдэнэбаярын хамраас цус гарсан байсан. Тэгээд удалгүй Эрдэнэбаяр, Бүрэнбат хоёр эвлэрээд зодоон больсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 646 дугаартай: С.Эрдэнэбаярын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, зүүн шанаа баруун чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

9. Өсвөр насны яллагдагч Г.Бүрэнбатын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Оросын булаг гэх газар руу найз Оргил, Мичид-Од, Анударь, Мөнхзориг, Чинзориг, Эрдэнэбаяр мөн ШУТИС-ын лицей сургуулийн сурагч Хулангоо нарын хамт явсан. Очихдоо найз Анударийн аав болон түүний найзаар Оросын булаг гэх газарт машинаар хүргүүлсэн. Анударийн аав болон түүний найз хүргэж өгөөд явсан. Өдөр 12 цагийн үед тухайн газартаа очсон. Тэнд очоод 1 шил архи, 20 ширхэг пивоо хувааж уугаад байж байтал найз Эрдэнэбаяр авсан тамхи хугалсан гээд маргалдсан. Эхэндээ би Мөнхзоригоос тамхи асуутал Эрдэнэбаяр хугалчихсан байна гэхээр нь би тамхиа яагаад хугалчихсан юм гээд асуутал Эрдэнэбаяр би тамхи хугалаагүй гээд гүрийгээд байсан. Чамайг Мөнхзориг хугалсан гэж байна, чи очоод Мөнхзоригтой нүүрэлдчих гэж хэлэхэд надад Эрдэнэбаяр очихгүй пизда минь гэж хэлэхэд над руу уурлаад байхаар нь би Эрдэнэбаярын нүүр хэсэгт 4 удаа гараараа цохисон. Тэгсэн Эрдэнэбаяр уйлаад байсан. Ийм зүйл болж өнгөрсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч С.Эрдэнэбаяр, иргэний нэхэмжлэгч Ч.Анхцэцэг, иргэний хариуцагч Б.Эрдэнэмөнх, насанд хүрээгүй гэрч М.Оргил, Б.Анударь нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Оросын булаг гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг явсан С.Эрдэнэбаяртай тамхи хугаллаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, зүүн шанаа баруун чихний дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатын насанд хүрээгүй хохирогчийг цохисон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар насанд хүрээгүй хохирогч С.Эрдэнэбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Анхцэцэг нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирол нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Шүүхээс насанд хүрээгүй хохирогч С.Эрдэнэбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Анхцэцэг нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд за ойлголоо, бид хоёрт ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тул өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 61-62, 65-73 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь Орхон аймаг, Баян-Өндөр суманд 2005 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, ам бүл 11, аав, ээж, ах, дүү, нагац ах нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин, 3 дугаар хорооллын 9-69 тоотод амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12г ангийн сурагч, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 17 настай зэрэг түүний хувийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус хуульчлан зохицуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, түүний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, өсвөр насны шүүгдэгчийн насны онцлогт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Луугар овогт Ганболдын Бүрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатад оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатыг оршин суугаа газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбат нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Бүрэнбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Өсвөр насны шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР