Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Ц.Баасансүрэн нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Баасансүрэнд холбогдох эрүүгийн 2115002650230 дугаартай, 163/2022/0229/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархчууд овогт Цэцгээгийн Баасансүрэн, Завхан аймаг, Яруу суманд 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, Завхан аймгийн Улиастай сумын Гандангийн задгайд оршин суух хаягтай гэх боловч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 293 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, ээж, охины хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 40 настай, эрэгтэй, РД: ИЭ82111296.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Баасансүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ж.Цэнд-Аюушийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, саарал өнгийн даавуун дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Нарийн гэх газарт оршин суух иргэн Ж.Цэнд-Аюушийн туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа Ж.Цэнд-Аюушийн мал хариулахад ашиглуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бор хээр зүсмийн 1 тооны морийг яргай ташуур, эмээл, хазаар, суран ногтны хамт завшиж 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон Эрүүгийн 2115002650230 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Баасансүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Нарийн гэх газарт оршин суух иргэн Ж.Цэнд-Аюушийн туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа Ж.Цэнд-Аюушийн мал хариулахад ашиглуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бор хээр зүсмийн 1 тооны морийг яргай ташуур, эмээл, хазаар, суран ногтны хамт завшиж 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн уг өдөр Ж.Цэнд-Аюушийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, саарал өнгийн даавуун дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баасансүрэнгийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Цэнд-Аюушийн өгсөн: Би Цэцгээ овогтой Баасансүрэнг танина. Миний төрсөн дунд хүү болох Дэлгэрсүрэн надад туслах малчин авч өгөхөөр болоод 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баасансүрэнг манайд туслах малчин хийлгэнэ гэж авчирсан. Би тухайн өдөр бэр гуйхаар өөрийн эхнэр болох Нина бид хоёр Орхон аймаг руу очсон. Тухайн үед манай гэрт туслах малчин болох Баасансүрэн үлдсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай хүргэн Базаррагчаа надад утсаар танай малчин Баасансүрэн чинь үхрүүдийг чинь хашаад явчихсан байна. Юмнуудыг чинь аваад явсан байж магадгүй ирж үзээрэй гэж хэлсэн. Би тухайн өдрийн 21 цагийн үед эхнэр Нинагийн хамт гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг шалгаад үзтэл 3 ширхэг мөнгөн аяга, бор хээр морь, 1 ширхэг эмээл, хазаар, саарал өнгийн даавуун дээл, шар өнгийн бүс зэрэг алдагдсан байсан. ...Тухайн мориор Баасансүрэн нь малд явахдаа унаж хэрэглэж байсан, тухайн морь огт эргэж ирээгүй. Миний хувьд гомдолтой байна. Алдсан эд зүйлсээ эргүүлж авмаар байна. Одоогийн байдлаар хохирол гэж огт өгөөгүй байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 20-21, 23 дахь тал/,

3. Гэрч Ц.Дэлгэрсүрэнгийн өгсөн: Би өөрийн төрсөн аав болох Цэнд-Аюушийг туслах малчинтай болгох гээд зар тавьсан. Гэтэл надтай 2020 оны 10 дугаар сарын эхээр над руу зарын дагуу эрэгтэй хүн залгаад манай дүү байгаа юм Завхан аймгаас ирсэн малд сайн хүн байгаа юм гэж хэлэхэд нь хэд хоногийн дараа туслах малчнаар авахаар болсон. Тэгээд замын зардал 50000 төгрөгийг төлж Орхон аймагт тосож аваад гэртээ хонуулаад маргааш өдөр нь аав Цэнд-Аюушийн гэрт хүргэж өгсөн. Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аав Цэнд-Аюуш руу залгаж гэрт нь хулгай орсон талаар мэдэгдсэн. Тэгээд би аав Цэнд-Аюуш, ээж Нина нарыг дагуулан гэрт нь очсон. Манай аав Цэнд-Аюуш гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд 3 ширхэг мөнгөн аяга, бор хээр морь, эмээл хазаарын хамт, саарал өнгийн дээл, шар өнгийн бүс зэрэг эд зүйл нь алдагдсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

4. Гэрч Ц.Базаррагчаагийн өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хадам аав, ээж болох Цэнд-Аюуш, Нина нар нь Орхон аймаг руу найранд явж Баасансүрэнг мал харуулан үлдээсэн байсан. ...Тухайн өдөр би Орхон аймаг орохоор машинтайгаа явж байтал хадам аавын үхэр нь хашаатай байсан. Би явж очоод хартал уяатай морь байхгүй байсан ба Баасансүрэн мөн байхгүй байсан. Морийг нь болон гэрээс нь эд зүйлийг хулгайлаад зугтсан байсан. Морийг нь эмээл хазаартай нь, мөнгөн аяга авч явсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

5. Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/4737 дугаартай: 11 настай бүдүүн морь 1 ширхэг 1.650.000 төгрөг, модон эмээл 1 ширхэг 150.000 төгрөг, суран хазаар 1 ширхэг 30000 төгрөг, суран ногт 1 ширхэг 40000 төгрөг, яргай модон ташуур 1 ширхэг 20000 төгрөг, хөвөнтэй дээл 1 ширхэг 50000 төгрөг, 4 метрийн урттай дурдан бүс 1 ширхэг 20000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 840000 төгрөг, нийт 2.800.000 төгрөгөөр үнэлэв гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

6. Яллагдагч Ц.Баасансүрэнгийн өгсөн: 2020 оны 10 дугаар эхээр Булган аймгийн Орхон суманд байх малчин айл Цэнд-Аюушийнд туслах малчнаар ирээд 10 гаруй хоног болж байсан. Цэнд-Аюуш нь эхнэр хүүхдийн хамтаар хуримд явсан. Улмаар би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би бодож байгаад малаа хашчихаад Цэнд-Аюушийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, саарал өнгийн дээл, шар өнгийн бүс, зэргийг авсан. Мөн уяан дээр байсан хээр хүрэн зүсмийн морийг эмээл, хазаар, ногт, ташуур зэргийн хамтаар авч явсан. Тэгээд ертөнцийн зүгээр хойд зүгт явж байтал төмөр зам таарч байсан. Тэгэхээр нь жаахан явж байгаад хээр зүсмийн морийг суллаж тавиад, эмээл, хазаар, ногт ташуур зэргийг жалганд үлдээсэн. Цааш алхаж байтал асфальтан зам таарч зам тосож Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотын Шар хад гэх газарт очиж танихгүй залуутай танилцаж архи уусан. Улмаар 3 ширхэг мөнгөн аягыг зарсан. Дээл бүсийг нь айлд согтуудаа хаячихсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Цэнд-Аюуш, гэрч Ц.Дэлгэрсүрэн, Ц.Базаррагчаа нарын өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн дүгнэлт, Ц.Баасансүрэнгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ц.Баасансүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Нарийн гэх газарт оршин суух иргэн Ж.Цэнд-Аюушийн туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа Ж.Цэнд-Аюушийн мал хариулахад ашиглуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бор хээр зүсмийн 1 тооны морийг яргай ташуур, эмээл, хазаар, суран ногтны хамт завшиж 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,

мөн уг өдөр Ж.Цэнд-Аюуш эхнэрийн хамт хурим найранд явж, түүний эзгүйд гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, саарал өнгийн даавуун дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хууль бусаар хулгайлан авч нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Баасансүрэн нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан, тэдгээрийг нууц далд аргаар шууд өөрийн эзэмшилд оруулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд “санаатай” хэлбэртэй,

Мөн тэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу морийг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож унаж явсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг хулгайлах болон хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй, гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Баасансүрэнгийн үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүхээс хохирогч Ж.Цэнд-Аюушид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тул шүүх хуралдааныг түүний эзгүйд хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэж, 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд хэргийн оролцогчдоос хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Баасансүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Цэнд-Аюушид 11 настай бүдүүн морь 1 ширхэг 1.650.000 төгрөг, модон эмээл 1 ширхэг 150.000 төгрөг, суран хазаар 1 ширхэг 30000 төгрөг, суран ногт 1 ширхэг 40000 төгрөг, яргай модон ташуур 1 ширхэг 20000 төгрөг, хөвөнтэй дээл 1 ширхэг 50000 төгрөг, 4 метрийн урттай дурдан бүс 1 ширхэг 20000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 840000 төгрөг, нийт 2.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Уг хохирол төлбөрийг хохирогч Ж.Цэнд-Аюуш нь нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Баасансүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Баасансүрэнгээс гэм хорын хохиролд 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Цэнд-Аюушид олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Баасансүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Баасансүрэнгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Баасансүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйг дурдаж, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-г заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 63-68 дахь талуудад авагдсан эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлгүй талаарх лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.Баасансүрэн нь Завхан аймгийн Улиастай сумын Гандангийн задгайд оршин суух хаягтай гэх боловч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 293 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, ээж, охины хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Баасансүрэнгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Баасансүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих байрнаас суллах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархчууд овогт Цэцгээгийн Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаар ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баасансүрэнг оршин суугаа газраас буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баасансүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Баасансүрэнд сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баасансүрэнгийн цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баасансүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнээс баталгаа гаргуулахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баасансүрэнгээс гэмт хэргийн хохиролд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багт оршин суух Тайж овогт Жамсранжавын Цэнд-Аюуш /РД: ФВ39030911/-д олгосугай.

9. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР