Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/356

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0181/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ ,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч З.З.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч О.О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-ид холбогдох эрүүгийн 2218000000173 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 онь 10 дугаар сарын 23-ны өдөр ********* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****************зочид буудалд ресепшин ажилтай, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт **************** тоотод оршин суух хаягтай, одоо Дархан-Уул аймаг, **************** тоотод төрсөн ахын гэрт оршин сууж байгаа, урьд:

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 01 сарын хугацаатай хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан, О.Б-,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.О.Б- 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн **************** дүгээр **************** тоотоос хамт амьдардаг З.З.О-ийн цэцгэн хээтэй 2.2 граммын монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 319.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн орой гэрийн хаалга онгорхой, ороод хартал гэрийн эд зүйлс тарсан, мах алга болсон байсан. Эгч рүү утсаар хэлсэн. Би гэрээ цэгцэлж, цэвэрлэж байхад бөгж унасан байсныг олоод маргааш нь эгчид өгье гэж бодоод цүнхэндээ хийсэн байсан. 3 Маргааш өглөө нь ажилтай байсан болохоор яараад өгөхөө мартаад явсан байсан. 00-д орж ажлын хувцсаа сольж байхдаа фочкиний араар хийсэн. Бөгжийг зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч З.З.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000173 дугаартай хэргээс:

 

Хохирогч З.З.О-ийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сум руу ****** гийн хүүхдүүдийг очиж харах зорилгоор гэрээсээ ******гийн 2 бага насны хүүхдийг нь аваад бид гурав таксигаар очоод тэндээ 7 хоноод 2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 09 цагт гэртээ ирсэн юм. Харин намайг байхгүй байх хугацаанд гэрт О.Б- үлдсэн. 2022 оны 03 дугаар сарын 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд О.Б- миний утас руу залгаад эгчээ гэрт хулгай орсон юм шиг байна хамаг эд зүйлийг чинь тараасан байдалтай байна гэж хэлэхээр нь би яаж гэр лүү орсон байна гэж асуухад хаалганы цоожийг эвдээд орсон байна гэж хэлэхээр нь за за ямар ч байсан эд зүйлээ цэгцлээд унтаж амар би өглөө воганаар яваад очъё гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр өглөө гэрт ирэхэд гэр орон эмх цэгцтэй хаалганы цоож эвдэрсэн байдалтай хогийн саван дотор хаалганы цоож байсан. Мөн миний огт харж байгаагүй хадаасны жижиг лоом гэрт байсан. Тэгээд би гэрт байсан эд зүйлүүдээ бүгдийг нь бүртгэж үзэхэд цоожгүй жижиг авдарт байсан цаасан хайрцагтай гутлан дотор хийж тавьсан миний хэрэглэдэг эмэгтэй хуний монетон хоёр ширхэг цэцгэн хээтэй цагирган хэлбэртэй 2.4 граммын 1 ширхэг бөгж алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 19/,

“...Намайг эд зүйлээ бүртгэхэд О.Б- хажууд байсан. Гэхдээ О.Б- надад бөгж авсан талаараа хэлж яриагүй. Харин би тэр үед цагдаа дуудлаа шүү гэж О.Б-ид хэлэхэд надад цагдаа дуудаад шалгуулаад хүн амьтныг нь олуул гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Харин цагдаа нар ирэхэд байхгүй ажилдаа явсан байсан. Би гэртээ ганцаараа байсан. Цагдаа нарт О.Б-ийн ажилладаг газрыг нь зааж өгөөд явуулсан юм.” гэх мэдүүлэг /хх 149/,

 

Гэрч С.С.Б-ийн өгсөн: “...орой 21 цагийн орчим хоолоо хийж идчихээд бохироо асгах гэж гэрээсээ 20 цагийн орчим гарахад 8 тоотын хаалга ямар ч завсаргүй хаасан гэхдээ цоожлоогүй дотроосоо түгжээтэй юм шиг байсан. Охин Н-э шөнө 00 цагийн орчим ажлаа тарж ирээд ороо засаад унтах үед манай гэрийн хаалга  бага зэрэг завсартай байсан. Ийм завсартай байхад гэрийн хаалгыг түлхэхэд хяхтнаж муухай дуугардаг юм. Гэтэл охин минь орондоо ороод удаагүй байхад гэрийн хаалга зөөлхөн түлхээд хаалга дугарахаар нь би нааш хүчтэй түлхээч хэн бэ? гэтэл миний танихгүй хар өнгийн малгайтай цамцтай хар өнгийн саравчтай малгайтай намхан туранхай биетэй шөвгөр царайтай эрэгтэй хүн манай гэрийн хаалгаар орж ирэхээр нь манай охин чанга дугарахад ум хумгүй гүйгээд хашаанаас гараад явсан. Үүнээс хойш 3 цагийн орчим босоод бие зассан тэгэхдээ З.О- эгчийн гэрийн хаалгыг ямар байсан талаар анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх 151/,

 

Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...Шинэ Дарханы салбар хуучин Дарханыг бодвол эрт хаадаг. Тийм учраас тогтмол цаггүй учир хэдэн цагт хааж О.Б-ийг хэдэн цагт гэрт нь хүргэж өгснөө санахгүй байна. Би байгууллагын хүргэлтийн машинаар гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 170/,

 

Гэрч Г.Г.Б-агийн өгсөн: “...Хулгай орсон шөнө над руу 00-01 цагийн хооронд З.О- эгчтэй хамт амьдардаг залуу над руу Скайтелийн дугаараас залгаад манай гэрээс хулгай орсон байна. Гэрийн хувцас ундуй сундуй болгосон байна гэж хэлсэн. Өглөө над руу 08 тоотын түрээслэгч З.О- залгаад манай өрөөнд хулгай ороод эгчийнх нь бөгж хулгайд алдагдсан байна гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх 136-138/,

 

Гэрч Н.Н.А-ын өгсөн: “...манай салбар 2015 оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн. Тухайн үед салбар бий болохдоо л хувцасны тусгайлсан жижиг  өрөө гаргасан.” /хх 132/,

 

Гэрч Ч.Ч.О-ийн өгсөн: “...Манай ажилчид байгууллагын тусдаа хувцас солих өрөөнд хувцсаа сольдог юм. Энэ хувцас солих өрөө намайг анх 2 жилийн өмнө ажилд ороход л байсан өрөө. Мөн ариун цэврийн өрөө тусдаа байдаг.” гэх мэдүүлэг /хх 135/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл “...эмэгтэй хүний монетон хоёр ширхэг цэцгэн хээтэй цагирган бөгж 1 ширхгийг хураан авч тэмдэглэл үйлдэв. /хх 10/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...эмэгтэй хүний 2 ширхэг цэцгэн хээтэй монетон 1 ширхэг бөгжийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18:30 цагт хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. /хх 11/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 146-148/,

 

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...уг хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцогдож нийт 319000 төгрөгөөр үнэлэгдэнэ” /хх 90/,

 

Шүүгдэгч О.О.Б-ийн хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 56-69/ иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Төтө анд” ХХК-ийн тодорхойлолт /хх 46-52/, зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.О.Б- нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн **************** дүгээр **************** тоотоос хамт амьдардаг З.З.О-ийн цэцгэн хээтэй 2.2 граммын монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 319000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч О.О.Б-ийн гэмт үйлдлийг хохирогч З.З.О-ийн өгсөн: “...би гэрт байсан эд зүйлүүдээ бүгдийг нь бүртгэж үзэхэд цоожгүй жижиг авдарт байсан цаасан хайрцагтай гутлан дотор хийж тавьсан миний хэрэглэдэг эмэгтэй хуний монетон хоёр ширхэг цэцгэн хээтэй цагирган хэлбэртэй 2.4 граммын 1 ширхэг бөгж алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 19/, “...Намайг эд зүйлээ бүртгэхэд О.Б- хажууд байсан. Гэхдээ О.Б- надад бөгж авсан талаараа хэлж яриагүй.” гэх мэдүүлэг /хх 149/, гэрч С.С.Б-ийн өгсөн: “...миний танихгүй хар өнгийн малгайтай цамцтай хар өнгийн саравчтай малгайтай намхан туранхай биетэй шөвгөр царайтай эрэгтэй хүн манай гэрийн хаалгаар орж ирэхээр нь манай охин чанга дугарахад ум хумгүй гүйгээд хашаанаас гараад явсан. Үүнээс хойш 3 цагийн орчим босоод бие зассан тэгэхдээ З.О- эгчийн гэрийн хаалгыг ямар байсан талаар анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх 151/, гэрч Ц.Б-ийн өгсөн: “...Шинэ Дарханы салбар хуучин Дарханыг бодвол эрт хаадаг. Тийм учраас тогтмол цаггүй учир хэдэн цагт хааж О.Б-ийг хэдэн цагт гэрт нь хүргэж өгснөө санахгүй байна. Би байгууллагын хүргэлтийн машинаар гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 170/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 10/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 146-148/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч О.О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч З.З.О-т 319000 төгрөгийн хохирол учирсан ба хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан болох нь хавтаст хэргийн 11-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.О.Б-ийг бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдаж, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “хөрөнгийн үнэлгээний зардал 80000 төгрөгийг гаргуулж “Вендо” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч Ч.Мядагбадамын“...3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б- “...6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, хохирогч З.З.О-ийн “Хүүхдийг ганц бөгжний төлөө хорих гээд яах вэ? Ажил хийж байгаа хүүхдийг хориод хэрэггүй байх гэж бодож байна.” гэх санал, шүүгдэгч О.О.Б-ийн “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнийг  нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байхаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.О.Б-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь түүнийг шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө үйлдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч О.О.Б-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсныг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин  харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч О.О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг лоом, хар өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсныг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг лоом, хар өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч О.О.Б-оос 80000 төгрөг гаргуулж “Вендо” ХХК-нд олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.О.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ