Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2019/00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00001/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Хариуцагч: ................................. П  (РД: .......................)-д холбогдох,

Нэхэмжлэгч: .............................. Н (РД: .........................)-гийн нэхэмжлэлтэй,      

   

“хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Т.П, түүний өмгөөлөгч Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Т.Птой 2006 онд танилцаад 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү П.Мийг төрүүлсэн юм.

Бид 2012 он хүртэл хамт амьдрах хугацаанд П ажил хийнэ гээд Улаанбаатар байнга явдаг байсан. 2011 оноос хойш бидний хооронд байнга маргаан үүсдэг болсон. П архи ууж ирээд маргалддаг байсан. П 2012 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу ажил хийнэ гэж яваад 08 дугаар сард Улаанбаатар хотод эхнэртэй болсон гэх шалтгаанаар бидэнтэй дахиж холбоо бариагүй. Одоо эхнэртэй болоод Улаанбаатар хотод амьдарч байгаа.

2012 оны 08 дугаар сараас хойш хүү М нь миний асрамжид өсч торниж байна. П хүүхэдтэйгээ огт холбоотой барихгүй болсон. Хүүхэд маань Улаанбаатар хотын 14 дүгээр /лаборатори/ сургуульд төлбөртэй сургуульд сурч байгаа болохоор хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах саналтай байгаа.

Би хоёр жилийн өмнө хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм. Түүнийг мэдээд П нь тэр жилдээ нэг удаа хүүхдийн хувцас авч өгье гэж хэлж байсан. Одоог хүртэл хүүхэдтэйгээ уулзадгүй, хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, эргэж тойрдоггүй. Пийн хувьд эхнэртэйгээ Улаанбаатар хотод хувийн аж ахуй эрхлээд одоо Норовлин суманд хувийн малтай болсон. Амьдрал нь боломжийн болчихсон гэж үзсэн учраас би хүүхдэдээ тэтгэлэг гаргуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Т.Поос хүүхдийн тэтгэлэгийг орхиж явсан хугацаанаас нь тооцож гаргуулж өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй... гэв. (хх-ийн 1, 15 тал)

 

Хариуцагч Т.П нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...             Г.Н бид 2006 онд нэг гэрт орж хамтран амьдарсан юм. Хамтран амьдарч байх хугацаанд 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү П.М төрсөн.

             Ингээд бид хамтран амьдарч байх хугацаандаа жирийн нэгэн гэр бүл шиг эвтэй найртай амьдардаг байсан.

             Би бага насандаа сургуульд сурч боловсрол эзэмшээгүй, уншиж бичиж чаддаггүй болохоор өөрийн гэсэн мэргэжил эзэмшээгүй тул Норовлингийн жоншны уурхай, хувиараа энд тэнд хөдөлмөр эрхлэх зэргээр ажил хийж олон мөнгөө гэр бүлдээ л зарцуулдаг байсан.

             Эхнэр Г.Н нь эхлээд сургуулийн нийгмийн ажилтан, дараа нь Норовлин, Батноров, Баян-Адарга сум хариуцсан төслийн ажилтан хийдэг байсан.

             Ямар шалтгаантайг нь сайн мэдэхгүй ч хамтран амьдарч байх сүүлийн жилүүдэд Нгийн зан ааш өөрчлөгдөж намайг мэдлэг боловсролгүй, мөнгө төгрөг олдоггүй гэх шалтгаанаар 3-4 удаа гэрээсээ хөөж байсан. Бид Нгийн аав Г-ийн байшинд амьдардаг байсан. Сүүлд би ажил хийж олсон мөнгөө цуглуулж байгаад Норовлин сумын төв дээр газар авч, хашаа барьсан. Яваандаа байшин барина гэж бодож байсан. Тус хашаандаа 2 жил гэр барьж амьдарч байсан. Одоо тэр хашаанд маань Н дүү М-нх амьдардаг юм билээ.

             Хамгийн сүүлд 2013 оны намар Нгийн аав Гн нь надад хандаж “чи сургууль боловсролгүй, тэнэг юм, явуул таарна” гэж хэлэхээр нь би “өөдөөс нь маргалдсан” тэгээд гэрээсээ гараад явсан.

            Тэгээд би Норовлин сумын хөдөө 1-р багт байдаг өөрийн аав, ээж рүүгээ яваад Хадлан бордоонд нь элбэлцэж байгаад хадуур гагнуулж янзлуулах гээд ирээд байсан чинь Норовлин сумын төлөөлөгч Б намайг бариад “авгай чинь өргөдөл өгсөн” 11-р баривчлана гэсэн. Тэгээд би “ямар учиртай юм бэ, хөдөө байж байгаад ирж байна ш дээ гэсэн” тэгээд намайг 20 хоног баривчилгаанд байлгасан.

           Ингээд баривчлагдаж гарч ирээд би Нд маш их гомдсон. Хэрвээ надаас салж, хаях гэж байгаа бол заавал ингэж бусадтай хуувилдаж цагдаагаар баривчлуулах хэрэг байгаагүй юм.

          Тэгээд би баривчилгаанд явж ирчихээд гэртээ хариагүй шууд аав, ээжийндээ очоод байж байгаад нэг танидаг дүү маань Улаанбаатар хотод ажилд оруулж өгнө гэхээр нь Улаанбаатарт очсон. Тэгээд тэр ажил нь бүтээгүй. /2013 оны 11 сард хот явсан/.

           Одоо Улаанбаатар хотод ах П-ыд амьдарч байгаа.Гэхдээ зундаа Норовлин сумандаа очдог. Албан ёсны харъяалал маань Норовлин сум байгаа.                     Боловсролгүй, уншиж бичиж чадахгүй болохоор ажил төрөл олдохгүй байдаг бөгөөд хааяа улирлын чанартай, өдрөөр ажилладаг бөгөөд ажил хийж олсон мөнгөнөөсөө хүүдээ явуулдаг, 2013 оноос хойш хүүтэйгээ байнгын харилцаатай байдаг. Хотод байхаараа хүүгийнхээ ............ дугаарын утасаар байнгын холбоотой ярьж байдаг. Харин зундаа би Норовлин сум руу аав, ээж дээрээ очихоор хүүтэйгээ хамт байдаг. 

           Гэтэл Н нь намайг 2012 оны 08 сараас хойш бидэнтэй ямар ч  холбоо харилцаагүй болсон, хүүгээ харж ханддаггүй гэж худал тайлбар өгсөн байна. Би гэрээсээ явсан шалтгаанаа дээр дурьдсан байгаа, хүүтэйгээ байнгын харилцаатай байдаг, янз бүрийн чухал хэрэгтэй үед нь өөрийн боломжийн хэмжээгээр хүүрүүгээ хэрэгцээний мөнгийг явуулдаг байсан.

          Би одоо өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн гэр орон байхгүй тул хүүдээ их хэмжээгээр хэрэгцээг нь хангахаар мөнгө төгрөг өгч чадахгүй л байгаа гэхдээ өөрийн боломжоор олсон мөнгөө хүүдээ л зарцуулахыг хичээдэг юм. Хойшид ч гэсэн хүүгээ өөрийн боломжийн хэмжээгээр харж хандаж байх болно. Одоогоор тогтсон ажил төрөлгүй байгаа учраас тэтгэлгийг багасгаж тогтоож өгнө үү... (хх-ийн 18- 19 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Т.Поос “хүү П.Мд тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч тал нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөнгөн хадгаламжгүй, үл хөдлөх эд хөрөнгөгүй тул хүү П.Мд сард 100 000 төгрөгийн тэтгэлэг олгож өгнө үү гэж хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан: тэтлэг төлөгч өөр хүүхэлтэй, тэтгэлэг авагчаас бага орлоготой, хөдөлмөрийн чадвараа алдсан болохоо шүүхэд нотолж чадаагүй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Т.Поос гаргуулахаар шийдэв.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдээ орхин явсан буюу 2012 оны 01 дүгээр сараас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар: “тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр нэхэмжлэл гаргах эрхтэй” гэснээр нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хамтран амьдрахаа больсон үе буюу 2012 оны 01 дүгээр сараас хойш гаргах эрхтэй байжээ.

 

 Гэвч энэ эрхээ эдлээгүй нь тэтгэлгийг нөхөн гаргуулах үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан: “тэтгэлэг нөхөн гаргуулах” гэсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэгэлгийг нөхөн төлүүлэхтэй холбогдсон зохицуулалт гэдгийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг  удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү П.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Т.Пийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү П.Мийг тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Нд даалгасугай.

3. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү П.Мийг эцэг Т.Птой уулзуулж байхыг эх Г.Нд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т.Поос 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ