Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0442

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: “Н” БГБХН / /

Хаяг:

Хариуцагч: Нийслэлийн  Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1333 дугаартай “Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай” захирамжийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1333 дугаартай Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай захирамжийг илт хууль бус захирамж гэж үзэж байна. Захирамжийн нэр нь зорилготойгоо уялдаагүй, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг дүнг батлах мэт байснаа манай эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг дуусгавар болгожээ.

Нийслэлийн Засаг даргын тус захирамжийн 2 дахь хэсэгт Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хангалттай, хангалттай үнэлгээтэй биелүүлсэн гэж дурдсан байна. Энэхүү үйлдэл нь гэрээг цуцлах үндэслэлгүй болохыг илтгэж байна. Өрхийн эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хийгдсэн гурван талт гэрээг 4 үзүүлэлтээр бүрэн хангалттай, хангалттай, ажил сайжруулах, хангалтгүй гэж дүгнэдэг. Гэрээний гүйцэтгэл 69.9 хувиас доош бол хангалтгүй гэж үздэг. Ажил сайжруулах гэсэн үнэлгээг жилд 2 удаа авах буюу 70-аас 79.9 хувьтай жилд 2 удаа үнэлэгдвэл гэрээг цуцалдаг. Мөн хууль эрх зүйн болон төрийн болон ба орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалттай холбоотой ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, хамт олон багаар ажиллаагүй, даргын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн тусламж үйлчилгээ алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илэрсэн, гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгээгүй, гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд тус тус гэрээг цуцална. Гэтэл манай байгууллага хангалтгүй гэсэн үнэлгээ болон сануулга огт авч байгаагүй. Иргэдэд чирэгдэлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар байтал гэрээг цуцлах санал гарган, захирамж гаргасан нь хэт нэг талыг барьсан илт хууль бус шийдвэр болсон.

Манай эрүүл мэндийн төв нь бие даасан хуулийн этгээд бөгөөд татан буугдах үндэслэлгүй, гэрээнд заасан үүргээ тогтмол бүрэн хангалттай үнэлүүлж ирсэн. Жишээлбэл 2017 онд 93.3 хувьтай А үнэлгээ, 2018 онд 96.3 хувьтай А үнэлгээ, 2019 онд 93.2 хувьтай А үнэлгээ, 2020 онд 88.5 хувьтай үнэлгээг авсан. Баянзүрх дүүргийн 28 хорооны хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдээс манай “Н” БГБХН эхний 3 байрт бүрэн хангалттай гэсэн үнэлгээг авсаар байтал манай гэрээг хууль бусаар дуусгавар болгосон нь хууль бус ажиллагаа гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргээс 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хоёр эмнэлгийн үйл ажиллагаа давхцаж байгаа эсэхэд шалгалт хийсэн. Шалгалтаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.С, Баянзүрх дүүргийн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга М.А нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийгээд өрхийн эрүүл мэндийн төв нь хүний нөөц, үзүүлэх тусламж үйлчилгээнд давхцал байхгүй, Статистик мэдээ мэдээллийн хувьд тухайн хоёр байгууллагын хувьд тусламж үйлчилгээнд давхцал байхгүй гэж дүгнэсэн байгаа. Нөгөө эмнэлэгт өрхийн эрүүл мэндийн төвд хийдэг ажил хийгддэггүй. Ямар ч бүртгэл, ахмад, хүүхэд настны судалгаа, хүний нөөц байхгүй. Мөн дархлаажуулалт огт хийгддэггүй, сувилагчгүй, ямар ч өрөө тасалгаагүй байдаг. Тухайн 2 байгууллага нь бүтэц үйл ажиллагааны хувьд 2 өөр стандарт мөрдөж ажилладаг нь нотлогдсон.

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Гачуурт тосгоны эмнэлэгт өрхийн эрүүл мэндийн төвийн ажил хийгдээгүй байсан. Манай гэрээг дуусгавар болгосноор огт хийгдэж байгаагүй ажлыг хүчээр хийлгэснээс иргэдэд маш их чирэгдэл учирсан. Иргэдээс маш их гомдол гаргасан байгаа. Биднийг 3 хоног цалингүй ажиллуулсан. Бидний дараа манай ажлыг хийлгэхээр эрүүл мэндийн төвөөс 6, 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд очиж олон хоног ажилласан. Иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ маш их чирэгдэж, иргэдээс гомдол их гарсан. Ковид-19 цар тахал өвчний хүнд хэцүү үед Гачуурт тосгоны иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад маш хүнд байгаа учраас бухимдалтай болсон. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Б, орлогч дарга Л.З*******, хүний нөөцийн хяналтын албаны дарга Б.О*******, Санхүүгийн албаны дарга З.О*******баяр, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд хариуцсан дарга н.Ш******* гэсэн удирдлагын бүрэлдэхүүн Гачуурт тосгонд очиж иргэд болон бидэнтэй уулзаад “Н” БГБХН-ийг цаашид ажиллуул гээд 1 сарын хугацаатай ажиллуулсан. 1 сарын хугацаа дуусахад цаашаа ахиад ажиллаж бай гэсэн. Бид одоо ажиллаж байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 2 сарын цалин олгогдоогүй. Энэхүү захирамжаар ажиллаж байсан 2 эмнэлгийн 1-ийг устгасан. Нөгөө эмнэлэг нь ямар ч бэлтгэлгүй, хийж байгаагүй ажлыг хүчээр өгсөн. Үүний улмаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг асар их доголдуулсан. Биднийг ажиллаагүй үед жирэмсний хяналт урд хэзээ ч байгаагүйгээр 67 хувиар буурсан, вакцины 2 ноцтой зөрчил гарсан, нэг амьгүй төрөлт гарсан, дархлаажуулалт байхгүй болсон. Бид ажилдаа ороод олон хүүхдэд дархлаажуулалтыг нөхөж хийсэн. Эрүүл мэндийн үзүүлэлт асар их буурсан учраас биднийг буцаж ажиллуулсан. Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн 12 ажилтан ковид-19 өвчний халдвараар өвдсөн. Тус эмнэлэг 20 гаруй хоног хаагдсан. Энэ хугацаанд манай “Н” БГБХН ажилласнаар эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авч гарсан. Гачуурт тосгонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо бидэнтэй хамтран хийж байгаа. Иймд бид одоог хүртэл ажиллаж байгаа. Манай байгууллага үүсгэн байгуулагдаад 21 жил болсон. Баянзүрх дүүрэгтээ ажлын үзүүлэлтээр эхний 3 байрт ордог. Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан байгууллага” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1333 дугаартай захирамжийн гол зорилго нь гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай гэсэн байгаа. Гэтэл “Н” БГБХН-ийн гэрээг сунгахгүй байх асуудал, үндэслэл нь хууль зүйн дагуу тусгагдаагүй байгаа. Захирамжийн гол зорилго нь дүнг батлах тухай гэчхээд гэрээний биелэлтийн дүнг хангалттай гэсэн үнэлгээ өгчхөөд захирамжийн агуулгад зөрчилдсөн шууд гэрээг сунгахгүй, дуусгавар болгоё гэсэн. Хэрэв гэрээг дуусгавар болгох хууль зүйн асуудлыг авч үзэхээр болсон бол гэрээний биелэлтийн дүнг батлах захирамжаар шийдвэрлэхгүй. Тусдаа өөр захирамжаар шийдвэрлэх харилцааны асуудал байсан. Гэтэл өөр зорилго бүхий гэрээний үр дүнг батлах захирамжийн дундуур оруулаад гэрээг дуусгавар болгох асуудлыг оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны 10/5455 дугаартай албан бичиг нь тусламж үйлчилгээг тосгоны эрүүл мэндийн төв 1 иргэнээр тооцож төлбөрийн гүйцэтгэлийг 01 дүгээр 01-ний өдрөөс тооцож олгохтой холбогдуулан давхардуулахгүй гэсэн агуулгатай байгаа. Гэтэл одоо Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт ороод гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Тэгэхээр давхардал гэдэг ойлголт байхгүй болсон. Тухайн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг тухайн сум, тосгоны эмнэлгийн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх хуулийн зохицуулалт явж байгаа. Гэрээг сунгаагүй нь хуулийн этгээдийг татан буулгасан асуудалтай хамааралгүй асуудал. Гэвч оршин суугч иргэдийн Үндсэн хууль болон Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөж байна. Сонсох ажиллагаа болон тусламж үйлчилгээ авах эрхийг хангахтай холбоотой зохицуулалтыг огт хийгээгүй. Иймд иргэдийн эрх, ашиг хөндөгдөж байгаа. Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв ямар орон тоогоор яаж ажиллах талаар зохицуулсан тушаал, шийдвэр гарсан зүйл нэг ч байхгүй. Түрээсийн гэрээг шууд цуцалж байгаа юм шиг хандсан. Гэтэл энэ харилцаа маань иргэдийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр болсон. Үүний үр дагавар гараад ковид-19 өвчний нөхцөл байдалд Гачуурт тосгоны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоо, хүртээмж, хүний нөөц, байр сав, ковид-19 өвчинтэй холбоотой хүмүүсийг тусгаарлах, үзлэг хийх, удирдлага зохион байгуулалт, стандартыг хэрэгжүүлэх боломжууд зөрчигдөөд аргагүй эрхэд “Н” БГБХН-ийн эмч ажилчдыг тухайн байранд ажиллаач гэсэн саналыг тавиад хуучин үйл ажиллагаа явуулдаг хэлбэрээр нь өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Маргаан бүхий захирамж, шийдвэрийн улмаас иргэдийн эрх, ашиг хохирсон нөхцөл үүсээд байна.

“Н” БГБХН-ийн эмч ажилчид Эрүүл мэндийн тухай хуульд заасан эмчийн тангараг, ёс зүй, иргэдийн эрх ашгийн үүднээс үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Энэ талаарх нотлох баримтуудыг өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Өнөөдөр шинээр нотлох баримт гаргаж өгвөл танилцана гээд шүүх хуралдаан хойшлох асуудал гарахыг үгүйсгэхгүй гээд үйл ажиллагаа явуулж байгаа тухай баримтыг танилцуулъя. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч н.М*******ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 316 дугаартай албан бичигт ...өнөөдрийн байдлаар “Н” БГБХН нь 2156 хүнд үзлэг хийсэн. Үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн албан бичиг байгаа. Захиргааны акт маань ковид-19 цар тахал өвчний үед гарсан. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, төрийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад чиглэх ёстой. Гэтэл ийм хариуцлагагүй, тооцоо судалгаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хэрэв эдгээр хүмүүс байхгүй бол Гачуурт тосгоны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, жирэмсний хяналтад орох хүмүүс хохирох байсан. Эдгээр хүмүүсийн эмчийн тангаргийн дагуу ажиллаж байгаа. Хариуцагчийн зүгээс эдгээр хүмүүсийг ажиллуулаагүй гэж огт хэлэх үндэслэл байхгүй. Захиргааны хууль тогтоомжид зааснаар иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудлыг зайлшгүй засварлах шаардлагатай байна. Ковид-19 өвчний үед ажиллаж байсан өрхийн эрүүл мэндийн төв битгий хэл шинээр бий болгоод ажиллуулъя гэхэд эмч мэргэжилтнүүд Монгол улсад дутагдаж байна. Ийм эгзэгтэй нөхцөл байдалд хариуцлагагүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Гачууртын эрүүл мэндийн төвд нэгтгэж ажиллуулахаар болсон бол эдгээр хүмүүсийн тушаалыг гаргаад бүтцэд нь орон тоог нь бүгдийг оруулаад эдгээр хүмүүсийн эрх ашиг болон иргэдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх зохицуулалтыг хийх ёстой байсан. Гэтэл энэ зохицуулалтыг олгохгүйгээр санхүүжилт олгохгүй гээд хаасан. Өрхийн эрүүл мэндийн төв харьцангуй бага мөнгөөр олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргийг хэрэгжүүлж байсан. Гэтэл санхүүжилтийг хууль зүйн үндэслэлгүйгээр зогсоож гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр дэмжиж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хуулийн этгээдийг татан буулгаагүй. Нөхөрлөлийн статустай хуулийн этгээд хэвээр байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас ярьж буй татан буулгасан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Бид гэрээг цуцлаагүй, 2021 ондоо хамтран ажиллахгүй байхаар гэрээг үргэлжлүүлэн байгуулаагүй. Тэгэхээр гэрээг цуцлаагүй. Нэхэмжлэгч талаас гэрээг цуцалсан болон хуулийн этгээдийн татан буулгасан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Улаанбаатар хотод Туул, Гачуурт, Жаргалант, Хонхор гэсэн 4 тосгон байдаг. Уг 4 тосгоны Гачууртаас бусад 3 тосгоны эрүүл мэндийн төв тухайн тосгондоо өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг үзүүлээд явдаг. Зөвхөн Гачуурт тосгон Тосгоны эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг. 2020 онд “Н” БГБХН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар санхүүгийн тооцооллыг хийж Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамнаас Сангийн яаманд хүсэлтээ явуулсан. Гэвч Улсын Их Хурлаар 2021 оны Төсвийн тухай хууль батлагдсан. Төсвийн тухай хууль батлагдахад “Н” БГБХН-ийн санхүүжилт хасагдсан байсан. Учир нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ” гэж заасан. Тэгэхээр тухайн тосгоны эрүүл мэндийн төв нь тосгондоо өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр байна. Гэтэл Гачуурт тосгонд “Н” БГБХН нь давхар ажиллаж байсан. Тэгэхээр эрх зүйн хувьд тус хоёр байгууллага давхардаж байгаа юм. Иймд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын хэрэгжилтийг хангахын тулд 2021 онд “Н” БГБХН-тэй хамтран ажиллахгүй байхаар болж, гэрээг сунгаагүй.

Мөн Эрүүл мэндийн сайдаас давхардаж байгаа тусламж үйлчилгээнд санхүүжилт олгохгүй гэж утсаар мэдэгдсэн. Захиргааны актын хувьд сөрөг агуулгатай гарах учраас та бүхэн үүнийгээ баталгаажуулж баримтаар ирүүл гэж Эрүүл мэндийн яаманд шаардлага тавьсан. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас манайд албан бичиг ирсэн. Уг албан бичгээр Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу санхүүжилтийг давхардуулан олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Улаанбаатар хотод давхардаж байгаа ганцхан байршил нь 4 тосгоноос ганцхан Гачуурт тосгонд тосгоны эрүүл мэндийн төв, “Н” БГБХН хоёр л байсан. Өөр давхардаж байгаа газар байхгүй. Дээрх албан бичгийг авсны дагуу бид Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулсан. 2020 оны 11 дүгээр сард Эрүүл мэндийн яамнаас ийм албан бичиг ирлээ гэдгийг мэдэгдсэн. “Н” БГБХН-өөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн. Хариу тайлбарыг аваад холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд захирамжийн төслөө Нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Захирамжийг төсөл холбогдох хэлтсүүдээр танилцуулагдан хянагдаж, шалгагдаад явж байгаа. Захирамж гарахаас өмнө 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.З******* Н******* эрүүл мэндийн төв БГБХН-ийн дарга Л.О*******той биечлэн уулзаж захирамжийн төслийг танилцуулсан. Тухайн өдрөө буюу 12 дугаар сарын 25-ны өдөр “Н” БГБХН-ийн зүгээс цахимаар хариу тайлбараа ирүүлсэн. Тэгэхээр сонсгох, мэдэгдэх ажиллагаа 2 удаа явагдсан. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захирамж гарсан. Захирамж гарсан өдөр нь “Н” БГБХН-д цахимаар захирамжийг явуулсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр биечлэн очиж “Н” БГБХН-ийн хамт олонд тус захирамжийг танилцуулсан байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангаж, давхардлыг арилгах үүднээс 2021 онд гэрээ байгуулахгүй байхаар шийдвэрлэж, 2021 оноос Тосгоны эрүүл мэндийн төв нь тосгондоо өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тосгоны эрүүл мэндийн төв нь өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дээр нэмээд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, дуудлагын буюу түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг. Энэ тусламж үйлчилгээ одоо жигдрээд явагдаж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н” БГБХН-өөс тус шүүхэд хандан “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1333 дугаартай “Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай” захирамжийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн “Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай” А/1333 дугаар захирамжаар “2. Гэрээгээр хүлээсэн үүргээ “бүрэн хангалттай”, “хангалттай” үнэлгээтэй биелүүлсэн өрхийн эрүүл мэндийн төвтэй /Нөөс бусад/ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай, ... гүйцэтгэлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сард багтаан байгуулж, гэрээний биелэлтийг ... дүгнэж, танилцуулахыг дүүргийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга ...-д даалгасугай. 3. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1а/5455 дугаар албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхэлж буй “Н*******” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, тус төвийн эрүүл мэндийн ажилтныг ажлын байраар хангахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга ..., Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга ...-д даалгасугай” хэмээн шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “Захирамжийн нэр нь зорилготойгоо уялдаагүй, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг дүнг батлах мэт байснаа манай эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон, Манай эмнэлэг 2017 онд 93.3 хувьтай А үнэлгээ, 2018 онд 96.3 хувьтай А үнэлгээ, 2019 онд 93.2 хувьтай А үнэлгээ, 2020 онд 88.5 хувьтай үнэлгээг авсан байтал манай гэрээг хууль бусаар дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудад нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-47.1.7-д заасан захиргааны илт хууль бус акт” хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ Засаг дарга нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг болон Эрүүл мэндийн сайдаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Н*******” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон бөгөөд энэхүү акт нь Захиргааны ерөнхий хуулийн нийцсэн, сонсох ажиллагааг журмын дагуу хийсэн” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, “47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, “47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” хэмээн, 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно: 52.2.1....эрүүл мэнд ...болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд” хэмээн,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.5-д “хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар: а/нутаг дэвсгэртээ ... эрүүл мэнд,... талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах”, 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” хэмээн,

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах” хэмээн,

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ” хэмээн тус тус хуульчлан заасан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар, нэхэмжлэгч “Н” БГБХН нь 2020 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны иргэдэд өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн “Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай” А/1333 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт “Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн эцсийн биелэлтийн дүн”-ээр “В” буюу хангалттай үнэлэгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1333 дугаар захирамжаар,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суугч хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг “Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв” болон нэхэмжлэгч “Н” БГБХН нь хуваан үзүүлж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ” хэмээн заасантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 1а/5455 дугаар албан бичгээр “... анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээ”-гээр 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тооцож олгохтой холбогдуулан анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг давхардуулан олгох боломжгүй” тухай мэдэгдлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2020 оны А/1333 дугаар захирамжийн 3 дахь заалтаар “...Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1а/5455 дугаар албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхэлж буй “Н” БГБХН-тэй хамтран ажиллах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, тус төвийн эрүүл мэндийн ажилтныг ажлын байраар хангахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга ..., Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга ...-д даалгаж” шийдвэрлэсэн болох нь  хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1333 дугаар захирамж, Эрүүл мэндийн яамны 2020 оны 1а/5455 дугаар албан бичиг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 1/779 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02-02/424 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад тус тус заасанчлан Нийслэлийн Засаг дарга нь эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасанчлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь захиргааны гэрээ болох “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ”-г зөвхөн “эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулах” бүрэн эрхтэй.

Тухайн тохиолдолд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны оршин суугч хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг “Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв” болон “Н” БГБХН нь хуваан үзүүлж байсан нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг зөрчсөн, энэхүү нөхцөл байдлаа хариуцагч өөрөө  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд залруулж, маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1333 дугаар захирамжаар “...Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхэлж буй ““Н” БГБХН-тэй хамтран ажиллах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож” шийдвэрлэснийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” хэмээн үзэх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2,  Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н” БГБХН-өөс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1333 дугаартай “Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай” захирамжийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М