Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0631

 

 

Ж.Шын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 118/ШШ2024/0056 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Ж.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Ж.Ш

Хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд С.О

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Ш /цахим/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А/цахим/,

Хариуцагч Э.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Гуравдагч этгээд С.О /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 118/2024/0022/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 118/ШШ2024/0056 дугаар шийдвэрээр: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Шыг  үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/**, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх” нэхэмжлэгч Ж.Шын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Ж.Ш дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 3.2-т Дээрхээс үзэхэд Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар Ж.Шыг Их-Уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилж, 2024 оны Б/** дугаар тушаалаар С.Оийг сэлгэх ажиллуулах тушаал гаргаснаар бодит байдалд нэхэмжлэгч тухайн албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байх боловч Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны Б/** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна ... гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой байх буюу хоёр салаа утгагүй байх шаардлагыг хангаагүй байна.  Учир нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь буруу байна ... гэж нэхэмжлэгч миний талд дүгнэлт гаргаж, захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр буруу байна гэж дүгнэчхээд маргаан бүхий захиргааны актыг хэвээр буюу хүчин төгөлдөр үлдээж байгаа нь төрийн албанд олон жил зүтгэсэн миний бие хүртэл энэхүү шийдвэрийг ойлгоход маш хүндрэлтэй, шүүхэд итгэх итгэлийг бууруулж байна.

2.1. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-т Тодруулбал: ... Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ... 2024 оны Б/** дугаар тушаал, түүний үндэслэлд засвар оруулсан Б/** дугаар тушаал нь илт хууль бус тул анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм ... гэж мөн л ойлгомжгүй дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч намайг үүрэгт ажлаас минь чөлөөлж хууль зүйн үр дагавар үүсгэсэн учраас хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байхад тухайн маргаан бүхий 2024 оны Б/** дугаар тамгын газрын тушаалыг илт хууль бус гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчид анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй гэж бодит байдалд нийцээгүй ойлгомжгүй, тодорхой бус, хоёрдмол утгатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие 2020 оноос хойш Их-Уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт ажлыг сумын орон нутагтаа хэрэгжүүлж, цалин хөлсөө авч, төрийн ажлыг хийж гүйцэтгэж байхад миний ажлын байран дээр сонгон шалгаруулалтаар тэнцсэн хүн томилогдоогүй байхад шууд намайг чөлөөлж, хууль зүйн үр дагавар үүсгэсэн. Анхан шатны шүүхээс буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэх зохицуулалтын дагуу зөвхөн маргаан бүхий Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны Б/**, Б/** дугаар тушаалыг эрх бүхий этгээд гаргасан эсэх, уг тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно ... гэж дүгнэлт хийсэн нь бүр эргэлзээ төрүүлж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө дээрх тушаалуудыг хүчингүй болгуулах, энэхүү зөвхөн энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгаа тушаалуудыг илт хууль бус гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг 4 жил гүйцэтгэсэн ажлаас чөлөөлж хууль зүйн үр дагавар үүсгэсэн.

2.2. Шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүйгээр дүгнэлт өгнө гэж дүгнэлт  хийчхээд 4 жилийн өмнө гарсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө томилогдсон, хэргийн оролцогчийн хэн аль нь хүчингүй болгуулах, илт хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны Б/** тоот өвчтэй буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдсөн улсын байцаагчийн ажлыг хэвийн явуулахын тулд нэхэмжлэгчийг томилж эрх зүйн үр дагавар үүсгэсэн, хүчингүй төгөлдөр, оролцогчид маргаагүй тушаалд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т ... Иймд шүүх маргаан бүхий Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны Б/** дугаар тушаал түүний үндэслэлд засвар оруулсан Б/** дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй байна ... гэж маргаан бүхий захиргааны актыг хянуулахаар шүүхэд хандахад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо маргаан бүхий захиргааны акт болох Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны Б/** дугаар, Б/** дугаар тушаалуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан илт хууль бус болох талаар дүгнэлт хийсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн анх томилсон маргаан бүхий биш захиргааны актад дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.   

2. Нэхэмжлэгч Ж.Шаас хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/** дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасныг үндэслэн, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Шыг “сэлгэн ажиллах зарын дагуу шаардлага хангасан албан хаагч орон тоог нөхсөн” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж, харин 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/** дугаар тушаалаар дээрх Б/** тушаалын “47.1.2” гэснийг “46 дугаар зүйлийн 46.2.5” гэж өөрчилжээ.

3. Анхан шатны шүүх “ ... байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “энэ хуулийн 26.5-д заасан шаардлага хангасан байгаль хамгаалагч байх”-аар, байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь мөн хуулийн 26.4.4-т зааснаар “аймгийн Байгаль орчны албаны дарга” байх бөгөөд энэхүү тохиолдолд байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрхгүй этгээд болох Их-Уул сумын засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны Б/**, 2024 оны Б/**, Б/**  дугаар тушаал нь илт хууль бус тул анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дүгнэлт хийгээгүй байна.

3.1. Нэхэмжлэгч Ж.Ш нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны Б/30 дугаар тушаалаар байгаль хамгаалагчаар томилогдсон боловч мөн аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны Б/** дүгээр тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон тухайн “албан тушаал”-ын үүргийг гүйцэтгэж байгаад чөлөөлөгдсөн ба уг чөлөөлсөн тушаалтай маргаж байхад шүүх байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь байгаль орчны газрын дарга байхаар зохицуулсан Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-д заасныг хэрэглэсэн нь буруу, томилох чөлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлээр дээрх тушаалуудыг “илт хууль бус” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, маргааны үйл баримтад хамааралгүй байна.

3.1.1. Хэрэгт авагдсан Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт” /хэргийн 48-53 дахь хуудас/-д: - “Албан тушаалын нэр” хэсэгт “Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж, - “Байгууллагын нэр” хэсэгт Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар гэж, - “Албан тушаалын зорилт” хэсэгт “2.Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах” гэж тус тус заасан, мөн хариуцагч Тамгын газрын даргын 2020 оны Б/** дүгээр тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчаар  Ж.Шыг түр томилж ажиллуулан улмаар 2024 оны Б/** дугаар тушаалаар чөлөөлөх хүртэл албан үүрэг гүйцэтгүүлсэн байхад эдгээр тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан, илт хууль бус акт учраас ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй гэж дүгнэх нь ойлгомжгүй, хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм.

3.2. Хариуцагч нь маргаан бүхий Б/** дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг баримталсан, хариу тайлбар болон шүүх хуралдаанд гомдлоо тайлбарлахдаа “... Ж.Ш нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлангаа ирүүлдэггүй, мэдээ, хугацаатай албан бичгийг хугацаанд нь гаргаагүй нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэгт орно, мөн ерөнхий шалгалт өгсөн боловч тусгай шалгалтаа өгөөгүй, мөн томилогдохдоо Тамгын газрын бүтэц, орон тоонд “байгаль орчны мэргэжилтэн”-ээр биш, улсын байцаагчаар томилогдсон зэрэг шалтгаанууд аль алин нь чөлөөлөх үндэслэл болсон ..” гэж маргасан байхад шүүх эдгээр үйл баримтын талаар тодруулаагүй, маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

4. Хариуцагчийн дээрх тайлбарууд болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй холбоотойгоор албан үүргээ хэрхэн, ямар байдлаар хангалтгүй биелүүлсэн, ажлаас чөлөөлөх үндэслэл байсан эсэх, байгаль орчны хяналтын улсын байцаагч нь албан тушаалын нэр, эсхүл Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “... байцаагчийн эрх олгох журам”-ын дагуу байгаль хамгаалагч болон байгаль орчны мэргэжилтэн албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагч нь улсын байцаагчийн эрх олгогдсоноор уг эрх, үүргийг хэрэгжүүлдэг эсэх, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын болон Байгаль орчны газар /агентлаг/-ийн бүтэц, орон тооны алинд нь харьяалагддаг болох, жинхэнэ албан хаагчид тавигдах тусгай шаардлага буюу Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг өгөх шаардлагатай албан тушаал мөн эсэх, мөн бол эдгээр шаардлагуудыг хэрхэн, яаж хангасан, нэхэмжлэгч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаарх нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл, маргаан бүхий акт хууль зөрчсөн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тухайн харилцааг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэж дүгнэлт хийх шаардлагатай.

5. Иймд тус шүүхээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 118/ШШ2024/0056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ