Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/776

 

 

 

 

 

 

 

 

 

         2022            11           21                                         2022/ШЦТ/776                                

                                                                                                                     

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Ш.Чулуунтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овогт Шатарын Чулуунтөгсөд холбогдох эрүүгийн 22100 1914 1247 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ говь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Даюэ дашүэ” ХХК-д хятад хэлний орчуулагч ажилтайг, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1405 дугаар байрны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигин овогт Шатарын Чулуунтөгс /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Чулуунтөгс нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нүхтийн амны орчим А.Амарсанаатай маргалдаж, түүний нүүр лүү гараараа олон удаа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Ш.Чулуунтөгс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ш.Чулуунтөгсөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Прокуророос гаргасан ялын саналыг мөн хүлээн зөвшөөрч байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 1914 1247 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Амарсанаагийн хохирогчоор өгсөн:

“...Би эхнэр Н.Насанжаргалын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам өөд өгсөх замд барилгын гадаа хуушуур, ундаа зарахаар 10 цагийн үед очоод, зайтай газар зогсоод сүүдрэвчээ барих гэхэд хажуу талд хуушуур зарж байсан 18-98 УНС улсын дугаартай шар өнгийн автобусан дотроос үл таних эмэгтэй гарч ирээд манай сүүдрэвчийг нураачихсан. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл маргаан болсон ба цаанаас нь бүдүүн шар залуу гарч ирээд, намайг заамдаж аваад хамар руу гараа атгаж байгаад 4-5 удаа, эрүү хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд хоёр гараараа үсдэж доош дараад зүүн талын хацар хэсэгт 2 удаа өшиглөсөн. Энэ үед хүмүүс ирж салгасан.

...Надад 250.000 төгрөг бэлнээр өгч, хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08, 09 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Насанжаргалын гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нөхөр А.Амарсанаагийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам өгсөх замд байх хуушуур зардаг автобус, түцний хажууд очиж хуушуур зарахаар болсон. Тэгээд сүүдрэвчээ гаргаад барьж байхад 18-98 УНС улсын дугаартай шар автобуснаас үл таних эмэгтэй гарч ирээд “наад газар чинь манай эзэмшлийн газар, та нар байх ёсгүй, зайлцгаа” гээд манай сүүдрэвчийг буулгасан. Би нөхөр А.Амарсанаагийн хамт хэрүүл маргаан хийсэн. Энэ үед цаанаас нь бүдүүн залуу гарч ирээд манай нөхрийг заамдаж аваад, баруун гараараа нүүр лүү нь олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Мөн хоёр гараараа үсдээд, доош дараад нүүр лүү нь өшиглөхөөр нь би очиж салгах гэхэд араас танихгүй эмэгтэй үснээс хойш татаад зам руу түлхсэн. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10540 дугаартай:

1. А.Амарсанаагийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, шарх, зүүн хацар, ооч, баруун чихний дэлбэнд зулгаралт, ооч, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулын шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 16-17 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Чулуунтөгсийн яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, эрх, үүргээ ойлгож байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 31 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 35 дахь тал), Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 36 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Ш.Чулуунтөгс нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.Амарсанаа нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн (хэргийн 09 дэх тал) ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 43 дахь тал) 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Ш.Чулуунтөгсөд хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 1914 1247 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Чулуунтөгсийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ш.Чулуунтөгс нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нүхтийн амны орчим А.Амарсанаатай “манай эзэмшлийн газарт хуушуур зарах гэлээ, газар чөлөөлж өг” гэж маргалдан, түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодон биед нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, шарх, зүүн хацар, ооч, баруун чихний дэлбэнд зулгаралт, ооч, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч А.Амарсанаагийн: “...Би эхнэр Н.Насанжаргалын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам өөд өгсөх замд барилгын гадаа хуушуур, ундаа зарахаар 10 цагийн үед очоод, зайтай газар зогсоод сүүдрэвчээ барих гэхэд хажуу талд хуушуур зарж байсан 18-98 УНС улсын дугаартай шар өнгийн автобусан дотроос үл таних эмэгтэй гарч ирээд манай сүүдрэвчийг нураачихсан. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл маргаан болсон ба цаанаас нь бүдүүн шар залуу гарч ирээд, намайг заамдаж аваад хамар руу гараа атгаж байгаад 4-5 удаа, эрүү хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд хоёр гараараа үсдэж доош дараад зүүн талын хацар хэсэгт 2 удаа өшиглөсөн. Энэ үед хүмүүс ирж салгасан.

...Надад 250.000 төгрөг бэлнээр өгч, хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08, 09 дэх тал),

- гэрч Н.Насанжаргалын: “...Би 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нөхөр А.Амарсанаагийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам өгсөх замд байх хуушуур зардаг автобус, түцний хажууд очиж хуушуур зарахаар болсон. Тэгээд сүүдрэвчээ гаргаад барьж байхад 18-98 УНС улсын дугаартай шар автобуснаас үл таних эмэгтэй гарч ирээд “наад газар чинь манай эзэмшлийн газар, та нар байх ёсгүй, зайлцгаа” гээд манай сүүдрэвчийг буулгасан. Би нөхөр А.Амарсанаагийн хамт хэрүүл маргаан хийсэн. Энэ үед цаанаас нь бүдүүн залуу гарч ирээд манай нөхрийг заамдаж аваад, баруун гараараа нүүр лүү нь олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Мөн хоёр гараараа үсдээд, доош дараад нүүр лүү нь өшиглөхөөр нь би очиж салгах гэхэд араас танихгүй эмэгтэй үснээс хойш татаад зам руу түлхсэн. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10540 дугаартай:

1. А.Амарсанаагийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, шарх, зүүн хацар, ооч, баруун чихний дэлбэнд зулгаралт, ооч, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулын шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 16-17 дахь тал) болон шүүгдэгч Ш.Чулуунтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.Амарсанаагийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, шарх, зүүн хацар, ооч, баруун чихний дэлбэнд зулгаралт, ооч, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ш.Чулуунтөгс түүний нүүр, цээжин тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ш.Чулуунтөгсийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Ш.Чулуунтөгс нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ш.Чулуунтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч А.Амарсанаагийн биед учирсан “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, шарх, зүүн хацар, ооч, баруун чихний дэлбэнд зулгаралт, ооч, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн нөхцөлд хохирогч А.Амарсанаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хэрэгт мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Надад 250.000 төгрөг бэлнээр өгч, хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлсэн баримттай /хэргийн 09 дэх тал/, мөн шүүгдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гүйлгээгээр хохиролд тооцон хохирогч А.Амарсанаад 200.000 төгрөг нөхөн төлсөн нь хэргийн 52 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны хуулга баримтаар тогтоогдсон тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Ш.Чулуунтөгс нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 35 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Ш.Чулуунтөгс нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Шатарын Чулуунтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Чулуунтөгсөд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Чулуунтөгс нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ш.Чулуунтөгс нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Чулуунтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД