| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00361/И |
| Дугаар | 103/ШШ2019/00072 |
| Огноо | 2019-02-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2019/00072
| 2019 2 22 | 103/ШШ2019/00072 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1987 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 20 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, Хатгин овогт Энхцэцэгийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжигч Боржигон овогт Улаанхүүгийн Өрнөхбаярт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд онлайнаар нэхэмжлэгч Э.Нарантуяа, хариуцагч У.Өрнөхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2005 онд танилцан 2006 онд айл болон амьдарч 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Наранбаяр, 2009 онд хүү Тэмүүжин, 2014 онд хүү Өлзийбаяр нарыг төрүүлсэн. 3 хүүхдийн эцэг эх болж амьдрал ядуу ч аз жаргалтай хөдөө айлын мал хараад болж л байсан. Гэтэл 2012 онд малаа харуулсан айлын хүү амиа хорлож, уг хэрэгт Өрнөхбаярыг холбогдуулан шалгаж 2 жил гаруй хориод эцэст нь 2014 онд ял шийтгэгдэж 13 жилийн хорих ял эдлэхээр болсон. Би энэ хэрэгт нөхрөө хамааралгүй гэдэгт одоо хүртэл итгэдэг ч үнэн мөн нь олдоогүйд харамсдаг. Ачигдаад явахад нь би 1 сараас 6 насны 3 нялх хүүхэдтэй үлдэж байсан. Өөрийн гэсэн мал хөрөнгөгүй, ажилгүй надад хүүхдүүд өвчин зовлон ороохоос эхлээд хэцүү байсан, хадам ээж маань намайг нөхрөө яланд явуулсан мэтээр аашлан дайрч доромжилж хүүхдүүдийг минь бужигнуулан хүнд байдалд оруулдаг байсан. Өрнөхбаярыг эргэж очиж чадахгүй болохоор хааяа утсаар ярьдаг байсан. Би хүүхдүүдээ тэжээхийн тулд завсар зайнд нь ажил хийдэг байсан ч Өрнөхбаяр хүүхдүүдээ хаяад ажил хийлээ надаас сал гэж загнана, дээр нь хадам ээж гадуур хэслээ гэж загнана. Сүүлдээ Өрнөхбаяр ярихаа больж арай гэж нэг холбогдоход чи наранд ажил хийгээд явж байгаа хүн болох байлгүй, чи надаар яахав, баталгаагаа салгуул гэж хэлсэн. Дээр нь хадмууд нэг ч удаа туслаж дэмжихгүй мөртлөө элдвээр загнан хөөж туусаар биднийг хөндийрүүлсэн. Амьдралын эрхээр надад тус дэм болох болов уу гэж бодоод нэг хүнтэй хамт амьдран хүүхдийг нь төрүүлсэн, одоо 1 ой хүрч байгаа. Шоронд орсон цагаасаа эхлээд ярих болгонд чи наранд байгаа хүн аяаа бод гэрлэлтээ цуцлуул гэдэг болсон. Тэгээд одоо чиний хүслээр гэрлэлтээ цуцлуулах гээд байхад яагаад гэрлэлтээ цуцлуулахгүй гээд байгаа юм. Чи үр хүүхдээ боддог байсан бол яах гэж би хүн алсан гэж худлаа хэлсэн юм. Бараг шорондоо байвал архи тамхи нь илүү олдож байна гээд чи яваад өгсөн биз дээ. 2,3 сая төгрөг олоод чамайг шоронгоос гаргаж байхад чи яах гэж намайг гаргасан юм гэж уурласаар байгаад шорондоо орсон биз дээ. Үнэхээр бид нарыг бодсон бол би алсан гээд шоронд явахгүй шүү дээ. Одоо би гэрлэлтээ цуцлуулаад улсаас 240.000 төгрөг аваад амар тайван амьдармаар байна. Хүүхдүүд идэх хоолгүй хоосон хонох ч өдрүүд байна. Чи хүүхдүүдээ хамт өсгөдөггүй юмаа гэхэд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөх хэрэгтэй тэгвэл ядаж улсаас мөнгө аваад амьдрах гээд байна. Хүүхдүүдэд минь талхны булан аваад ирдэггүй юм байж ээж чинь эгч бид хоёрыг элдвээр доромжилж гудамжаар ч тайван явуулахгүй байна. Одоо хүүхдүүд минь бүгдээрээ том болоод эхнээсээ ажил хийж байгаа. Ажил хийгээд мөнгө олоод эхлэнгүүт бүгд л миний хүү, миний хүү гэцгээдэг болсон. Чамтай суугаад 3 хүүхэд төрүүлж өөрийнхөө амьдралаар тоглуулсандаа би харамсаж байна. Би хүүхдүүдээ төрүүлээд Баяраа ажил төрөл хийгээд сайхан амьдарна гэж боддог байсан. Би одоо гэрлэлтээ цуцлуулмаар байна өөр хүсэх зүйл байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч У.Өрнөхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 6 жил хамт амьдарсан. Би уг нь цалингаа аваад эхнэртээ өгдөг байсан. Зарим зүйлийг худлаа яриад байна. Одоо 1 жил гаран болоод гарах гэж байгаа юм чинь нэг мөсөн гараад гэрлэлтээ цуцлуулмаар байна. Наранд гараад бүх зүйлийг шийдмээр байна. Одоохондоо гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна. Би гараад өөрийн гэсэн гэр оронтой болоод хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байна. Хүүхдийн тэтгэмжийг төлнө. Гэхдээ одоогоор төлөх боломжгүй байгаа ч гараад тэтгэмж төлнө. Би тэр үед хүн алсан гэж худал хэлж шоронд орсондоо их харамсдаг. Гараад ухаантай сайхан амьдарна. Одоо гэрлэлтээ цуцлуулбал өр төлбөртэй гээд магадланд орох боломжгүй болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь хариуцагч У.Өрнөхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч У.Өрнөхбаяр нь шоронгоос суллагдсаны дараа гэрлэлтээ цуцлуулна гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Э.Нарантуяа, хариуцагч У.Өрнөхбаяр нар нь 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Н.Наранбаяр, 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Н.Тэмүүжин, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүү Ө.Өлзийбаяр нарыг төрүүлсэн. Нэхэмжлэгч Э.Нарантуяа нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоон хамтран амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болсон, У.Өрнөхбаяр 2012 онд гэмт хэрэгт холбогдон 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэгдэж одоо Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 427 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, зохигчид нь 2014 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдэд хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн насны байдал ээжтэйгээ хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох, хүмүүжих нөхцөл, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан эх Э.Нарантуяагийн асрамжид үлдээж, эцэг У.Өрнөхбаяраас тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар У.Өрнөхбаяраас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч У.Өрнөхбаяр анхаарвал зохино.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 тушаалаар тогтоосон 187.600 төгрөгөөр тооцов.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 259.777 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Улаанхүүгийн Өрнөхбаяр, Хатгин овогт Энхцэцэгийн Нарантуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Н.Наранбаяр, 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Тэмүүжин, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ө.Өлзийбаяр нарыг эх Э.Нарантуяагийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Тэмүүжин, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ө.Өлзийбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Н.Наранбаярыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг У.Өрнөхбаяраас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Өрнөхбаяраас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Нарантуяад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Нарантуяа нь 259.777 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч У.Өрнөхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 259.777 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ