Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 04

 

 

Т.Уын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 137/ШШ2017/00314 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: У -ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш рашаан сувилал ХХК-д холбогдох,

Гэм хорын хохирол 7687020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Ш рашаан сувилал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У миний бие нь өөрийн 3-15 насны хүүхдүүд болох Б, Лхам, Доржзодов нарын хамт Баянхонгор аймагт байрлах Ш рашаан сувилалд хэвтэн эмчлүүлж сувилуулахаар 2017.07.03-ны өдөр очсон бөгөөд 2017.07.09-нийг хүртэл эмчилгээ сувилгаа хэвийн явагдаж байсан. 2017.07.09-ний өдөр буюу 5 дахь хоног дээрээ өдрийн хоолондоо орох гээд уулнаас уруудаад явж байтал /амрагчдын байр уулан дээр, хоолны газар уулын бэлд байдаг/ 15 настай хүү болох Б /төрөлтийн хүндрэлээс сайжилттай болсон/ маань рашаан сувиллын гадна талбайн ямар ч анхааруулга, таних тэмдэг, хаалт, хашлагагүй, хөдөлмөр хамгааллын наад захын дүрэм, журам сахиагүй, биелүүлээгүй шалтгаанаас болж уулнаас уруудсан чанарын шаардлага хангахгүй далий муруй хийгдсэн шатнаас хальтирч 3 метр орчим хад чулуутай эгц өндрөөс шууд газарт унаж тархиндаа болон нугас нуруундаа шинээр хүнд гэмтэл авсан учир бид рашаан сувиллын хоногоо дуусгалгүй 2017.07.12-нд Улаанбаатар хотод буцаж ирсэн. Мөн Бийн дүү болох Доржзодов мөн л төрхийн хүндрэлээс болж багаасаа саажилттай байнгын асаргаа сувилгаанд байдаг. Б хүүг өндрөөс унаж бэртээд байхад рашаан сувиллын захиргаанаас Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелүүлээгүй, хашлага, хаалт хийгээгүй нь манай сувиллын буруу, хэл ам хийгээд яахав, таны төлсөн сувиллын нийт зардал 1700000 төгрөгийг бид буцаан өгье, мөн осолд орж гэмтэл авсан Б хүүгийн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг 100% хариуцна гэсэн тул бид ч үүнд нь итгэж хэл ам гаргалгүй, амарч сувилуулалгүй Улаанбаатар хотод ирж шинжилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүнд: 1. 2017.07.13-нд томографик авахуулсан 160000 төгрөг, 2. 2017.07.14-нөөс 23 хүртэл Манал оточ эмнэлэгт хэвтсэн төлбөр 600000 төгрөг ба хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед гаднаа эм тариа авсан. Үүнд кортексин 115000 төгрөг, цироксин 78000 төгрөг, церебролизин 24000 төгрөг, церебролизин болон кортексин 20000 төгрөг. 3. 2017.07.14-нд Мөнгөн гүүр эмнэлэгт МRI зураг авахуулсан төлбөр 530000 төгрөг, 4. 2017.07.24-нөөс 29 хүртэл Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 256000 төгрөг, 5. 2017.08.03-нд Манал Оточ эмнэлгээс нурууны бүс авсан төлбөр 80000 төгрөг ба одоогийн байдлаар нийт 1863000 төгрөгийн зардал гарсан. ... Г.Б хүүгийн унаж бэртсэнээс үүссэн эмчилгээ, шинжилгээний зардал болох 1863000 төгрөгийг Ш рашаан сувиллын төвөөс гаргуулах авахаар нэхэмжилсэн.

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ...15 настай хүү Б нь 3 м орчим хад чулуутай, эгц өндөрөөс шууд газарт унаж тархиндаа хөнгөн гэмтэл, нугас нуруундаа хүндэвтэр гэмтэл авсан гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч болон бусад эмч, эмнэлгийн байгууллагууд дүгнэсэн. Үүний улмаас Г.Б хүүгийн биеийн байдал маш муу, үргэлж толгой, ууц нуруугаар нь өвдөж, даралт нь ихсэж, хөл өвдгөөр нь хатгуулж, удаан сууж зогсож чадахгүй байдалтай болсон. ... Г.Б энэ гэмтлээс шалтгаалан байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон, гэнэтийн эрсдэл гарвал Улсын, чанартай эмнэлэгтэйгээ ойр байх, хол замд нааш цааш явж болохгүй гэсэн эмчийн зөвлөгөөг дагахаас өөр аргагүй шалтгаанаар гэр бүлээрээ Улаанбаатар хотод 1 өрөө орон сууц түрээслэн, хүүхдүүдээ сургуульд сургаж, түр амьдарч байна. Тухайлбал 1.  Г.Б нь ээж, аав, ах дүүгийн хамт УБ хот, БЗД, 14-р хороо, ЭТӨЧ 84-41 тоот хаягт байрлах 1ө өрөө орон сууцыг түрээслэн ам бүл 5-уулаа амьдарч байгаа ба түрээсийн төлбөрт 1 сарын 500000 төгрөг, 2018 оны 6  сарын 1 хүртэл 8 сарын хугацаанд нийтдээ 4 сая төгрөг төлөхөөр болоод байна. Хоёрын хоёр байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхэдтэй, ямар ч орлогогүй, ам бүл 5-уулаа гэр бүлийг удаан хугацааны турш амьдруулах айл олдохгүй байсан учраас байр түрээслэн сар сард нь төлбөрөө төлөхөөр гэрээ хийн маш хүнд амьдарч байна. 2. Г.Б нь саажилт өвчтэй, жирийн сургуульд сурах ямар ч боломжгүй. Саажилт өвчтэй хэдий ч ухаан санаа нь эрүүл учир сурч боловсрох эрхийг нь хүндэтгэж, сэтгэл санааг нь дэмжиж урам өгөх үүднээс Эрдэмтөгс хувийн сургуульд, хөнгөлтөлттэй үнээр сургаж байгаа болно. Сургалтын төлбөр 2500000 төгрөг боловч 30 хувийн хөнгөлөлт эдэлж, 1750000 төгрөгийг өөрийнх нь болон дүүгийнх нь группийн мөнгийг бүтэн жилээр нь зээлж сургалтын төлбөрийг төлсөн.  3. Замын-Үүд, Улаанбаатарын хооронд эмчилгээ, шинжилгээнд явсан замын зардал 74020 төгрөг. Г.Б нь бэртэл гэмтэл авснаасаа хойш байнга Улаанбаатар хот руу шинжилгээнд орохоор ээж Т.Уын хамт явсан. Тархи, нугас нуруундаа гэмтэлтэй, дахин дахин явахыг эмч хориглосон тул гэр бүлээрээ Улаанбаатар хотод түр амьдрах болсон. Дээрх зардалд эм тариа, хоол ундны зардал огт ороогүй болно. Ш рашаан сувиллын газар нь уулнаас уруудсан энхэл донхол чулуун шатандаа бариул, хаалт хашлага хийсэн бол ингэж өндрөөс унаж бэртэж гэмтэхгүй, гэр орноо, ажил албаа орхиж Улаанбаатар хотод очиж өндөр зардал гарган, өрөнд орж амьдрахгүй байсан. Хүүхдийнхээ эмчилгээг хийлгэх, эм тариа ч авах мөнгөгүй эмнэлэг бараадан амь зууж амьдарч байна.  Иймд Ш рашаан сувиллын газрын буруугаас Г.Бийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан дараах зайлшгүй зардлыг гаргуулан авч Бийн эрүүл мэнд, сэтгэл санааг нь нэн яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна. Үүнд: Гэм хор учруулснаас бий болсон орон сууц хөлслөх гэрээний төлбөр 4000000 төгрөг, сургалтын төлбөр 1750000 төгрөг, Замын-Үүд, Улаанбаатарын хооронд эмчилгээ, шинжилгээ хийлгэхээр явсан замын зардал 74020 төгрөг, нийт 5824020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш рашаан сувиллын гүйцэтгэх захирал Т.Төвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.У нь 3-15 насны 3 хүүхдийн хамт Ш рашаан сувилалд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 10,5 хоног үйлчлүүлэхээр зуны байранд захиалга өгч 7 дугаар сарын 03-ны өдөр автобусаар сувилалд ирсэн. Сувилалд байх хугацаандаа сувилгаа үйлчилгээгээ бүрэн хийлгэж байсан. 2017.07.14-ний өглөө буцах байсан боловч 2 хоногийн өмнө 7 дугаар сарын 12-ны өглөө буцсан. Буцах болсон шалтгаан нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчим Г.Б гэх 15 настай хүү нь ээж Уын хамт дэнжээс урууддаг нэг хүний нарийн зам, шатаар бууж явахдаа эрэг рүү хальт гишгэж өнхөрч унасан байдаг. Унасан даруйд нь манай эмч нар үзэж яаралтай эмчилгээнд оруулсан. Анхны үзлэгээр ноцтой гэмтлийн шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ хүнд хэлбэрийн суурь өвчинтэй, том биетэй хүүхэд учир оношлогоо шинжилгээнд яаралтай явуулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл ээж нь бага хүүхдийнхээ эмчилгээг бүрэн хийлгэнэ, явмааргүй байна гэсээр сувилалд  амарч байсан гэмтлийн эмчид үзүүлээд 3 хоног хэвтрийн дэглэм барь гэж байна гээд яваагүй үлдсэн. Энэ хугацаанд манай эмч, сувилагч нар өрөөнд нь очиж эмчилгээ, тариаг нь хийж байсан. Манай ажилчид харснаар хүүхэд босож суугаад, гарч ороод гайгүй байна гэсэн. Ингээд 3 хоногийн дараа буюу 7 сарын 12-ны өдөр сувиллын захиргаа 45 хүний суудалтай том оврын автобусыг 30 хүний төлбөрийг байгууллагаас төлж хөлслөөд Б хүүд эм тариаг нь өгөөд толгойд нь хамгаалалтын боолт хийгээд хэвтрийн сандал засч хэвтүүлээд явуулсан. Араас нь асууж сураглаж байсан. Автобусны жолооч хүүхэд зүгээр байна лээ ээжтэйгээ хөөцөлдөөд буугаад явсан гэж хэлсэн. Мөн тус айл нь хоёрын хоёр хүнд өвчтэй хүүхэдтэй, байнга эмчилгээ сувилгаа хийлгэдэг, мөнгө хэрэгтэй гэж үзээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2 сая төгрөгний тусламж өгсөн. Газрын налуу руу хүүхэд унасан асуудалд манай сувилал ямар ч буруугүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд өвчтэй Б хүүгийн асран хамгаалагч болох ээж Уын буруугаас болж энэ осол болсон гэж үзэж байгаа. Хүүхэд унах үед хүүхдийн асран хамгаалагч болох ээж У хүүхэдтэйгээ хамт явж байсан. Манайх хөгжлийн бэрхшээлтэй, мөн хүүхэд 18 нас хүрээгүй бол заавал асран хагмаалагчтай авдаг. Т.У нь Бийн асран хамгаалагчаар явсан. Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах ёстой. Гэтэл хэн ч харсан хөл гар муутай, хүн явахад бэрх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулж яваад унагаасан нь асран хамгаалагчийн хариуцлагын асуудал. Манайд зуны байр, эко буудалд байрлаж байгаа үйлчлүүлэгч нар зоогийн газар руу явах зориулалттай 3-4 хүн зэрэгцээд явах боломжтой, хашлага хамгаалалттай шат зам байдаг. Гэтэл энэ замаараа яваагүй, зориулалт маршрутын бус эмнэлгийн арын нарийн замаар явсан. Хүүхдээ унаж байхад хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүй талаар асуухад газрын налуу руу хүүхдээ унаж байхад татаад авчихгүй яасан юм бэ гэхэд ээж нь би өөрөө давхар уначихвал яах юм гэж, яагаад буруу замаар явж байгаа юм бэ гэхээр айлын урдуур гарч, явж чадахгүй гэж хариулсан. У нарын байрлаж байсан зориулалтын замаар буухад сувилагчуудын байрны дундуур ч, араар ч явах боломжтой өргөн жим бий. Иймд харсаар, мэдсээр байж нэг хүний нарийн замаар хүүхдээ  дагуулж явсан нь ээжийнх нь буруу.  Хөгжлийн бэрхшээлтэй бие муутай хүүхэд ганцаараа налуу нарийн замаар байнга цай, хоолоо зөөгөөд их эвгүй, ойчих гэж байгаа юм шиг явж байгааг олон ажилчин харсан байдаг. Энэ бүхнээс харахад ээж нь өөрөө асрах үүргээ биелүүлэхгүй байсан гэж бид үзэж байна. Иймд газрын налуу руу хүүхэд нь өнхөрч унасан осолд манай сувилал ямар ч буруугүй. Б хүү өнхөрч унаснаас болж ноцтой гэмтэл бэртэл аваагүй, ээж нь анхнаасаа хүүхдээ гэмтэж бэртээгүй гэдгийг мэдэж байсан байх, яагаад гэвэл яаралтай явуулъя гэхээр явахгүй, бага хүүхдийнхээ эмчилгээг дуусгаад явна гээд хойшлуулаад байсан. Хүүхэд хэвийн явж, сууж, хэвтээд орж гараад явж байхыг нь олон хүн харсан байдаг. Б хүү замаас унаснаас хойш эмээ гэх хүн захирал руу ярьж эмчилгээний мөнгө нэхсэн, 3 хүүхэдтэй айлын 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, мөнгө зээлж явсан гэж хэлсэн. Манай сувилал нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 10 хүнийг үнэ төлбөргүй эмчилж сувилдаг. Гэтэл ийм хүндрэлтэй, тусламж хэрэгтэй хүүхдүүд байсан байна гэж мэдсэн бол саажилттай 2 хүүхдийг нь үнэ төлбөргүй сувилах байсан юм. Ийм тохиолдолд гайгүй байранд оруулж болох байсан. Гэтэл асуудал нэгэнт ийм болсон тул буцааж олгох ёстой 284000 төгрөгийг 2 сая төгрөг болгож буцааж өгье, шинжилгээ оношлогоо хийлгэж, тусламж болог гэж энэрэнгүй үзлээр туслах шийдвэр гаргасан. Хэл ам гарах байх гэж айж, эмээж тусламж өгөөгүй. Дахин мөнгө нэхэхээр нь баримтуудаа аваад ир гэсэн. Авчирсан баримтанд нь томограф ба шинжилгээний төлбөрийн баримт байсан. Хэвтэж эмчлүүлсэн баримт бол стандарт бус хуурамч баримт байсан. Байнга манай санхүү рүү утасдаж нягтлангуудаас мөнгө нэхэж дарамталж байсан. Цаашид амь нас нь яах юм, насаар нь тэжээлгэнэ гэж ярьж байсан. Иймд удирдлагын хурлаар хэлэлцээд угийн хүнд хэлбэрийн суурь өвчтэй хүний асуудал яригдаж байгаа учир шүүх эмнэлгээр гэмтлийн зэргийг тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн.  Биднийг утсаар болон байгууллага дээр ирж дарамталж, янз бүрийн юм нэхэж байгаад нь гомдолтой байна, мөн далимдуулж хууль бусаар мөнгө, төлбөр нэхэж дарамталж, заналхийлж байгаа асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймагт байрлах Ш рашаан сувилал ХХК-иас 1808000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5879020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 153200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш рашаан сувилал ХХК-иас 43878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Уд олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хууулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, 

Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү давж заалдсан гомдолдоо:  Ш рашаан сувилал ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэх 1800000 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлгүй бөгөөд хариуцагч байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэртай холбогдуулж ямар нэгэн маргаан, гомдол гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.6-д зааснаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Т.У нь “Ш рашаан сувилал” ХХК-д холбогдуулан хүү Г.Бийн эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн хохиролд 1863000 төгрөг нэхэмжилж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 5824020 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 7687020 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “Ш рашаан сувилал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүү Г.Бийн эрүүл мэндэд учирсан хохиролд гэм буруугүй, ээж Т.У нь хүүхдээ асран хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ. 

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч “... хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна. 

 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтанд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүнг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй ч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй,  дурдсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.У нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймагт байрлах Ш рашаан сувилалд 3 хүүхдийн хамт эмчилгээ сувилгаа хийлгүүлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Б нь амралтын газар байх шатаар уруудаж яваад халтирч унасны улмаас түүний биед сээрний 6 дугаар нугаламын шахагдсан хугарал, хоёр талын дагз болон зулайн дэлбэнгүүдийн дотор зөөлөн бүрхүүлийн доогуурх бичил цус хуралт, хоёр далны дунд зулгаралт гэмтэл учирсан /хх-109/ болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. 

 

Харин нэхэмжлэгч тал харицагч байгууллагыг шатыг зориулалтын дагуу хийгээгүй буюу хаалт, хашлага хийгээгүйгээс хүү Г.Б халтирч унасны улмаас гэмтсэн гэж,  хариуцагч тал дээрх гэмтэл учирсан явдалд өөрийгөө гэм буруугүй буюу хүү Г.Б нь зориулалт, маршрутын бус замаар явсан, ээж Т.У хүүхдээ асран хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тус тус маргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай эсэх талаар бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 497 дугаар 497.1-д заасан “Бусдын ... эрүүл мэнд ... –д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэнтэй нийцээгүй болно. 

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол ... гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийг ийнхүү гэм буруугүй болохоо нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй ч нөгөө талаар Иргэний хуулийн 497 дугаар 497.1-д зааснаар Г.Бийн биед учирсан гэмтэл /учирсан хохирол/ нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдлээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх болон хариуцагчийн гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй байсан нь гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болох учиртай. 

 

Нэхэмжлэгч Т.Уын хүү Г.Б нь төрөлтийн хүндрэлээс  болсон саажилттай буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу осол гарах үед нэхэмжлэгч Т.У нь хүү Г.Бийн хамт уг замаар явж байсан боловч түүнээс үл хамаарах шалтгаанаар осол гарсан буюу эх Т.Уыг хүү Г.Баа ослоос аврах боломжтой байсан, түүний хайхрамж, болгоомжгүйгээс осол гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эх Т.У нь хүү Г.Бийг асран хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас буюу зохигчдын тайлбар болон хүүхдийн халтирч унасан гэх шатны фото зургаас /хх-19, 23/  үзэхэд хариуцагч Ш рашаан сувилал ХХК нь Сувиллын бүтэц үйл ажиллагаа  MNS 5232:2013 Монгол Улсын стандарт /сувиллын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах/ “11.2.3. Сувиллын гадна болон дотор талын шал нь халтиргаа, гулгаа үүсгэхгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан ... байна. 11.8.2. Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан тусгай нөхцөл шаардлагуудыг тасаг, нэгж /тусгай зориулалтын ариун цэврийн өрөө, суултуур, хана дагасан бариул, тэргэнцэр гэх мэт/ бүр хангана.”  гэснийг мөрдөж ажиллаагүй  болох нь тогтоогджээ. 

 

Түүнчлэн хариуцагч тал уг осол болсон замыг нийтийн хэрэгцээнд зориулж хийгээгүй, амрагч, сувилуулагчийн сувилалд үйлчилгээ авахад зориулагдсан маршрутын зам биш гэж маргаснаас үзэхэд уг замыг зориулалтын стандартын шаардлага хангаагүй зам болохыг үгүйсгээгүй ба хэрэгт цугларсан нотлох баримтаар уг замд ийнхүү анхааруулга, тэмдэг, тэмдэглэгээ тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийг Сувиллын бүтэц үйл ажиллагаа  MNS 5232:2013 Монгол Улсын стандартын  13.1.3-д заасан “Үйлчлүүлэгч ар гэрийн хүмүүст эмчилгээ үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл өгч, аюулгүй байдалдаа өөрсдөө хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.” гэснийг хангаагүй гэж үзнэ. 

 

Дээр дурдсанаас дүгнэж үзвэл хариуцагч Ш рашаан сувилал ХХК нь явган хүний замыг хийхдээ Сувиллын бүтэц үйл ажиллагаа  MNS 5232:2013 Монгол Улсын стандартад заасан эрүүл ахуй, аюулгүй байдлын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан тусгай нөхцөл шаардлагуудыг хангаагүйгээс нэхэмжлэгч Т.Уын хүү Г.Б нь уг замаар зорчиж явахдаа халтирч унан түүний биед гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар түүнд учирсан эмчилгээний зайлшгүй зардлыг хариуцагч арилгах үүрэгтэй юм. 

 

Нэхэмжлэгч Т.У нь ийнхүү гэм хор учруулсан хохиролд нийт 7687020 төгрөг нэхэжмилсэн байх ба анхан шатны шүүх орон сууц хөлслөх төлбөр 4000000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 1750000 төгрөг, замын зардал 74020 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хүүхдийн эрүүл мэндэд учирсан зайлшгүй зардал гэж үзээгүй нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн нийт  үнийн дүнг тооцохдоо хэрэгт баримт нь авагдсан боловч нэхэмжлэгч нэхэмжлээгүй зардлыг гаргуулсанаас тооцооны алдаа гаргасан байна. 

 

Энэ нь нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлд дурдсан зардлаас 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн КТГ-ын шинжилгээний /толгой//хх-75/ төлбөрт  нэхэмжлэгч 160000 төгрөг нэхэмжилсэн боловч уг шинжилгээг 15000 төгрөгөөр /анхан шатны шүүх энэ дүнгээр тооцсон/ хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдсон учир энэхүү нэхэмжлэлээс нийт 145000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ба анхан шатны шүүх нэхэмжлэлд дурьдаагүй, нэхэмжлээгүй төлбөр болох рефлекс эмнэлэгт үзүүлсэн төлбөр /хх-79/ 70000 төгрөг, мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн төлбөрт /хх-74/ 20000 төгрөг, нийт 90000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, улмаар эндээс гарсан зөрүү 55000 төгрөгийг юунд нэхэмжилсэн нь тодорхойгүй гэж буруу дүгнэжээ. 

 

Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлаас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хариуцагчийн төлбөл зохих зардал буюу хүү Г.Бийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зайлшгүй зардалд нийт 1718000 төгрөгийг  /КТГ-15000 төгрөг, Манал оточ эмнэлэг төлбөр-600000, эм тариа-237000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэг MRI зураг-530000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн -256000 төгрөг, нурууны бүс 80000 төгрөг/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй ба харин хүү Г.Бийн эрүүл мэндэд учирсан гэм хорын арилгахтай холбоотой зайлшгүй зардал болох нь тогтоогдоогүй зардал буюу нэхэмжлэлээс үлдсэн нийт 5969020 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн талууд хариуцагч Ш рашаан сувилал ХХК-аас буцаан олгосон 2000000 төгрөгийн хувьд маргаж нэхэмжлэгч Т.У уг мөнгийг сувиллын төлбөрийг буцаан олгосон гэж, хариуцагч  байгууллага нь  үйлчилгээ аваагүй үлдсэн хоногийн төлбөр 284000 төгрөг дээр нэмж эмчилгээний зардалд тусламж болгож нийт 2000000 төгрөгийг олгосон гэж тус маргасан байхад анхан шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд уг 2000000 төгрөгийг буцааж олгосон баримтанд /хх-134/ гүйлгээний утга хэсэгт “... хоног буцаалт” гэсэн тэмдэглэгээ хийж олгосон байх тул уг мөнгийг нэхэмжлэгчийн хүү Г.Бийн эмчилгээний зардалд төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй буюу энэ нь дээр дурдсан хариуцагчийн  төлбөл зохих зардлаас хасч тооцогдох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үийн  давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 137/ШШ2017/00314 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 1.808.000 ...” гэснийг “1718000” гэж, “... 5879020 ...” гэснийг “5969020” гэж, 

2 дугаар заалтын “...43.878...” гэснийг “42438” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Ш рашаан сувилал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                  Х.БАЙГАЛМАА