Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 114/ШШ2021/0012

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 114/ШШ2021/0012

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 114/2021/0007/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Шинэ үе хамтын холбоо Гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллага / РД 8087512/ Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг 21-р хороололд өөрийн байранд байрлах

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах Кама сервис интернэшнл ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, Кама сервис интернэшнл ТББ-ын газар ашиглах эрхийг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваадорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд

Хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зол-баясах, Ц.Чулуунцэцэг, Б.Баярмаа

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Манай байгууллага нь 2012 оноос үүсгэн байгуулагдаж хүний эрхийг хангах, хувь хүний хөгжлийг дэмжих, эмзэг бүлгийн иргэдэд туслах чиглэлээр хүмүүнлэг, хөгжлийн үйл ажиллагааг явуулж ирсэн. Үүнд: Архины хамааралтай иргэдэд амьдралаа өөрчлөхөд нь туслах, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих, хуримтлалын бүлэг байгуулах, хөгжүүлэх чиглэлээр, өрхийн орлого нэмэгдүүлэх, хөдөлмөрт дадлагажуулах чиглэлээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эцэг эхчүүдийг чадавхжуулах чиглэлээр сургалт, зөвлөгөө, хамтын үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай Кама сервис интернэшнл ТББ нь 2000-2018 онуудад Дархан-Уул аймагт хүмүүнлэг, хөгжлийн төслийг хэрэгжүүлж байх үед үйл ажиллагааны үр дүнд манай байгууллага дээрх чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаад төслийн хугацаа дуусч, 2018 оноос үйл ажиллагаагаа одоог хүртэл бие даан өргөжүүлэн явуулж байна.

Манай байгууллага Кама сервис интернэшнл ТББ-ын өмч болох 552м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өмчлөх эрхээ баталгаажуулж авсан. Тус үл хөдлөх хөрөнгөд хамаарах Кама Сервис Интернэшнл ТББ-ын ашиглалтад байсан 2289 м2 талбайтай газрыг шилжүүлэн авч эзэмших хүсэлтээ Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус холбогдох баримт материалын хамт албан тоотоор хүргүүлж байсан. Гэвч хүсэлтийн хариуг тухай бүрт нь шийдвэрлэж өгөхгүй байсан боловч газрыг шилжүүлж өгөхөөр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагаар газрын нэгж талбарын хувийн хэргийн үнэ, кадастрын зургийн үнэ, гэрчилгээний үнэ зэрэг төлбөрийг Төрийн сангийн 1001900029003 тоот дансанд төлүүлж баримтыг авч байсан. Хариуцагч нар нь 2019 онд 3 төрлийн улсын тэмдэгтийн хураамж Төрийн сангийн дансанд төлүүлсэн байдаг, хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгч нар нь бид төлүүлээгүй гэж маргаж байгаа боловч өнөөдрийг хүртэл хураамжийг буцаан олгоогүй болно. Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэхгүй байсан бол тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шаардлагагүй байсан ба энэ нь газрын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн горьдлого төрүүлсэн байна.

Бид удаа дараа өгсөн хүсэлтийг маань хэрхэн шийдвэрлэж байгаа талаар лавлаж асуухад удахгүй шийдвэрлэнэ түр хүлээж бай гэдэг байсан. Ингээд дахин дахин шаардсаны үндсэн дээр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210 тоот дугаартай албан бичгээр Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтын дагуу газар эзэмших асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн. Дуудлага худалдаан анхны үнэ 91 сая төгрөгийг төлж байж газар танай байгууллага руу шилжүүлэх асуудал шийдэгдэнэ гэх хариуг тухайн үед Газрын харилцаа, барилга хот байгуулалтын кадастрын мэргэжилтнээр ажиллаж байсан Батчулуун амаар хэлж тайлбарлаж байсан. Үүнийг зөвшөөрөхгүй 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад хандахад өргөдлийг Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газраас 2021 оны 05 дугаар 07-ны өдрийн 312 тоот албан бичгээр шийдвэрлэх асуудлыг Ковид-19 халдварт хатуу хөл хорионы хугацаанд 1 сарын хугацаатайгаар сунгасан тухай хариуг өгсөн.

Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Кама сервис интернэшнл ТББ-ын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04501-2016/20409 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээний 5.1-д газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр газар ашиглах эрхийг шилжүүлж болно гэж тусгасан байна. Газрын тухай хуулиар газар ашиглах эрхийн гэрчилгээг эзэмшигч нь тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан тохиолдолд заавал тухайн газрыг дуудлага худалдааны үндсэн дээр эзэмших эрхтэй гэж хууль тогтоомжид тусгаж өгөөгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэж тус тус хуульчилсан байдаг. Үүнээс үзэхэд тус газар дээрх үл хөдлөх хөрөнгийн албан ёсны өмчлөгч манай байгууллагын Кама сервис интернэшнл ТББ-аас газар шилжүүлэн авч эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөхөөс татгалзсан нь Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээний холбогдох заалтыг зөрчөөд зогсохгүй, Газрын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчиж буй хууль бус эс үйлдэл гэж үзэж байна.

Шинэ үе хамтын холбоо ТББ нь Кама сервис интернэшнл ТББ-тай адил үйл ажиллагааг явуулж байна. Нэгэнт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь газар дээр үүссэн энэ тохиолдолд хэргийн оролцогч нар газрын асуудал эвлэрэх асуудал хамгийн чухал байна. Газрын тухай хуульд заасан журмаар дээрх газар дээр дуудлага худалдаа явуулах ямар ч боломжгүй, дуудлага худалдаа шинээр олгогдох газар дээр яригдах асуудал байдаг бөгөөд дуудлага худалдаа зарлах ч боломжгүй юм. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Кама сервис интернэшнл ТББ-тай байгуулсан газар ашиглах гэрээний 5.1-д газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр газар ашиглах эрхийг шилжүүлж болно гэж шийдвэрлэнэ гэж 2017 оны гэрээнд заасан тул газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө гэрээгээр шилжвэл дагаад газар шилжих ёстой.

Манай байгууллагаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд уг асуудлаар гомдол гаргасан. Тус гомдлыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын цохож шилжүүлсэн байсан ба газрын албанаас манайд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаартай албан тоотоор Ковид-19 халдварын хатуу хөл хорионы хугацаанд ирсэн тул 1 сарын хугацаагаар сунгасан болно гэсэн мэдэгдлийг ирүүлсэн боловч хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Иймд Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах Кама сервис интернэшнл ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, Кама сервис интернэшнл ТББ-ын газар ашиглах эрхийг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зол-баясах, Ц.Чулуунцэцэг, Б.Баярмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасан байдаг.

Кама сервис интернэшнл ТББ-ын гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл нь АНУ-д төвтэй, гадаад улсын төрийн бус байгууллага болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон зөвшөөрлөөр тодорхой байна. Тиймээс нэхэмжлэлд дурдсан эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх нөхцөл хуулийн зохицуулалтгүй байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болно, 49 дүгээр зүйлийн 49.1-д Энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан этгээдийн газар ашиглах эрх дуусгавар болоход хуульд өөрөөр заагаагүй бол уг этгээдийн дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж заасан байдаг.

Мөн Кама сервис интернэшнл төлөөлөгчийн газрын дүрмийн 8.3-т Төлөөлөгчийн газрыг татан буулгах тухай шийдвэрийг Улсын бүртгэлийн болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, бүртгэлээс хасалт хийлгүүлнэ гэж заасан байна. Кама сервис интернэшнл ТББ-ын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Дархан салбар хааж байгаа тул тус салбарын байшин болон газрыг Шинэ үе хамтын холбоо ТББ-д бэлэглэсэн шийдвэр гаргасан нь дээрх хууль болон дүрмийг зөрчиж байна. Тус байгууллага нь татан буугдсан тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болж, газар дээрх эд хөрөнгийн ашиглах эрх ч дуусгавар болох учиртай. Мөн ашиглах, эзэмших, шилжүүлэх эрх зөвхөн хуульд зааснаар Газрын албанд байдаг, гэтэл дээрх хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ, тогтоолыг нотариатын байгууллага баталгаажуулсан нь хууль зөрчсөн, Улсын бүртгэлийн хэлтэс нь газрын асуудлыг шийдвэрлээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь эрх зүйн зөрчилтэй байна.

Газар ашиглуулах гэрээний 5.1-д газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр газар ашиглах эрхийг шилжүүлж болно гэж тусгасан хуульд нийцсэн байх шаардлагатай.Манай байгууллагаас Шинэ үе хамтын холбоо ТББ-д боломж олгож, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээд давуу эрхээр газар эзэмших эрхийг олгоё гэсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа, төрийн байгууллагын зүгээс бүх боломжит ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчид 2289м.кв газар нь Худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын төлбөрийн 1-р бүсэд хамаарах бөгөөд 1м.кв газрын үнэ 40000 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 2289м.кв*40000 төгрөг=91560000 төгрөг болж байгаа юм. Дуудлага худалдааны анхны үнийг тооцоолохдоо Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалыг үндэслэсэн болно.Үүнээс үл хөдлөх эд хөрөнгө барилгын 552 м.кв талбайг хасаад 69 000000 сая төгрөг төлөхөөр эвлэрэх боломжтой тухай шүүх хуралдаан дээр ярилцсан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Кадастрын зургийн үнэ тушаасан гэсэн баримтуудын тухай тайлбарлаж хэлэхэд хүсэлт гаргагчийн дагуу хурлаар орж Засаг даргын захирамжийн төсөлд орсны дараа кадастрын үнэ, гэрчилгээний үнэ, тэмдэгтийн хураамж гэсэн 4 баримт төлүүлэхээр программаас нэхэмжлэх гарсны дараа тушаадаг. Гэтэл нэхэмжлэгч талаас тушаасан гэсэн баримтыг ямар учиртай тушаасны мэдэхгүй байна. Манай зүгээс хураамжийг тушаах тухай нэхэмжлэх өгөөгүй гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдах учиртай.

Кама сервис интернэшнл ТББ-ын газар ашиглах эрх дуусгавар болсон тохиолдолд Шинэ үе хамтын холбоо ТББ-ын нэр дээр газар эзэмшүүлэх асуудал яригдахаас, эрх шилжүүлэх асуудал яригдахгүй юм. Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газраас хуулийн хүрээнд нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр зөвхөн дуудлага худалдааны анхны үнийг төлөөд газар эзэмшүүлэх боломжтой гэдэг хариуг өгсөн. Эзэмшихийг хүссэн 2289м.кв газар нь худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын төлбөрийн 1-р бүсэд хамаарах бөгөөд 1м.кв газрын үнэ 40000 /дөчин мянган/ төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ /ДХАҮ=2289м.кв*40000 төгрөг=91560000 төгрөг/ болж байгаа юм. Кама сервис интернэшнл ТТБ-ын 2018.06.26-ний өдрийн нотариатаар батлуулсан Газар ашиглуулах эрх шилжүүлэх гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчсөн байна. Кама сервис интернэшнл үйл ажиллагаа явуулахаа больсон учраас Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар төр газрыг буцаан авч дуудлага худалдаа явуулах боломжтой. Харин төрийн байгууллагаас давуу эрхээр дуудлага худалдааны анхны үнийг төлбөл дуудлага худалдааг явуулахгүйгээр шилжүүлэх боломжтой байна. Хэрэв нэхэмжлэгч газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй гэвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үлдээгээд бусад газарт дуудлага худалдаа явуулах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч нь Шинэ үе хамтын холбоо ГҮТББ нь шүүхэд Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах Кама сервис интернэшнл ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, Кама сервис Интернэшнл ТББ-ын газар ашиглах эрхийг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нь дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үндэслэлээ тайлбарлавал:

1.Нэхэмжлэлийн Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах Кама сервис интернэшнл ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох шаардлагын тухайд:

Кама сервис интернэшнл ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Шинэ үе хамтын холбоо ГҮТББ нар нь Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах 2289 м.кв талбайтай газрыг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-ын нэр дээр шилжүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Шинэ үе хамтын холбоо ГҮТББ нь дээрх гэрээний дагуу газар ашиглах эрхийг өөрийн байгууллагад шилжүүлэх хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2019, 2020, 2021 онуудад гаргаж байсан бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Шинэ үе хамтын холбоо ТББ-д 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210 тоот албан бичгээр ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар ашиглах эрх шилжүүлэх боломжгүй тул ашиглах эрх дуусгавар болно, манай байгууллагад газар эзэмшүүлэхээр бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар газрын дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг өгсөн байна. Энэхүү албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч газар дээрх үл хөдлөх хөрөнгийн албан ёсны өмчлөгч манай байгууллагын Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газраас газар ашиглах эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлэж өгөхөөс татгалзсан нь газар ашиглах гэрээ болон Газрын тухай хуульд заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзээд Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасныг Засаг даргаас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн байна.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь гомдлыг хүлээн аваад 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ковид-19 халдварт өвчин тархаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор шийдвэрлэх хугацааг сунгасан тухай 312 тоот албан бичгийг хүргүүлснийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчид бичгээр болон амаар газар ашиглах эрхийг эзэмшүүлэх эрхээр шилжүүлэх хуулийн зохицуулалтгүй, харин газрын дуудлага худалдааны анхны үнийг төлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж болох талаар хариуг өгч байсан болох нь нотлогдож байх тул Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газрын газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэлийн Кама сервис интернэшнл ТББ-ын газар ашиглах эрхийг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс гаргасан Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газрын газар ашиглах эрхийг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж барьцаалж болно. Энэ гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасантай нийцэхгүй байна.

Учир нь Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газар нь АНУ-д төвтэй Кама сервис интернэшнл ТББ-ын зорилго, чиг үүргийг Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх албан ёсны төлөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага байх ба Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд 2289 м.кв талбайтай газрыг ашиглах гэрээгээр ашиглаж байсан болох нь төлөөлөгчийн газрын дүрэм, 2016 онд 5 жилийн хугацаагаар сүм, хийд, шашны байгууллага явуулах зориулалтаар газар ашиглах эрхийг сунгасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/492 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай байгуулсан газар ашиглуулах тухай гэрээ зэргээр нотлогдож байна.

Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д 552 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр, мөн өдөр газар ашиглах эрх шилжүүлэх гэрээг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-тай байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан газар ашиглуулахтай холбоотой зохицуулалтад гадаад улсын хуулийн этгээд газар ашиглуулах эрхээ бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй тул дээрх гэрээг хууль зөрчиж үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газрын Монгол улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байх тул Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газрын газар ашиглах эрх дуусгавар болсон байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Кама сервис интернэшнл ТББ-ын төлөөлөгчийн газрын газар ашиглах эрхийг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3,106.3.14 дүгээрт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,44 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Шинэ үе хамтын холбоо ГҮТББын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах Кама сервис интернэшнл ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, Кама сервис Интернэшнл ТББ-ын газар ашиглах эрхийг Шинэ үе хамтын холбоо ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3,108.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.ЭНХТУЯА