Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0785/З |
Дугаар | 221/МА2024/0662 |
Огноо | 2024-10-14 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0662
Л.Оын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О
Нэхэмжлэгч: Л.О
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо
Гуравдагч этгээд: Н.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай” 40 дүгээр тогтоол, мөн дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай” 45 дугаар бүхий хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож, Л.Оыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0762 дугаар шийдвэр
Хэргийн индекс: 128/2024/0785/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.О нь Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0762 дугаар шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан иргэн Л.Оаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Оаас “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай” 40 дүгээр тогтоол, мөн дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай” 45 дугаар бүхий хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож, Л.Оыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай” 07 дугаар тогтоолоор нэр дэвших гишүүдийг нэрсийг баталж, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байх ба уг жагсаалтын 26-д “Л.О 9-р тойрог 44, эр” гэж тэмдэглэгдсэн байна.
3.2. Улмаар хариуцагч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 20 дугаар тогтоолоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн хавсралтад дурдсан 40 дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгожээ.
3.3. Гэтэл Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны Тэргүүлэгчдээс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 175 тоот “... ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр Нямсүрэн овогтой Гансүхийг тодруулсан. Гэтэл Редакцийн алдааны улмаас Лхагважав овогтой Отгонбаатарын нэр нэр дэвшигчдийн нэрс дунд орсон байдаг. Манай намын зүгээс ... Н.Гийг бүртгүүлэхээр холбогдох баримт материалыг хүргүүлсэн ... намаас баримт материалыг хүргүүлээгүй, шаардлага хангаагүй Л.Оыг бүртгэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Иймд тус шийдвэрээ хүчингүй болгож, Н.Гийг бүртгэж өгнө үү” гэсэн агуулгатай албан бичгийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.
3.4. Дээрх гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо хуралдаж, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Л.Оын нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгож, мөн өдрийн 45 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Н.Гийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай” 40 дүгээр тогтоолд “Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ... 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Л.Оыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон тул нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай” гэжээ.
4.2. Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын аймаг, сум, нийслэл, дүүргийн байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж тус тус заасан.
4.3. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 40, 45 дугаар тогтоолууд хуулийн дээрх заалтуудад нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.
5. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт гуравдагч этгээд Н.Гийг дэвшүүлсэн, дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн 07 дугаар тогтоолын хавсралтад нэр техникийн алдаа гарч, дэвшигчдийн нэрс дунд нэхэмжлэгч Л.Оын нэрийг бичсэн, Н.Гийн материалыг хүргүүлсэн болохоос Л.Оын материалыг хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.М, хэрэг эрхлэх газрын дарга Б.С нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар хангалттай тогтоогдож байна.
5.1. Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд “тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас Н.Гийг нэр дэвшүүлсэн, хавсралтад Л.Оын нэр бичигдсэн нь техникийн алдаа, түүний материалыг хүргүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Оын нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Н.Гийг нэр дэвшигчээр бүртгэсэн хариуцагч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... дүүргийн намын хорооны зарим нэг тэргүүлэгчид дүүргийн намын хороог нэр дэвшүүлэх асуудлаар төлөөлөхгүй, хуульд заасан нэр дэвшүүлэх эрхийг эдлэхгүй болохыг шүүх огт авч үзээгүй, хэт өрөөсгөл дүгнэлт хийж шийдвэр гаргасан” гэжээ.
6.1. Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар намаас нэр дэвшүүлэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэх нь тухайн намын бүрэн эрхийн асуудал бөгөөд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Н.Гийн нэрийг дэвшүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд хариуцагч Сонгуулийн хороо болон шүүх дүгнэлт хийхгүй.
6.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ