Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00952

 

....................ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02782 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2294 дүгээр магадлалтай,

.........................-ын нэхэмжлэлтэй,

..........................-т холбогдох

........................... дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол ам /18190/, Найрамдлын зам гудамж, ....... тоот хаягт байршилтай, 198 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,910,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.13-ны өдрийн 184/ШШ2019/01607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 1725 дугаар магадлалын дагуу төлбөр төлөгч …..........аас 98,238,960 төгрөг гаргуулж, төлбөр авагч “…....................” ХХК-д олгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч ….....ын зүгээс Улаанбаатар хот, ................дүүрэг 1-р хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, ….......... тоот хаягт байрлалтай, 198.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зах зээлийн үнэ нь 400,000,000 төгрөг болохыг тодорхойлж үнийн санал хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээг 157,910,100 төгрөг хэмээн тогтоосон байна. Гэтэл тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3,000,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршилын итгэлцүүр зэргийг буруу тооцоолж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшинд нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Уг хувийн сууц нь үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна. Иймд Улаанбаатар хот, ................. дүүрэг, 1-р хороо, Баянголын ам /18190/, Найрамдалын зам гудамж, …........ тоот хаягт байрлалтай, 198,0 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 157,910,100 төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Гүйцэтгэх хуудсыг тус газар 2019.12.05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20390055 дугаар тогтоолоор үүсгэж гүйцэтгэх хуудаст заагдсан төлбөр төлөгч ….......ын өмчлөлийн .............. дүүрэг, 1-р хороо, Баянголын ам, Найрамдалын зам …....... тоот хаягт байршилтай, Ү-2201024713 тоот улсын бүртгэлийн дугаартай 198 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020.03.31-ний өдрийн 20390055/08 дугаар тогтоолоор хураан авч ….........ын хадгалалт хамгаалалтад үлдээсэн. Барьцаа хөрөнгийг хураасантай холбогдуулан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож 2020.04.22-ны өдрийн дотор тус газарт ирүүлэхийг төлбөр төлөгч ….........д 4/140111, “.............” ХХК-д 4/14157 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд .................. 400,000,000 төгрөгөөр, “ ...............................” ХХК 98,888,105 төгрөгийн үнийн санал тус бүр өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж шинжээч хөрөнгийн үнэлгээг 2020.05.12-ны өдрийн байдлаар 157,910,100 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний тайланг шинжээчээс 2020.05.14-ний өдөр хүлээн авч төлбөр авагч “ ...............................” ХХК-д 2020.05.18-ны өдөр 4/18222, 4/18223, төлбөр төлөгч …........-д 2020.05.19-ний өдөр 4/18224, 4/18225 дугаар албан бичгээр  тус тус мэдэгдсэн болно. Нэхэмжлэгч …................ нь барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайлан болох 157,910,100 төгрөгийг зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, буруу тооцоолж хэт доогуур үнэлсэн гэжээ. Үнэлгээчинд хууль сануулж, ажиллагааг хуулийн дагуу хийсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.6.13-ны өдрийн 1607 дугаар шийдвэрээр ............-аас нийт 98,888,105 төгрөгийг “ ...............................” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч хариуцагч .............. шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир албадан гүйцэтгэхээр шийдвэрлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн. Үнэлгээг хуулийн дагуу гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02782 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...............-ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан .............. дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол ам /18190/ Найрамдалын зам гудамж, ........тоот хаягт байрлалтай, 198 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201024713 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2294 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...............-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2201002290932 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 10 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ..................ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020.09.15-ны өдрийн 184/ШШ2020/02782 дугаар шийдвэрээр иргэн ............ миний нэхэмжлэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасныг  эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл 2020.12.04-ний өдрийн 2294 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь илт миний тайлбарыг хүлээн авалгүй шийдвэр гаргасан. Миний бие нь 2019 оноос хойш ажилгүй, орлогогүйн улмаас хууль эрх зүйн туслалцаа авах өмгөөлөгч хөлслөх хөрөнгөгүй тул шүүх хуралд ганцаараа оролцсон. Гэтэл ББСБ-аас 3 төлөөлөгч оролцож илтэд намайг  яах ч үгүй байдалд оруулж, ямар ч тайлбар өгөхөд няцааж байсан. Миний хөрөнгө 200 м.кв 2 давхар, 61 ханатай, капиталны хаус юм. Энэ бүгдийг барих гэж 150 сая төгрөг зарцуулсан байтал 150 сая төгрөгөөр үнэлсэнд үнэхээр гомдолтой. Мөн шүүхийн шийдвэрээр 75 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар зарагдах гэж байна. 400 сая төгрөгийн үнэтэй хаусыг үнэгүйдүүлж 75 сая төгрөгт алдах гэж байгаагаа шүүгчид удаа дараа хэлсэн. Өмгөөлөгч авч өмчөө хамгаалж чадаагүй нь миний буруу юм. Иймд өмгөөлөгч авч эд хөрөнгөө хамгаалах эрхийг минь хангаж өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсэж байна. Энэ мэтээр хөрөнгөө үнэгүйдүүлэн алдах боломжийг гаргахгүй байлгаж, хэргийг анхан шатны шүүхрүү буцааж өгөхийг хүсье гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “ ......................” ХХК-ийн үнэлгээчин нь иргэн /нэхэмжлэгч/ ...............-ын өмчлөлийн 96.45 м.кв 2 давхар хувийн орон сууцыг өртгийн болон зах зээлийн жишиг хандлагын аргаар тооцож, хамгийн өндөр буюу зах зээлийн жишиг хандлагаар 163,965,000,00 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэсэнтэй нийцсэн, иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс “үнэлгээчин үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан тул үнэлгээг бодит бус гэж үзэхгүй, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд, “... үл хөдлөх хөрөнгө 200 м.кв 2 давхар, 61 ханатай, капиталны хаус юм. Энэ бүгдийг барих гэж 150 сая төгрөг зарцуулсан байтал 150 сая төгрөгөөр үнэлсэнд үнэхээр гомдолтой. Мөн шүүхийн шийдвэрээр 75 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар зарагдах гэж байна. 400 сая төгрөгийн үнэтэй хаусыг үнэгүйдүүлж 75 сая төгрөгт алдах гэж байгаагаа шүүгчид удаа дараа хэлсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Мөн хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба нэхэмжлэгчийг уг эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхээс хязгаарлаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул “өмгөөлөгч авч эд хөрөнгөө хамгаалах эрхийг минь хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангах боломжгүй. 

            Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/02782 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2294 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА        

                                    ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                      Х.СОНИНБАЯР

                                                                                                      Б.УНДРАХ