| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1664/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1707 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1707
2022 11 18 2022/ШЦТ/1707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ч.Батбаатар /тээврийн прокурор/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.И,
Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....овогт Ж.А-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
..... овогт Ж. А , регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны хойд замд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 17 цаг 50 минутын орчим “Тоёота Voxy” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ a/ энэ дүрмийн 4-р хавсралт заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.И, Т.У нарыг мөргөж Т.У-н эрүүл мэндэд хүнд хохирол, Э.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.И нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 09-ний орой 05 цаг 30 минутаас 05 цаг 40 минутын хооронд би охинтойгоо дэлгүүр орох гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Зам гарахад баруунаас зүүн тийшээ ямар ч машин байхгүй, хойноос урагшаа түгжирсэн, зүүнээс баруун тийш машин байхгүй, хойноос баруун эргэж байгаа машинуудыг харсан. Түгжрээд зогссон байсан болохоор нь би зам гарсан.Зам гараад дуусч байхад миний баруун талаас орж ирээд нэлээн хүчтэй өргөсөн. Би унахдаа дагзаараа унасан, охиноо тэвэрчихсэн явж байсан учраас охин маань дух хэсгээрээ брожур мөргөж унасан. Охин нэлээн уйлаад дух нь хавдсан байсан. Мөргөсөн жолооч гарч ирээд шууд гэмтлийн эмнэлэг явъя гээд бид хоёрыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Жолооч хүүхдүүдтэйгээ явж байсан, бид 2 очоод манай нөхөр хойноос ирээд томографын зураг авхуулсан. Тэр хугацаанд шүүгдэгч хүүхдүүдээ гэр рүү хүргэж өгчөөд ирье гэсэн. Тэр хооронд манай ар гэрээс хүмүүс ирээд мөргөсөн хүн чинь хаана байна гээд утас руу нь залгахад би очих шаардлага байхгүй, хүүхдүүд харах хүн байхгүй гээд ирээгүй, эмнэлэг дээр 3 хоноход бас ирээгүй. Энэ хугацаанд ярьж байгаа. Гэхдээ миний биеийн байдлыг нэг ч удаа асуугаагүй. Охины гавлын яс хугаралтай, нүдний булчин тасарсан байна гэсэн. Одоо нүд нь том жижиг байгаа, духны тэнд хугарал нь мэдэгдэхүйц байгаа. Эмч нар 100 хувь зүгээр болно гэж бид нар хэлж мэдэхгүй, та нар нарийн сайн шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн. Манай нөхөр Шанхайн хөрөнгө оруулалттай газар ажилладаг. Тэр хүмүүс мэдээд Шанхай руу хүрээд ир, бид нар байрлах байр болон эмнэлгийг судлаад олсон, наашаа ирж нарийн шинжилгээ өг гэсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар хуудас/,
- Хохирогч Т.У-ы хууль ёсны төлөөлөгч Э.И-ын: “Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 70-34 тоотод байрлах гэрээсээ 2 настай охин У-г тэврээд дэлгүүр орох зорилготой Нарантуул захын арын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гараад дуусч байтал зорчих хэсгийн уулзвараар хойноосоо баруун тийш эргэж байсан тээврийн хэрэгсэл миний баруун талын хэсэг рүү мөргөсөн би мөргүүлээд газар унасан. Тэгээд босоод иртэл охин У-ийн дух нь нийлээн хавдчихсан уйлаад байж байтал жолооч нь машинаас бууж ирээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан... Ослын улмаас У-ийн гавлын яс хугаралтай байгаа. Миний биед ослын улмаас зүун хөл, зуүн гар шалбарсан, толгойн ар хэсэгт цус хурч хавдсан байгаа....Гомдолтой байна Өөрсдийн эрүүл мэндэд учирсан зардал болон цаашид эмчлуулэх зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Э.И-ын: “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй... Өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэнддээ зарцуулсан зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Э-ийн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь“Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Тээврийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Ж.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны хойд замд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 17 цаг 50 минутын орчим “Тоёота Voxy” маркийн .... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа явган зорчигч Э.И, Т.У нарыг мөргөж Т.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.У, Э.И нар нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 678.000 төгрөгийн зардал гарсныг Ж.А-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.А-ын: “Тоёота Voxy” маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай эгч ББСБ-с зээл авах гэтэл орлого нотлогдохгүй байсан тул би өөрийнхөө нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг Транскапитал ББСБ-с 15 сая төгрөгийн зээлийн гэрээ хийж худалдаж авч өгсөн. Үндсэн зээлдэгч нь би байгаа. Тухайн машиныг эгч А жолооддог. Би ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй...Ослын улмаас эвдрэл гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49, 52 дугаар хуудас/,
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12595 дугаартай: “Т.У-ийн биед дух яс, зүүн нүдний дээд ханын хугарал, духанд зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2- т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
- Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дугаартай шинжээчийн: “Тоёота Voxy” маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 78-81 дүгээр хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн .... дугаартай: "Тоёота Voxy” маркийн 23-34 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4-р хавсралт заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны хойд замд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 17 цаг 50 минутын орчим “Тоёота Voxy” маркийн УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4-р хавсралт заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.И, Т.У нарыг мөргөж Т.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.И-ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч “шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар нийт 897.750 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 678.000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс А нь И-т 950.000 төгрөг, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 678.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн гэм буруугийн талаарх саналдаа: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Хохирогч нь баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Гэхдээ миний үйлчлүүлэгч заавал шүүхийн журмаар нэхүүлэхгүйгээр мэдээллээ хоорондоо солилцоод харилцаад явбал эмчилгээний зардлыг өгөхгүй гэх юм байхгүй, татгалзах зүйлгүй гэдгээ надад хэлсэн” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ж.А нь зам тээврийн осол гаргаж хохирогч Т.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.И-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүнд хөнгөн хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ж.А-гийн зам тээврийн осол гаргаж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүнд хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймээс шүүгдэгч Ж.А-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.И нь эмчилгээний зардалд 897.750 төгрөг нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяа Эрүүл мэндийн даатгалын санд 678.000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.А нь баримттайгаар хохиролд 950.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 678.000 төгрөгийн хохирол төлсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шинжлэн судалсан баримтуудаар А нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, орлоготой учраас энэ мөнгөнөөс нөхөн төлнө гэдгээ илэрхийлээд, түүгээрээ нотлох баримтаа өгсөн. Улсын яллагчийн гаргаж буй 2 жил тэнсэн харгалзах ялыг багасгаж 1 жил тэнсэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлоос сайн дураараа төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.А нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын арилгах үүрэгтэй бөгөөд хохиролд 950.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 678.000 төгрөг төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.И нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо Иргэний хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.А-гийн хэрэгт хавсаргагдан ирсэн “307651 дугаарын жолооны үнэмлэх, “Тоёота Voxy” маркийн ........ УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Ж.А-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Ж.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Агийн хэрэгт хавсаргагдан ирсэн “307651 дугаарын жолооны үнэмлэх, “Тоёота Voxy” маркийн --- УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ