Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1744

 

2022        11            28                                   2022/ШЦТ/1744

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Н.Ганчимэг /цахим/,

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........ овогт Э.О холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ........тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ....... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

...... овгийн Э.О.. /РД:................/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ......... тоотод гэр бүлийн харилцаа бүхий хүн болох өөрийн эхнэр Б.С-тай хардалтын улмаас маргалдах явцдаа түүний эрүүний баруун доод хэсэгт гараараа, өөрийн эзэмшлийн гар утсаараа нүүрэн тус газарт болон баруун талын хавирга хэсэг, хөл, гар луу цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

            -  Иргэн Б.С-аас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нөхөртөө зодуулсан” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны 80994328 дугаартай хуудас /хх-ийн 2-3 дахь тал/

            - Хохирогч Б.С-ын “2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагийн орчимд манай нөхрийн найз Д. ирсэн. Д-г ирэхэд манай нөхрийн найз  О манай нөхөр бид гурав байсан. Ингээд дөрвүүлээ нэрийг нь мэдэхгүй гэх 2,5 литрийн пиво 2 савыг хувааж уусан. Тэгтэл манай нөхөр надаас хэнтэй чи явалдсан бэ гээд гараа атгаж байгаад эрүүний баруун доод хэсэгт гараа атгаж байгаад олон удаа цохисон. Мөн өөрийнхөө гар утсаар миний нүүр лүү болон баруун талын хавирга хэсэг, хөл гар луу олон удаа цохисон. Манай нөхрийн найз Д , О  хоёр чи болиоч гээд манай нөхөртэй маргалдаад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03:00 цагийн орчимд гараад явсан. Д  манай нөхөр О   хоёр гарч яваад 05:00 цагийн орчимд манай нөхөр ганцаараа буцаж орж ирсэн. Ингээд дахиад намайг зодоод байсан ба О  чи болиоч гээд дахиад О-тай маргалдаж байгаад 08:00 цагийн орчимд орж ирэхдээ хажуу айл чинь цагдаа дуудах гээд байна гэсэн. Удалгүй хаалга тогшиход манай нөхөр О  унтаад өгсөн. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12:00 цагийн орчимд Д о орж ирээд манай нөхөр сэрсэн. Ингээд надаас уучлалт гуйсан ба миний бие нэлэнхийдээ хөндүүр босож чадахгүй байсан. Тэгтэл манай нөхөр надаас уучлалт гуйгаад пиво уучихвал гайгүй болох байх гээд бид дөрөв 6-7 сав 2,5 литрийн багтаамжтай пиво уусан. Ингээд 18:00 цагийн орчимд Д  харих гээд гараад явсан. Би нөхрийгөө унтахыг нь хүлээж байгаад унтахаар нь гар утсаа аваад цагдаагийн байгууллагад 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирээд манай нөхөр болон намайг аваад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Манай нөхөр Э.О гараараа болон гар утсаараа миний нүүр болон эрүү, баруун талын хавирга хэсэг, хөл, гар, нуруу хэвлий хэсэг рүү олон удаа цохисон. Миний толгой, эрүү хөхөрч хавдсан, нуруу, гар, хөл нэлэнхийдээ битүү хөхөрсөн байна. Мөн баруун талын хавирганы орчимд хөндүүрлээд хөдөлж чадахгүй байна. ...нөхөр намайг согтохоороо хийсвэрээр хардаж зоддог. Өмнө нь бас ингэж зодож байгаад 7 хоногийн баривчилгаанд явж байсан.” гэх /хх-ийн 7-9 дэх тал/

            - тухайн гэмтлийг манай нөхөр Э.О надад учруулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх-ийн 10-11 дэх тал/

            -  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ....... дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: эрүүний баруун зүүн хэсгээр хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Баруун бугалганд 22x18см, суганд 4x4 см, нурууны баруун хэсэгт 4x2 см, зүүн даланд 16x8 см, зүүн бугалганы гадна хэсэгт 2x2 см 4 ширхэг, баруун зүүн гуя шилбэ, өвдөгт 1x1 см олон тооны хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн өвдөгний дотор хэсэгт 1x1 см, баруун өвдөгний гадна хэсэгт 2x0.5 см хүрэн өнгийн зулгаралттай. Лазер мед эмнэлгийн 2022.09.30-ны өдрийн цээжний КТГ-н шинжилгээнд: Баруун талын 9-р хавирга LAM шугамаар зөрүүгүй хугаралтай гэжээ. 1 .Б.Сын биед баруун 9-р хавирганы хугарал, эрүү, баруун зуун бугалга, суга, нуруу, зүүн дал, баруун зүүн гуя шилбэ, өвдөгт цус хуралт, баруун зүүн өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/

            - Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 22 дахь тал/

- Яллагдагч Э.О-ы “...эхнэр Б.С-тайгаа эвлэрээд буцаад хамт амьдарч байгаа. ...би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугийн хэлбэрт маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ам  хотхоны 101 дүгээр байрны 133 тоотод гэр бүлийн харилцаа бүхий хүн болох өөрийн эхнэр Б.Стай хардалтын улмаас маргалдах явцдаа түүний эрүүний баруун доод хэсэгт гараараа, өөрийн эзэмшлийн гар утсаараа нүүрэн тус газарт болон баруун талын хавирга хэсэг, хөл, гар луу цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн байна.

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ...... дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: эрүүний баруун зүүн хэсгээр хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Баруун бугалганд 22x18см, суганд 4x4 см, нурууны баруун хэсэгт 4x2 см, зүүн даланд 16x8 см, зүүн бугалганы гадна хэсэгт 2x2 см 4 ширхэг, баруун зүүн гуя шилбэ, өвдөгт 1x1 см олон тооны хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн өвдөгний дотор хэсэгт 1x1 см, баруун өвдөгний гадна хэсэгт 2x0.5 см хүрэн өнгийн зулгаралттай. Лазер мед эмнэлгийн 2022.09.30-ны өдрийн цээжний КТГ-н шинжилгээнд: Баруун талын 9-р хавирга LAM шугамаар зөрүүгүй хугаралтай гэжээ. 1 .Б.Сын биед баруун 9-р хавирганы хугарал, эрүү, баруун зуун бугалга, суга, нуруу, зүүн дал, баруун зүүн гуя шилбэ, өвдөгт цус хуралт, баруун зүүн өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт  гарчээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Э.О нь хохирогч Б.Сын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч  Э.О нь хохирогч Б.Сын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Оы үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэж байгааг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.О нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.С нь гэм хорын хохиролд гомдол санал байхгүй тул шүүгдэгч Э.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Э.О-г  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 сарын хугацаагаар хязгаарлаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Э.О бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ