Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                        Улсын яллагч                                  Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                     Д.Алтанзориг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Алтанзоригт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 212 дугаар зөрлөгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт *******ийн Алтанзориг.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Д.Алтанзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан Г.Билэгсайхан, *******ын нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтанзориг мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч Г.Билэгсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02 цаг хүртэл Баянгол сумын нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 01 цаг 16 минутад албаны 70369102 дугаарын утсаар "Гонир 3 дугаар баг 212 дугаар зөрлөгт айлд хүн агсан тавиад байна гэх дуудлагын дагуу ахлах ахлагч *******ын хамт явж 02 цаг 00 минутад дуудлага өгсөн айл болох Болор-Эрдэний гэрт нь очиход Алтанзориг гэгч нь согтуу айлын эд хогшлыг эвдэж агсан тавьсан байдалтай гэрт нь сууж байсан. Тиймээс бид хоёр хуульд заасны дагуу тухайн гаргасан зөрчилд нь Алтанзориг гэгчийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх зорилгоор машинд суу гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Алтанзориг гэгч нь тавьсан шаардлагыг биелүүлээгүй зугтахыг завдсан тул би түүний өмдний дээд /тэлээний хэсэг/ талаас нь бариад автал эргэж хараад шууд миний нүүр, хамар луу гараараа нэг удаа цохисон. Мөн миний хувцаснаас зулгааж өвлийн хүрмийн зүүн ханцуйны бүч тасарсан. Тухайн үед ахлах ахлагч *******ыг заамдаж мөрдөснөөс зулгааж тасадсан. Мөн Алтанзориг нь бид хоёртой зууралдаж газар хөрвөөж 30-40 минут зууралдсан. Өөрийн хувцсыг Д.Алтанзоригоор засварлуулахаар тохирсон тул урагдсан хувцасны үнэлгээг гаргуулах шаардлагагүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тиймээс Г.Билэгсайхан бид хоёр түүний араас бариад автал Алтанзориг нь эргэж хараад Билэгсайханы нүүр, хамар луу гараараа нэг удаа цохисон. Билэгсайханы хамраас нь цус гарсан.Тэгээд Алтанзориг нь бид хоёртой зууралдаж ноцолдож газраар өнхрөх зэргээ 30-40 минут болсон. Энэ хугацаанд Алтанзориг нь миний өвлийн хүрмийн нэг мөрдсийг тасадсан. Г.Билэгсайхан бид хоёрын өмсөж байсан хувцас тэр чигтээ шороо болж бохирлогдсон байдалтай болсон. Алтанзориг нь бид хоёрын шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж ноцолдоод байсан. Бид хоёрын хувьд хуульд заасны дагуу шаардлага тавьсан боловч эсэргүүцэж биед халдсан. Зууралдаад газраар өнхөрч зууралдаад байсан. Намайг яг цохисон тохиолдол байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд цагдаа нар Алтанзоригийг машинд суучих, хэсэг дээр очих шаардлагатай гэсэн шаардлагыг тавихад тэрээр шаардлагыг нь биелүүлэхгүй тойрч зугтаагаад байсан. Алтанзориг нь тэгж шаардлагыг нь биелүүлэхгүй эсэргүүцэж байгаад арай намхан биетэй цагдаагийн нүүр лүү гараараа цохичихсон. Гэтэл тэр цагдаагийн хамраас цус гарчихсан байсан. Алтанзориг тэдний шаардлагыг биелүүлэхгүй хоёр цагдаатай зууралдаад газар өнхрөөд, ноцолдоод л байсан. ... Алтанзориг хоёр цагдаатай зууралдаад зодолдоод байсан. Нэг цагдаагийнх мөрдөс нь урагдчихсан байсан. Цагдаа нарын хувьд Алтанзоригт хууль ёсны шаардлагыг л тавьсан. Харин Алтанзориг тэдний шаардлагыг эсэргүүцээд ноцолдоод байсан. ... Би Д.Алтанзоригоор өөрсдийн хувцсыг засварлуулахаар нь тохирсон тул хувцасны үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №187 дугаартай дүгнэлт: ...

 

1. Г.Билэгсайханы биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 26-27-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 42 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

 

Нэг. Шүүгдэгч Д.Алтанзоригыг гэм буруутайд тооцох талаар:

 

Д.Алтанзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг төмөр замын 212 дугаар зөрлөгт согтуу хүн айлд агсам тавиад байна гэх дуудлагаар очсон цагдаагийн ажилтан Г.Билэгсайхан, *******ын нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Билэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/, Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/, Гэрч Л.Болор-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №187 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 26-27-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.Алтанзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Алтанзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Алтанзоригыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Д.Алтанзоригт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Алтанзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг  төмөр замын 212 дугаар зөрлөгт согтуу хүн айлд агсам тавиад байна гэх дуудлагаар очсон цагдаагийн ажилтан Г.Билэгсайхан, *******ын нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Алтанзоригт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 2800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Алтанзориг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2.4, дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Алтанзоригыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанзоригыг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Д.Алтанзориг нь торгох ялыг 01 /нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алтанзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.АЛТАНЦЭЦЭГ.