Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/923

 

Л.Ц, Л.О, П.Ө,

Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Л.Ц,

шүүгдэгч, хохирогч П.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Б.Отгончимэг,

цагаатгагдсан этгээд Б.О, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Б.Отгончимэг,

шүүгдэгч, хохирогч Л.О, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Л.Оийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Ц, Л.О, П.Ө, Б.О нарт холбогдох 1809034861216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ю овгийн Пын Ө, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3-75 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. И овгийн Бн О, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Мөнх Мацу” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-442 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3-75 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            3. А овгийн Лын Ц, 1976 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 35 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            4. А овгийн Лын О, 1987 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн банкинд хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 69 дүгээр байрны 86 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 424 дүгээр байрны 71 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            Шүүгдэгч П.Ө, Б.О нар нь 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод иргэн Л.Оийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            шүүгдэгч Л.О, Л.Ц нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод иргэн П.Өыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч П.Ө, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.О, Л.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч П.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ю овгийн Пын Өыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овгийн Лын Ц, А овогийн Лын О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө, Л.Ц, Л.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч П.Ө, Б.О, Л.Ц, Л.О нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өаас нийт 191.200 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Од олгож, шүүгдэгч Б.О, Л.Ц, Л.О нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч, хохирогч Л.Оийн өмгөөлөгч Г.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.О нь бусдыг зодсон, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэргийг үйлдээгүй. Харин өөрөө бусдад зодуулж гэмтэл авсан. Л.О бусдад зодуулахдаа нэг биш хоёр хүнд зодуулсан байж болзошгүй нөхцөл байдал байхад шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэлгүй шүүгдэгч Б.Оын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, П.Өыг гэм буруутай гэж дүгнэсэн. Шүүгдэгч Б.Оын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Оыг яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тэгэхээр давж заалдах гомдол маань хууль зүйн ач холбогдолгүй болж хувирч байна. Л.О нь өөрийн эгч Л.Цтэй бүлэглэж П.Өы биед гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нөхцөл байдлаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, П.Өы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтэд шинжээчид тавигдсан асуултыг үгчлэн бичих ёстой байсныг бичээгүй орхигдуулсан. Дээрх шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хуулийн шаардлага хангахгүй байгаа нотлох баримтыг үнэлэхгүй байх шийдвэрийг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг тавьсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлж, П.Өы биед гэмтэл учирсан гэх байдлаар дүгнэлт хийж, Л.О, Л.Ц нарыг гэм буруутайд тооцсон. Иймд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч Л.О “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

            Шүүгдэгч, хохирогч П.Ө, цагаатгагдсан этгээд Б.О нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О уг зодоонд оролцоогүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Л.О анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа, Доогийгийн хамт явсан хүмүүст “би эгчтэйгээ хамт явж байгаад зодуулсан” гэх мэдүүлгийг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “П.Ө бид хоёр зодолдох үед миний дүү Л.Ц намайг салгах гэхэд Б.О миний дүү Л.Цийг хорьсон” гэж мэдүүлдэг. Энэ нь Б.Оыг зодоонд оролцоогүйг нотолж байгаа боловч 2 сарын дараа Л.О, Л.Ц нарын зүгээс тухайн үед Б.О П.Өыг хавсарч унагаасан гэж мэдүүлдэг. Гэвч шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хөлд ямар нэгэн гэмтэл үүсээгүй нь тогтоогддог. Хавтас хэргийн 64 дүгээр хуудсанд, шинжээч томилсон тогтоолд 5 асуулт тавьж, худал дүгнэлт гарсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлаж, гарын үсэг зуруулсан байгаа. Үүний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Л.О өмгөөлөгчтэйгээ хамт танилцсан бөгөөд уг дүгнэлтийн талаар санал хүсэлт гаргаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 29 дэх хэсэгт “Шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн асуултын дагуу тодорхой хугацаанд үндэслэл бүхий дүгнэлт гаргана.” гэж заасан. Дээрх гэмт хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул П.Өыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч П.Ө, цагаатгагдсан этгээд Б.О нарын өмгөөлөгч Б.Отгончимэг “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

            Цагаатгагдсан этгээд Б.О “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

            Шүүгдэгч, хохирогч П.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Л.Ц, Л.О нарт зодуулсан нь үнэн. Л.Ц, Л.О нар надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Тухайн үед надад учирсан гэмтлийг хавтас хэрэгт зургаар бэхжүүлсэн байгаа. Би зодоонд оролцож Л.Оийн нүүрэн тус газар нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. ...” гэв.

            Шүүгдэгч Л.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарснаас 1 жил гаруй хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг тусгасан. Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол нь тухайн асуултад заагдсаны дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд  шинжээчид тавигдах асуултыг бичээгүй байгаа нь хууль зүйн ямар нэгэн ач холбогдолгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарагдахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон нөхцөл байдалд анхан шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагын дагуу бэхжүүлж, цуглуулсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалж, хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Ө нь 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод иргэн Л.Отэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь дагзны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи дОт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Л.О, Л.Ц нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод иргэн П.Өыг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, доод зовхи, шанаа, баруун хацар, хамар, цээж, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            шүүгдэгч, хохирогч П.Ө /1хх 5, 40-41/, Л.О /1хх 30-31, 154/, шүүгдэгч Л.Ц /1хх 51/, гэрч Р.Энхтайван /1хх 48/, Б.Баярнэмэх /1хх 16/, Л.Баяржагал /1хх 59/, Б.Цэндсүрэн /1хх 61/ нарын мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9471 дугаартай “...П.Өы биед зүүн хөмсөг, доод зовхи, шанаа, баруун хацар, хамар, цээж, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1хх 65/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9538 дугаартай “...Л.Оийн биед дагзны зөөлөн эдийн нярал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи дОт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1хх 70/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 251 дугаартай “...Л.Оийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи дОт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх баруун нүдэнд учирсан алимны салст дахь цус хуралт гэмтэл нь нүдний хараанд нөлөөлөхгүй болно. ...” /1хх 160/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Ц, Л.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.О, Л.Ц нарын нэг цаг хугацаанд, үйлдлээрээ нэгдэж, хохирогч П.Өыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч П.Өы хохирогч Л.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Ц, Л.О нарын “Б.Од зодуулсан” гэх мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

            Харин цагаатгагдсан этгээд Б.Оыг шүүгдэгч П.Өтай нэг цаг хугацаанд, үйлдлээрээ нэгдэж, хохирогч Л.Оийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Р.Энхтайваны “...Би Цийн гарыг хориулаад Отой хамт Өаас Ц гэгчийг салгаад болиулсан. ...О нь Цийг “та больчих, та яаж байгаа юм бэ” гэхэд Ц нь “битгий хуцаад бай, зайл” гэж орилоод байсан. ...О нь Өыг хашаанаас аваад гарах явцад Ц нь төмөр ... барьчихсан Оын гэдэс хэсэг рүү чиглүүлээд хатгаад байсан. ...О нь “та нар нийлж, хүн зодчихоод намайг алах гэж байгаа юм уу, гэрээсээ гараад ир” гэж орилоод байхаар нь Оыг тайвшруулаад, хашаанаас аваад гарсан . ...” /1хх 47-48/, шүүгдэгч, хохирогч П.Ө “...О нь Цийн намайг өшиглөөд байсан хөлийг хориглоод өшиглүүлэхгүй байсан. ...Тайван, О нар нь намайг О, Ц нараас салгасан. ...Ц гэгч тармуур гартаа барьчихсан Оын гэдэс рүү нэг удаа цохисон. ...Оын гэдэс улаан эрээн зулгаралттай болсон байсан. ...О нь Цийн дүүд “...Учрыг нь ойлгохгүй байж битгий дайраад бай. ...” гэж хэлээд тайвшруулсан. ...” /1хх 39-42/ гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

            Иймд анхан шатны шүүхээс Б.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  П.Өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч, хохирогч Л.Оийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9538 дугаартай П.Өы биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. ...Л.Оийг гэм буруугүйд тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, хохирогч П.Өы "...Ц болон О хоёр миний үснээс зулгаасан. Би Оийн үснээс нь зулгаасан. ...Тэгэхэд О миний нүүрийг самардсан. Би гомдолтой байна. ..." /1хх35-36, 41-42/, гэрч Р.Энхтайваны "...Ө, О хоёр үсдэлцээд газар хэвтэж байсан. Өы араас Ц гэгч нь үснээс зулгаагаад нуруу руу нь хөлөөрөө ... өшиглөөд байсан. ..." /1хх 47-48/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9538 дугаартай дүгнэлт /1хх 65/ хэрэгт авагджээ.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч Р.Энхтайваны мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Ө "...Ц болон О хоёр миний үснээс зулгаасан. Би Оийн үснээс нь зулгаасан. ...Тэгэхэд О миний нүүрийг самардсан. Би гомдолтой байна. ..." гэж мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг нь гэрч Р.Энхтайваны мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан П.Өы биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, хохирогч Л.Оийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Л.Ц, шүүгдэгч, хохирогч Л.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, П.Өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дуусчээ.

Иймд Л.Ц, Л.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, П.Өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч, хохирогч Л.Оийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “А овгийн Лын Ц, А овгийн Лын О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Ю овгийн Пын Өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Л.Оийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ