Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 114/2021/0016/З/Т |
Дугаар | 114/ШШ2021/0014 |
Огноо | 2021-10-04 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 114/ШШ2021/0014
2021 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 114/ШШ2021/0014 | Дархан-Уул аймаг
|
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяа би Т.Ням-Очир, Б.Баярсайхан, О.Соёлмаа, Д.Нацагдорж, Д.Манжлхам, Я.Бат-Очир, О.Оюунчимэг, Э.Азбаяр, П.Төрмөнх, Э.Мөнгөнтуяа нарын 10 иргэний нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Болормаагийн нэр дээр гэрчилгээ олгосон Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 1 дүгээр орцны 04, 05, 14, 33, 34, 34, 25 тоот мөн 2 дугаар орцны 47, 54 тоот, 10Б блокийн 13, 14, 28, 16 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 13 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар нь Ласти интернэшнл ХХК, түүний захирал А.Лхагвасүрэнтэй 2014 оноос хойш Орон сууц захиалан бариулах" гэрээ болон Ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулан зарим нь бартераар, зарим нь бэлнээр төлбөр мөнгөө төлөн гэрчилгээгээ гаргуулахаар хүлээж байсан иргэд бөгөөд улмаар уг 144 айлын орон сууцыг барихад Ласти интернэшнл ХХК-д хөрөнгө оруулагч О.Батпүрэв, Д.Болормаа, Б.Дөлгөөн нарын дунд хөрөнгийн маргаан үүссэн гэдэг үндэслэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн алба нь тус иргэдийн гэрчилгээ гаргуулах өргөдөл гомдлыг хүлээн авахгүй энэ байр нь бүхлээрээ иргэн О.Батпүрэвийн барьцаанд байгаа тул ямар ч гэрчилгээ бичих боломжгүй гэж бидэнд мэдэгдэж байсан мөртлөө Ласти интернэшнл ХХК-ийн захирал Т.Чимэддуламын хүсэлтээр 2019 оны 02 дугаар сарын 21-нд хөрөнгө оруулагч гэх иргэн Д.Болормаа, Б.Дөлгөөн нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан байсныг олж мэдлээ. Гэрчилгээг гаргахдаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Урангуагийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 183/Ш32017/08942 тоот захирамж шийдвэр нь хөрөнгө оруулагч Д.Болормаа болон Ласти интернэшнл ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 11- нд хийгдсэн 16/001 тоот Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг үндэслэн Ласти интернэшнл ХХК-аас 2,500,000,000 төгрөг гаргуулан хөрөнгө оруулагч Д.Болормаад мөнгөн хэлбэрээр нь гаргаж өгөх шийдвэрийг талууд харилцан тохиролцсон Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг үндэслэсэн болох нь бүртгэлийн байгууллагын лавлагаанаас тодорхой байна. Дээрх барьцааны байрууд болох 44 байр буюу 2667,22 м.квт байрууд нь хөрөнгө оруулагч нарын барьцаанд бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 11-нд шинээр хийгдсэн 16/001 тоот Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон шинээр нэмж хийсэн 16/001/01 тоот Барьцааны гэрээ-ний дагуу юм. Уг барьцааны гэрээний 2.2-т зааснаар Барьцаалуулагч нь барьцаалагчийн барьцаанд шилжүүлсэн, гэрээний хавсралтад заасан орон сууцыг 2016 оны 06 сарын 30-ны дотор бусдад худалдан борлуулах үүргийг хүлээх бөгөөд орон сууц худалдан борлуулагдах тухай бүртээ төлбөрийг нь барьцаалагчид бүрэн хэмжээгээр төлөх, тухайн худалдагдсан орон сууцыг нэн даруй барьцаанаас чөлөөлүүлэх, барьцаалагч барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй , 2.3-т зааснаар Барьцаалагч нь энэ гэрээний 2.2-т заасан орон сууц худалдан борлуулсан орлогоос 2 тэрбум төгрөгийг бүрэн хүлээн авсны дараа барьцаанд үлдсэн бусад орон сууцыг чөлөөлөн барьцаалуулагчид хүлээлгэн өгнө, 2.4-т зааснаар Барьцааны зүйл нь бүхэлдээ иргэн Боржигон овогт Отгонсүрэнгийн Батпүрэвийн барьцаанд байх тул барьцаалагчийн барьцааны эрх нь иргэн О.Батпүрэвийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ. Талууд Монгол улсын Иргэний хуулийн 185-р зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар хамтран хүсэлт гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ болон энэхүү барьцааны гэрээг хавсарган.... тэмдэглэгээ хийлгэнэ гэх заалт бүхий юм.
Эдгээр гэрээний хавсралтаар заагдсан барьцааны байрууд болох 46 байр буюу 2667,22 м.кв талбай бүхий байруудад А блокийн 1-р орцны 4 давхрын Т.Ням-Очирын 14 тоот 71,46 м.кв 3 өрөө байр, 9 давхрын 35 тоот 2 өрөө 59,84 м.кв 2 байр, тус орцны Д.Манжлхамын 9 давхарын 33 тоот 41,3 м.кв 1 өрөө байр, 34 тоот 71,46 м.кв 3 өрөө 2 байр, тус орцны Б.Баярсайханы 1 давхрын 04 тоот 62.7 м.кв 2 өрөө 1 байр, тус орцны Я.Бат-Очирын 2 давхрын 05 тоот 41.3 м.кв 1 өрөө, 1 байр тус орцны мөн Б блокийн 1-р орцны 4 давхрын 13 тоот 41.3 м.кв 1 өрөө байр, А блокийн 2-р орцны 5 давхрын О.Соёлмаагийн 54 тоот 59,84 м.кв 2 өрөө 1 байр, 2-р орц, 3-р давхрын Д.Нацагдоржийн 47 тоотод байрлах 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцууд зэрэг А блокийн 1-р орцны 04, 05,14, 35, 33, 34, мөн 2-р орцны 47, 54 тоотууд болох 8 байр нь анхнаасаа барьцаалаагүй үндсэн барьцааны тоотуудын жагсаалтад байхгүй байсан мөн 10Б блокийн 1-р орцны 4 давхрын Я.Бат-Очирын 13 тоот 41.3 м.кв 1 өрөө байр, Б блокын 1-р орцны 4 давхрын О.Оюунчимэгийн 14 тоот 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болох тус тус өмнө нь зарагдсан 2 байр зэрэг нийт 10 байруудын тоотууд нь Д.Болормаад барьцаалахаас өмнө Ажил гүйцэтгэх, Худалдах худалдан авах гэрээ болон Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу дээрх нэр бүхий шударгаар эзэмшигчдийн эзэмшилд шилжин, зарагдчихсан байсан байрууд болох нь баримт нотолгоогоор батлагдана.
Т.Ням-Очир нь 2014 онд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, 13-р хороолол Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд уг барилгын А блокийн байрны 71,46 мкв талбайтай, 1-р орцны 3 өрөө, 14 тоот байр, мөн А блокийн байрны 1-р орцны 9 давхрын 2 өрөө, 35 тоот байрыг тус тус захиалж хэлцэл хийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 59,840,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 55,500,000 төгрөг, 2014 оны 08 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг төлж авто зогсоолын тоот тодорхой болсны дараа 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 6 тоот 20,4 мкв талбай бүхий авто зогсоолын захиалгаар бариулах гэрээг байгуулан төлбөрүүдийг тус тус бүрэн төлсөн. Ласти интернэшнл ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г дараа нь 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр, мөн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус бичгээр гэрээг байгуулсан. Т.Ням-Очир нь захиалсан байрныхаа төлбөр мөнгийг хийхийн тулд өөрийн амьдарч байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, Хээтэй хорооллын 4-3-р байрны 3 өрөө байраа Хас банкны Дархан салбарт барьцаалан 85,000,000 төгрөгийн зээл авч өгөн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийт 151,268,000 төгрөгийг бүрэн төлж дуусган Ласти интернэшнлХХК-ийн нягтлан бодогч О.Оюунчимэгтэй тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, тооцооны үлдэгдэлгүй гэдгээ харилцан баталсан байна. Дээрх байдлаар Т.Ням-Очир нь уг барилгыг дөнгөж барьж эхэлж байхад нь захиалсан 14 болон 35 тоот 2 байр болон 6 тоот авто зогсоол зэрэг бүх төлбөрийг 100% төлж бүрэн дуусгасан байна.
Д.Манжлхам нь хариуцагч Ласти интернэшнл ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 08 нд Орон сууц захиалгаар бариулах дугаар 86 тоот гэрээ байгуулж уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10А байрны 1-р орцны 9 давхрын 33 тоот 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн 34 тоот 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг барьж ашиглалтад оруулах захиалагч нь тус 2 байрны үнэ болох 33 тоот орон сууцны төлбөр 49,560,000 төгрөг, 34 тоот орон сууцны үнэ 85,752,000 нийт 135,312,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээн тохиролцож нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрөө 100% төлж үүргээ биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч Д. Манжлхам нь уг гэрээний 2.4-т заасны дагуу 2 байрны төлбөр болох 135,312,000 мянган төгрөгийг 100% бүрэн гүйцэд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөртөө бэлнээр санхүүд бэлнээр тушаан кассын бэлэн мөнгөний баримт бичүүлэн авсан бөгөөд тус байрыг улсын комисс хүлээн авсны дараагаар түлхүүрийг гардан авах гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцон авсан байна. Уг байр, орон сууцанд өнөөдрийг хүртэл Д. Манжлхам нь амьдарч байгаа болно.
Б.Баярсайхан нь Ласти интернэшнл ХХК-тай 2016 оны 02 дүгээр сарын 05- ны өдөр дугаар 72 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийн тус байрны А блокийн 1-р орцны 1 давхрын 04 тоот 62.7 м.квт талбай бүхий 2 өрөө байр орон сууцыг ашиглалтад оруулж өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцон гэрээ хийжээ.
Улмаар уг орон сууцны төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 05-нд 20,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-нд 24,000,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нийт төлбөл зохих 62,700,000 төгрөгөөс 95% буюу 59,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 3,700,000 төгрөгийг хөрөнгө оруулагчдын дунд шүүхийн маргаан үүссэн тул хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нэг ч төлбөр мөнгө төлөхгүй байхыг хөрөнгө оруулагч талууд албан бичгээр надад мэдэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл шүүхийн маргаан нь шийдэгдээгүй байгаа тул хэнд нь төлөх нь тодорхойгүй байгаа болно. Улмаар 2016 оны 12 сард дутуу гүйцэтгэлтэй байрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр дутуу орхигдсон дуусгаагүй засварын ажлыг өөрийн зардлаараа гүйцээн орж гарсан зардлыг нийт төлбөрт тооцон хөнгөлөх, мөн төлбөрийг 100% төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг түүний өмчлөлд гаргаж өгөх үүрэг зэргийг тус тус хүлээсэн болзолтойгоор засаж дуусган хүлээн авч орсон байна.
Иймд Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Болормаагийн нэр дээр гэрчилгээ олгосон Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 1-р орцны 04, 05, 14, 33, 34, 35, мөн 2-р орцны 47, 54 тоот, 10Б блокийн 13,14 тоот нийт 10 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Тодгэрэлийн Ням-Очироос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ням-Очир би Д.Болормаатай холбоотой гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлтэй байна. Ласти интернэшнл ХХК-аас мөнгө авч өгөхөөр тохиролцсон болно гэжээ
Нэхэмжлэгч Батчулууны Баярсайханаас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие захиргааны хэргийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иргэн Д.Болормаа бид нар хоорондоо тохиролцсон болно гэжээ.
Нэхэмжлэгч Дамдины Манжлхамаас шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие Д.Болормаатай эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд нэхэмжлэгч Т.Ням-Очир, Б.Баярсайхан, О.Соёлмаа, Д.Нацагдорж, Д.Манжлхам, Я.Бат-Очир, О.Оюунчимэг, Э.Азбаяр, П.Төрмөнх, Э.Мөнгөнтуяа нарын 10 иргэний нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Улсын бүртгэлийн шийдвэрээр Д.Болормаагийн нэр дээр олгосон Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсан 10А блокийн 1-р орцны 04, 05,14, 33, 34, 35, мөн 2-р орцны 47, 65 тоот, 10Б блокийн 13, 14 тоот нийт 10 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Ням-Очир, Б.Баярсайхан, Д.Манжлхам нараас нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ ирүүлсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжаар Т.Ням-Очир нарын 114/2021/0001/З индекстэй захиргааны хэргээс тусгаарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Ням-Очир, Б.Баярсайхан, Д.Манжлхам нар нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Ням-Очир, Б.Баярсайхан, Д.Манжлхам нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ням-Очир, Б.Баярсайхан, Д.Манжлхам нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Болормаагийн нэр дээр гэрчилгээ олгосон Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 04, 14, 35, 33, 34 тоотууд бүхий нэхэмжлэгч Т.Ням-Очир, Б.Баярсайхан, Д.Манжлхам нарт холбогдох улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА