Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 05

 

 

 

Д.Шгийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2017/00452 дугаар шийдвэртэй, 

Хүсэлт гаргагч: Ш -гийн нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Жгийн Сын нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Хүсэлт гаргагч Д.Шгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ш, прокурор Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ш шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Ш миний бие нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жгийн Сын ач дүү мөн болохоо шүүхээр тогтоолгосон тул нөхөх олговрын нэг сая төгрөгийг олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Прокурор Ж.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ш нь Ж.С гэж хүний ач дүү болохыг шүүхийн тогтоолоор тогтоосны дагуу нөхөн олговрын 1000000 төгрөгийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Ж.С нь улс төрийн хилс хэрэгт 1938 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баривчлагдан, 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж улмаар 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дээд шүүхийн цэргийн коллегийн 34 дүгээр магадлалаар цагаатгагдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагаатгагдсан хүмүүсийн хувьд 2011.12.30-ны өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж заажээ. Гэтэл Ж.С нь 1993 оны 03 сарын 15-ны өдөр Дээд шүүхийн цэргийн коллегийн 64 дүгээр магадлалаар цагаатгагдсан нь энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагаатгагдсан тул Д.Шгийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Д.Ш нь хуульд заасны дотор нэхэмжлэлээ гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар Д.Шгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Ж.Сын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Д.Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Д.Ш давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.С гавжийн цагаатгалын үнэмлэхийг 2005 онд авсан боловч холбогдох материалаа бүрдүүлж амжаагүй байсан, 2005 онд хань минь гэнэт ертөнцийн мөнх бусыг үзэж би өөрөө гүн хямралд орж, өвдөөд бүрэн эдгэрч амжаагүй байхад 2007 оны 04 дүгээр сарын 03-нд томилолтоор Завхан аймгийн Баян-тэс суманд ажиллахаар нүүж явсан, хүүхдүүд минь Архангай аймгийн нутагт автын осолд орж хүргэн хүү газар дээрээ өнгөрч, охин минь нуруу нугасны хүнд гэмтэл авч амьд үлдсэн юм. Энэ цагаас хойш эмнэлгээс салахаа больж, охиноо асрах тойлох, сувилах, нааш цааш нь эмнэлгээр авч явах, хагалгаанд оруулахаас гадна өнчин хоцорсон хүүхдийг нь халамжилж, харгалзах гээд хэцүү он жилүүдийг туулж явахдаа цагаатгалын хуультай холбоотой баримт материалаа хөөцөлдөж бүрдүүлэх боломж олдоогүй юм. Охин Оюунаа нь 2007 оноос 2011 оны хооронд 3 удаа хагалгаанд орж их хүнд байлаа. Ослын доргилтын улмаас үүссэн шинэ өвчнүүд нэмэгдэж, ер нь хүнд байлаа. Одоог хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн группт байдаг. Охины бие арай дээрдээд үхлийн тухай айдсаас холдсон үе буюу 2010 оны сүүлээс эхлээд цагаатгалын нөхөн олговортой холбоотой материалаа бүрдүүлэх гэж явсаар байтал хуулийн хугацаа нь дууссан. Анхан шатны материалаа өгөхдөө хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой материалаа хавсаргаж өгөөгүй нь миний буруу байсан байх. Би энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Миний энэ байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хугацааг шинэчлэн найруулгаар 2020 он хүртэл сунгажээ. Энэ бүхнийг харгалзан үзээд Ж.Сын ар гэрт олгох ёстой нөхөн олговрын нэг сая төгрөгийг ач дүү Д.Ш надад олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Прокурор Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ш гуай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.С гэдэг хүний дүү болохоо шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байсан, энэ үед шүүх хуралдаанаар ороод, шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Одоо бол хууль батлагдах түвшинд орчихсон байгаа, хуулийн 12 дугаар зүйлд өөрчлөлт орж байгаа юм билээ. Энэ хууль нь 3 сараас 2020 хүн хүртэл мөрдөгдөх учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Энэ талаар цагаатгалын комиссын Дорноговь салбарын дарга Энхбаяр гэдэг хүнтэй ярьсан. Улсын хэмжээнд цөөхөн хүн байдаг юм билээ. Олгогдох үндэслэлтэй учраас эдгээр нөхцөл байдлыг үндэслэн дахин анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Ш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Сын нөхөх олговорт 1000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговох олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг хэрэглэж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцээ хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байна. 

 

Гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухай зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй ч анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхээс алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, хуульд буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т  зааснаар нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагаатгагдсан хүмүүсийн хувьд 2011 оны 12 дугаар сарын 30-ны дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгагдсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байхаар зохицуулжээ. 

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцох 2 өөр журам байгааг анхаараагүй, эдгээрийн алийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болох талаар дүгнээгүйгээр нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Сыг БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр магадлалаар /хх-6-7/ цагаатгаж, цагаатгалын үнэмлэхийг /хх-4/ 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон,  Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр /хх-11/ Д.Шг Ж.Сын ач дүү болохыг тогтоосон хэдий ч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нэхэмжлэгч Д.Шг нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад 2016 оны 5 дугаар сард зарласнаас үзэхэд нэхэмжлэгчийг дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөх, нөгөө талаас нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй болно.  

 

Энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд болон энэхүү хуулийн биелэлтийг зохион байгуулах журамд /Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №21/ зааснаас үзэхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах шийдвэр гаргах ажиллагаа нь цагаатгуулах тухай гомдол гаргах, түүнийг шийдвэрлэснээр хязгаарлагдахгүй ба  нөхөх олговор нэхэмжлэх эрх нь бусад баримтыг бүрдүүлэх /архивын лавлагаа, садан төрлийн холбоо тогтоолгох г.м/, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасны эцэст Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст бүртгүүлэх, Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг сонинд сар бүр зарлах бөгөөд ийнхүү зарласнаас хойш шүүхэд нэхэмжлэлээ гаргах нөхцөл бүрдэхээр зохицуулсан, тодорхой шат дараалалтай цогц ажиллагаа байдаг бөгөөд энэ бүх ажиллагааны эцэст нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж үзнэ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Ш дээрх хууль болон журамд заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаснаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос түүний нэрийг 2016 оны 05 дугаар сард сонинд зарласан /хх-12/ нь тогтоогдсон  байх ба ийнхүү зарласнаар нэхэмжлэгчийн нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргах шаардах эрх үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Шгийн хувьд түүний нэхэмжлэл гаргах эрхийг 2016 оны 05 дугаар сараас эхлэн тоолбол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан цагаатгагдсан шийдвэрийг хүлээн авсанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй тул түүнд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар буюу түүний ах Ж.С нь улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн /хх-8/ үндэслэлээр нэг сая төгрөгийн нөхөх олговрыг олгох нь зүйтэй.

 

Энэхүү нөхөх олговрыг нэхэмжлэх эрхээсээ Ж.Сын бусад ач дүү нар болох Д.Шомбодон, Д.Цоохүү, Д.Энхтөр, Д.Эрдэнэчимэг, Д.Нүүрхүү, Д.Оюунчимэг нар татгалзаж, энэхүү эрхээ нэхэмжлэгч Д.Шд шилжүүлсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр /хх-3/ тогтоогдсон болно. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Шгийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2017/00452 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Шд 1000000 /нэг сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Санхүүгийн хэлтсээс гаргуулан олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ш нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                  Х.БАЙГАЛМАА