| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0782/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/792 |
| Огноо | 2022-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/792
2022 11 25 2022/ШЦТ/792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюуш овогт Ёндонжамцын Цэрэннадмидад холбогдох эрүүгийн 22100 1699 1235 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Ё.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арга зүйч мэргэжилтэй, Эй Би Өү ХХК-д хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ... овогт ... /РД:******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.Ц нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их наяд” худалдааны төвийн 3021 тоот лангуунаас 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 116.280 төгрөгийн үнэ бүхий Асос нэртэй хос углааш, мөн сарын 25-ны өдөр 378.000 төгрөгийн үнэ бүхий New balance нэртэй хос пүүзийг хулгайлж, иргэн Л.Х-д 494.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ё.Ц-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би хоёр хүүхэдтэй. Манай том хүүхэд 2 нас 5 сартай, бага нь 9 сартай. Тухайн хэрэг болох үед манай 2 хүүхэд өвдөөд, эм тариа авах хэрэгтэй болсон. Би ажилгүй, гэртээ хүүхдээ харж байсан болохоор мөнгөгүй байсан. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг зээл авч нөхөн төлсөн, пүүзийг нь биет байдлаар буцааж өгсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш харамсаж байна. “Хүний юмыг авч, хүүхдэдээ эм авч өгнө” гэж бодсондоо харамсаж байна.“ гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн 22100 1699 1235 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Х-ийн хохирогчоор өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их наяд плазагийн 302 тоот лангууг түрээслэн бараа зарж ажиллуулдаг юм. 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 11 минутын үед 37 размерын Асос брэндийн 129.800 төгрөгийн үнэ бүхий углааш, мөн сарын 25-ны 16 цаг 03 минутад 37 размерын New balance брэндийн 420.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн пүүзийг тус тус алдсан. Хяналтын камераар харахад 160-165 орчим өндөртэй, 30 гаран насны эмэгтэй хүн авсан нь харагдаж байсан.
...Би хохирлоо бүрэн хүлээн авсан тул ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16, 17 дахь тал),
2. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-122/050 дугаартай:
“...үнэлэгдэж буй АСОС 37 размерын углааш ...зах зээлийн үнэлгээгээр 116.820 /нэг зуун арван зургаан мянга найман зуун хорь/ төгрөг, New balance 37 размерын пүүз 378.000 /гурван зуун далан найман мянга/ төгрөгөөр тус тус үнэлэгдэв. Нийт үнэ 494.820 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун хорь/ төгрөг.” гэсэн хохирогч Л.Хишигбуянгийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 24-26 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ё.Ц-ын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхдэдээ эм авах зорилгоор гэрээсээ гараад “Их наяд” худалдааны төв орсон. Тэгээд эмийн сангаас хүүхдүүдэд авах шаардлагатай эмийг авах гэхэд мөнгө дутаад байсан.
Ингээд хүний лангуун дээрээс эд зүйл аваад, өөр хүнд зарж борлуулаад мөнгөөр нь хүүхдэдээ эм авах санаа төрөөд, 3 давхар луу гарч хэсэг тойрч явж байгаад нэг лангуун дээрээс цайвар өнгийн углааш байсныг эзэнд нь хэлэлгүй аваад гарсан. Гадаа гараад автобусны буудлын ойролцоо нэг хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд шууд гэр лүүгээ харьсан ба гэрийн ойролцоо байдаг эмийн сангаас хоёр хүүхдэдээ авах эмийг авсан.
2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5 сартай охин Анирын кааш, памперс зэрэг хэрэгцээтэй эд зүйлийг авах зорилгоор “Их наяд” худалдааны төв орсон. В1 давхарт байрлах дэлгүүрээс хүнсний ногоо авчхаад, хүүхдүүддээ хэрэгцээтэй эд үйлийг авч өгөх гэхэд мөн мөнгө дутаад байхаар нь өмнө нь углааш аваад зарчихсан болохоор дахиад хийж болох юм шиг санагдаад, дахин 3 давхарт гарч углааш авсан лангуун дээр очоод хэсэг харж байгаад цайвар өнгийн хос пүүз байсныг аваад гарсан. Уг пүүзийг гадаа гараад зарах гэсэн боловч авах хүн байхгүй байсан учраас шууд гэртээ харьсан.
Би углаашийн өрөнд 130.000 төрөг нөхөн төлсөн. Пүүзийг зараагүй байсан болохоор эзэнд нь буцааж өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 41 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 43, 69 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 45 дахь тал), бакалаврын дипломын хуулбар (хэргийн 71 дэх тал), Мягмардашийн Анир, Мягмардашийн Урин нарын төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 72-73 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ё.Цэрэннадмидын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ё.Ц нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их наяд” худалдааны төвийн 3021 тоот лангуунаас 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 116.280 төгрөгийн үнэ бүхий Асос нэртэй хос углааш, мөн сарын 25-ны өдөр 378.000 төгрөгийн үнэ бүхий New balance нэртэй хос пүүзийг хулгайлж, иргэн Л.Хишигбуянд 494.280 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- хохирогч Л.Х-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их наяд плазагийн 302 тоот лангууг түрээслэн бараа зарж ажиллуулдаг юм. 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 11 минутын үед 37 размерийн Асос брендийн 129.800 төгрөгийн үнэ бүхий углааш, мөн сарын 25-ны 16 цаг 03 минутанд 37 размерийн New balance брендийн 420.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн пүүзийг тус тус алдсан. Хяналтын камераар харахад 160-165 орчим өндөртэй, 30 гаран насны эмэгтэй хүн авсан нь харагдаж байсан.
...Би хохирлоо бүрэн хүлээн авсан тул ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16, 17 дахь тал),
- Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-122/050 дугаартай:
“...үнэлэгдэж буй АСОС 37 размерийн углааш ...зах зээлийн үнэлгээгээр 116.820 /нэг зуун арван зургаан мянга найман зуун хорь/ төгрөг, New balance 37 размерийн пүүз 378.000 /гурван зуун далан найман мянга/ төгрөгөөр тус тус үнэлэгдэв. Нийт үнэ 494.820 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун хорь/ төгрөг.” гэсэн хохирогч Л.Хишигбуянгийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 24-26 дахь тал),
- шүүгдэгч Ё.Ц-ын: “...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.
Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхдэдээ эм авах зорилгоор гэрээсээ гараад “Их наяд” худалдааны төв орсон. Тэгээд эмийн сангаас хүүхдүүдэд авах шаардлагатай эмийг авах гэхэд мөнгө дутаад байсан. Ингээд хүний лангуун дээрээс эд зүйл аваад, өөр хүнд зарж борлуулаад мөнгөөр нь хүүхдэд эм авах санаа төрөөд, 3 давхар луу гарч хэсэг тойрч явж байгаад нэг лангуун дээрээс цайвар өнгийн углааш байсныг эзэнд нь хэлэлгүй аваад гарсан. Гадаа гараад автобусны буудлын ойролцоо нэг хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд шууд гэр лүүгээ харьсан ба гэрийн ойролцоо байдаг эмийн сангаас хоёр хүүхдэдээ эм авч өгсөн.
2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5 сартай охин Анирын кааш, памперс зэрэг хэрэгцээтэй эд зүйлийг авах зорилгоор “Их наяд” худалдааны төв орсон. В1 давхарт байрлах дэлгүүрээс хүнсний ногоо авчхаад, хүүхдүүддээ хэрэгцээтэй эд үйлийг авч өгөх гэхэд мөн мөнгө дутаад байхаар нь өмнө нь углааш аваад зарчихсан болохоор дахиад хийж болох юм шиг санагдаад, дахин 3 давхарт гарч углааш авсан лангуун дээр очоод хэсэг харж байгаад цайвар өнгийн хос пүүз байсныг аваад гарсан. Уг пүүзийг гадаа гараад зарах гэсэн боловч авах хүн байхгүй байсан учраас шууд гэртээ харьсан.
Би углаашийн өрөнд 130.000 төрөг өгөөд, пүүзийг зараагүй байсан болохоор эзэнд нь буцааж өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Цаашид дахин гэмт үйлдэхгүй.” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүгдэгч Ё.Ц нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их наяд” худалдааны төвийн 3021 тоот лангуунаас 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 116.280 төгрөгийн үнэ бүхий Асос нэртэй хос углааш, мөн сарын 25-ны өдөр 378.000 төгрөгийн үнэ бүхий New balance нэртэй хос пүүзийг тус тус хулгайлж, иргэн Л.Хд 494.280 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэргийн шүүгдэгч Ё.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь прокуророос “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргээр ял сонгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Ё.Цэрэннадмидын гэм буруутай үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Ё.Ц-ыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Л.Хишигбуян нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би хохирлоо бүрэн хүлээн авсан тул ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн (хэргийн 17 дахь тал) байх тул гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулах төлбөр хохиролгүй гэж үзнэ.
Хэргийн 45 дахь талд авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь тогтоогдсон тул түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ё.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Анир, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Урин гэсэн 9 сараас 2 нас 5 сартай бага насны хоёр хүүхэдтэй эх болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримт, “Ачит гар” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт баримтаар тогтоогдсон тул “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ..., гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Ё.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Х нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Ё.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Ц-д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.Ц-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Цд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд түнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ё.Ц нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 /нэг/ жилийн хугацаанд “хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд” шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг тус тус анхааруулж мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт Ё.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Х нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ё.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД