Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1619

 

 

 

 

 

 

 

  2022        11         03                                 2022/ШЦТ/1619

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Я.Болортуяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогч Ц.Д , түүний өмгөөлөгч А.Ганзориг,

шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03028 2934 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А ыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудлын 7 дугаар өрөөнд Х.Г , Г.М , Ц.Д  нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Д тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүр рүү удаа дараа цохисны улмаас биед эрүүний баруун үеийн сэртэнгийн хугарал, хамрын нурууны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03028 2934 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч М.А  нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ц.Д ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “.... ” зочид буудалд М , Г  хоёртой байхад 18 цагийн үед М , Г  хоёрын дүү гэх А  ирсэн. Тэгэхээр би “өөр хүн дуудлаа” гээд жаахан дургүй байсан. Тэгсэн буудлын ресепшн 1 хүний өрөөнд олон хүн байлгахгүй гээд бид нар 207 тоот өрөөнд орсон. Бид хэд 0.75 литрийн Х нэртэй архи 2 шилийг уусан. Гэхдээ би жаахан уусан. Удалгүй А  согтоод өрөөнд орилоод байхаар нь би “дуугүй байгаач” гээд гуйсан чинь А  босч ирээд “чамд хамаагүй” гээд намайг мангасдхаар нь би нэг удаа алгадсан чинь А  намайг 2-3 удаа нүүр рүү алгадсан. Тэгээд намайг “зайл” гээд байхаар нь би гадаа гараад явах гэсэн чинь түлхүүрээ мартсанаа санаад эргээд орсон чинь М , Г  хоёр байж бай, ийм орой эмэгтэй хүн ганцааранг нь яаж явуулдаг юм гээд байхаар нь би орон дээр сууж байсан чинь А  гэнэт босож ирээд миний нүүр рүү гараа атгаж байгаад зөндөө цохисон. Тоолж мэдэхгүй байна. Тэр үед цохиход нь би өөрийгөө хамгаалсан чинь миний зүүн гарын чигчий хурууны хумс унасан. Тэгээд би цагдаад дуудлага өгөх гэсэн чинь тоохгүй байхаар нь нойл орсон. Цагдаад дуудлага өгөх гэсэн чинь А  миний утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Би гуйж гуйж А аас утсаа 00 цагийн үед аваад цагдаа дуудсан...Намайг А  нүүр рүү цохихоор нь арай гэж өөрийгөө хамгаалаад босч ирсэн чинь А  намайг түлхээд унагаасан. Тэгж унахдаа хойно байсан паарыг толгойгоороо мөргөөд унасан... Би А ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин өөрийнхөө биеийг хамгаалж түлхэж самардсан. Өөр зүйл байхгүй... А  бөө хүн гэсэн. Тэгээд тухайн үедээ согтоод орилж чарлаад миний онгод харваад байна гээд байхаар нь чимээгүй бай гэсэн чинь л ийм асуудал болсон... Би архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн. Гэхдээ болсон зүйлийн талаар санаж байна. Би маш их гомдол байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч Х.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн үед 7 тоот өрөөний хүмүүс хоорондоо маргалдаад байгаа чимээ гарахаар нь орсон чинь Д  гэх эмэгтэй нэг эрэгтэйтэй хэрэлдээд сууж байсан. Тэгэхээр нь би “та нар жаахан чимээгүй бай” гээд гараад явсан. Удалгүй би 5 давхарт өрөөнд юм хийж байсан чинь Д  гэх эмэгтэй “эгчээ намайг зодчихлоо, миний шүд өвдөөд байна” гэсэн нүүрнийх нь баруун тал хавдсан орж ирсэн. Тэгэхээр нь Д той хамт доошоо буугаад 7 номерын өрөө рүү ороход нөгөө 3 залуу хэвтэж байсан. Тэгсэн Д  тэр залууд зодуулсан гээд нэг залууг хэлэхээр нь би “чи яагаад эмэгтэй хүнийг зодоод байгаа юм” гээд хэлсэн чинь тэр эрэгтэй юу ч болоогүй юм шиг хэвтээд байсан. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд нөгөө зодсон гэх залуу, Д  нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Х.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...20 цаг өнгөрч байхад А , М , Д  3 өөд өөдөөсөө хараад суучихсан юм яриад архи уугаад байж байсан. Тэгтэл А , Д  2 гэнэт хоорондоо хэрэлдсэн ба А  “би бөө” гэж хэлээд Д  нь болохоор “чи бөө биш” гээд л хоорондоо хэрэлдэж байгаад А  гараа далайгаад Д ыг шанаа хэсэг рүү нь 1 удаа цохичих шиг болсон. Тэгэхээр нь би А ыг цааш нь түлхээд Д ыг биеэрээ хаатал А  дахиж хүрч ирээд Д ыг цохих гээд дайраад байсан. Тэгтэл Д  босоод гарч гүйгээд 30 орчим минутын дараа цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд цагдаа нар А , Д  нарыг аваад гарсан. Намайг унтаж байхад Д , А  2 хоорондоо хэрэлдэж муудалцсан эсэхийг би мэдэхгүй байна. Намайг сэрэх үед Д , А  2 хэн хэнийгээ өдөх аястай үг хаялцаад л байсан. Би босч ирээд “та 2 ямар ядаргаатай юм, больчихооч” гэж хэлсэн. Намайг босч ирэх үед зодоон болсон шинж тэмдэг ажиглагдаагүй. Д  А т цохиулчихаад 10 орчим минут хэрэлдэж байгаад гараад явсан. Тэр үед нүүрэнд гэмтэл шарх үүсээгүй байсан. Гаднаас цагдаа дагуулаад орж ирэх үедээ 2 нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. Д ыг А аас өөр хүн цохиж зодоогүй. Миний харснаар А  Д ын хүзүү, шанаа хэсгийг хавсраад нэг цохисон. Түүний дараа дахин цохих гээд дайрах үед нь Д ын дээрээс дараад хэвтчихсэн. А  Д ыг цохих гээд онохгүй байх шиг байсан. Д ыг онож чадахгүй миний толгой руу 2 удаа цохичих шиг болсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,  

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Г ын “Ц.Д ад эрүүний баруун үений сэртэнгийн хугарал, хамрын нурууны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

 

Шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн буудалд Г , М  нар Д  гэх эмэгтэйтэй гурвуулаа сууж байсан. Тэгээд бид нар хамтдаа юм яриад уугаад сууж байтал 22 цагийн үед М  ах бид 2 бөөгийн талаар ярьж байтал Д  хажуунаас “чиний бөө гэж ямар юм байдаг юм” гэхээр нь би Д ад “за чи дуугүй бай, зайл” гэж хэлтэл Д  намайг “чи өөрөө зайл” гэхээр нь “би өмнө зайлсан юм чинь одоо чи зайл” гэж хэлсэн. Тэгтэл Д  босож ирээд миний цамцны энгэрээс барьж аваад нааш цааш нь татаад байсан. Тэгээд бид 2 хэрэлдэж байгаад Д  гараад явчихсан. Тэгээд 40 орчим минутын дараа буцаад буудлын хаалга нүдээд ороод ирсэн. Тэрнээс хойш яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь шөнө 00 цаг болчихсон. Цагдаа нар ороод ирчихсэн байсан... Болсон асуудлын заримыг нь санахгүй байна. Би унтаж сэрээд байсан. Би Д ыг зодож цохисноо санахгүй байна. Гэхдээ Г , М  нар намайг Д ыг цохисон гэж хэлсэн. Би урд нь Д тай нэг удаа архи ууж байхдаа хэрэлдээд тэгээд шууд гараад явж байсан. Зодолдох асуудал гарч байгаагүй ээ. Би хохирлын мөнгө гэж дансаар 5.203.700 төгрөг, бэлнээр 180.000 төгрөгөөр тариа авч өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 46-67/,

 

М.А ын хохирол төлбөр төлсөн гэх баримт /хх-ийн 52-55/,

            Шүүгдэгч М.А ын Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан “М.А  миний бие 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ц.Д ын биед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсч, яллагдагчаар татагдсан. Миний бие өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гүнээ гэмшиж байна. Миний бие өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба хохирогчийн нэхэмжлэлийн дагуу 5.000.000 төгрөгийг дансаар нь, бусад эмчилгээнд зарцуулах 600.000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан. Миний хэргийг хялбаршуулсан журмаар торгуулийн ял оноож өгнө үү хэмээн хүсэж байна.” гэх хүсэлт /хх-ийн 59/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: М.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 652 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 60-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30 хувь буюу үлэмж хэмжээгээр тогтонги алдагдуулсан гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаардаг.

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хохирогчид учирсан гэмтлийг хүндэвтэр зэргийнх болохыг тогтоосон байна.

Шүүгдэгч М.А  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар М.А т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч М.А ыг хохирогч Ц.Д ын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ц.Д  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч М.А  нь хохирогчид 5.237.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хохирлыг талаарх нотлох баримтуудыг гаргаж өгснийг шинжлэн судлахад 1.761.711 төгрөгийн нотлох баримтыг хохиролд тооцох үндэслэлтэй байна.

 

Шатахуун худалдаж авсан нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй учир 35.000 төгрөгийн 2 хуудас баримтыг хохирол тооцохгүй. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гэх 1 хуудас баримт нь ....... регистрийн дугаартай Я.А  гэх хүний үйлчилгээ авсан баримт байх тул 1.440.000 төгрөгийг хохирол тооцохгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирогч гомдол саналтай, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэснийг үндэслэн хохирогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

            Хэдий нэхэмжлэх эрх нээлттэй байх боловч шүүгдэгчийн хохирогчид хохирол төлсөн 5.203.700 төгрөгөөс хохирогчийн гаргаж өгсөн хохиролд тооцсон 1.761.711 төгрөгийг хасаад үлдсэн 3.441.989 төгрөгөөс илүү гарсан тохиолдолд хохирлыг нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

           

            Шүүх хуралдааны явцад хохирлын талаар шүүхийн шийдвэрлэсэн шийдвэртэй санал зөрсөн зүйлгүй байсан бөгөөд хохиролд төлсөн төлбөрөөс буцааж авахгүй болохоо шүүгдэгч тал илэрхийлсэн болно. Мөн Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг тооцох болон шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй болохыг тэмдэглье.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч М.А ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.А  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.А ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Д  нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан 3.444.989 төгрөгөөс дээш хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг нээлттэй дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ