| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2018/03439/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ногоон зоорь барина гэсэн Т.Бд 68 ширхэг суурийн блокийг ширхгийг нь 60,000 төгрөгөөр худалдахаар тохирч, хүлээлгэж өгсөн. Уугуул нь Дорноговь аймгийн хүүхэд, аав, ээжийг нь мэдэх учир блокоо өгсөн.
Тухайн үед Т.Б 2017 оны 4 дүгээр сарын 07-нд мөнгийг маань бүрэн өгнө, Улаанбаатар хотод ногоон зоорьтой, ногоогоо зарахаар мөнгийг чинь өгнө гэсэн. Би цагаан сарын өмнө өгчих гэтэл мөнгө байхгүй гэдгээ өөрөө бичсэн байгаа. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 14-нд 80,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 06-нд 2,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн. Дараагийн 2,000,000 төгрөгийг наадмын өмнө өгье гэсэн боловч өгөөгүй, утсаар ярихаар эхэндээ дуудлага авдаг байсан, сүүлдээ утасны дуудлага авахаа больсон. Аав, ээжээс нь хаягийг нь асуухаар мэдэхгүй гэсэн. Ингээд эрэн сурвалжлуулахад Сүхбаатар дүүргийн хаяг гарч ирсэн.
Намайг 2 жил гаран чирэгдүүлж байна. Одоо би ядар ч байна, залхаж ч байна. Луйвар хийгээд сурсан хүн юм уу ямар учиртайг мэдэхгүй, хөгшин настай хүнийг ийм хүнд байдалд оруулаад байгааг ойлгохгүй юм. Дахин дахин ирэхэд хэцүү байна. Би энэ хугацаанд өөрөөс гарсан зардлаа ерөөсөө нэхэмжлээгүй байгаа. Зөвхөн үлдэгдэл мөнгөө л авъя гэж байгаа.
Иймд Т.Бгаас 2,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн блокны үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг хариуцагч Т.Бгаас гаргуулахаар шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн хувийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Т.Бд гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болох талаар 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх болон хариуцагчийн 99083311 тоот дугаарт зурвас бичих замаар мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл Б.Бын тайлбар болон Т.Бгаас блокны үнэ 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Төрийн банк дахь 281700002978 тоот дансаар 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн үйл баримт зэргээр тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь нэхэмжлэгчээс гаргасан 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэх бичгийн хуулбар баримтын агуулгатай тохирч байх ба нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт, энэ хуулбар баримт зэргийн агуулга ижил, зөрүүгүй байгаа байдлыг шүүх харьцуулан үзэж, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тул худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барилгын суурийн даацын 68 ширхэг СБ60х40 урттай, 2м50см хэмжээтэй 4,080,000 төгрөгийн үнэ бүхий блокийг хүлээлгэн өгсөн, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 80,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг авсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй, мэтгэлцээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй үндэслэлээр нэмж нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарыг хэргийн баримтуудтай харьцуулан үндэслэл бүхий гэж дүгнэсэн учир Б.Быг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэв.
Харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийг үлдэгдэл 2,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч Т.Бгаас 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т.Бгаас 2,000,000 төгрөг гаргуулж Б.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА