Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1684

 

 

 

 

 

 

 

 

  2022        11         14                                   2022/ШЦТ/1684

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Оюунбат,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч А.Д , түүний хууль ёсны төлөөлөгч А.Амармэнд нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Д ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2687 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Д ыг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Кимбаб Чонгүг” гэх хоолны газрын орчим Б.Е г шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 2687 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Өсвөр насны шүүгдэгч А.Д  нь 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Б.Е гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Хохирогч Б.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Өчигдөр шөнө буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03 цагийн орчим найз Б , М , И  нарын хамт Халдварт өвчин судлалын ойролцоо байдаг ах Б ын гэрт нь очихоор Натурын зам дагуу алхаад явж байтал үл таних 16-17 орчим насны 2 залуу тааралдсан. Тэгээд тэд бид нарыг дуудсан. Б  бид хоёрыг дуудаад бид нартай танилцаад “та нартай явж байгаа охин манай найз шүү дээ” гэх мэт зүйлс ярьж өөрийгөө Ц  /Д / гэж танилцуулсан залуу ямар ч шалтгаангүй миний баруун шанаанд зүүн гараараа нэг удаа цохиод, баруун гараараа хамар руу 1 удаа цохисон. Тэгээд би хамраа бариад эргэж харж хамраа дарж үзчихээд буцаж эргэж хартал манай найз ганцаараа зогсож байсан. Намайг цохисон залуутай хамт явж байсан хүн хамтдаа зугтаачихсан. Би тухайн өдрөө таньж мэддэг хүмүүсээс асуугаад намайг цохисон залуутай уулзахад “уучлаарай хөгшөөн, би наадах хамрыг чинь янзлуулаад өгье” гэж хэлээд байж байснаа өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр уулзахаар тохирсон боловч тохирсондоо хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,  

 

Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тэгтэл зам дагуу байрлах дэлгүүрийн цаад булангаас үл таних 3 залуу гарч ирсэн бөгөөд тэдний нэг нь И  болон М  нартай уулзаад нөгөө 2 үл таних залуус намайг Е тэй хамт дэлгүүрийнхээ зүүн талын булан руу дагуулж явсан. Тэгээд тэр 2 залуу нийлээд бидэнд “энэ бол манай нутаг дэвсгэр, та нар натурт явж байна, И  гэдэг охин чинь миний таньдаг охин” гэх мэт зүйлс яриад байснаа гэнэтхэн ямар нэгэн шалтгаангүйгээр найз Е гийн нүүр рүү 1 удаа алгадаад 1 удаа цохисон. Манай найз цохиулчихаад цаашаа хүнтэй утсаар яриад явчихсан ба тэр хооронд нь Кимбаб Чонгүг гэдэг газраас ах нар нь гэх хэдэн хүмүүс гарч ирээд “одоо ингээд явцгаа” гэх мэт зүйлс яриад тараасан. Тэгэхээр нь би найзтайгаа хамт Их Ордын автобусны буудал дээрээс цагдаа дуудсан. Бид нарыг дагуулж явснаас нэг нь хар өнгийн биеийн тамирын хослолтой 17-18 настай мэт хувцастай байсан ба нөгөөх нь цагаан өнгийн саравчтай малгайтай байсан. Манай найз Е г хар биеийн тамирын хослолтой залуу цохисон. Тухайн үед цагаан цамцтай залуу нь надтай юм ярьж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,  

 

Толгойн рентген зураг авахуулсан баримт, чих хамар хоолойн эмчид үзүүлсэн гэх 180.000 төгрөгийн баримт, “Эм Би Жи” мед эмнэлгийн нэхэмжлэх /хх-ийн 23-24/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10774 дугаар:

“Б.Е гийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тасвалчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Д ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...Тухайн өдөр М , И  болон үл таних 2 хүүхэд намайг Кимбаб Чонгүгийн ойролцоо Төөгий гэх найзтайгаа хамт явж байхад таарсан бөгөөд И  бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан ба бид нар байраар гарч ирдэг замын хажууд блок дээр сууж байсан. Тэгэхээр нь тэдгээр үл таних залуучуудтай танилцаад байж байгаад И г “одоо гэртээ ор” гээд санаа зовоод хэлтэл түүнтэй хамт явж байсан найзууд нь “ийшээ явъя” гэж хэлээд өөр газар руу авч явах гээд байсан ба миний цохисон залуутай хамт явж байсан нэг залуу “ийшээ явъя” гэж хэлэхэд 38 дугаар байрны ойролцоо байдаг саравчинд очсон. Түүнтэй юм ярьж байгаад явах гэтэл И  суучихаад “байж байгаад явъя” гэхэд надтай юм ярьж байсан залуу нь И г байн байн явъя гээд өөр тийшээ дагуулж явах гээд байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ” гэтэл өөдөөс дуугаа өндөрсгөөд “юу гэнээ” гэхээр нь уур хүрээд гараараа нэг удаа түүний нүүрэнд цохисон. Тэгээд би түүнээс уучлалт гуйгаад байж байхад Төөгий И г гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн. Тэгээд бид нар эвлэрээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан хохирогч Б.Е гийн гаргасан “Миний бие Б.Е  эмчилгээний зардалд 180.000 төгрөг зарцуулсан бөгөөд хэрэгт хавсарган өгсөн. А.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед 320.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардалд 3.088.000 төгрөгийг нэхэмжилж байна. А.Д  нь үүнээс 960.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг харилцан тохиролцож төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 69/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Амармэндийн гаргасан “А.Д ын төрсөн эх А.Амармэнд миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.280.000 төгрөгийг богино хугацаанд төлж барагдуулна. Иймд миний хүүд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 68/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: А.Д ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, .........  сургуулийн “А.Д  нь тус сургуулийн Б.Ц   багштай .... ангид суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 39/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 52-62/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 606 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Өсвөр насны шүүгдэгч А.Д  болон түүний хууль ёсны төлөөлөгч А.Амармэнд нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Д  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар А.Д д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч А.Д ыг хохирогч Б.Е гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.Е  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 2.280.000 төгрөг нэхэмжилсэн ба өсвөр насны шүүгдэгч А.Д , түүний хууль ёсны төлөөлөгчөөс төлж барагдуулсан, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Д ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Д  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Өсвөр насны шүүгдэгч А.Д д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалт”-д хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Д ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Д д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ