Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1730

 

 

 

 

 

 

 

 

  2022        11         23                                  2022/ШЦТ/1730

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Өлзийжаргал,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н ыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “....” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч Б.Л гийн хамар руу цохиж биед нь хамрын хянга яс, хамрын таславчийн зөрүүтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд язарсан шарх, зүүн дээд, доод үүдэн хоёрдугаар шүдний паалангийн эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Б.Н  нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “....” бааранд хохирогч Б.Л гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

 

Хохирогч Б.Л гийн мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:

“Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн ажлын газрын Г  гэх залуугийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... нэртэй бааранд орсон. Бид 2 хамтдаа байж байгаад би Г ийг “эхнэр хүүхэдтэй юм чинь гэртээ харь” гээд 00 цаг болж байхад явуулсан. Г ийг явуулсны дараа бааранд 3 эмэгтэйтэй танилцаад хамтдаа суугаад бүжиглээд байж байхад нэг эмэгтэй нь унтаад өгсөн. Тэгээд бид нар бүжиглэж байхад нэг эмэгтэй нь унтаад өгсөн. Тэгээд бид нар бүжиглэж байхад өөр гурван залуу тэр эмэгтэйтэй бүжиглээд байсан ба тухайн 3 залуугийн нэг залуу нь 32-36 орчим насны 175-180 см орчим өндөртэй хөх өнгийн куртик, хөх өнгийн жинсэн өмдтэй залуу намайг сууж байхад ирээд миний хамар руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Би тэр залууд цохиулаад миний хамарнаас шууд цус гарсан ба би тэр залууд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй байхад тэр залуу намайг зодсонд гомдолтой байгаа учир цагдаагийн байгууллагад хандсан.. Тэр залуу миний хамар хэсэгт нэг удаа цохисноос болоод хамарнаас их хэмжээний цус гарсан. Хамар хавдсан амьсгалж болохгүй хүндрэлтэй нэг тал нь битүүрээд байна. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Тэр залуу намайг нэг л удаа цохисон. Би саяхан хамарны хагалгаанд ороод эдгээд удаагүй байна...

Тухайн гэмтлүүдийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... бааранд намайг цохисон гэх үл таних залуу миний биед учруулсан. Тухайн залуу миний хамар хэсэгт нэг удаа л цохисон. Тэр залуугийн цохилт нь хүчтэй байсан ба тухайн үед шүдээ зуусан байсан учир доод шүд эмтэрсэн бай гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 35/,  

 

Гэрч Б.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“..Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Н тэй “грилл хаус”-т уулзаад хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” бааранд орсон. Тухайн газарт орох үед согтолт ихтэй тул юу болсон талаар санахгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Н тай хамт талбайд бүжиглэж байхдаа хүнтэй муудсан. Эв зүйгээр учраа олох гэж очоод Н  тэр залууг цохисон гэсэн. Тухайн үед их согтолттой байсан учир юу болсныг санахгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн  2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13034 дугаартай:

“Б.Л гийн биед хамрын хянга яс, хамрын таславчийн зөрүүтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд язарсан шарх, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Шүүгдэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...Тухайн өдөр их согтолттой байсан ба 01-02 цагийн орчим бид нар баарнаас гарахаар болоход манай найз У  над дээр ирээд “тэнд нэг залуу зодох гээд байна. Бид нар бүжгийн талбай дээр муудалцсан” гээд ширээн дээр сууж байсан саравчтай малгайтай хар өнгийн желетктэй залууг заасан. Тэгэхээр нь очоод уулзъя гээд У г дагуулаад тэр залуу дээр очоод архины халуундаа үгийн зөрүүгүй тэр залуугийн нүд орчимд нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Би уг нь тэр залууг манай найз зодох гээд байсан гэхээр нь хооронд нь уулзуулж учрыг нь олуулах гэсэн боловч тэр залууг би өөрөө архины халуундаа шууд цохисон. Би тэр залууг цохисоноо гэмшээд уучлалт гуйсан боловч тэр залуу цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 47/,

Хохирогч Б.Л гийн “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн баримт, хамрын мэс заслын үнэлгээ, “... ” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Н ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38-39/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 40/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 44/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Б.Н  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Н ын хохирогч Б.Л гийн биед хамрын хянга яс, хамрын таславчийн зөрүүтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд язарсан шарх, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.Л  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 402.200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Н  түүнийг төлж барагдуулсан байна. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамрын хагалгаа хийлгэх үнэлгээний тодорхойлолтыг хавсаргасан боловч шүүх ирээдүйд учрах хохирлыг гаргуулах боломжгүй юм. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн байх бөгөөд түүнийг хэдний өдрөөс ямар хугацаанд өвчтэйн улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй болохыг тооцох баримт хэрэгт авагдаагүй байх учир энэ талаар тооцоолол хийх боломж бүрдсэнгүй. Ийм учир энэ хохирлын талаарх баримтуудыг хууль зүйн туслалцаа авч бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Б.Н ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Л гийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ