| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/1586/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1624 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч К.Чимгээ /томилолтоор/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн Д танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н ийг 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Х тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний биед халдаж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 3138 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
Хохирогч Э.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцсийн буудал дээр байрлах 2-3 дахь түцэнд орж өндөг худалдаж авсан. Тэгтэл худалдагч эмэгтэй тухайн өндгийг гараараа авч өгөхөөр нь “би өөрөө авна, чи гараараа юу ч барьсан юм билээ” гэж хэлэхэд амандаа “балиар ааштай хар авгай вэ” гэж хэлэхээр нь би “юу хуцаад байгаа юм” гэж хэлтэл “гар, зайл” гэж хэлсэн. Тэгээд би “гичий, янхан” гэж дуудаад хараачихсан. Гэтэл уг эмэгтэй лангуугаа тойрч гарч ирээд түлхээд дараа нь намайг өшиглөсөн. Би урдаас нь арилгасан байсан өндгөө шидчихсэн. Тэгээд маргалдаж байхад хажууд нь байсан дүү нь гэх эрэгтэй намайг мөн хэл амаар доромжилсон. “Би жирэмсэн, юу гээд байгаа юм” гэж хэлтэл “чиний жирэмсэн гэж юу байдаг юм” гээд хашгирч дайрсан. Удалгүй гаднаас ээж нь орж ирээд “яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм бэ” гээд хашгичиж дайрсан. Тэгэхээр нь би “танай хүүхэд миний гэдэс, салтай руу өшиглөчихлөө, би жирэмсэн хүн” гэж хэлтэл “худлаа баашилж мөнгө авах гэлээ” гэж хэлсэн. Аав нь орж ирээд “чи цэцэг цэврүү шиг хүүхдийг янхан, гичийгээр дуудлаа” гээд дайрахаар нь “танай хүүхэд жирэмсэн хүнийг өшиглөж хэл амаар доромжлох хэрэгтэй юм уу” гэж асуугаад уйлахад эхнэртэйгээ нийлээд над руу дайраад байсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар түргэн тусламж дуудаж өгөөд машин дотор орж үзүүлэхэд түргэн “Амгалан амаржих” газарт хүргэж өгөөд тэндээ үзүүлсэн... Миний салтай хэсгээр халуу төөнөөд явж чадахгүй өвдөөд байна. Тонус ихдээд хүүхэд доошилсон байна гэж амаржихын эмч хэлсэн...”, “...Тухайн үед түргэн үйлчилгээний цэгийн худалдагч гэх эмэгтэй миний салтаа орчимд өшиглөсөн ба тэрнээс болоод гэдсэнд доргилт орж ирсэн. Би тухайн хүнд гомдолтой байна. Тухайн эмэгтэйд өшиглүүлснээс болоод тонус өгөөд байгаа. Салтаа орчим хатуураад байгаа. Эмзэглэл ихтэй байна. Би хохирлоо 500.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 29/,
Насанд хүрээгүй гэрч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Тэгээд байж байхад 14-15 цагийн орчим гаднаас ягаан өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй эгч орж ирээд “өндөг худалдаж авъя” гэхэд худалдагч эгч гараараа өндөг аваад өгөхөд “чи наад гараараа юу ч барьсан юм, яаж мэдэх юм” гэхэд худалдагч эгч “та өөрөө авчих” гээд өөрөөр нь авахуулсан ба худалдагч эгч тэр эгчийг “ямар маягтай юм гэсэн чинь өндөг худалдаж авсан эгч өндгөө арилгаж байгаад худалдагч эгч рүү шидсэн. Тэгсэн чинь худалдагч эгч “та яагаад өндгөө шидээд байгаа юм бэ” гээд маргалдсан ба тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад худалдагч эгч ягаан цамцтай эгчийг гаргах гээд очоод хоорондоо зодолдох шиг болсон. Гэхдээ тэрийг сайн хараагүй. Сүүлд харахад тэр 2 бие биенээ түлхээд ягаан цамцтай эгч нь худалдагч эгчийг хэл амаар доромжлоод худалдагч эгч “өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй маргалдлаа” гээд зөрүүлээд хараалын үг хэлсэн. Удалгүй гаднаас худалдагч эгчийн ээж нь орж ирээд “чи яагаад миний хүүхдийг загнаад байгаа юм бэ” гээд ягаан цамцтай эгчийг загнасан ба манай аав П орж ирээд “энд юу болоод байгаа юм бэ” гээд тэр хүмүүсийг тайвшруулах гэж байхад манай аав П нь ягаан цамцтай эгчид “чи миний охиныг гичий гэж дууддаг хэн бэ” гэхэд тэр эгч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд гадаа сууж байгаад түргэн тусламжаар яваад өгсөн ба дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нь залгахаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ирж уулзаарай гэж хэлээд явсан... Яг хаана өшиглөсөн талаар хэлж мэдэхгүй байна. Тэр эгч жирэмсэн гэдгээ хэлээгүй бөгөөд хэрүүл маргаан дууссаны дараа өөрийгөө жирэмсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболдын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12870 дугаар:
“Э.Х д умдаг, гадна бэлэг эрхтэн, зүүн цавинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,
Шүүгдэгч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:
“...Намайг тухайн түргэн үйлчилгээний цэгт байж байхад 14-15 цагийн орчим гаднаас дээгүүрээ ягаан өнгийн цамцтай доогуураа ноосон өмдтэй 40-50 орчим насны эгч гаднаас хараал хэлээд орж ирээд халааснаасаа мөнгө гаргаж ирээд “нэг өндөг авъя” гэсэн тэгэхээр нь би өөрийнхөө гараар өндөг авч өгсөн чинь тэр эгч “би өөрөө авъя юугаа ч барьсан юм хачин авгай чинь” гэж хараахаар нь би нөгөө өндгийг эргүүлж тавиад түүний доод талын сагснаас тэр эгч өөрөө нэг өндөг аваад цаашаа хараад өндөг арилгаж байгаад надруу шидэхээр нь би тэрийг нь барьж аваад “авсан юмаа идэж чадахгүй юм бол яах гэж авсан юм” гэхэд тэр эгч “чи очих ёстой газраа очоод хөвгүүдийнхээ дэвсгэр болж байхдаа таарсан авгай” гэхээр нь би лангуугаа тойроод тэр эгч дээр очоод “та зүгээр гар” гэхэд тэр эгч миний цамцны захнаас зуурч байгаад намайг дугтарч түлхэхэд би хойшоо унасан. Намайг түлхэхээр нь миний уур хүрээд босч ирээд тэр эгчийн хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь тэр эгч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд манай ээж Сарангэрэл гаднаас орж ирсэн. Би тэр эгчийг жирэмсэн гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан:
Хохирогч Э.Х д 1-4 хүртэл дугаарласан эмэгтэй хүмүүсийн цээж зургийг үзүүлэхэд 3 дугаартай зурганд байгаа эмэгтэй нь намайг өшиглөсөн эмэгтэй мөн байна, би таньж байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-34/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан хохирогч Э.Х гийн гаргасан “Э.Х миний бие 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулж эрүүл мэндээрээ хохирсон. Гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 49/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан шүүгдэгч Б.Н ийн гаргасан “Миний бие Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Э.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 102/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Б.Н ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 39/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40/, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 664 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Б.Н д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Н ийн хохирогч Э.Х гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Э.Х нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч Б.Н ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ