Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/00403

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “ГТЛ” ХХК, “О” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ, “СЭ” ХХК нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “ГТЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, хариуцагч “СЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “ГТЛ” ХХК, хамтран хариуцагч “О”ХХК, “Вест хилл”, Д.Оюунжаргал, Г.Түвшинбилэг нарт холбогдох иргэний эрх зүйн маргааныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2728 тоот эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэж, хариуцагч нараас 4.008.841.995 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 2.850.009.475 төгрөг буюу нийт төлбөрийн 71.1 хувийг төлж 1.158.832.520 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцон барагдуулах талаар удаа дараа зөвшилцсөн боловч тохиролцоонд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн.

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/181734/18174 дугаар мэдэгдлийг  2018 оны 11 дүгээр сарын 05-нд гардан авсан. Уг мэдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “О” ХХК-ийн өмчлөлийн эрхийн Ү-2205010913 тоот дугаартай Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Нарны зам-60 хаягт байрлах 3.456 мкв талбайтай, 5 давхар зочид буудлын зориулалттай барилга, 140 мкв талбайтай 6 автомашины гараж, эзэмших эрхийн 66342 дугаарт бүртгэлтэй 2.680 мкв талбайтай газар зэргийг нийт 9.400.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Уг объект нь Уланбаатар хотын А зэрэглэлийн бүсд байрладаг, төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбогдсон, зочид буудлын чиглэлээр 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа объект юм. Хотын төв орчмоор үйлчилгээ оффисийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 1 м.кв-ыг нь 2.700.000 төгрөгөөр тооцон үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

НШШГГ-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор “СЭ” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг хийхээр томилогдож, үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “...Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “...үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг...” хэмээн тус тус хуульчилсан. Гэтэл “СЭ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн үнэлгээний тайланд уг үл хөдлөх хөрөнгийн шинж байдал, онцлог зориулалтыг  харгалзан үзэлгүй, шинэ орон сууц, хуучин орон сууц, хаус, таунхаус, хашаа байшин зэрэг хөрөнгүүдийн үнийн индекстэй харьцуулан судалгаа хийсэн бөгөөд ингэхдээ уг хөрөнгүүдийн 2017 оны  5 дугаар сарын зах зээлийн ханшийг ашигласан.

Мөн барилга, гаражийг үнэлэхдээ газрыг огт үнэлгээгүй, дүгнэлтэд энэ тухай тусгагдаагүй байна. Тайланд зах зээлийн харьцуулан жиших аргаар хөрөнгийг үнэлсэн байх боловч зочид буудлын зориулалттай байтал “орон сууцны зориулалттай” гэж дурдсан. Жишиг болгож харьцуулсан 3 хөрөнгө нь үнэлж буй обьекттэй бүтээц, хийц ижил, тохируулга хийх шаардлагагүй гэж дүгнэлтэд дурдсан байх боловч адил төстэй гэдгийг тогтоосон зүйлгүй. Шинжээч үүнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй. Мөн харьцуулсан обьектууд талбайн хэмжээ илт зөрүүтэй бага, зочид буудлын барилгыг бар караоке-ны зориулалттай обьекттэй харьцуулсан. Түүнчлэн шинжээч томилсон тогтоол гарснаас хойш бодит байдалтай танилцахаар ирж байгаагүй, хөрөнгийн байдалтай танилцаагүй болно. Харин 2017 онд үнэлгээ хийхээр шинжээч ирж байсан ч 2017 онд хийсэн уг үнэлгээг хариуцагч байгууллага өөрөө хүчингүй болгосон. Мөн хэрэгт баримтаар “СЭ” ХХК-иас үнэлгээчин Отгонбаярт үнэлгээ хийхтэй холбоотой итгэмжлэл олгосон байх боловч уг итгэмжлэл огноогүй, хуульд нийцээгүй тул эрхгүй этгээд үнэлгээг хийсэн гэж үзнэ. Шинжээчид эрх үүргийг танилцуулаагүй. Хуулиар үнэлгээ хийсэн он сар өдрийг дүгнэлтэд тусгахаар заасан ч хэзээ хийсэн нь тодорхойгүй, тайланд энэ тухай бичигдээгүй. Хариуцагч техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд уг үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, стандартуудыг зөрчсөн, үндэслэлгүй, эргэлзээ бүхий тайлан болсон гэж үзэж байх тул НШШГГ болон “СЭ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2728/с дугаар шийдвэрээр “ГТЛ” ХХК, “О” ХХК, “Вест хилл”ХХК, Д.Оюунжаргал, Г.Түвшинбилэг нараас 4.008.841.995 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг 2016 онд хурааж, битүүмжилсэн. Төлбөр төлөгч, авагч нар ажиллагааны явцад төлбрөийг төлөх график гаргаж тохиролцсон. Төлбөр төлөгч “Вест хилл” ХХК, Г.Түвшинбилэг нар төлбөрийн 1.298.7650.000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд “ГТЛ” ХХК, “О” ХХК, Д.Оюунжаргал нар үлдэгдэл 1.358.449.999 төгрөгийг талуудын харилцан тохиролцсон графикийн дагуу бүрэн төлөөгүй, график зөрчсөн тул барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоож албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч “О” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010913 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, Нарны зам-60 хаягт байрлах 3456 мкв талбайтай 5 давхар зочид буудлын зориулалттай барилга, 140 мкв талбайтай 6 ширхэг автомашины граж, эзэмших эрхийн 66342 дугаарт бүртгэлтэй 2680 мкв талбайтай газарт үнэлгээ хийлгэхээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны тогтоолоор “СЭ” ХХК-г томилсон. Үнэлгээний тайлан 10 дугаар сарын тус тус Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 9.400.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 6.580.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тус тус тогтоосон.

Төлбөр төлөгч нарт үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэж, анх 2017 онд үнийн санал авч, улмаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийлгэж байсан. Гэвч уг үнэлгээг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч, авагч нарт танилцуулж амжаагүй,  хугацаа хэтэрсэн тул манай байгууллага үнэлгээг хүчингүй болгосон. Иймд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор дахин шинжээч томилсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “СЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр томилсон тогтоолын дагуу хөрөнгөд үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, олон улсын стандартад нийцүүлэн, орлогын, өртөгийн, зах зээлийн жишиг үнийн аргыг ашигласан. Үүнээс үнэлгээг тогтоохдоо зах зээлийн жишиг үнийн аргыг тулгуур болгосон. Мөн хуулийн дагуу харьцуулалт хийхдээ адил төстэй үйл ажиллагаа явуулдаг тухайн дүүрэгт байрлах караоке, бар, зочид буудлын зориулалттай 3 газрын худалдан борлуулахаар 2018 оны 9 дүгээр сард тавьсан зар мэдээг ашигласан. Бүх хөрөнгийн үнэлгээний компани сайтууд дахь зарыг ашиглаж үнэлгээг тогтоодог. Хөрөнгөд үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 19-нд хийсэн. Ийнхүү хийх үед уг зарууд идэвхтэй байсан бөгөөд нэхэмжлэгч тухайн хэрэглэгч сайтад элссэн огноо гэснийг андуурч харсан байх.

Үнэлгээг тогтоохдоо орон сууцны зориулалтаар тооцоогүй, харин  аж ахуйн зориулалтаар нь үнэлсэн. Харьцуулсан 3 обьект үнэлж байгаа хөрөнгө бүтээц, хийц яг адил биш өөр нь өөр. Гэхдээ үүнийг зайлшгүй тодруулж бичиг баримтыг үзэх шаардлагагүй, тийм боломж ч байхгүй, үнэлгээний компанид тийм мэдээлэл олдохгүй. Бид ижил төсөөтэй гэдгээр нь харьцуулсан. Мөн тохируулга хийх шаардлагагүй гэж үзсэн. Харин олон тайлан гаргадаг тул тайланд андуурч “орон сууцны зориулалт” гэж засахаа мартаж буруу бичигдсэн байна.  Шинэ хуучин орон сууцны үнийн тухайд зах зээлийн хандлага судалгаа ийм байгаа тухай тайлангийн судалгаанд дурдсанаас үнийг тогтооход ашиглаагүй. Газрыг үнэлээгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Уг хөрөнгийн нэгж үнийг тогтоохдоо газрын үнийг шингээж тооцсон. Мөн үнэлгээ хийхдээ очиж үзээгүй гэдэг худлаа. 2017 онд анх уг хөрөнгийг биет байдлаар нь үзлэг бүрэн хийсэн байсан. 2018 онд шинжээчээр томилсон тогтоол ирсний дараа биет үзлэгийг дахин очиж хийсэн. Гэхдээ хөрөнгө устаж үгүй болсон, гэмтсэн гэх шинж тэмдэг байгаагүй тул нарийн хэмжилтийг дахин хийх шаардлагагүй байсан. Үнэлгээний тайланд үнэлгээ хийсэн огноог бичээгүй техникийн шинжтэй алдаа гарсан байгаа ч нэхэмжлэгч үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шаардаагүй, харин хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ГТЛ” ХХК, “О” ХХК нар нь НШШГГ, “СЭ” ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2728/с дугаар шийдвэрээр “ГТЛ” ХХК, “О” ХХК, “Вест хилл”ХХК, Д.Оюунжаргал, Г.Түвшинбилэг нараас 4.008.841.995 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэжээ.  /хх 11-17/

Тус газар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, улмаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 150/86 тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан “О” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010913 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Нарны зам 60 хаягт байрлах 3456 мкв талбайтай 5 давхар, зочид буудал, үйлчилгээний зориулалттай хөрөнгө, 140 мкв талбайтай 6 автомашины гараж, эзэмших эрхийн 0066342 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 8010/0033 дугаартай 2680 мкв талбайтай газрын хамт битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 150/90 тоот тогтоолоор хураажээ. /хх 33-50, 53-57/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахаар төлбөр төлөгч нарт 2016 оны 11 дүгээр сарын 30-нд  мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх 58-62/

Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч “ГТЛ” ХХК-иас  төлбөрийг хэсэгчлэн, хуваарийн дагуу төлөх тухай хүсэлтийг, түүнчлэн “Вест Хилл” ХХК, Д.Оюунжаргал, Г.Түвшинбилэг нарыг төлбөр төлөгчөөс чөлөөлүүлж, үлдэх төлбөрийг хариуцан төлөх тухай хүсэлтийг тус тус гаргаж байжээ. Төлбөр авагчийн зүгээс уг хүсэлтийг дэмжсэн албан бичгийг ирүүлснээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18/277 дугаар тогтоолоор “Вест Хилл” ХХК, Г.Түвшинбилэг нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн дуусгавар болгожээ./хх 63-68/

Хариуцагч шүүх хуралдаанд төлбөр төлөгч нар 2017 онд үнийн саналаа ирүүлж байсан, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкнаас хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон графикийг төлбөр төлөгч нар зөрчсөн үндэслэлээр хөрөнгөд үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг тус байгууллагад ирүүлснээр шинжээч томилсон гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа дэмжих бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “СЭ” ХХК-г шинжээчээр томилжээ.

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

“СЭ” ХХК нь барьцаа хөрөнгийг үнэлэхдээ өртөгийн, орлогын, зах зээлийн буюу жишиг үнийн аргаар ойролцоо 3 хөрөнгийг харьцуулж нэгж талбайн жишиг үнийг 2.700.000 төгрөгөөр тооцон нийт 9.400.000.000 төгрөгөөр үнэлжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгах зүйлийг тодорхойлохдоо “хөрөнгийн үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдөр”-ийг тайланд тусгасан байхаар мөн зүйлийн 9.3.4-т заажээ. Хэрэгт авагдсан тайланд үнэлгээ хийсэн огноо, тайланг гаргасан огноо тус тус тодорхойгүй. Мөн тайлангийн 22 дахь талд обьект нь газрын хамт 9.400.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж тэмдэглэсэн хэрнээ 24 дэх талд харьцуулах аргын үнэлгээний товчоо хэсэгт 3456 мкв хөрөнгө 9.400.000.000 төгрөг гэж зөрүүтэй тусгагдсан.

Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу үнэлгээг хийхдээ төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй болох нь хариуцагч “СЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2017 онд биет үзлэг нарийвчлан хийсэн байсан тул 2018 онд нарийвчлан хэмжилт хийгээгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010913, нэгж талбарын 8010/0033 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Нарны зам 60 хаягт байрлах 3456 мкв талбайтай 5 давхар, зочид буудал, үйлчилгээний зориулалттай хөрөнгө, 140 мкв талбайтай 6 автомашины гараж, 2680 мкв газрыг 9.400.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

            3.Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2018/13010 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ