Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1540

 

 

 

 

 

 

 

 

   2022       10         24                                    2022/ШЦТ/1540

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Өнөрбаяр,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч О.У , түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.У д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03736 0138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.У ыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын бага ам гэх газарт хохирогч Ж.Д тай “манай найзыг доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь аяга шидэж, зүү дээд нэгдүгээр шүдний булгарсар, зүүн дээр хоёрдугаар шүдний эмтэрсэн, дээд, доод уруулын салстын өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 03736 0138 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч О.У  нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын бага ам гэх газарт хохирогч Ж.Д ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Д ын мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:

“...Тэр хооронд У  би нэг найз хүүхнээ дуудчих уу гэж байх шиг байсан. Төд удалгүй нэг эмэгтэй ирсэн хамт уугаад сууж байсан. Тэр эмэгтэй нь жоохон хэл муутай болохоор нь ганц нэг тоглоом хийсэн. Тухайн үед М , Ж  ах нар олон хоног уусан байсан болохоор тасраад унасан байсан. О  ахын гэрт байх ширээг тойроод Б  ах, О  нар буйдан дээр, У  миний өөдөөс хараад тойроод суусан архиа ууж байгаад юу болсныг мэдэхгүй У  над руу хундагатай архи шидэхэд миний ам хэсэгт онож шүд унасан. Тэгээд амнаас цус гоожоод унахаар нь би босож очоод У ыг 2 гарнаас нь дараад авахад О  хажуунаас орж ирээд зууралдсан. О ийг бас дарж аваад байж байхад Б  ах салгаад зууралдаж байх хооронд У , О  2 миний шүдийг унагачихаад гүйгээд зугтаагаад гарахаар нь араас нь гарахад машиндаа суугаад явах гэж байхаар нь би машины зүүн талын 2 хаалгыг өшиглөөд буугаад ир гэхэд У  бууж ирээд ахиж маргалдсан. Тэр хооронд би өөрийн утсаараа цагдаад дуудлага өгсөн байсан. Би гэр рүү ороход У , О  2 машиндаа суугаад зугтаасан. Тэгтэл над руу цагдаагаас гэж нэг хүн ярихаар нь би миний шүдийг унагасан эмэгтэйчүүд цэнхэр приустэй сая гараад зугтаачихлаа гээд утсаа тасалтал удалгүй цагдаа нар У , О  нартай хамт ороод ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирээд мэдүүлэг тайлбараа өгсөн... Миний биед учирсан гэмтлийг зөвхөн У  над руу архитай хундага шидэхдээ учруулсан. Өөр хүн миний биед гэмтэл учруулаагүй. О  ах салгах гэж байх үедээ зууралдсан асуудал байгаа. Тэгэхдээ миний цээж рүү нэг удаа мөргөсөн. Тэрнээс биш толгой болон нүүр рүү цохиогүй... У ын дух болон баруун бугалганд үүссэн гэмтэл нь ноцолдож байх үед үүссэн байх, харин хөлөнд үүссэн гэмтэл нь машинд бууж суух үедээ хөлөө цохиод байсан. О  жоохон хэл муутай болохоор нь ганц нэг тоглоом шоглоом хийсэн зүйл байгаа. Тэрнээс биш зодсон цохисон асуудал байхгүй. О  тухайн үед Б  ахын цаана сууж байсан. У  бид 2 өөд өөдөөсөө хараад сууж байсан. У  над руу хундага шидээд шүд унагасан үед дээрээс дараад байж байхад хажуунаас орж ирэхээр нь хамтад нь дарж авсан үйлдэл байгаа... Би унасан шүдээ хийлгэчихвэл надад гомдол санал байхгүй. Би У ын машины 2 хаалгыг хонхойлгосон үйлдэлдээ эзэн болж засаад өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Гэрч П.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ....  тоот гэртээ байж байхад манай найз У  над руу залгаад Гачууртад хүрээд ирээч гэхээр нь яваад очтол У  намайг тосож аваад Б  гэх айлынд очсон. Д  гэх залуутай танилцаад сууж байхад Д  миний гуяыг илээд байхаар нь “болиоч” гэхэд “хэл муутай юм байж” гэж доромжилсон. Тэгтэл манай найз У  “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм” гэтэл Д  бид хоёрыг үсдээд боогоод байсан. Б  ах босож ирээд салгасан. Тэгээд бид 2 машиндаа суугаад явах гэтэл Д  араас гарч ирээд У ын машин руу өшиглөөд байхаар нь бид 2 бууж ирээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний үснээс зулгаагаад хэсэг үс унасан байсан. Өөрөөр яман нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрэлээнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10068 дугаартай:

“Ж.Д ын биед зүүн дээд нэгдүгээр шүд булгарсан, зүүн дээд хоёрдугаар шүд эмтэрсэн, дээд, доод уруулын салстын өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5% алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

Гэрч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Гачуурт-113 чиглэл нь Баянзүрх дүүргийн 20- 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд очих хувиартай байдаг ба 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 15 цагийн орчим “гачууртын эцэст эмэгтэй хүнд зодуулж шүд хугарсан” гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийг эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч З.Ядамсүрэнгийн хамт шалгахад хэрүүл маргаан болсон байдалтай, амнаас нь цус гарсан эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэнд байсан 2 эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжгүй, өөрийн үйлдлийг удирдах чадвартай, хэвийн байсан болохоор машинаа бариад дагаад яв гэж хэлсэн. Тухайн үед манай автомашинд өмнөх дуудлагын холбогдогч нар байсан, машин зайгүй байсан тул авч явах боломжгүй байсан. Тээврийн хэрэгслийн эзэн гэх эмэгтэй тухайн үед эрүүл байсан. Намайг уг дуудлага мэдээлэлд очиход тэнд байсан зодуулсан гэх залуугийн амнаас нь цус гарсан байсан. Бусад хүмүүс болох тэнд байсан 2 эмэгтэйгийн биед ил харагдах шарх ажиглагдаагүй. Тэгэхдээ бид нар хүний биед ямар гэмтэл учирсныг шууд хэлэх боломжгүй тул хэлтэс дээр авч ирж хүлээлгэн өгсөн. Тэгээд эрх бүхий албан тушаалтан нь шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгсөн байх. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч З.Ядамсүрэн нь хувийн гачигдлын улмаас албанаас 1 жилийн хугацаатай чөлөө авч Солонгос улс руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д ын төрсөн өдөр болсон ба нэг мэдсэн У  нэг найзтайгаа ирсэн байсан. Тухайн үед хамт байсан М , Жижгээ нар тасраад сэрэхгүй унтаж байсан. Тэнд байсан Д , У , О  бид нар сүүлд тойрч суугаад архи уусан. Тэр үед согтсон хүмүүс нэгнийгээ явуулаад тоглоом шоглоом хийгээд Д  О ийг хэл муутай гэж дуурайж шоолж байхад У  “чи эмэгтэй хүнийг яахаараа ингэж дээрэлхдэг юм” гэж уурлаад архи ууж байсан цайны жижиг аягаа Д  руу шидсэн. Тэгээд тэд нар маргалдаад У , О  нар гараад явсан. Д  араас нь гарсан. Удалгүй цагдаа нар ирээд тэд нарыг аваад явсан. Сүүлд цагдаа дээр шалгагдаж байхад нь У , Д  хоёртой уулзахад нэг нэгэндээ тунисан, миний машиныг төлж өгвөл би чиний шүдийг төлж өгнө гэж маргалдаж байгаад учраа олсон гэж бодсон. Манай байрны дүү У  ер нь эршүүд талдаа, түргэн ууртай хүн байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өглөө У  найз О ийн хамт ирэхэд Д ын биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Тэгээд бид нар архи ууж байхад бага зэрэг маргалдаад У  архины аяга шидэж Д ын шүдийг унагасан. Тэгээд Д  уурлаад гарч машин тэргийг нь өшиглөж хонхойлгосон. Ийм л асуудал болсон. Тухайн үед У ын биед гэмтэл шарх учирсан эсэхийг анзаараагүй. Уг нь энэ хүмүүс байнга хоорондоо холбоотой байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/,

 

Шүүгдэгч О.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.У ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55/, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж /хх-ийн 90-95/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.У  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.У ын хохирогч Ж.Д ын биед зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал, зүүн дээд хоёрдугаар шүд эмтэрсэн, дээд, доод уруулын салстын өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ж.Д  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч энэ гэмт хэргийн улмаас үүсэн гарсан хохирлоо нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч О.У ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой нутаг дэвсгэрээс заасан хугацаанд гар явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.У  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг 1 сарын хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Д ын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ