Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 402

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, худалдааны гудамж, 2 дугаар корпус 202 тоот хаягт байрлах Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар байрны 42 тоот хаягт оршин суух Д.Я-д холбогдох

100,482,443 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2018 оны 6 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл, хариуцагчийн төлөөлөгч Ч.Жадамба, гэрч Ц.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

Гуравдагч этгээдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Я  нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагатай 00000447 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 36,817,000 /гучин зургаан сая найман зуун арван долоон мянган/ төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хорооллын 103 дугаар байрны 162 тоот Ү-2201044183 тоот улсын бүртгэлийн дугаартай, 58,06 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаж, зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан ч төлөөгүй ба сүүлдээ оршин суугаа хаяг тодорхойгүй болсон. Энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосны эцэст Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Зээлдэгч нь 2018 оны 6 дугаар сард ирж уулзан хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 34,976,900 төгрөг нэмж зээлэн 71,793,687 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нь өнөөг хүртэл төлөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, зээлийн гэрээний 6.2-д “Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхийн зэрэгцээ нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлнө” гэж тус тус заажээ. Иймд үндсэн зээл 71,793,687 төгрөг, хүү 12,061,336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,267 төгрөг, нийт 86,267,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 100,482,443 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Я д холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д ББСБ ХХК-тай 2016 оны 11 сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 36,817,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хавсралтад тусгагдсан хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан. Өөр зээлийн болон нэмэлт гэрээ талуудын хооронд байгуулагдаж байгаагүй юм. Гэтэл нэхэмжлэлд “Зээлдэгч нь 2018 оны 6 дугаар сард ирж уулзан хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 21-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 34,976,900 төгрөг нэмж зээлэн 71,793,687 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон” гэж дурджээ. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ бодитоор байгуулагдаагүй, нэхэмжлэгч ББСБ-аас 34,976,900 төгрөг шилжүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсэг мөн барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн зээлийн үлдэгдэл төлбөр, 6 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.Я  нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Д ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 36,817,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хавсралтад тусгагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан. Нэхэмжлэгч байгууллагын дурдсанчлан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 34,976,900 төгрөгийг нэмж зээлсэн, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсан зүйлгүй болно. Иймд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Я д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 21-нд байгуулсан 447 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талуудын чөлөөт байдлыг хангасан, хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл ба зээлдэгч Д.Я  нь нэмэлт гэрээ байгуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасны дагуу гэрээ хийж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Мөн энэ гэрээг хуульд заасан шаардлагын хүрээнд зохих ёсоор нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч Д.Я гийн “дээрх гэрээг байгуулж мөнгө зээлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсан зүйлгүй болно” гэх тайлбар нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэл болохгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан гэдэг нь ор үндэсгүй байна. Зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй ба зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өнөөг хүртэл нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Талуудын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Д.Я д холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 100,482,443 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэдэгт маргахгүй байх боловч 2018 оны 6 сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр 34,976,900 төгрөгийг нэмж зээлж аваагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 2016 оны 11 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл, 6 сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргасан бөгөөд 2018 оны 6 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд буюу барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Самбилын овоо ХХК, түүний төлөөлөгч нь үндсэн болон сөрөг нэхэмжлэл, барьцаа хөрөнгөтэй холбоотой байгуулагдсан барьцааны гэрээний талаар шүүхэд ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

Шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул талуудын хүсэлтийг үндэслэн хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2016 оны 11 сарын 2-ны өдөр Д ББСБ ХХК болон Д.Я  нарын хооронд 00000447 дугаартай зээлийн гэрээ /хх-7,8 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр Д ББСБ ХХК нь Д.Я д 36,817,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс 36,817,000 төгрөгийг зээлсэн гэдэгтээ маргахгүй байх ба харин зээлийн гэрээний дагуу хариуцагчид нийт 4,123,000 төгрөгийг төлсөн тул уг төлбөрийг хасаж, зээлийн үндсэн төлбөр, 6 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжтой, хэтэрсэн хугацааны хүүгийн талаар талууд гэрээнд тохиролцоогүй тул хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй, 2018 оны 6 сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр 34,976,900 төгрөгийг нэмж зээлж аваагүй тул уг зээлтэй холбоотой төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Талуудын хооронд 2016 оны 11 сарын 2-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхийн зэрэгцээ нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлнө” гэж заасан байх ба уг заалтад заасан “зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөх” тухай талуудын тохиролцоог Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх” талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэх ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтад заасан “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэсэн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэтэрсэн хугацааны хүүгийн талаар талууд гэрээнд тохиролцоогүй тул хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

2018 оны 6 сарын 21-ний өдөр Д ББСБ ХХК болон Д.Я  нарын хооронд 00000447 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” нэртэй гэрээ /хх-11 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр Д ББСБ ХХК нь Д.Я д өмнөх зээлийн гэрээний буюу 2016 оны 11 сарын 2-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл болох 36,816,787 төгрөгийн үлдэгдэл дээр нэмэлтээр 34,976,900 төгрөгийг нэмж, нийт 71,793,687 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч уг нэмэлт гэрээг байгуулахдаа өмнөх 2016 оны 11 сарын 2-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүүгийн төлбөрт нийт 34,976,866 төгрөгийг төлж, улмаар  34,976,900 төгрөгийг нэмж зээлж авсан гэсэн тайлбарыг гарган уг тайлбар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Я гийн гараар бичсэн хүсэлт /хх-14 тал/, кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-80-82 тал/-уудаар нотлогдоно гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгч 2018 оны 6 сарын 21-ний гэрээгээр мөнгө нэмж зээлдүүлээгүй, уг баримтуудыг үйлдсэн хэдий ч бодитоор мөнгө шилжүүлээгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 6 сарын 21-ний гэрээгээр 34,976,900 төгрөгийг нэмж зээлдүүлээгүй, зөвхөн тийм утга бүхий гэрээ болон баримтыг үйлдсэн гэх хариуцагчийн тайлбар нь шүүхэд гэрчээр асуугдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч 2018 оны 6 сарын 21-ний өдөр 34,976,866 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн атлаа мөн өдрөө дахин 34,976,900 төгрөгийг буюу төлсөн гэх мөнгөтэйгөө тэнцүү хэмжээний мөнгийг нэмж зээлж авах бодитой шаардлага, шалтгаан байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нь 2018 оны 6 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс 34,976,900 төгрөгийг нэмж зээлсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх бөгөөд 2018 оны 6 сарын 21-ний гэрээнд заасан 34,976,900 төгрөгийн зээл хариуцагчид олгогдоогүй гэж үзнэ.

2018 оны 6 сарын 21-ний өдрийн гэрээгээр 34,976,900 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид нэмж зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх хэдий ч уг гэрээгээр өмнө байгуулсан 2016 оны 11 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой тохиролцоог талууд хийсэн, мөн Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул талуудын хооронд 2018 оны 6 сарын 21-ний өдөр байгуулагдсан нэмэлт гэрээ нэртэй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

Шүүх уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь уг гэрээний дагуу хариуцагчид шилжүүлэн өгөөгүй 34,976,900 төгрөгийн зээлийн үүргийг хариуцагчаас шаардах эрхийг нэхэмжлэгчид үүсгэхгүй болно.

2018 оны 6 сарын 21-ний өдрийн гэрээгээр 34,976,900 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид нэмж зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг буруу тооцсон байх тул шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх зээлийн төлбөрийн хэмжээг дараах байдлаар тооцоолов.

Үүнд:

2016 оны 11 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан 36,817,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8 тал/-ийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 36,817,000 төгрөг, зээлийн хүүнд нийт 9,995,817 төгрөг, нийт 46,812,817 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байсан байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид нийт 4,123,000 төгрөгийг 2016 оны 12 сарын 5-ны өдөр 2 удаагийн төлөлтөөр 1,500,000 төгрөг, 190,000 төгрөг /хх-60 тал/, 2017 оны 1 сарын 22-ны өдөр 1,933,000 төгрөг /хх-63 тал/, 2017 оны 2 сарын 21-ний өдөр 500,000 төгрөг /хх-67 тал/ төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч уг мөнгөн дүнгээс гадна хариуцагч 2018 оны 6 сарын 21-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 34,976,866 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

2016 оны 11 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний хугацаанд хариуцагчаас төлсөн 4,123,000 төгрөгөөс 574,342 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн төлбөр төлсөн огнооноос шалтгаалан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутган авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн дансны хуулга нэртэй баримт дахь суутгалын тооцооллын дүнгээр тогтоогдож байх ба хариуцагч уг суутгалд маргасан тайлбар гаргаж, мэтгэлцээгүй байна.

Иймээс хариуцагчийн төлсөн 4,123,000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлөгдсөн 574,342 төгрөгийг хасаж тооцоход 3,548,658 төгрөг үлдэж байх ба үүнийг зээлийн хүүгийн төлбөр болох 9,995,817 төгрөгөөс хасаж тооцоход зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагчаас нэхэмжлэгчид 2016 оны 11 сарын 2-ны өдрийн гэрээний дагуу төлөх зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл нь 6,447,159 төгрөг, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 36,817,000 төгрөг, нийт 43,264,159 төгрөг байна.

2017 оны 5 сарын 2-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш талуудын хооронд дахин зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч ямар нэгэн төлбөр хийгээгүй байх тул дээр дурдсан хугацаанд буюу 12 сар 19 хоногийн хугацаанд хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлээс тооцно.

Үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 36,817,000 төгрөгөөс сарын 4.5 хувийн хүүгээр тооцоход 12 сард 19,881,180 төгрөгийн, 19 хоногт 1,049,284.5 төгрөгийн, нийт 20,930,464.5 төгрөгийн хүү тооцогдож байна.

Хэтэрсэн хугацааны хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү мөн тооцогдох бөгөөд 20,930,464.5 төгрөгийн 20 хувь буюу 4,186,092.9 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.

2017 оны 5 сарын 2-ны өдрөөс 2018 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн нийлбэр нь нийт 25,116,557.4 төгрөг болж байна.

2018 оны 6 сарын 21-ний өдөр хариуцагч зээлийн хүүгийн төлбөрт 34,976,866 төгрөгийг төлөөгүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахад нэхэмжлэгчийн төлөөлөгч уг тайлбарыг үгүйсгэж, хариуцагч уг өдөр нэхэмжлэгчид 34,976,866 төгрөгийн төлсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, уг мөнгийг нэхэмжлэх эрх бүхий этгээдийн бүрэн эрх олгосон төлөөлөгч хариуцагчаас 34,976,866 төгрөгийг 2018 оны 6 сарын 21-ний өдөр авсан гэж баталж байх тул шүүх уг төлбөрийг хариуцагчийн зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж буйгаар зээлийн хүүгийн төлбөрөөс бус үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцоолох нь зүйтэй  гэж үзсэн болно.

Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дахь заалтад “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон, 2016 оны 11 сарын 2-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан байсан тул тэргүүн ээлжинд үндсэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөрийг төлсөнд тооцож тооцооллыг хийх нь хуульд нийцнэ.

Ийнхүү үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 36,817,000 төгрөгөөс 2018 оны 6 сарын 21-ний өдөр төлөгдсөн 34,976,866 төгрөгийг хасаж тооцоход үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 1,840,134 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл  25,116,557.4 төгрөг, нийт 26,956,691 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан, энэхүү зохицуулалтын агуулга нь  гэрээний хугацаа дуусахаас өмнө талууд хугацааг сунгах талаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж, ийнхүү тохиролцсон бол хугацаа дууссан үеэс шинэ хугацааг  тоолох агуулгатай бөгөөд харин зохигчдын хийсэн 2018 оны 6 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ гэх гэрээ өмнөх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үйлдэгдсэн байх тул 2016 оны 11 сарын 2-ны өдөр байгуулагдаж, 2017 оны 5 сарын 2-ны өдөр хугацаа нь дууссан гэрээний хугацааг шинээр тоолох нөхцөл болж чадахгүй.

Гэсэн хэдий ч  талууд харилцан тохиролцож, өмнөх гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгож, шинээр гэрээний харилцаанд орсон, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг сольсон гэж үзэх үндэслэлтэй.

2018 оны 6 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үнийн дүнг дээр дурдсан 26,956,691 төгрөгөөс тооцох бөгөөд уг зээлийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч ямар нэгэн төлбөр төлөөгүй тул гэрээ байгуулсан 2018 оны 6 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгч сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2019 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох бөгөөд энэ хугацаанд тооцогдох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцоолж үзэхэд дараах байдалтай байна.

Үндсэн зээлийн 26,956,691 төгрөгт сарын 4.5 хувийн хүү тооцоход сарын хүү нь 1,213,051 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд буюу 2018 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 7,278,306 төгрөгийн хүү, нийт үндсэн зээл болон зээлийн  хүүгийн төлбөрийн хэмжээ нь 34,234,997 төгрөг болж байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийг хамгийн сүүлийн байдлаар нэмэгдүүлсэн 2019 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэл 1 сарын 8 хоногийн хугацаанд хэтэрсэн хугацааны хүү тооцогдох бөгөөд хэтэрсэн хугацааны хүүг болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нийт 1,831,315.53 төгрөг болж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 26,956,691 төгрөг, хүүгийн төлбөр 7,278,306 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,831,315.53 төгрөг, нийт 36,066,312.53 төгрөгийг хариуцагч Д.Я гээс гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 64,416,130.47 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба хариуцагчийн гаргасан 2018 оны 6 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д ББСБ ХХК болон Самбилын овоо ХХК-ийн захирал Д.Я  нарын хооронд 2016 оны 11 сарын 2-ны өдөр 00000447 дугаартай “Барьцааны гэрээ” /хх-9,10 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Д ББСБ ХХК болон Д.Я  нарын хооронд 2016 оны 11 сарын 2-ны өдөр байгуулагдсан 00000447 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044183 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000442912 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байр 162 тоот хаягт байршилтай, 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

Улмаар Д ББСБ ХХК болон Д.Я  нар нь 2018 оны 6 сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулан уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад “2016 оны 11 сарын 2-ны өдрийн 00000447 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ” гэх тохиролцоог хийсэн, Д.Я  нь зээлийн гэрээний хувьд зээлдэгч, барьцааны гэрээний хувьд барьцаалагч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байх тул шүүх талуудын хооронд 2018 оны 6 сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад дээр дурдсан барьцааны гэрээ үйлчилнэ гэсэн тохиролцоог хожим хийгдсэн гэж үзсэн бөгөөд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байна.

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044183 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000442912 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байр 162 тоот хаягт байршилтай, 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 57 дугаар зүйлийн 57.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Я гээс 36,066,312.53 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 64,416,130.47 төгрөгийн шаардлага, хариуцагчийн гаргасан 2018 оны 6 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044183 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000442912 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байр 162 тоот хаягт байршилтай, 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 сарын 16-ны өдөр төлсөн 589,287 төгрөг, 70,200 төгрөг, 2018 оны 12 сарын 3-ны өдөр төлсөн 170,674 төгрөг, 2019 оны 1 сарын 29-ний өдөр төлсөн 86,670 төгрөг, нийт 916,831 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 сарын 26-ны өдөр төлсөн 339,000 төгрөгийн 332,834.5 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Я гээс 338,281.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн  6,165.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Д.Я д тус тус олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УУГАНБАЯР