| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/03386/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2019-02-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 66 дугаар байр 38 тоот хаягт оршин суух Б.Н-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Япон элчингийн зүүн талд Монгол 3000 байр 2 давхар хаягт байрлах Т ХХК-д холбогдох
13,758,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Н Т компанитай 2014 оны 9 дүгээр сарын 12 -ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан урьдчилгаа төлбөрт 13,758,750 төгрөг төлсөн. Ингээд гэрээ ёсоор орон сууц хугацаандаа бэлэн болоогүй тул гэрээний талууд харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 12-нд гэрээг цуцалж гэрээний урьдчилгаа төлбөр 13,758,750 төгрөгийг Б.Н т буцаан өгөх болсон. Энэ цагаас хойш Т компаниас ямар нэгэн мөнгө аваагүй бөгөөд нэхээд очихоор элдэв шалтгаан тоочиж өнөөг хүрсэн. Иймд Т компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 13,758,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 13,758,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 1 сарын 14-ний өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүх төлөөлөгчид итгэмжлэл олгосон этгээдийн төлөөлөх бүрэн эрхийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас болох www.burtgel.mn вэб сайт дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх нээлттэй мэдээллээс шалган үзэхэд Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр хариуцагчийн төлөөлөгч М.Эрдэнэбилэгт итгэмжлэл олгосон З.Цэцэн бүртгэлтэй байсан болно.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2014 оны 9 сарын 12-ны өдөр Б.Н болон Т ХХК нарын хооронд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нэртэй гэрээ /хх-5-9 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Т ХХК нь Б.Н ын захиалгаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Шинэ налайх хорооллын 7а байрны 1 дүгээр орцны 3 давхрын 11 тоотын 36.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 3-4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулан Б.Н т хүлээлгэн өгөх, Б.Н нь гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь болох 13,758,750 төгрөгийг төлөх, үлдэх төлбөрийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Т ХХК нь орон сууцыг 2014 оны 3-4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулан Б.Н т хүлээлгэн өгөх, Б.Н нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг Т ХХК-д төлөх үүргийг харилцан хүлээнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөөгүй тул талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг Т ХХК Б.Н т буцаан олгохоор тохиролцсон боловч төлбөрийг буцаан олгоогүй гэсэн тайлбарыг нэхэмжлэлд дурдсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй, мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Т ХХК-аас орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 13,758,750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Н т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-аас 13,758,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 сарын 7-ны өдөр урьдчилан төлсөн 226,745 төгрөгийн 226,743.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.25 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т ХХК-аас 226,743.75 төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР