Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1579

 

 

 

 

 

 

 

 

  2022        10         31                                   2022/ШЦТ/1579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Ганчимэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ч.Г  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Г г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03959 2805 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Г г 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим ...  худагны ард байрлах тоглоомын талбайд хохирогч Г.Г ыг төрсөн дүү Ч.О г “дүү зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03959 2805 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Ж Ч.Г  нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Г.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Хохирогч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тэгтэл М  гэж дууддаг нэрийг нь мэдэхгүй залуу дүүтэйгээ ирсэн. Надаас тамхи асуугаад томроод байхаар нь би М гийн нүүр рүү нэг удаа алгадсан. М  дүүтэйгээ явсан ба удалгүй дүү болон өөр хоёр эрэгтэй ирээд “миний дүүг хэн алгадсан” гэхээр нь “би” гэсэн чинь миний зүүн нүдрүү гараараа цохисон. Тэгэхээр нь гараараа нүүрээ дараад суухад бүгдээрээ намайг толгой, нүүр, хөл рүү цохисон. Тэгээд тэдгээр хүмүүс явцгаасан ба би тухайн үед согтуу байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Миний зүүн талын нүд хөхөрсөн, үүдэн нэгдүгээр шүд цаашаа цөмөрч орсон. Хөл хөндүүрлэж байгаад зүгээр болсон..”, “Баруун дээд, доод зовхинд цус хурсан гэмтлийг Г   гэдэг хүн учруулсан. Миний нүүр хэсэгт 2 удаа цохихдоо баруун нүд рүү 2 удаа цохисон. Зодсонд уучлаарай гээд 200.000 төгрөг бэлнээр өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10/,  

 

Гэрч Ч.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Г  гийн хамт тоглоомын талбай дээр очиход хохирогч гэх залуу ганцаараа пиво бариад зогсож байсан. Би очоод тухайн хүнээс “яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “би өвчтэй гэдгийг нь мэдээгүй юм” гэж хэлсэн. Тэгээд манай дүү Г   тухайн хүний толгой руу 1-2 удаа цохисон. Би “чи энэ хүүхдийг цохих юм бол энэнээс эс юм болно, энэ хүүхэд 2 удаа хагалгаанд орсон” гээд бүх өвчнийг нь хэлээд гар далайгаад тухайн хүнийг орхиод явсан. Манай дүү бөөрний аппратанд нэгдүгээр эмнэлэгт ордог бөгөөд орчихоод явж байхад нь таарсан байсан. Тухайн хүн газар огт суугаагүй. Г   1-2 удаа цохисон. Би тухайн залуугийн түшээд зогсож байсан тоглоомын талбайн төмрийг гараараа барьж зогсож байгаад дүүгийн бие муутай болсон бүх үйл явцыг хэлээд л салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч О.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг дүүгийн хамт явж байхад манай гэрийн ойролцоо тоглоомы талбай дээр байсан зүс таних Б , Г , танихгүй эрэгтэйгийн хамт пиво ууж байгаад намайг Г  дуудаад би очоод мэндэлчихээд буцаад явах гэхэд Б  танил дүү Д ийг дарамтлаад “наашаа зогс, яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би “жоохон хүүхэд би дүүгээ аваад явлаа” гэж хэлэхэд Г  миний гэдэс рүү цохисон. Би бөөрний хагалгаанд орж байсан шархаа харуулахад “тэгвэл чиний нүүр рүү цохиж болох юм байна” гээд миний хоёр шанаа руу 3-4 удаа цохисон. Би явлаа гэж гуйсан бөгөөд намайг явуулахгүй байсан. Б  зүгээр байсан Д ий нүүр рүү цохисон. Тэгээд Д  уйлаад яваад гэрт очоод миний төрсөн ах Ч , Г   нарыг дуудаад тэр 2 ирээд Ч  ах Г д “чи энэ хүүхдийг цохиж болохгүй бие муутай хагалгаанд орсон хүүхэд” гэж хэлсэн. Харин Г   ах намайг өмөөрөөд Г ын нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Тэгээд би олон удаа цохиулсан болохоор уур хүрээд цээж, гар хэсэгт нь цохисон. Ч  ах “заза боль ахын дүү, ингээд яв” гээд Г ыг явуулсан. Тэгээд бид нар гэртээ орсон... Г  зогсож байхад ах Ч  гараа далайхад хажуу тийшээ болохдоо шатны хажуу талын төмрийг баруун нүд хэсгээрээ мөргөх шиг болсон. Тэгээд газар суухаар нь би хөлний хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10596 дугаар:

“Г.Г ын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

 

Шүүгдэгч Ч.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим гэртээ байхад бага дүү О  утсаар залгаад “зодуулсан” гэж хэлээд худгийн ойролцоо байна гэж хэлэхээр нь хажуу талд амьдардаг ах Ч ийг аваад тоглоомын талбай руу явсан. Тэгээд очсон чинь нэг согтуу залуу зогсож байсан. Би очоод “дүүг зодлоо” гээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон чинь ах Ч  болиулаад наадах чинь согтуу байна гэж хэлсэн. Би буцаад машин руу явсан. Ч  ах уулзаад юм ярьсан. Тэгээд тухайн хнээс салаад бид 3 гэр рүүгээ явсан. Гэнэдарамын бид учруулсан гэмтлийг би учруулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан хохирогч Г.Г ын гаргасан “Г.Г  миний бие Ч.Г д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хүсэлтийг маань шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 52/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан шүүгдэгч Ч.Г гийн гаргасан “Ч.Г  надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 39/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Ч.Г гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 40/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 41/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 606 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Ч.Г  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ч.Г  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ч.Г д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Ч.Г г хохирогч Г.Г ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Г.Г  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн зүгээс хохиролд 200.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ч.Г гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Г.Г ын ёс суртахуунгүй байдал, бусадтай зүй бус байдлаар харьцсан харьцаа зэрэг зүй бус үйлдлүүд, үг хэллэгүүд шууд нөлөөлжээ. Дээрх үйлдлийг нь таслан зогсоохоор шүүгдэгч Ч.Г гийн тавьсан шаардлага зүй ёсны байна.

Шүүгдэгч Ч.Г гийн бусдын зүй бус үйлдлийг болиулахаар тавьсан шаардлага нь хүний эрхэм чанарт нийцсэн, нийгмийн хэв журмыг хамгаалсан хууль ёсны шаардлага юм. Харин хүний биед халдаж байгаа үйлдэл нь буруу болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.Г гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх бөгөөд тэрээр өөрийн гэм буруутай байдлыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулан маргаангүй болжээ. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгааныг харгалзан шүүгдэгч Ч.Г д оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Г  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ч.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ