Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1743

 

 

 

 

 

 

  2022        11         28                                  2022/ШЦТ/1743

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Чанцалдулам /томилолтоор/,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Э.М  нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3618 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ахмадын хорооллын хажууд байрлах засварын газарт тухайн үед үүссэн хэрүүл маргааны улмаас иргэн Я.С гийн нүүр хэсэг рүү гараараа цохиж тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 3618 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Э.М  нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хохирогч Я.С гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Хохирогч Я.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай машин өнөөдөр асахаа болиод манай нөхөр хуучин ажиллаж байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны урд талд засварын задгай хашаанд таньдаг хүн дээрээ очоод машинаа хамт засаж байсан. Би ажлаа тараад орой 19 цагийн үед нөхрийн байгаа хашаанд очиход Э.М  согтуу байсан. Намайг таньдаг болохоороо “юу байна, сайн байна уу” гээд намайг гичий, янхан, хашаанаас зайл гээд хөөгөөд байхаар нь “чи яагаад хүн доромжилж байгаа юм бэ” гэхэд “та нар машинаа засуулдаг хэн юм, хашаанаас гар, хашааны хаалга хаа” гээд уурлаад байсан. Бид 2 хэрүүл хийж байгаад машиндаа ороод жолоочийн эсрэг талын урд сууж байсан чинь машины хаалга онгойлгоод миний нүүрний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Манай нөхөр “боль” гээд барьцалдаж аваад зууралдсан. Нөхөртэй зууралдсаны дараа дахин ирээд машины зүүн талын хаалгыг өшиглөж хаалга хонхойлгосон. Миний толгой өвдөж зүрх дэлсэж байна. Зүүн шанаа хэсэгт хавдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,  

 

Гэрч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ очоод найз М гийн хамт 0.5 литрийн “Элэкс” нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгтэл 19 цагийн үед манай эхнэр С   машинтайгаа ажил дээр ирсэн. Би М тэй ажлаас болж нилээн маргалдаж хэрэлдэж байтал манай эхнэр бид хоёрын дундуур ороод “больцгоо” гээд байж байтал М  манай эхнэрийг “чи муу янхан юу вэ, гичий” гээд л хараагаад байсан. Би нилээн согтуу байсан болохоор өөр юу гэж хэл амаар доромжилж байсныг санахгүй байна. Тэгээд эхнэр маань машиндаа суух гэтэл М  нүүр рүү нь гараараа 1 удаа цохичихсон. Тэгээд бас машины урд талын хаалга руу өшиглөөд хонхойлгосон. Тэгээд эхнэр маань цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,  

 

“Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4533 дугаар “хаалга /зүүн урд/ 110.000 төгрөг, 100 грамм будаг 20.000 төгрөг, будгын ажлын хөлс 120.000 төгрөг нийт 250.000 төгрөгөөр үнэлэв..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13999 дугаар:

“Я.С гийн биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,

 

Шүүгдэгч Э.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өгөөмөр захын хойд талд байрлах машин засварын газар дээрээ 3 хүний хамт архи уусан. Нэг нь Х  гээд манай найз байсан. Би найзтайгаа элдэв зүйл ярилцаж байгаад маргалдсан. Тэгтэл 19 цагийн үед эхнэр нь гэх хүн приус 30 маркийн машин унаад ирсэн. Тэгээд Х ын эхнэр бид хоёрын маргаан дундуур орж ирсэн. Би Х ыг цохих гэж байгаад эхнэрийнх нь зүүн шанаа хэсэг рүү санамсаргүй цохичихсон. Би уурандаа машиных нь баруун урд талын хаалгыг хөлөөрөө өшиглөөд машины хаалгыг нь хонхойлгосон. Би машиных нь хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Э.М гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 31/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 33/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 745 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Э.М  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Э.М  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохиролыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Э.М д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Э.М  нь хохирогч Я.С гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Я.С  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Э.М гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ