Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхтуяа |
Хэргийн индекс | 114/2021/0009/З |
Дугаар | 114/ШШ2021/0013 |
Огноо | 2021-09-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 114/ШШ2021/0013
2021 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 114/ШШ2021/0013 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2021/0009/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Өсөх урам ХХ Компани /РД 4248961/ Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороололд өөрийн байранд байрлах
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо
Хариуцагч Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-А/100 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох нэхэмжлэгчээс нэхэмжлэлийг эцсийн байдлаар өөрчилсөн доорх шаардлагуудтай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
1.Үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох;
2. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах;
3.Өсөх урам ХХК-тай гэрээ байгуулахыг эрх олгохыг хариуцагч нарт / 2021 оны 4 сарын 23-ны өдөр 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээ хороо, ЗДТГ-т даалгах;
4.Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-А/100 дугаар тушаалыг хүчингүй болгох;
5.Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зарлан тендер хүлээн авахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шийдвэрээс Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын /Дархан-Шарын гол ЗТХЯ /202103003 дугаар бүхий багц 2 / 3 дугаар хэсэг/-т тендер зарласан хэсгийг хүчингүй болгох.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Б.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, Ж.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК-аас шүүхэд болон захирал Г.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, мөн түүний өмгөөлөгч П.Батжаргал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлахдаа:- Манай компани нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зарласан Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх тендерийн багц 2-ын 3 дугаар хэсэгт оролцсон. 2021.06.16-ны өдрийн 2-10/721 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтад нийцсэн боловч сайн үнэлэгдсэн тендерээс үнийн санал өндөр байна гэж татгалзаад захиалагч Анандын зам ХХК, Нутгийн буян ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээ байгуулах эрх олгосон байсан. Манайх Анандын зам ХХК, Нутгийн буян ХХК-ийн түншлэл нь тендерийн шаардлагыг илт хангаагүй байна гэж үзээд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2021.07.05-ны өдөр Анандын зам ХХК, Нутгийн буян ХХК-ийн түншлэлийг шаардлага хангаагүй байна гэж дүгнээд тендерийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийх тухай албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлж үзэхгүй, тендерийг хянах үйл ажиллагаа явуулаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1.1-ээр бүх тендерээс татгалзаж, захиалагчаас дахин тендер зарласан. Иймд манай зүгээс дараах шаардлагуудыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
1.Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-10/920 дугаар албан бичгээр ирүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 02-А/48 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны Бүх тендерээс татгалзаж дахин зарлах-аар шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох,
2.Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаартай тушаалыг хүчингүй болгох,
3.Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зарлан тендер хүлээн авахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээс Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто зам /Дархан Шарын гол сум/ЗТХЯ/202103003 дугаар бүхий багц 2-ын 3 дугаар хэсэг тендер зарласан хэсгийг хүчингүй болгох
4. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах;
5. Өсөх урам ХХК-тай гэрээ байгуулахыг эрх олгохыг хариуцагч нарт буюу 2021 оны 4 сарын 23-ны өдөр 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээ хороо, ЗДТГ-т даалгах-аар нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хүрээнд тендер шалгаруулалтын үе шатыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.2.1-т тендерийн үнэлгээний хорооны чиг үүргийг тодорхой заасан байдаг. Хуулийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж зааснаас харвал хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох гэх мэтчилэн 5 үйл ажиллагааг чиг үүрэгт нь хамааруулсан байна. Гэтэл тендерийн тухай хуульд зааснаар хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, бүх тендерээс татгалзах гэдэг нь хуулийн өөр, өөр зохицуулалттай байна. Тухайлбал хуулийн 27 дугаар зүйлээр хянан үзэх, 28 дугаар зүйлд зааснаар үнэлэх, 29 дүгээр зүйлд гэрээ байгуулах эрх олгох, 30 дугаар зүйлд заасны дагуу тендерээс татгалзана гэж заагласан байдаг. Тендерийг хянан үзээд тендерийн тухай хуулийн 27.3-т заасны дагуу тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Хуулийн 14 дүгээр зүйлд ерөнхий нөхцөл, 15 дугаар зүйлд санхүүгийн чадавхи, 16 дугаар зүйлд техникийн чадавхи болон туршлагыг хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлэх ёстой. Уг шаардлагуудыг хянаж үзээд 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн талаар дүгнэлт гаргах ёстой, эсвэл 27.4-т зааснаар татгалзах ёстой байтал нэхэмжлэгчид 2021.06.16-ны өдрийн 2-10/721 дугаартай албан бичгээр танай компани 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан боловч үнийн саналаар тэнцсэнгүй гэсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа тендерийн тухай хуулийн 28.1-т заасан хэсгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тус заалтад 1 үе шаттай тендерийг сонгон шалгаруулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан эсэхийг хянаж шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерийг үнэлнэ гэж заасан байдаг. Уг албан бичгийн агуулгаас харахад Анандын зам ХХК, Нутгийн буян ХХК-ийн түншлэл болон Өсөх урам ХХК-ууд тендерийн шаардлагыг хангасан гэдэг нь харагддаг бөгөөд тус хоёр оролцогчийн материалд үнэлгээ хийх ёстой байсан. Уг үнэлгээ хийсэн асуудалд Өсөх урам ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны хариуд Анандын зам ХХК, Нутгийн буян ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тендерийн тухай хуулийн 55.3.1-т зааснаар хүчингүй болгосон. Сангийн яамны бичигт зөвхөн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон болохоос биш тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Уг албан бичигт үнэлгээг дахин хийхийг маш тодорхой дурдсан. Хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу үнэлгээ хийгдэх ёстой. Уг заалтад шаардлагад нийцсэн тендерүүдийн үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нарын татгалзаад байгаа үндэслэл болох 14-16 дугаар заалтууд нь үнэлгээ хийх үндсэн шаардлага биш юм. Сангийн яамны шийдвэрээр Анандын зам ХХК, Нутгийн буян ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгоод цаана нь тендерийн шаардлага хангасан нэг компани үлдсэн нь нэхэмжлэгч Өсөх урам ХХК юм. Сангийн яамны үнэлсэн ажлыг дахин эхнээс нь үнэлээд нэхэмжлэгчийн материалыг шаардлагад нийцээгүй гэсэн хариу өгсөн нь хууль бус шийдвэр гаргасан. Иймд 2021.07.08-ны өдрийн бүх тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд: Үнэлгээний хорооны өмнөх шийдвэр нь хууль бус байсан учраас хууль бус шийдвэрээс улбаалан гарсан тушаал нь хүчингүй болж таарна. Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерийг 2021.07.19-2021.08.18-ны өдөр хүртэлх хугацаанд тендер хүлээн авахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2021.07.09-ний өдрийн шийдвэрээр ДарханШарын голын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх багц 2-ын /3/ дугаар хэсэгт зарласан хэсгийг хүчингүй болгуулах. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна. Өмнөх шийдвэрийн үндэслэл хүчингүй байсан учраас дахин тендер зарласан шийдвэр нь хүчингүй байна гэж үзэж байна. Мөн дараагийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн эргэлзээтэй Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр ажил, бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор тухайн салбарын мэргэжлийн хороодын төлөөл, хувийн хэвшлийн 2-оос доошгүй төлөөл байна гэж заасан. Тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оруулна гэж заасан байхад Засаг даргын орлогчийг оруулсан нь Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг эргэлзээтэй гэж дүгнэхэд хүргэж байна. 2016.08.03-ны өдрийн Засгийн газрын Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолд Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын ажилтнуудаас бүрдэнэ гэж заасан байна. Иймд бүрэлдэхүүн эргэлзээтэй байна.
Нэхэмжлэлийн 3, 4 шаардлагын хүрээнд: Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасанд нийцүүлэн тендерийг дахин үнэлэхийг үнэлгээний хороонд даалгасан. Өмнө нь хэлсэн Сангийн яамнаас дахин үнэл гэдэг шийдвэр гаргасаар байтал Үнэлгээний хороо дахин үнэлэхийн оронд хянаж үзээд явсан. Өөрөөр хэлбэл дэс дарааллыг нь хойноос урагш явуулсан. Тендерийн тухай хуулийн 28.4-т заасан мөнгөөр илэрхийлсэн нөхцөлийг харгалзан үзнэ гэж заасан байтал ерөнхий болон техникийн чадвар, чадавхыг үнэлсэн, ийм эрх, үүрэг байхгүй.
Нэхэмжлэлийн 5 дугаар шаардлагын хүрээнд: Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж зааснаар томилсон этгээд хариуцна гэж заасан учраас Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар мөн юм. Иймээс хэн хариуцах нь тодорхой харагдаж байгаа учраас хууль бус шийдвэр гаргасан Үнэлгээний хорооны хариуцлагыг Тамгын газар хариуцахаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 02-А/48 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дарга Б.Баасанжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын тендерийн Багц 2-ын /3/-д 4 оролцогч оролцсоноос Анандын замХХК, Нутгийн буян групп ХХК-ийн түншлэл тендерт шалгарсан. Үнэлгээний хороо тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу оролцогчдын материалыг үнэлээд хариугаа гаргасан. Уг тендерийн багц 2-ын 3 дахь хэсэгт оролцсон Өсөх урам ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу захиалагчид алдаануудыг албан бичгээр хүргүүлж тендерт оролцсон оролцогчдын материалыг дахин үнэлж хуулийн дагуу шийдвэрлэх тухай чиглэл ирүүлсний дагуу 2021.07.08-ны өдөр хуралдаж, Үнэлгээний хороо нь оролцогч тус бүрээр буюу 4 оролцогчдын материалыг хуульд заасны дагуу үнэлсэн. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд ямар тохиолдолд хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгарах талаар заалтууд байдаг. Хуулийн 27 дугаар зүйлд тендерийн хянан үзэхдээ тус хуулийн 14-16 дугаар зүйлд заасан заалт бүрээр шалгуурыг хангасан оролцогчийн материалыг үнэлнэ гэсэн заалт юм. Өсөх урам ХХК-ийн ирүүлсэн материал хавтаст хэрэгт хавсаргасан. Хамгийн сайн үнэлэгдсэн тендерт санхүү болон техникийн шаардлагууд буюу тус хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан эсэхэд хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хуулийн 28 дугаар зүйлд заасан заалт руу орох ёстой. Уг 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг Өсөх урам ХХК нь хангаагүй гэж дүгнэсэн. Манай үнэлгээний хорооноос Өсөх урам ХХК-д тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул тендерт шалгараагүй тухай албан бичгийг хуулийн хугацаанд хүргүүлсэн. Тендерт оролцсон 4 оролцогч нь бүгд шаардлага хангаагүй тул Үнэлгээний хорооноос бүх тендерээс татгалзсан тул захиалагчаас шинэ Үнэлгээний хороог байгуулан тендерийг дахин зарласан бөгөөд энэ үеэс манай Үнэлгээний хорооны үүрэг хариуцлага бүгд дуусгавар болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Бид нар тайлбараа өмнө нь бичгээр хүргүүлсэн хэргийн оролцогчид танилцсан учраас товчхон тайлбар хэлье. Үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 30.4.1-т заасны дагуу өмнөх Үнэлгээний хороо ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм. Сангийн яам өөрийн бүрэн эрхийн хүрээд Өсөх урам ХХК-ийн гомдлыг хянаад дахин үнэлгээ хийх шийдвэр өгсөн бөгөөд Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн. Иймээс Үнэлгээний хорооны шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-А/100 дугаар тушаалыг хүчингүй болгох болон гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагчаас байгуулсан Үнэлгээний хороо тендерийн сонгон шалгаруулалтыг зарлах, тендерийг зохион байгуулах тухай дэлгэрэнгүй зааж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхцэцэг шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:- Манай үнэлгээний хороо Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаар байгуулагдаад Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерийг зарласан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар 2 дугаар багцын сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байна. Хамгийн эхэнд зарласан тендерт нэхэмжлэгч оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгааг тухайн Үнэлгээний хороо тогтоосон бөгөөд гэрээ байгуулах дүгнэлт гаргах боломжгүй болоод бүх тендерээс татгалзсан шийдвэр гаргасан. Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гаргасан шийдвэр нь хууль бус шийдвэр биш бөгөөд дээрх шийдвэр нь шүүгчийн захирамжаар түдгэлзсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК нь шүүхэд анх Засаг даргын тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-10/920 дугаар албан бичгээр ирүүлсэн тендерийн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Өсөх урам ХХК-тай тендерийн гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцсийн байдлаар:
1. Нэхэмжлэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-10/920 дугаар албан бичгээр ирүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзаж, дахин зарлах-аар шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох
2. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах,
3. Өсөх урам ХХК-тай гэрээ байгуулахыг эрх олгохыг хариуцагч нарт / 2021 оны 4 сарын 23-ны өдөр 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээ хороо, ЗДТГ-т даалгах,
4.Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-А/100 дугаар тушаалыг хүчингүй болгох,
5.Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зарлан тендер хүлээн авахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шийдвэрээс Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын /Дархан-Шарын гол ЗТХЯ /202103003 дугаар бүхий багц 2 / 3 дугаар хэсэг/-т тендер зарласан хэсгийг хүчингүй болгох гэж өөрчилсөн болно.
Шүүх нь дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн гаргасан 5 шаардлагыг хариуцагч нарт холбогдуулсан дарааллаар үндэслэлээ тайлбарлавал:
1. Нэхэмжлэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-10/920 дугаар албан бичгээр ирүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, Үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын /ЗТХЯ/202103003/ ажлын тендерийн баримт бичгийн боловсруулан баталж, дээрх сонгон шалгаруулалтад тендер ирүүлэх урилгыг гарган мэдээлж, тендерийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээж, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тендерийг хянаж үзээд Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх тухай Багц 2-ын Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын Ш хэсэг-т Анандын зам ХХК, Нутгийн буян групп ХХК-ийн түншлэл болон Өсөх урам ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзээд хамгийн бага харьцуулагдсан үнийн санал ирүүлсэн Анандын зам ХХК, Нутгийн буян групп ХХК-ийн түншлэлийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж шалгаруулж, Үнэлгээний хорооноос дүгнэлт гаргаж, захиалагч байгууллагад хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Монгол улсын Сангийн яаманд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж, дээд шатны байгууллага гомдлыг хянаж үзээд Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх тухай Багц 2-ын Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын Ш хэсэг-т шалгарсан Анандын зам ХХК, Нутгийн буян групп ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хуулийн 55.3.1-д зааснаар хүчингүй болгож, хуулийн 55.3.3-д зааснаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3824 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.
Үнэлгээний хороо 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, Сангийн яамнаас Анандын зам ХХК, Нутгийн буян групп ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерт Нутгийн буян групп ХХК нь ТОӨЗ 5.2/д/ заасан шаардлага хангаагүй, 5.2/в/-д заасан гүүрний инженерийн шаардлагыг хангах нотлох баримтгүй, авто замын нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг тусгаагүй гэсэн үндэслэлүүдээр тендерийг хянаад хүчингүй болгосон тул Анандын зам ХХК, Нутгийн буян групп ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж, Өсөх урам ХХК-ийн тендерийн баримт бичгийг дахин хянаад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.2.4-т Харилцагч банкнаас Монгол банкны мэдээллийн сангийн лавлагааг гаргуулан баталгаажуулж ирүүлээгүй, тамга тэмдэггүй байна, ТОӨЗ 5.2 /в/-д Мэргэжилтэй ажилчдын жагсаалт, мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ, ТОӨЗ 5.3 /в/ Түрээсээр хэрэглэх бол машин тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, түрээсийн гэрээ, улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлнэ гэж заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж зааснаар тус тус татгалзаж шийдвэрлэсэн болох нь Үнэлгээний хорооны хурлын 03 тоот тэмдэглэл, тендерийг хянасан тухай баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Улмаар Үнэлгээний хороо шаардлага хангасан нэг ч тендер ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүйгэж зааснаар бүх тендерээс татгалзаж, Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх тухай Багц 2-ын Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын Ш хэсэг-т дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны 01 тоот дүгнэлт нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, бичгээр авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.2.4-т Харилцагч банкнаас Монгол банкны мэдээллийн сангийн лавлагааг гаргуулан баталгаажуулж ирүүлнэ гэсэн шаардлагын дагуу Өсөх урам ХХК-аас харилцагч банкны лавлагааг ирүүлэхдээ баталгаажуулаагүй, тамга, тэмдэг дараагүй баримт ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг тендерийн ...баримт бичигт тусгана гэж зааснаар захиалагчаас тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй болох нь нотлогдож байна.
Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.2/в/-д мэргэжилтэй ажилчдын жагсаалт, мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ гэсэн шаардлагаас инженер техникийн ажилтны жагсаалтыг ирүүлсэн боловч мэргэжилтэй ажилчдын жагсаалтыг ирүүлээгүй, зөвхөн 1 засал чимэглэлчин, 2 гагнуурчны мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн нь авто замын ажил гүйцэтгэхэд хэдэн мэргэжилтэй ажилчид байх, дээрх ажилчид нь ямар орон тоонд ажиллах зэрэг нь тодорхойгүй байгаа нь хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тендерт оролцогчийн ...ажил үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар гэж заасан шаардлагыг хангаагүй байна.
Мөн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3/в/-д тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтыг маягтын дагуу бөглөж, гэрчилгээний хуулбар, фото зургийн хамт ирүүлэх, түрээсээр хэрэглэх бол машин тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, түрээсийн гэрээ, техникийн улсын дугаарыг харуулсан фото зураг, машин механизм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т тээврийн хэрэгслийг эзэмшигч нь МУ-д бүртгэлтэй, ...техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй, 22.5-д Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоог хийсэн ...зохих баримт бичгээр баталгаажуулсан байна гэсэн шаардлага байх бөгөөд нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд түрээсэлсэн зарим машин механизмын фото зургийг дутуу ирүүлсэн, зарим фото зураг дээр техникийн улсын дугаар харагдахгүй, ажил гүйцэтгэх 5 машин техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн гэрчилгээгүй тоног төхөөрөмжийн зургийг ирүүлсэн байна.
Мөн авто замын ажил гүйцэтгэх гол бүтээгдэхүүн үйлдвэрлэх Асфальт бетон заводыг түрээслэхээр Тамирын тод зам ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан боловч уг компанийн тусгай зөвшөөрөлтэйг нотлох баримт байхгүй, заводын хүчин чадлыг тодорхойлох баримт байхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн болон хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт гэж заасан шаардлагыг хангаагүй, тоног төхөөрөмж, техникийн чадавхыг бүрэн тодорхойлох боломжгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчээс цахимаар ирүүлсэн тендерийн баримт бичгийг проектороор харуулж шинжлэн судалснаар тогтоогдож байна.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хангах боломжгүй байна.
2. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах шаардлагын тухайд:
Үнэлгээний хороо нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийн дагуу Өсөх урам ХХК-ийн тендерийг дахин хянаж, үнэлгээ хийсэн болох нь хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл, тендерийг хянасан тухай баримт, Үнэлгээний хорооны 01 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан нь зөвхөн тендерийг үнийг харьцуулж үз гэсэн үг биш юм. Хамгийн бага санал өгсөн боловч захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлага, шалгуурыг бүрэн хангаагүй тохиолдолд хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан тендерээс татгалзах үндэслэл болдог журамтай.
3. Өсөх урам ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагч нарт 2021 оны 4 сарын 23-ны өдөр 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээ хороо, ЗДТГ-т даалгах шаардлагын тухайд:
Тендерт оролцогч нар нь өөрсдийн ирүүлсэн тендерийн баримт бичигт захиалагч байгууллага болон захиалагчийн шийдвэрээр байгуулсан Үнэлгээний хорооноос баталж гаргасан тендерийн баримт бичгийн ТОӨЗ-д заасан тодорхой болзол, шаардлага, шалгуурыг хангаж ирүүлэх үүрэгтэй. Үнэлгээний хорооноос Өсөх урам ХХК-ийн тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын 03 тоот шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар тендерээс татгалзсан бөгөөд дээрх шийдвэр хүчин төгөлдөр байх тул Өсөх урам ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн Үнэлгээний хороо байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-А/100 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т аймаг,нийслэлийн Засаг даргын тамгын газар нь тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд гэж зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар нь захиалагч нь байх бөгөөд захиалагч нь хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах гэсний дагуу Үнэлгээний хороог байгуулах эрхтэй байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хороо Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх тухай Багц 2-ын Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын Ш хэсэг-т тендерт оролцогчдоос ирүүлсэн бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар 01 тоот дүгнэлтийг хариуцагчид хүргүүлсэн байна.
Иймд хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 30.4.1-д тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах гэж зааснаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02-А/100 дугаар тушаалаар Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог шинээр байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зарлан тендер хүлээн авахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шийдвэрээс Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын /Дархан-Шарын гол ЗТХЯ /202103003 дугаар бүхий багц 2 / 3 дугаар хэсэг/-т тендер зарласан хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Үнэлгээний хороо нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ЗТХЯ/202103003 дугаар бүхий багц 1, 2/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж, нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, 2021 оны 07 дугаар сарын 19-нөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тендерийн баримт бичгийг хүлээн авч, тендерийг 2021 оны 08 дугаар 18-ны өдрийн 09.0 0 цагт нээхээр шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан 01 тоот дүгнэлт, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дүр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-А/100 дугаар тушаалаар дахин Үнэлгээний хороо байгуулсан шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэсэн болно. Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх ЗТХЯ /202103003 дугаар бүхий багц 2 /3дугаар хэсэг/-т тендер зарласны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул Үнэлгээний хорооны шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тендерт оролцогч нар нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу захиалагч байгууллага болон Үнэлгээний хорооноос гаргасан тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан шаардлага, болзол, шалгуурыг биелүүлэх үүрэгтэй.
Хэрэв тендерийн баримт бичигт заасан шаардлага ойлгомжгүй, шаардаж буй зүйл нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно гэж зааснаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байна.
Тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 - 27.1.3 заасан шаардлагыг хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгодог журамтай бөгөөд тендерийн баримт бичигт заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол бол хамгийн сайн үнэлгээтэйгээр тендерт шалгарах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, бичгийн нотлох баримтуудын шинжлэн судлаад хариуцагч нарын гаргасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Өсөх урам ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.1. 30.4.1 дүгээрт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өсөх урам ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээс Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах нээлттэй тендерийн 2-р багц /3-р хэсэг/-д 2021 оны 07 дугаар сарын 19-нөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тендер хүлээн авахаар шийдвэрлэсэн хэсгийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр шүүгчийн захирамж нь энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчинтэй байхыг мэдэгдсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ З.ЭНХТУЯА