Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0619

 

 

 

 

 

Э.Ш ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т

Нэхэмжлэгч: Э.Ш

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т

Хариуцагч З.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 114/2024/0005/З 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Ш  нь Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Б д холбогдуулан “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-аар маргасан байна.

 

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: “...Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.1.2, 92 дугаар зүйлийн 92.1.4, 92.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ш ийн Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга /З.Б /-д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/03, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Ө.Я ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай Б/10 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.11 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, ажлын 9 өдөр ажил тасалсан” үйлдэлд зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь маргаан бүхий актаас зөрүүтэй байна. Учир нь маргаан бүхий тушаалд Э.Ш-т “9 өдөр ажил тасалсан үйлдэл нь сахилгын ноцтой зөрчил” гэж үзэж Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.10.Б-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа ажил тасалсан гэх заалтыг үндэслэл болгож төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан мэтээр алдаатай дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна.

 

3.2. Ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох хугацааг 9 өдөр хэтрүүлсэн нөхцөл, шалтгааныг нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс тодорхой тайлбарласан бөгөөд хариуцагч анхнаасаа нэхэмжлэгч Э.Ш ийг Бүгд найрамдах солонгос улс руу хүүхдээ эмчлүүлэх зорилгоор явсныг мэдэж байсан, чөлөө олгох хүсэлтдээ тодорхой бичсэнийг зөвшөөрч анх зөвшөөрөл олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас Э.Ш  ажилдаа орох боломжтой Монгол Улсад Дархан-Уул аймагт байсан атлаа ажилдаа зориуд ирээгүй биш гадаад улсад БНСУ-д аялал зугаалгын үед онгоцны билет олдоц муутай, хугацааг урагшлуулах боломжгүй цаг хугацаа тулсан үед ирж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл мөн эсэхийг тодорхойлох байтал ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж шийтгэл оногдуулсныг зөв гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй. Хэрэгт авагдсан баримтаар Э.Ш  нь БНСУ-аас цаг хугацаандаа ирж амжаагүйгээс үүдэн шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, шүүн таслах ажиллагаа тасалдаагүй талаар ёс зүйн хорооны хуралд шүүгчийн өгсөн тайлбараар нотлогддог.

 

3.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэсэн боловч шүүхийн Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлтээр ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй гэж дүгнэсэн. Хариуцагч уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй уг дүгнэлт хүчинтэй байгаа тул ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй болно. Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн хариуцагчийн болон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг зөрчсөн талаар тайлбарласан байхад анхан шатны шүүх уг үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасан.

 

3.5. Нэхэмжлэгч Э.Ш  нь анх удаа, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн бөгөөд удаа дараа зөрчил гаргаагүй, цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байхад төрийн албанаас халах шийтгэл ногдуулсныг шүүх анхаарч үзээгүй. Сахилгын зөрчлийг шалгах ажиллагаа Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын хүрээнд явагдаагүй байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

3.6. Анхан шатны шүүх зөрчилд шийтгэл оногдуулах процесс хууль болон холбогдох журамд заасны дагуу явагдаагүйг анхаарч үзээгүй, уг процессын зөрчилд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

 

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0033 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэлгүй, Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.1. Нэхэмжлэгч Э.Ш-ээс Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Б д холбогдуулан “Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар тушаалаар “...Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах ажилтай Э.Ш  нь хуурамч эмнэлгийн магадалгааг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 9 хоногийн ажил тасалж, ажлын байрны ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

 

2.3. Анхан шатны шүүх “...Э.Ш нь ажлын 9 өдөр ажил тасалсан байдлаа “аргагүй хамгаалалт” гэж үзэн өөрийн найз болох Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг лаборант Б.Г-аар дамжуулан хуурамч эмнэлгийн магадалгаа бүрдүүлж шүүхийн Тамгын газарт хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохоос гадна нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн хүү А.Т-ийг Бүгд найрамдах Солонгос улсад эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн талаар тайлбарладаг боловч энэ талаарх баримтыг шүүх гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөөгүй, нотлоогүй болно” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзвэл Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Э.Ш-т 10 настай хүүхдээ эмчлүүлэхээр БНСУлс руу явах болсон тул 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажлын 20 хоногийн цалинтай чөлөө олгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс уг чөлөөний хугацаа дуусмагц буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл батлагдсан хуваарийн дагуу ээлжийн амралтаа авч, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 9 хоногийн цалинтай чөлөө олгох хүсэлт гаргасанд хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн, улмаар нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өвчтэй гэх эмнэлгийн магадалгаа ирүүлсэн байх бөгөөд уг магадалгаа хуурамч болохыг Говьсүмбэр аймгийн Эрүүд мэндийн газраас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/326 дугаартай албан бичгээр хариуцагч байгууллагад хариу хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

2.5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заасан.

 

2.6. Тухайн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь Солонгос улс руу хүүхдээ эмчлүүлэхээр авч явсан /хүүхдийн онгоцны тийз, хилээр орж гарсан дардас бүхий гадаад паспорт хэрэгт авагдсан/ боловч нэхэмжлэгчийн хүүхэд эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай, тухайн улсын эмчилгээний зардал өндөр дүнтэй байсантай холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн талаарх албан ёсны нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжгүй, энэ нөхцөл байдлыг хариуцагч мэдэж байсан атлаа Солонгос улсад сайн дурын нийгэмлэг буюу сүмийн үйл ажиллагаанд хамрагдах замаар хүүхдэдээ эмчилгээ хийлгэсний улмаас 9 хоног ажлаас хоцорсон хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа тайлбарласныг харгалзан үзэхгүйгээр шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь учир дутагдалтай болжээ.

 

2.7. Тодруулбал нэхэмжлэгчийн ажил тасалсан болон Монгол Улсад байгаагүй атлаа Говьсүмбэр аймгийн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн магадалгаа ирүүлсэн үйлдлийг шүүх зөвтгөхгүй бөгөөд харин хариуцагчаас энэхүү зөрчилд нь буюу 9 өдрийн ажил тасалсан нэг удаагийн үйлдэлд нь шийтгэл ногдуулахдаа Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.10-д “Ажлын байрны ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцож хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгоно” гээд б/-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван удаа ажил тасалсан” гэснийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.8. Зүй нь хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд нь шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзах байтал ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн энэ заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ”, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.10-д “...ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар цуцална” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

 

2.9. Түүнчлэн нэхэмжлэгч нь Монгол Улс руу буцах онгоцны билет олдохгүй нөхцөл байдал үүссэн талаараа тайлбарлаж байгаа зэргээс түүнийг ноцтойгоор, санаатайгаар ажил тасалсан гэж шууд үзэхээргүй, харин хариуцагчийн тухайд шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ удирдан зохион байгуулах үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлээгүйгээс тухайн үед шүүгчийн туслахаар ажиллах албан хаагчгүй болсон нөхцөл байдал нь маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаартай тушаалыг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

2.10. Харин нэхэмжлэгчийн чөлөө хүссэн хүсэлтэд чөлөө өгөх боломжгүй гэсэн хариу өгснөөр хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болгох үүднээс хуурамч эмнэлгийн магадалгаа гаргаж өгснийг зөвтгөх боломжгүй боловч хариуцагчаас энэ нөхцөл байдлыг тогтоохдоо Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

2.11. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “...“Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг зөрчсөн...” гэх нөхцөл байдлыг ...хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа харгалзан үзэх байсныг дурдах нь зүйтэй.

 

2.12. Нэгэнт нэхэмжлэгч Э.Ш ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар тушаал нь дээр дурдсан үндэслэлүүдээр хүчингүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоонд гуравдагч этгээд Ө.Я ийг томилсон хариуцагчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай тушаалыг мөн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ш ийн Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаартай тушаал, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/10 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Ш ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг хариуцагчид даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА