Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 01

 

 

 Ч.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Тэгш таван өргөө ХХК-ийн 16 айлын орон сууц, 12 тоотод оршин суух, Төвд овогтой Чулууны Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1-60 айлын орон сууц, 52 тоотод оршин суух, Тунгалаг самдан овогтой Хандаагийн Цогбадрахад холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, өмгөөлөгч  Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: 2015 оны 06 сарын 23-ны Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь миний хууль ёсны эрх ашигийг ноцтойгоор хохироосон. Учир нь Худалдах, худалдан авах гэрээг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хийсэн хууль бус гэрээ ба миний хүсэл зоригийг хүндэтгэхгүй намайг гомдоосон үйлдэл хийжээ. Бэлэглэлийн гэрээнд миний өмчлөлийн газрыг тусгалгүйгээр 650 мкв хэмжээтэй орон сууцыг хариу төлбөргүйгээр шилжүүлж байна гэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Надад байхгүй үл хөдлөх эд хөрөнгө бичиж дүр үзүүлсэн хэлцэл хийчихээд миний 650 мкв газрыг Х.Цогбадрах гэх хүн 000209964 дугаартай Газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч хууль бусаар өмчилж авсан байна. Бэлэглэлийн гэрээгээр халхавчлан миний өмчлөлийн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч намайг гомдоосон ноцтой үйлдэл хийснийг 2017 оны 01 сарын 26- ны өдөр шүүхэд дуудагдан гэрчийн мэдүүлэг өгөхдөө олж мэдлээ. Бодит байдалд "Тэгштаван өргөө ХХК-ны захирал Б.Мөнхдалай анх надад хүсэлт гаргаж би Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн Олзвойн 2 гудамжны 31 тоотод байрлах 650 м2,000209964 гэрчилгээний дугаартай,8414100258 нэгж талбарын дугаартай,Г-1617002929 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг Тэгштаван өргөө ХХК-ны захирал Б.Мөнхдалайд Тэгштаван өргөө ХХК-ны орон сууцнаас 55 м кв 2 өрөөг орон сууцаар худалдсан бөгөөд одоо энэ байрандаа амьдарч байна. Дээрхи хашаанд байсан 2 өрөө хувийн орон сууцны төлбөрт Б.Мөнхдалай надад 2000 000 төгрөг өгөөд нураалгаж одоо орон сууц барьж байна. Байр ашиглалтанд ортол Б.Мөнхдалай надад Буянт багт манай баз Баянмөнхийн хашаанд гэр түрээслэж өгсөн. Тухайн үедээ би Х.Цогбадрах гэх хүнд дээрхи Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн Олзвойн 2 гудамжны 31 тоотод байрлах 650 м2,000209964 гэрчилгээний дугаартай,8414100258 нэгж талбарын дугаартай.Г- 1617002929 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг бэлэглэлийн гэрээ хийсэн нь Тэгштаван өргөө ХХК-ны нэр дээр зээл гарахгүй, харин Б.Цогбадрахын нэр дээр бизнесийн зээл гаргах боломжтой гэж дүр үзүүлж бэлэглэлийн гэрээ хийж байна гэдгийг надад тайлбарлан хэлж байсан. Б.Цогбадрах нь тухайн үедээ "Тэгштаван өргөө ХХК-ны захирал Б.Мөнхдалайтай найз нөхөдийн холбоотой гэхээр нь итгэлцэлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээ хийж байгаа юм байна гэж ойлгосон. Б.Цогбадрах надад 2 өрөө байр өгөөгүй, би энэ хүнийг урьд нь танихгүй бөгөөд бэлэглэлийн гэрээ байгуулахад анх харсан. Бэлэглэлийн гэрээ хийсэнээс хойш надтай уулзаагүй. Би Цогбадрах гэх хүнд үл хөдлөх эд хөрөнгө болон газраа бэлэглэх ямарч шалтгаан байхгүй. Одоо Тэгштаван өргөө ХХК-ны орон сууцнаас 55 м кв 2 өрөөг орон сууцаар худалдан авсан бөгөөд одоо энэ байрандаа амьдарч байна. Гэтэл миний байрны улсын бүртгэлийн гэрчилгээ хүртэл гарахгүй байна. Мөн Х.Цогбадрах нь миний газрын үнэ төлбөргүй авсан нэрээр миний газар дээр баригдаж буй орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг хохироохуйц гомдоосон хууль бус үйлдэл гаргасан байна. Би өнөөдөр энэ Бэлэглэлийн гэрээнээс болж орох оронгүй амьдралын баталгаагүй болж хохирох хэмжээнд хүрч байна. Иймд Х.Цогбадрах нь намайг гомдоосон миний эрх ашигийг ноцтойгоор хохироосон үйлдэл хийсэн, бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хийсэн хууль бус гэрээ учраас 2015 оны 06 сарын 23-ны Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан, хууль бус хэлцэл гэж үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Б.Мөнхдалай бид хоёр Тэгш таван өргөө ХХК-ны 50, 50 хувийг эзэмшдэг. Б.Мөнхдалайг компанийн захирал болно гэхэд би зөвшөөрсөн. Тэгш таван өргөө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Б.Мөнхдалай, бид хоёр тэнцүү хувь эзэмшдэгээр бүртгэгдсэн байгаа. Манай компани Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Рагчаадорж гэдэг хүнээс газар авч, орон сууцны барилга барихаар болсон. Ингээд Рагчаадоржоос авсан газар дээр барипгын сууриа ухаж эхэлтэл хөрш болох Ч.Доржсүрэнгийн газар луу барилгын өнцөг 1 метр орчим орсон. Иймд Ч.Доржсүрэнгийн хашааны газрыг авахаар Б.Мөнхдалай бид 2 Доржсүрэнтэй уулзсан. Ч.Доржсүрэн нь бидэнд хашааны газраа өгөхийг зөвшөөрч, оронд нь 2 өрөө 55 м2 байрыг 3 давхарт авахаар харилцан тохиролцсон. Ингээд худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд Ч.Доржсүрэн нь надад татварт төлөх мөнгө байхгүй ээ гэсэн. Ингээд бид ярилцаад бэлэглэлийн гэрээ хийхээр тохиролцож, бэлэглэлийн гэрээ хийсэн. Тухайн үед Б.Мөнхдалай нь би компаны захирал учир чи өөрийн нэр дээр шилжүүлж ав гээд миний нэр дээр гэрээ хийгдсэн. Б.Мөнхдалай бидний хамт хөрөнгө оруулалт хийж барьсан барилгаас Ч.Дожсүрэнд тохиролцсон ёсоороо 55м2 талбайтай 2 өрөө байр өгсөн. Ч.Доржсүрэн одоо тэр байрандаа амьдарч байгаа. Орон сууцны барилгыг барихад миний бие ихэнхи хөрөнгө оруулалтыг хийсэн боловч одоо хүртэл байр зарсан орлогоос оруулсан хөрөнгө оруулалт болон ашгаа авч чадаагүй байгаа. Б.Мөнхдалай бидний хооронд барилгын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан байгаа. Одоо Б.Мөнхдалай нь Тэгш таван өргөө ХХК-ны нэрээр Ховд, аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав багийн Олзвойн 2 гудамжны 31 тоотод байрлах Ч.Доржсүрэнгээс авсан газар дээр орон сууцны барилга ганцаараа барьж, ашиглалтад оруулж байгаа. Харин Ч.Доржсүрэнд өгсөн орон сууцны ордер яагаад одоо хүртэл өгөөгүй байгааг би мэдэхгүй байна. Учир нь Тэгш таван өргөө ХХК-ны захирлын хувьд өдөр тутмын үйл ажиллагааг нь Б.Мөнхдалай удирдаж, санхүүгийн 1-р гарын үсэг зурж байгаа. Тэгш таван өргөө ХХК-ны анхны барьсан барилгаас нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн газар луу 1 м орчим нь байрлаж байгаа, харин одоо тус компаны захирал Б.Мөнхдалай нь ганцаараа /миний оролцоогүйгээр/ Ч.Доржсүрэнгийн газар дээр барилга барьсан, газар худалдах, худалдан авах гэрээ хийх үед өөрөө бэлэглэлийн гэрээ хийх саналыг тавьсан, мөн Ч.Доржсүрэн нь газрын төлбөртөө тохиролцсоноор 2 өрөө 55 м2 байраа авч, одоо амьдарч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээрсарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3, 280 дугаар зүйлийн 280.2, 56 дугаар зүйлийн 56.1.3 т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн Ховд аймгийн Жаргалант сумын, Цамбагарав багийн 2 дугаар гудамжны 31 тоотод байрлах 000113689 тоот гэрчилгээний дугаартай, Г-1617002929 улсын бүртгэлийн дугаартай 650 кв метр гэр бүлийн хэрэгцээний газарыг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Х.Цогбадрахад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, Монгол улсын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104900 дугаарын гэрчилгээтэй, Ү-1617001666 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 02 дугаар гудамжны 31 тоотод орших, 40,4 метр квадрат талбай бүхий хоёр /2/ өрөө орон сууц бэлэглэсэн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2-т зааснаар хариуцагч Х.Цогбадрахын бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцуулж, түүнийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид Х.Цогбадрахын төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Цогбадрахаас 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Доржсүрэнд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Монгол улсын дээд шүүхийн тайлбарыг үндэслэжээ.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ  Монгол улсын дээд шүүхийн тайлбар нь зохих зүйл заалтыг зөв ойлгож хэрэглэх чиглэл болохоос шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн, хариуцагч Х.Цогбадрах нарын тайлбар, гэрч Б.Мөнхдалай нарын мэдүүлгээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ хийгдсэн гэдэг нь нотлогдож байгаатай зохигчид хэн аль маргаагүй юм. Шүүх Ч.Доржсүрэн, Х.Цогбадрах нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 279 дугаар зүйлд заасан тусгай зориулалттай хийгдсэн бэлэглэлийн гэрээ гэж дүгнэж 279.3-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэхдээ 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан ямар нэгэн болзол хангагдсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгээр хийгдээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх  эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээнд гэрээний талуудын хооронд ямар нэгэн болзол нөхцлийг гэрээгээр тохиролцоогүй, болзол хүчин төгөлдөр болсон тохиолдолд эд хөрөнгө шилжих талаар мөн тохиролцоогүй, гэрээ хийгдмэгц эд хөрөнгө бэлэг хүлээн авагчид шилжсэн, болзол нь нийтийн эсвэл бусдын тулд зориулагдаагүй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Доржсүрэнд шаардах эрх хэдийд бий болсон, гэрээг хүчингүй болгуулах шаардах эрхийн хугацаа өнгөрсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэлийн тухайд хэлцэл хйигч талууд энэхүү хэлцлээ хэрэгжүүлэх, эрх үүрэг хүлээх хүсэл сонирхолгүй байна.

Харин гэрээний талууд санал нэгдэн, тухайн гэрээ хүчинтөгөлдөр байх бүх нөхцөл өгөгдсөн, биелэгдсэн үйл явц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудаар тогтоогдож байхад өөр гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ өөрөө хүчин төгөллдөр байх үндэслэлтэйг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн Х.Доржсүрэн, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үнэлүүлэх нотлох баримтуудаа шүүх хуралдаан дээр тайлбарласныг шүүх нотлох баримтаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой  талаас нь үнэлж шийдвэрийг гаргаагүй.

 Сөрөг нэхэмжлэл гаргагч нь хэрэгт цугларсан баримтуудаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлүүлэхээ илэрхийлсэн. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тухайн нотлох баримтуудыг үнэлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрт огт тусгагдаагүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Цогбадрахад холбогдуулан гаргаж,”Монгол улсын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104900 дугаартай гэрчилгээ,Ү-16177001666 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 02 дугаар гудамжны 31 тоотод орших, 40.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц бэлэглэсэн  2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

            Хариуцагч Х.Цогбадрах нь Ховд аймгийн Цамбагарав багийн нутагт байрлах “Тэгш таван өргөө” ХХК-ний 16 айлын 12 тоот орон сууцны 55 мкв 2 өрөө байрыг шилжүүлсэн үйлдлийг “бэлэглэлийн гэрээ” байгуулсанд тооцож, мөн гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хариуцагч Х.Цогбадрах эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

            Анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.  Үүнд 1.Хэрэгт нотлох  баримтаар нэхэмжлэгч Ч. Доржсүрэн нь улсын бүртгэлийн 000104900 дугаартай гэрчилгээ,Ү-16177001666 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 02 дугаар гудамжны 31 тоотод орших, 40.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Х.Цогбадрахад  бэлэглэсэн  2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн 000113689 дугаартай гэрчилгээ, Г-1617002929 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 02 дугаар гудамжны 31 тоотод орших, 650 метр квадрат талбай бүхий  орон сууц, хариуцагч Х.Цогбадрахад бэлэглэсэн  2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ авагдсан байна.

 

            Дээрх хоёр  бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч 650 метр квадрат талбай бүхий  орон сууц, 40.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Х.Цогбадрахад  бэлэглэсэн байна. /хх-ийн 80, 83 дугаар тал/

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна.

            Нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь 650 метр квадрат талбай бүхий  орон сууц, эсхүл 650 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар бэлэглэсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна.

            Мөн нэхэмжлэгч нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа эсэх, эсхүл бэлэглэгчийг гомдоосон үйлдэл гаргасан тул дээрх гэрээг байгуулсан хэлцлийг хүчингүй болгуулахыг шаардаж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Шүүх энэ шаардлагыг тодруулах байжээ.

            2. Хариуцагч Х.Цогбадрах нь 2017 оны 10 дугаар сарын 16-нд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар Ч.Доржсүрэнд гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11. дэх заалттай нийцээгүй байна.

            3.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 5 хуудас, хариуцагчийн өмгөөлөгч 1 хуудас баримт шинээр гаргаж өгснийг талуудад танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчжээ./хх-ийн 180 дугаар тал/

            4. Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2017 оны 10 дугаар сарын 03 хүртэл 30 хоногоор сунгасан байна. Хэргийн 16-19 талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг танилцуулж, тайлбарлаж өгснөөс өөр ажиллагаа хийгээгүй атлаа 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товложээ. Энэ өдрийн шүүх хуралдаанаар хэргийг түдгэлзүүлсэн байна. Түдгэлзүүлсэн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-дэх заалттай нийцээгүй байна.

            Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч асуулгах, нотлох баримт цуглуулах, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах гэх үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 06-наас 2017 оны 11 дүгээр сарын 10 хүртэл 4 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 18 хоногоор хэтрүүлж шийдвэрлэсэн байна.

            Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

            Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Дээд шүүхийн тогтоолыг тайлбарлан хэрэглэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээг  хэрэглэнэ, “шүүгч гагцхүү хуульд захирагдах” Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зарчимд нийцээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн 110000321668 тоот данснаас гаргаж, хариуцагч Х.Цогбадрахад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                    Н.ТУЯА