Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1550

 

 

 

 

 

 

 

 

  2022        10         24                                    2022/ШЦТ/1550

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Я.Болортуяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Н ,

шүүгдэгч Д.Г  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н , Д.Г  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02596 2923 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н , Д.Г  нарыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр плаза” худалдааны төвийн 2 давхрын ТҮЦ машинаар үйлчлүүлж байхдаа үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зодолдсоны улмаас Б.Н  нь Д.Г ын биед хамрын яс, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Г  нь Б.Н ын биед зовхи, нүдний алиманд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н , Д.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02596 2923 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Б.Н , Д.Г  нар 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт харилцан хэн хэнийхээ мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр плаза” худалдааны төвд ТҮЦ машинаас төрсний гэрчилгээний лавлагаа авах гээд оочерлоод зогсож байхад ягаан малгайтай үл таних залуу бусдыг элдэв янзаар хэлж доромжилсон. Тухайн залууд хандан “хогоо хогийн саванд хийчихээд олон юм яриарай” гэж хэлсэн. Тэр залуу усныхаа савыг авснаа надруу тулж ирээд “чамайг ална шүү, үнэндээ багадаж байна шүү” гэж хэлэхээр нь би “чи намайг алж чадахгүй, цохиж чадахгүй” гэж хэлээд нэг нэгнийгээ боогоод эхэлсэн. Би сандал дээр зогсож тухайн залууг боосон. Тэр үед ойр орчимд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд үл таних залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Бид хоёрыг хамгаалалтын ажилтнууд салгасан. Би тэр залууг дагуулаад цагдаа оръё гээд урсдаг шатаар явж байхад тухайн залуу миний нүүр рүү нэг удаа толгойгоороо мөргөөд гараараа 2 удаа нүүр рүү цохисон. Миний хамарнаас нилээн их цус гарсан. Тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн... Миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөж хамар, нүдийг маань гэмтээсэн. Гараараа 2 удаа нүүр рүү цохисон. Миний баруун талын төмсөг рүү өшиглөсөн, өвдөглөсөн үү тэрийг нь сайн анзаараагүй. Надаас их цус гарсан. Би тухайн залуугийн шанаа, уруул орчимд гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Хохирогч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” төвийн ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа авах гээд оочерлоод зогсож байсан. Би эхнээсээ гуравт зогсож байсан ба цайны цаг болох гээд яараад байсан тул урд байсан 2 хүнд хурдан үйлчлүүлээч ээ гэж шаардсан. Гэтэл миний ард гурав, дөрвөн хүний ард оочерлож зогсож байсан үл таних залуу надад хандан “усны саваа бэлэн мөнгөний машин дээрээс аваач” гэхээр нь би аваад аваад эргэтэл үл таних залуу “ямар шалчигнасан олон үгтэй залуу вэ” гээд миний толгойн хэсэгт 5-6 удаа цохисон. Мөн боогоод тавихгүй байсан ба хананд түлхэж миний толгойг цохиж, хананд мөргүүлсэн. Тэгээд намайг ална гээд байсан. Тэгтэл “Тэнгэр плаза” төвийн хамгаалагч нар ирээд бид хоёрыг аваад нэг давхар руу буулгаж байх явцад үл таних залуу миний энгэр хэсгээс татаад бид 2 толгойн хэсгээрээ мөргөлдсөн. Үл таних залуугийн хамарнаас цус гарсан. АТМ-д оочерлож байсан залуу миний толгойн хэсэг рүү олон удаа цохисон. Би огт гар хүрээгүй. Үл таних залуу миний энгэрээс татсан. Тэгтэл миний толгойн баруун талын духны хэсгээрээ танихгүй залуугийн хамар хэсэгт мөргөлдсөн. Би яараад байсан ба банкны цайны цаг болох гээд байсан тул урдах 2 хүндээ “хурдан үйлчлүүлээч” гэж шаардсан юм. Би төмөр замын онцгой объектод ажилладаг. Хүнд зодуулсны улмаас ажилдаа явахгүй байгаа. Одоогоор миний толгой байнга өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6580 дугаар:

Д.Г ын биед хамар яс, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, баруун хөмсөг, төмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хамар яс, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6886 дугаар:

“Б.Н ын биед зовхи, нүдний алиманд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

 

Шүүгдэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Тэнгэр плаза” төвийн 2 давхарт байрлах ТҮЦ машинаас лавлагаа авах гээд оочерлож байтал миний урд талд үйлчлүүлж байсан эмэгтэй хүн удаад байхаар нь би “та жоохон хурдалж болох уу, би яаралтай ажилтай явна” гээд хэлтэл тухайн эгч миний урдаас “болоогүй байна” гээд бага зэрэг маргалдсан. Би цэвэр ус ууж байгаад хоосон усныхаа савыг ТҮЦ машин дээр тавьтал миний ард зогсож байсан залуу намайг шууд “чи яасан шалчигнасан писда вэ, наад саваа ав” гэхээр нь би тавьсан саваа аваад байж байтал үл таних Г  гэх залуу намайг боогоод миний зүүн талын нүд хэсэг рүү 5-6 удаа цохисон. Би тухайн залуутай барьцалдчихсан явган хүний шатаар 1 давхар руу буух явцдаа тухайн залуутай мөргөлдсөн. Тэгтэл тухайн залуугийн хамарнаас цус гараад байсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

Шүүгдэгч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Тэнгэр плаза” төвийн 2 давхарт байрлах ТҮЦ машинаас лавлагаа авах гээд оочерлож байтал Н  гэх ах оочерны асуудлаас болж хүнтэй маргалдаж байсан. Тэгээд үл таних 2 эмэгтэйтэй ахиж маргалдаад байхаар нь би чимээгүй байсан. Ахиж хөгшин настай хүнийг хурдан үйлчлүүл гээд байхаар нь би “чи ямар олон юм ярьдаг юм бэ, хогоо хогийн саванд хийчихээд олон юм яриарай” гэж хэлтэл тухайн Н  гэх ах миний урд тулж ирснээ намайг 1 удаа мөргөөд “чам шиг бааснууд зодуулчихаад дандаа цагдаад хандаж мөнгө төгрөг нэхдэг” гэхээр нь би Н  гэх ахтай барьцалдаж аваад нүүрэн хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Би Н  ахыг цагдаа оръё гэж хэлээд шатаар бууж явах хугацаанд Н  гэх ах намайг 2-3 удаа мөргөсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан хохирогч/шүүгдэгч Б.Н ын гаргасан “Б.Н  миний бие иргэн Г той маргаан үүсгэж зодолдсон нь үнэн. Миний хэргийг хялбаршуулж өгнө үү. Надад гомдол санал байхгүй.” гэх хүсэлт /хх-ийн 71/,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан хохирогч/шүүгдэгч Д.Г ын гаргасан “Д овогтой Г  миний бие иргэн Б.Н тай маргалдаж зодолдсон, хэрэлдсэн нь үнэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 72/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Б.Н ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, Д.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 641 дүгээр “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 74-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Д.Г , Б.Н  нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Н , Д.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.Н , Д.Г  нар хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Б.Н , Д.Г  нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Б.Н ын хохирогч Д.Г ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, шүүгдэгч Д.Г ын хохирогч Б.Н ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Б.Н , Д.Г  нар хэн хэнээсээ хохирол нэхэмжлэхгүй, өөрсдийн биед учирсан гэмтэл нь бүрэн эдгэрсэн гэдгээ илэрхийлснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Б.Н т ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Г од ял шийтгэл оногдуулахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүгдэгч Б.Н , Д.Г  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч Б.Н ын ёс суртахуунгүй байдал, бусадтай зүй бус байдлаар харьцсан харьцаа зэрэг зүй бус үйлдлүүд, үг хэллэгүүд шууд нөлөөлжээ. Дээрх үйлдлийг нь таслан зогсоохоор хохирогч, шүүгдэгч Д.Г ын тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх гол шалтгаан болжээ.

Хохирогч, шүүгдэгч Д.Г ын бусдын зүй бус үйлдлийг болиулахаар тавьсан шаардлага нь хүний эрхэм чанарт нийцсэн, нийгмийн хэв журмыг хамгаалсан хууль ёсны шаардлага юм. Харин хүний биед халдаж байгаа үйлдэл нь буруу болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Г ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх бөгөөд тэрээр өөрийн гэм буруутай байдлыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулан маргаангүй болжээ. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгааныг харгалзан шүүгдэгч Д.Г од оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Б.Н т оногдуулсан ялыг тодорхой хугацаа тогтоон хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н , Д.Г  нар гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н , Д.Г  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н , Д.Г  нарыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н т оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч нар хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н , Д.Г  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ