Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00144

 

 

 

  

     2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/00144

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:ИНЕГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ж.Б

Хариуцагч:Б.Б нарт холбогдох

8 285 510 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрцэцэг, С.Даваасүрэн, хариуцагч Ж.Б, Ж.Б,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

Нэхэмжлэгч ИНЕГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага суралцагч Ж.Бийг 2011 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Wichita state university-д нисэхийн электроникч инженер мэргэжилээр 3 жилийн хугацаагаар сургалтын зардалд 90 000 ам долларын төлбөртэй суралцуулахаар гэрээ байгуулсан.Иргэний нисэхийн ерөнхий газраас сургалтын төлбөрийн зардалд илүү төлсөн тухай Сангийн яамны улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 30/01-12 дугаартай актаар гэрээний дүнгээс хэтрүүлэн зарцуулсан сургалтын төлбөрийг төлүүлэхээр акт гарсан.Иймд сургалтын төлбөрөөс илүү төлөгдсөн 3301 ам доллар буюу 8 285 510 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2007 оны хавар Иргэний нисэхийн ерөнхий газраас зарлагдсан зарын дагуу сургалтын шалгаруулалтад тэнцэж 6 сарын хугацаанд аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалтад сууж 2007 оны 8 дугаар сард төгсөж, цаашид нисэхийн электроникч инженер мэргэжилээр суралцахаар Малайз улсын NELP university college-ын хэлний бэлтгэлд 1 жил 6 сарын хугацаатай суралцах гэрээ байгуулан суралцсан ба би хэлний бэлтгэлд 1 жилийн дотор дуусгаж 2018 оны 6 дугаар сарын 18-нд цаашид мэргэжлийн ангид дэвшин суралцах 2 жилийн хугацаатай гэрээ байгуулж инженер бэлтгэх мэргэжлийн хичээлүүд үзэж, 2009 оны намар инженер бэлтгэх мэргэжлийн хичээлүүдийг хугацаанаас нь өмнө амжилттай дүүргэж Монгол улсад ирсэн.2011 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр нисэхийн электронч инженерийн баклавар авахаар үндсэн сургууль болох АНУ-ын Канзас мужийн Вичита хотын их сургуульд шилжин суралцахаар болж 3 жилийн хугацаатай гэрээг ИНЕГтай байгуулсан.Гэрээнд нэг жилийн 30 000 ам доллар буюу 3 жилийн хугацаанд 90 000 ам долларын зардалтайгаар суралцуулахаар харилцан зөвшилцсөн.Гэрээний дагуу семестр болгон сургуулиас ирсэн сургалтын төлбөр болон оюутны байрны нэхэмжлэхийг цаг тухайд нь ИНЕГт хүргүүлж байсан.Энэ хугацаанд төлбөр оройтож ирэх тохиолдол гарч байсан ба оюутны хувьд хүнд дарамт болж байсан.2014 оны 11 дүгээр сарын 3-нд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын А/590 тоот сургалтын гэрээг сунгах тухай тушаалын дагуу 2011 оны 1 дүгээр сард байгуулсан гэрээг нэг жилээр сунгаж гэрээнд өөрчлөлт оруулсан ба ИНЕГ хугацаа сунгасан нэг жилийн сургалтын зардалд 3301 ам долларыг төлөх үүрэгтэй.Би гэрээнд заасан үүргээ биелүүлэн сургуулиа амжилттай төгсөж ирээд 2016 оны 2 дугаар сараас Иргэний нисэхийн ерөнхий газрын холбоо, навигаци, ажиглалтын албанд мэргэжлээрээ холбооны хэсэгт радио холбооны инженерээр 3 жилийн турш ажиллаж байгаа тул 3301 ам долларын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Намайг 3 жил суралцах хугацааны төлбөрт 90 000 ам долларын зардал батлагдсан ба суралцах хугацааг 1 жилээр сунгахад 3301 ам долларын төлбөрийг сургуулиас ирсэн нэхэмжлэл болон баримтуудын дагуу сургуульд төлсөн би энэ мөнгийг төлөхгүй гэв.

Хариуцагч Ж.Б, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний охин Ж.Б 3 жил сурчихаад төгсөх гэтэл кредит нь хүрэхгүй төгсөж чадахгүй байдалд ороод нэхэмжлэгч байгуулагад хүсэлт гаргасныг хэлэлцээд суралцах хугацааг 1 жилээр сунгаж, зөвхөн сургалтын төлбөрийг л байгууллагаас авсан, бусад бүх зардлыг өөрөө хариуцаж явсан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ИНЕГ хариуцагч Ж.Б, Ж.Б, нарт холбогдуулан илүү төлөгдсөн сургалтын төлбөрийн 8 285 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.Б нь Иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтын төвийн аэрдромын нислэгийн удирдагч бэлтгэх 6 сарын сургалтанд суралцаж төгссөн болох нь 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон МО-07-227 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 452 дугаар тушаалд:Тус газрын зардлаар Малайз улсын NELP university коллежид суралцаж байгаа Жаргалсайханы Болорчимэг хэлний бэлтгэлээ төгссөн тул 2008 оны 5 дугаар сараас 2010 оны 5 дугаар сар хүртэл нисэхийн электронч инженерийн мэргэжилийн үндсэн ангид 2 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн суралцуулах, Ж.Бийн суралцах хугацааны сургалтын зардлыг сургуулиас ирүүлсэн нэхэмжлэх болон батлагдсан төсвийг үндэслэн зарцуулахыг санхүүд зөвшөөрсөн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Малайз улсын NELP university коллежид хэлний бэлтгэл төгссөн Ж.Болочимэг...нарыг электроникийн мэргэжлээр гадаадад үргэлжлүүлэн суралцуулахаар болсон байна.

ИНЕГ нь Ж.Б,тай 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар АНУ-д нисэхийн электронч инженерийн мэргэжилээр суралцагчтай байгуулах сургалтын 3 талт гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд Жаргалсайханы Болорчимэгийг АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Wichita state university-д нисэхийн электронч инженер мэргэжлээр 3 жил баклаврын сургалтанд нийт 90 000 ам долларын зардалтайгаар суралцуулахаар тохиролцсон байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Байгууллагын зардлаар суралцуулах тухай Б/01 дугаар тушаалд: Малайз улсын NELP university коллеж төгссөн Жаргалсайханы Болорчимэг...нарыг 2011 оны 1 дүгээр сараас эхлэн АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Улсын их сургуульд нисэхийн электронч инженерийн мэргэжилээр суралцуулах, дээрх суралцагчидтай сургалтын болон сургалтын төлбөрийн барьцааны гэрээ байгуулахыг захиргаа, хүний нөөцийн менежерт үүрэг болгох, суралцагчдын сургалтын төлбөрийг тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлж тооцоо хийх, бусад зардлыг батлагдсан төсвийн дагуу гаргаж зарцуулахыг санхүү төлөвлөлтийн ерөнхий менежерт зөвшөөрсөн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар сургалтын гэрээ сунгах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд байгууллагын зардлаар АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Wichita state их сургуульд суралцаж байгаа Ж.Бийн гаргасан өргөдлийг хэлэлцэж төрөөс баримтлах салбарын хөгжлийн шаардлагыг хангахуйц мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчний нөөц бүрдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Малайз улсын NELP university коллежид суралцсан 40 кредит цагийг Wichita state их сургууль тооцож үлдсэн 19 кредит цагийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хүндэтгэн үзэх нөхцлийг харгалзан Ж.Бийн сургалтын гэрээг нэг жилээр сунгаж, холбогдох зардлыг төсөвлөн олгохыг санхүү эдийн засгийн газарт үүрэг болгосон байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн сургалтын гэрээ сунах тухай А/590 дугаартай тушаалаар АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Wichita state их сургуульд 2011 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаатай суралцахаар гэрээ байгуулсан электроник инженер мэргэжлээр суралцаж байгаа Ж.Бийн гэрээг нэг жилийн хугацаагаар сунгаж, суралцах хугацааны сургалтын төлбөрийг төлбөрийн баримтад тулгуурлан, эрүүл мэндийн даатгал, байр, хоол, тээврийн зардлыг жишигт заасан тарифаар төсөвлөн зарцуулахыг санхүү, эдийн засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийг 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр талуудын хооронд хийгдсэн байх бөгөөд энэхүү хэлцлээр талуудын хооронд 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.1, 2.1-т заасан хугацааг 4 жил болгон өөрчилж, энэхүү сунгасан хугацааны төлбөр 3301 ам долларыг Ж.Бийн суралцаж байсан сургуулиас ирүүлсэн баримтын дагуу тухайн сургуульд шилжүүлсэн атлаа энэхүү сургалтын зардлын төлбөрийг ямар үндэслэлээр хариуцагч нараас шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Дээрх хэлцлээр сунгасан нэг жилийн сургалтын төлбөрийн мөнгийг Ж.Б өөрөө аваагүй, мөн энэхүү сургалтын төлбөрийн зардлыг Ж.Б болон Ж.Б, нараар төлүүлнэ гэж талууд тохироогүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж Ж.Бийн АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Wichita state их сургуульд суралцах хугацааг сунгаж, улмаар сунгасан нэг жилийн сургалтын төлбөрийг хэлцлийн дагуу Wichita state их сургуульд шилжүүлсэн үйл баримтад хариуцагч нар буруугүй байна.

Өөрөөр хэлбэл ээхэмжлэгч байгууллагын АНУ-ын Канзас мужийн Вичита хотын Wichita state их сургуульд илүү төлсөн гэх сургалтын төлбөрийг Ж.Б, Ж.Б, нараас шаардаж байгаа хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар Ж.Б, Ж.Б, нараас 8 285 510 /найман сая хоёр зуун наян таван мянга таван зуун арван/ төгрөг гаргуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ИНЕГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН