Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00314

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/00314

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:, Ж.Ж ХХК,

 

Нэхэмжлэгч:Д.О нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:, НШШГГ

 

Хариуцагч: У.Б.Б ХХКомпанид холбогдох

 

1 679 582 235 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч буюу Ж.Ж ХХКйн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, Б.Отгонбаяр, хариуцагч У.Б.Б ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч T.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ж ХХК болон Д.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрээр Ж.Ж ХХКас 970 417 765 төгрөг гаргуулж У.Б.Бинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот 34 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц, 58 тоотын өргөтгөл А тоот 22,68 метр квадрат талбайтай цайны газар, 58 тоотын өргөтгөл Б хэсэг 48,3 метр квадрат талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх албанаас 700 000 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам 34-А тоот 3 давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх албанаас 1 800 000 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон.Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх албанаас 150 000 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон.Дээрх үл хөдлөх хөрөнгийг анхан болон 2 дах албадан дуудлага худалдаагаар оруулан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр санал болгох хурлыг хийсэн байдаг.Энэ тухай шүүхэд нэхэмжлэл гарган Сүхбаатар

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 181/ШШ2016/01118 дугаартай шийдвэрээр 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэвч шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийн өмчлөлийг У.Б.Б руу шилжүүлсэн улсын бүртгэлийг буцаан шилжүүлээгүй байна.Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид учирсан хохирол болох дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэлгээ болох 2 650 000 000 төгрөгөөс төлбөр авагчид төлөх төлбөр 970 417 765 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 1 679 582 235 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү,

Санал болгох дуудлага худалдаа 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болсон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1118 дугаар шийдвэрээр НШШГГ хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоосон, ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон.Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгөө буцаан авах хүсэлт гаргахад 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хариу ирсэн, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн яаманд гомдол гаргасан.Анхан болон хоёрдахь дуудлага худалдаагаар хөрөнгө борлогдоогүй бөгөөд санал болгох ажиллагаа явагдсан.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1118 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 207 дугаар магадлал хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч буюу Ж.Ж ХХКйн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Намайг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гудамжинд явж байхад барьж аваад НШШГГт аваачиж санал болгох хурлыг хийсэн.Надад 7-10 хоногийн хугацаа өгөөч гэхэд өгөөгүй, миний үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хураан авсан.Би У.Б.Бинд зөвхөн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан болохоос дотор нь байсан эд хөрөнгүүдээ барьцаалаагүй, тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.Үл хөдлөх хөрөнгийг хурааж авснаас хойш 4 сарын дараа У.Б.Б 2 700 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан учраас би нэхэмжлэлийн дүнг бодитой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрээр Ж.Ж ХХКас 970 417 756 төгрөгийг гаргуулж У.Б.Бинд олгох, хариуцагч сайн дураар шийдвэрийг эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам 34-А тоотод байрлах 316,4 метр квадрат талбайтай амрагчдын орон сууц, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот орон сууц болон өргөтгөлийн цайны газрын болон дэлгүүрийн А, Б хэсэг болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч шийдвэрээр Ж.Ж ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талууд харилцан тохиролцсон нийт 2 650 000 000 төгрөгийн үнийн 70 хувиар буюу 1 855 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан боллогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2 дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч Ж.Ж ХХКйн захирал Д.О Дүүргийн Иргэниий хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19988 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн.Дээрх нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 36572 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж, 19988 дугаар захирамжийг үйлчлэл дуусгавар болсон.Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргаж 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэн талуудад мэдэгдсэн.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 33877 дугаар захирамжаар 703 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний 101/ШШ2016/00456 дугаар шийдвэрээр үл хөдлөх хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээ болон уг үнэлгээгээр явагдсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Ж.Ж ХХКйн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 417 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 001/хт2016/00490 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/203, 6/204, 6/205 дугаар үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол үйлдэн талуудад мэдэгдэж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт дуудлага худалдааг зохион байгуулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй. Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасны дагуу төлбөр авагч У.Б.Бинд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төлбөртөө тооцон авахыг санал болгосон.Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 181/ШШ2016/01118 дугаар шийдвэрээр 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, санал болгох комиссын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн

93 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 207 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хүчингүй болсонтой холбогдуулан төлбөр авагч У.Б.Б, төлбөр төлөгч Ж.Ж ХХКд мэдэгдэл хүргүүлээд байна.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ/2016/01118 дугаар шийдвэрээр худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох ажиллагаа явагдах тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хөрөнгө төлбөр авагч байгууллагад шилжсэн байгаа тул манайх төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна.Үнэлгээ буруу хийж, хууль бус ажиллагаа явуулсан асуудал байхгүй, зөвхөн санал болгох ажиллагаа хүчингүй болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, үл хөдлөх хөрөнгө У.Б.Бинд шилжсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа гэв.

 

Хариуцагч У.Б.Б ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:У.Б.Б нь нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгүүд буюу улсын бүртгэлийн Ү-2202002292 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 8 дугаар байрны 58 тоот хаягт байрлах хөрөнгө, Ү-2202008455 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоотын өргөтгөлийн хэсэг А хаягт байрлах хөрөнгө, Ү-2202008454 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 8 дугаар байрны 58 тоотын өргөтгөлийн хэсэг Б хаягт байрлах хөрөнгө, Ү-2206018327 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот хаягт байрлах хөрөнгө, Ү-2205010506 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байр 160 тоот хаягт байрлах хөрөнгүүдийг тус тус Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 703 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн Төлбөр тооцон шилжүүлэх ажиллагааны холбогдох хуульд заасан журмын дагуу төлбөртөө тооцон шилжүүлэн авсан.Тийнхүү шилжүүлэн авах үедуг хөрөнгө ямар нэгэн эрхийн доголдолгүй, шилжүүлэн өгсөн шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан болно.У.Б.Б нь уг хөрөнгүүдийг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан ба эдгээр хөрөнгийн аль нь ч өнөөдрийн байдлаар тус банкны өмчлөлд байхгүй болно.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Б.Б ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ хэрэгт У.Б.Б ХХКомпани хариуцагчаар татагдан орж ирсэн боловч манай банктай холбоотой ямар шаардлага байгааг ойлгохгүй байна.Хэрэв У.Б.Бнаас мөнгө нэхэмжлэх байсан бол манай хариу тайлбар, нотлох баримт өгөх байсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан тул манай хариу тайлбар өгөх боломж байгаагүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ж ХХК, Д.О нар хариуцагч НШШГГ болон У.Б.Б ХХКомпанид холбогдуулан гурван үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэлгээ болох 2 650 000 000 төгрөгөөс төлбөр авагчид төлөх төлбөр 970 417 765 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 1 679 582 235 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрээр Ж.Ж ХХКас зээлийн гэрээний үүрэгт 965 421 643 төгрөг, нотариатын хөлс 11 000 төгрөгийг тус тус гаргуулж У.Б.Бинд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2015/06669 дугаартай захирамжаар дээрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 15250315 дугаартай тогтоол гаргаж ажиллагаа хийгдсэн байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 93 дугаар протокол 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гарсан байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 18/1/ШШ2016/01118 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 207 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 18/1/ШШ2016/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэд хийгдээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болоогүй байна.Нэгэнт хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийгдэж байгаа Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу дуусгавар болоогүй, ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад нэхэмжлэгч нарт 1 679 582 235 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Ж.Ж ХХК, Д.О нарын НШШГГ болон У.Б.Б ХХКомпаниас 1 679 582 235 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримтлан Ж.Ж ХХК, Д.О нарын НШШГГ болон У.Б.Б ХХКомпаниас 1 679 582 235 /нэг тэрбум зургаан зуун далан есөн сая таван зуун наян хоёр мянга хоёр зуун гучин таван/ төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Ж.Ж ХХК, Д.О нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН